Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00003

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00003

 

 

 

 

 

 

 

ӨХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03ы өдрийн 102/ШШ2019/02597 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө ХХК-ийн 26 064 980 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Илса ХХК-ийн 14 329 361 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн төлөөлөгч Б.Илчбадрах, түүний өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай байгууллага нь өөрийн өмчлөлийн ........ Өлзийт төвийн 1 давхрын объектод хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаад өөр төрлийн бизнес хийх болсон тул уг ресторанаа үйлчилгээгээрээ олж авсан нэр хүндийг дордуулалгүй удаан хугацаагаар бусдад түрээслүүлэхээр Ремакс үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын газар хандаж Илса ХХК-тай холбогдсон. Манай талаас анх түрээсийн гэрээний төлбөрийг 10 000 000 төгрөг гэж байсан ч Илса ХХК-ийн захирлын жилийн хугацаатай түрээслэх учраас төлбөрийг багасгах саналын дагуу түрээсийн гэрээний төлбөрийг 8 800 000 төгрөг болгож, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талууд 2018/11/01 дугаартай түрээсийн гэрээг байгуулж, объектыг актаар хариуцагч талд хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч Илса ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр дулаан, цахилгааны төлбөр өндөр гарсан, мөн түрээсийн төлбөр өндөр гэх шалтгаанаар бидэнтэй байгуулсан түрээсийн гэрээ цуцлах санал тавьж, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгох болсноо мэдэгдэж, түрээсийн объектыг актаар хүлээлгэн өгөлгүй орхин явсан. Түрээслэгч тал түрээсийн байрыг түрээслэх хугацаандаа түрээсийн гэрээний 4.2-т заасныг зөрчиж 2 сарын түрээсийн төлбөрөөс 20 хоногийн 5 714 280 төгрөг төлөөгүй бөгөөд түрээсийн гэрээний 8.3-д заасны дагуу 02 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 0,5 хувийн алданги 3 714 230 /үлдэгдэл төлбөр 5 714 280 төгрөгийн 0.5 хувь нь 28 571 төгрөгийг 130 хоног/ төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийн 50 хувиар тооцон 2 857 140 төгрөг, нийт 8 572 020 төгрөг нэхэмжилсэн. Мөн гэрээний 4.5-д түрээсийн төлбөрт цахилгаан, ус дулаан холбоо /300681/, хог хаягдлын зардлууд багтаагүй бөгөөд түрээслэгч тал цахилгаан, усны төлбөрийг баталгаат тоолуураар, дулаан хог хаягдлын зардлыг түрээслэгч талын өгсөн нэхэмжлэлийн дагуу сар бүр хариуцан төлнө гэж заасныг зөрчиж 01, 02 дугаар сарын ус дулаан 1 975 749 төгрөг /нэхэмжлэлд хавсаргасан баримтаас 15 хувь хасаж тооцсон/, 02 дугаар сарын цэвэр ус 51 400 төгрөг, 01, 02 дугаар сарын цахилгаан 847 413 төгрөг/ нэхэмжлэлд хавсаргасан баримтаас 10 хувь хасаж тооцсон/, 01, 02 дугаар сарын тогны төлбөр 160 000 төгрөг тус тус төлөөгүй. Гэрээний 6.1.1-д заасныг зөрчиж актаар хүлээлгэн өгсөн эд хогшлоос 133 300 төгрөгийн эд хогшлыг дутаасан. Хариуцагч тал дээрх үнийн дүн бүхий эд зүйл дутаасан гэдгээ зөвшөөрч, хүлээлцсэн актад гарын үсэг зурсан нь хэргийн материалд авагдсан. Шилжүүлэн авсан архи, пиво болон бусад барааны 3 106 274 төгрөгийг төлөөгүй. Мөн эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж 400 000 төгрөгийн хохирол учирсан. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний нэмэлтэд сар болгоны 10-ны дотор рестораны НӨАТ, НХАТ-ыг төлж барагдуулсан байна. Хугацаандаа татваруудыг төлөөгүйгээс оногдуулсан алдангийг Илса ХХК бүрэн хариуцах болно гэж заасныг зөрчиж 01, 02 дугаар сарын Нийслэл Хотын Албан Татвар 152 024 төгрөг төлөөгүй. Түрээсийн гэрээний холбогдох заалтуудыг түрээслэгч тал зөрчсөнөөс нийт 15 398 180 төгрөгийн хохирол учирсан. Дээрх өр төлбөрийг яаралтай төлж барагдуулах талаар түрээслэгчид шаардлага хүргүүлсэн бөгөөд түрээслэгч талын захирал Б.