| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ДШМ/61 |
| Огноо | 2025-10-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/61
2025 10 23 2025/ДШМ/61
Г.Э, М.Н
нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Э.Г
Шүүгдэгч Г.Э, М.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М, Б.Б
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Н.М-н давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Э, М.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овогт М-н Н, Монгол Улсын иргэн,
Х овогт Г-н Э, Монгол Улсын иргэн,
М.Н, Г.Э нар нь бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өглөөний 06 цагийн орчим аймгийн сумын багийн тоотод Б.Г-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь “духанд гарх зөөлөн эдийн няцрал, баруун тохой, баруун бугалга, хүзүү, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.Н, Г.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т овгийн М-н Н, шүүгдэгч Х овгийн Г-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулж,
Шүүгдэгч М.Нд оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид шүүгдэгч Г.Эд хэрэглэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгаж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо:
“ ... хохирогчийн мэдүүлгээр Г.Эг хэрүүл маргаан үүсгэн, хохирогчийн биед халдаж, эд зүйл шидэж үйлдлээрээ санаатай нэгдэн гэмт хэрэгт хамтран оролцсон гэж тогтоогдож байна гэх үндэслэлийг заасан.
Гэтэл хохирогч Б. нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хэн хэрхэн цохисон, юугаар цохисон зэрэг нь өөр хоорондоо эрс зөрүүтэй, тогтворгүй байсан. Тодруулбал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Г.Э алгадсан” гэдэг байдлаар мэдүүлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт “аяга авч шидсэн, тогоо авч шидсэн” гэх мэтээр өөр хоорондоо харилцан эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн.
Мөн хохирогчийн дээрхи мэдүүлгийг уг гэмт хэрэг болсон цаг хугацаанд хажууд нь байсан гэрч Г.А мэдүүлдэг бөгөөд тэрээр “Г.Э зодооныг салгах гэж зууралдсан, өөрөөр цохиж зодсон үйлдэл хийгээгүй” гэж мэдүүлдэг бөгөөд энэхүү гэрчийн мэдүүлгээр хохирогчийн мэдүүлэг няцаагддаг.
Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй мөн зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол гэх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд дээрхи үнэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... “ гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Н тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Э тайлбартаа: ... Тайлбаргүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Г.Нгийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй тул өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байгаа тул тайлбаргүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... торгох ялыг биелүүлэх боломжтой тул ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.Н, Г.Э нарыг бүлэглэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өглөөний 06 цагийн орчим аймгийн сумын багийн тоотод Б.Г-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Н, Г.Э нарын гэм бурууг хянан хэлэлцэж тэдгээрийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эгийн өмгөөлөгч Н.М давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М-н давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүйн зэрэгцээ шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.
Тухайн үйл баримт болох цаг хугацаанд хамт байсан гэрч Г.А болсон хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “... Н, Г нар хоорондоо барьцалдаж аваад бие биенээ ганц нэг цохиод салсан. Тэгээд Н “... энд хононо гэж бүтэхгүй юм байна, бүгдээрээ явья ...” гээд Н Эг дагуулаад гараад явсан ...
... Тэднийг гарсны дараа би Г-н гэрийг цэвэрлээд байж байтал Н, Э нар буцаж орж ирээд Г-г ”чи үнэнээ хэлээд сурчих за юу” гэсэн чинь Г нь Эг толгойгоороо мөргөөд авсан. Тэгээд Н Г нарын хооронд зодоон болсон ... нэг мэдсэн чинь гаднаас Нгийн найзууд гэх 2 залуу ороод ирчихсэн байсан. Тэгээд тэр 2 залуу Г, Н нарыг салгаад Нг Эгийн хамт аваад гараад явсан ... Миний харснаар Г, Н нар бие биетэйгээ барьцалдаад ганц ганц хоёр цохилцож байсан. Харин тэднийг зууралдаж байх хооронд Э нь Г-н үснээс зулгаагаад 1-2 удаа алгадаж байсан. Тэгээд би тухайн үед Эд хандаад “ ... би салгах гэж байхад чи дундуур нь орж ирж нэмж цохиод уурыг нь битгий хүргээд бай ... ” гэж хэлээд Эг Г-с холдуулсан ... “ гэсэн /хх 33-34/ атлаа
анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... тэгэж гарч яваад би гэрийг нь цэвэрлэх гээд үлдсэн байсан. Тэгээд Г.Э, М.Н хоёр буцаж орж ирээд намайг чамайг аваад явья гээд дахиж хэрүүл зодоон болсон ... Дахиж зодоон болох үед Э Гг цохиогүй ... Г.Э алгадсаныг хараагүй. Хаалганы хажууд хоорондоо аймаар маргаад байсан. Тэгээд би газраар юм цэвэрлэчихээд эргээд тек рүүгээ яваад хаалга руу харсан чинь Б.Г мөргөж байсан. Энэ зодоон үүдэнд хаалганых нь хажууд болсон ... ” гэж /хх 180-182/ зөрүүтэй мэдүүлжээ.
Гэтэл анхан шатны шүүх гэрч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дахин өгсөн зөрүүтэй мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Дээрхи нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эг ... 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн ... гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь буруу байна.
Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ өсвөр насны буюу арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг тусгасан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байгаад шүүхээр шийтгүүлэх үедээ арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй этгээдэд шаардлагатай тохиолдолд энэ журмыг хэрэглэж болно.
Харин гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн зөвхөн 8.4, 8.5 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэх зохицуулалтыг хэрэглэнэ.
Шүүгдэгч Г.Эгийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх үед насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зөвхөн ялыг хоёр дахин багасгахаас бусад зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх насанд хүрсэн шүүгдэгч Г.Эд “ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай насанд хүрээгүй хүнд хамаарах зохицуулалтуудыг хэрэглэн хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх болсон хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М-н гаргасан “ ... шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч Н.М-н гаргасан “... Г.Эд торгох ял оногдуулж өгнө үү ...” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М-н “... шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “...Г.Эд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Н, Г.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