Илчбадрах өр төлбөрийг төлөхийг зөвшөөрдөг боловч үр дүнд хүрээгүй. Түрээслэгч тал нь 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр бидэнтэй байгуулсан түрээсийн гэрээг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгохоо мэдэгдсэн. Түрээслэгч талын энэхүү буруутай үйл ажиллагаанаас үүдэн манай компани дараачийн түрээслэгчийг олох өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сул зогсолт хийсэн. Иймд 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 40 хоногийн түрээсийн төлбөр 10 666 800 /НӨАТ ороогүй/ төгрөгийг хариуцагч талаас гаргуулах үндэслэлтэй. Хамтран ажилласан 3 хүрэхгүй сарын хугацаанд хоолны чанарыг дордуулсан, үйлчилгээ муудсан гэх үйлчлүүлэгчийн гомдол ирэх нь ихсэж холбогдох урсгал зардлуудыг төлөлгүй удаасан, түрээсийн төлбөрийг төлөлгүй, түрээсийн байрыг дур мэдэн орхин явсан нь манай байгууллагын цаашдын үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулаад байна. Иймд хариуцагч Илса ХХК-аас түрээсийн гэрээний 11.2-т заасны дагуу дараагийн түрээслэгч орсон өдөр хүртэлх түрээсийн төлбөр 10 666 800 төгрөг, мөн объектыг түрээслэж байх хугацааны төлөх ёстой төлбөр 15 398 180 төгрөг, нийт 26 064 980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Өлзийт төв ХХК нь 2 давхар объекттой, 1365.38 м.кв талбайтай. Хариуцагч И ХХК 1365.38 м.кв-аас 420 м.кв-ыг рестораны зориулалтаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээслүүлэгч түрээсийн гэрээний 5.1.3, 5.1.6-д заасныг тус тус зөрчсөн. Тухайн үед ресторанд үйлчлүүлэгч хоол идэх нь битгий хэл, ажилчид гадуур хувцастай ажилладаг, хүйтэн байсан. Энэ байдлыг түрээслэгч тал түрээслүүлэгч талд удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Гэтэл Өлзийт төв ХХК-аас арга хэмжээ аваагүй. Иймд И ХХК-д рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Ажилчид өвдөж, үйлчлүүлэгч хүйтэн болохоор орж ирэхээ больсон. Өвлийн 3 сард рестораныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Мөн рестораны эрэгтэй нойлоос бохирын эвгүй үнэр гарч, үйлчлүүлэгч нарыг хоол идэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Илса ХХК-аас Өлзийт төв ХХК-д бохирын хоолой засч өгөхийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ч засаагүй. Түрээслүүлэгч тал түрээсийн гэрээний 4.5-д заасан үүргийг биелүүлээгүй учраас түрээслэгч тал гэрээний 6.5-д зааснаар үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хариуцагчийн түрээсэлсэн 420 м.кв-ын дулаан, ус цахилгааны тоолуурыг тусд нь тавьж өгөөгүй. 2 давхар объектод гарсан хэрэглээний бүх зардлыг 420 м.кв талбай түрээсэлсэн Илса ХХК төлсөн. Тухайлбал 2018 оны 11, 12 дугаар сарын дулааны төлбөрт 2 165 498 төгрөг, 11, 12 дугаар сарын цахилгааны зардал 1 619 790 төгрөг тус тус төлсөн. Хариуцагчийг 4 сарын хугацаанд ажиллахад тоолуур тавигдаагүй. Талуудын байгуулсан гэрээний 6.1.3-т зааснаар рестораныг 22-23 цаг хүртэл ажиллуулж, кароакег 04.00 цаг хүртэл ажиллуулахын тулд ИХХК-аас гэрэлтдэг хаяг, төмөр самбар, караокены сүүлийн 4 жилийн дуу, диско лазер гэрэл тавьсан. Мөн шөнийн цагаар кароаке ажиллуулахад Мэргэжлийн хяналтаас тусгай зөвшөөрөл шаардсан. Өлзийт төв ХХК-аас тусгай зөвшөөрөл шилжүүлэхгүй гэснээр гэрээний 6.1.4-т заасан 04:00 цаг хүртэл кароаке ажиллуулах боломжгүй болсон. Рестораны түрээсийн төлбөр, хэрэглээний зардал асар өндөр байхад түрээслүүлэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Илса ХХК түрээсийн төлбөр төлөхөд хүндрэл учирсан. Тухайн үед Ө ХХК-д энэ нөхцөл байдлыг амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Ө ХХК-аас ресторан, караоке ажиллуулахад тус тусдаа тусгай зөвшөөрөлтэй байдаг. Дахин мөнгө төлж, караокены тусгай зөвшөөрөл авч өгөх боломжгүй гэсэн учраас Илса ХХК гэрээнд заасны дагуу ажиллах боломжгүй болсон. Өв ХХК-аас Илса ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл шилжүүлнэ гэж хэлж байсан ч бодит байдал дээр тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон. Иймээс Өлзийт төв ХХК-аас Илса ХХК-ийг санхүүгийн бүх баримтаа манай компанид өгч, компаниар биш, хувь хүнээр ажилла гэсэн шаардлага тавьсан. Үүнээс талуудын байгуулсан гэрээ зөрчигдөхөд хүрсэн. Илса ХХК-аас Өлзийт төв ХХК-д түрээсийн төлбөр бууруулах талаар удаа дараа амаар болон бичгээр хүсэлт тавьж байсан ч, хүлээж аваагүй. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өлзийт төв ХХК-аас Илса ХХК-д ажлаа зогсоо, дараагийн түрээслэгч бэлэн болсон гэж эд хөрөнгөө тоолж, хүлээж авсан. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарах бэлтгэлгүй байсан учраас их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн савлаж гарсан. Гэтэл нэхэмжлэгч талын дараагийн түрээслэгч орох хүртэл хугацааны түрээсийн төлбөр 10 666 800 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Барьцаанд өгсөн 8 000 000 төгрөгийг буцааж өгөөгүй. Илса ХХК гарахдаа 14 хоногийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. Нэхэмжлэгч тал 14 хоногийн түрээсийн төлбөрийг барьцааны мөнгөнөөс тооцож авахгүйгээр гаргасан. Үүргийн гүйцэтгэл хангахын тулд барьцааны мөнгө авдаг. Нэхэмжлэгч талд барьцааны мөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах боломж байхад авахгүйгээр 2 857 140 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Түрээслүүлэгч тал гэрээний 5.1.3, 5.1.5, 5.1.6-д заасныг тус тус зөрчсөн учраас гэрээ цуцлах үндэслэл болсон. Иймд барьцааны мөнгө буцааж олгохгүй гэсэн гэрээний заалт хамаарахгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 14 хоногийн түрээсийн төлбөр 3 733 000 төгрөг, хогны төлбөр 120 000 төгрөг, 1, 2 дугаар сарын дулаан, ус, цахилгааны төлбөрт 1 441 880 төгрөг, шилжүүлсэн барааны НӨАТ хасаад үлдэх төлбөр 2 795 647 төгрөг, дутаасан эд хогшлын төлбөр 133 300 төгрөг, нийт 8 223 610 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Илса ХХК караоке ажиллуулахын тулд 2 000 000 төгрөг зарцуулсан, 4 жилийн хугацааны шинэ дуунууд 740 000 төгрөгөөр суулгуулсан. 250 000 төгрөгөөр гаднах самбар, диско лазер гэрэл 180 000 төгрөг нийт 3 160 000 төгрөгийн эд зүйлийг түрээслүүлэгч тал барьцаанд авсан. Иймд 17 357 764 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдИлса ХХК нь Өлзийт төв ХХК-ийн 1 давхрын 420 м.кв талбайг ресторан, пабын зориулалтаар ашиглахаар сарын 8 800 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Илса ХХК түрээсийн талбайд хоол үйлчилгээний үйл ажиллагаа явуулсан ч ус, дулаан, цахилгааны төлбөр байнга нэмэгдсэн, тусдаа тоолуургүй. Мөн ресторанд үйл ажиллагаа явуулахад хэвийн дулаантай байгаагүй буюу үйлчилгээ явуулахад хэвийн нөхцөл хангагдаагүй. Энэ талаар нэхэмжлэгч талд байнга мэдэгдэж байсан. Гэтэл Ө ХХК-аас бидний санал, гомдлыг шийдээгүй. Мөн түрээслүүлэгч тал манай компанид тусгай зөвшөөрөл авч өгч чадаагүй учраас караоке ажиллуулахад хүндрэлтэй байдал үүсч, шалгалт орж ирж байсан. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр түрээслүүлэгч түрээслэгчийг яаралтай үйл ажиллагаагаа зогсоо гэж эд хөрөнгөө тоолж авсан. Өлзийт төв ХХК түрээсийн гэрээний 5.1.3, 5.1.5, 5.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй нь гэрээ цуцлах үндэслэл болсон учраас Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5, 289.5, 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар нийт 14 329 361 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

  Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.1 дэх заалтанд түрээсийн объект болох Өлзийт төвийн 1 давхарт байрлах 420 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг зөвхөн рестораны зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон. Хариуцагчид караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулах, түүнтэй холбоотой тусгай зөвшөөрөл гаргаж өгөх үүргийг хүлээгээгүй. Харин манай рестораны нэг хэсэг нь караокены төхөөрөмжтэй 1 өрөө заал бөгөөд энэхүү өрөөнд аливаа баяр ёслол, арга хэмжээ явуулахад караоке нь нэмэлт давуу тал болдог. Анхнаасаа караокены чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулах зорилготой байгаагүй ба нэг өрөөнд зориулж караокены зөвшөөрөл авах боломжгүй. Энэ талаар түрээслэгч талд мэдэгдэж байсан. Гэрэлтдэг үсгэн хаяг, караокед 2016-2018 оны 10 сар хүртэлх шинэ дуунууд суулгасан, гадна хананд төмөр самбар суурилуулсан, диско лазер гэрэл тавиулахад гарсан зардлуудыг хариуцагч өөрийн сайн дураар, үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор хийгдсэн ажил гэж үзэж байгаа төдийгүй нэмэлт хийсэн ажлуудыг талбайн хуучин байдлыг дордуулалгүйгээр буцаан авах эрх нь нээлттэй. Иймд нэмэлтээр хийгдсэн тоног төхөөрөмжид мөнгө төлөх үндэслэл байхгүй. Илса ХХК-аас Өлзийт төв ХХК-д дулаан, ус, цахилгааны төлбөрт илүү ямар ч мөнгө төлөөгүй. 2 давхар объектын нэг өрөөнд Өлзийт төв ХХК-ийн нягтлан, менежер гэх 2 хүн байдаг. Гэрээний явцад талуудын хооронд цахилгаан, дулаан, усны төлбөрт маргаан гарсан учраас нийт ус, дулааны төлбөрөөс 15 хувь, цахилгааны төлбөрөөс 10 хувийг Өлзийт төв ХХК тус тус хариуцахаар тохирсон. Илса ХХК хассан үнийн дүн төлж байсан. НӨАТ 800 000 төгрөгөөс манайд төлөх 388 517 төгрөгийг хасаж үлдэгдэл 411 483 төгрөгийг хариуцагчид төлөхөд татгалзах зүйлгүй. Барааны НӨАТ гэж 279 565 төгрөгийн хувьд анх манайхаас шилжүүлэн авсан 3 106 274 төгрөгийн барааны үнэ НӨАТ бодогдоогүй бөгөөд анхны үнээр шилжүүлэн өгсөн. Иймд барааны НӨАТ төлөх үндэслэлгүй. Өлзийт төв ХХК нь Илса ХХК-д кароаке ажиллуулах тусгай зөвшөөрөл авч өгөх үүрэг хүлээгээгүй. Холбогдох төлбөр тооцоо дууссаны дараа барьцааны 8 000 000 төгрөг өгөх ёстой байсан. Түрээслэгч тал түрээсийн гэрээний 1.1-д зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзэхгүй байх тул барьцааны 8 000 000 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ.

  Шүүх:  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.2.1, 225 дугаар зүйлийн 225.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Илса ХХК-аас 13 061 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-д, нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-аас 10 501 279 төгрөгийг гаргуулан хариуцагч Илса ХХК-д олгож, нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 003 115 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч Илса ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 828 082 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 275 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 597 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Илса ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 223 260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-д, нэхэмжлэгч Өлзийт төв ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 182 970 төгрөгийг гаргуулж хариуцагч Илса ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ашиглалтын зардал болон Нийслэл хотын албан татвар 152 024 төгрөг, нийт 3 186 586 төгрөгийн шаардлагаас 1 624 706 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч тал Өлзийт төв ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №8 албан тоотод мэдэгдсэний дагуу ус, дулааны төлбөрөөс 15 хувийг хасч, цахилгааны төлбөрөөс 10 хувийг хасч тооцсон дүнгээр хариуцагчаас ус, дулаан, цахилгааны төлбөрийг нэхэмжилсэн ба хариуцагч уг төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. Энэ нь хэргийн материалд авагдсан 2018 оны 11, 12 дугаар сар, 2019 оны 1, 2 дугаар саруудын ус дулаан, цахилгааны төлбөр төлсөн баримтууд болон Илса ХХК-ийн төлбөр төлсөн баримтуудаар тодорхой нотлогддог. Мөн хэргийн материалд авагдсан Илса ХХК-ийн албан тоотод ус дулааны төлбөрөөс 15 хувийг хасч, цахилгааны төлбөрөөс 10 хувийг хасч тооцохоор харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн гэдэг нь тодорхой харагддаг. Түүнчлэн анх хариуцагч түрээсийн объекттой танилцахдаа орлого, зарлагын баримтууд цахилгаан, ус дулааны шийдтэй танилцаж харилцан зөвшилцсөний үндсэн дээр 1 сарын түрээсийн төлбөрийг 10 000 000 төгрөгөөс буулган 8 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Хөлслөгч гэрээ байгуулах үедээ эд хөрөнгийн доголдлыг мэдсэн хэдий ч хүлээн авсан. Ус дулааны төлбөрөөс 15 хувийг хасч цахилгааны төлбөрөөс 10 хувийг хасч тооцсон дүнг хүлээн зөвшөөрсөн нь тухайн доголдол түүний ашиглалтад саад болохгүй гэдгээ илэрхийлсэн гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 2018/11/01 дугаар нэмэлтэд сар бүрийн 10-ны дотор рестораны НӨАТ, НХАТ-ыг төлж барагдуулсан байна. Хугацаандаа татвараа төлөөгүйгээс оногдуулсан алдангийг хариуцагч бүрэн хариуцна. Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл нийслэл хотын албан татвар ногдох бараа үилчилгээнд, 7.1.3-д рестораны үйлчилгээ орохоор тус тус заасан. Гэвч анхан шатны шүүх зөвхөн тохиролцсон баримт байхгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 40 хоногийн түрээсийн төлбөр 10 666 800 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч түрээсийн байрыг чөлөөлнө гэсэн тул бараа бүтээгдэхүүн болон түрээсийн байрыг эзэнгүй орхих боломжгүй байсан тул өмнө гаргасан эд хөрөнгийн жагсаалтаа шалгаж авсан байдаг. Харин түрээсийн гэрээг албан ёсоор хүлээн аваагүй. Түрээсийн гэрээний 6.1.11-д гэрээ дуусгавар болсон болон цуцлагдсан тохиолдолд байрыг тогтоосон хугацаанд суллан, түрээсийн рестораныг анх хүлээн авсан хэвийн байдалд хүлээлгэн өгөх, түрээсийн төлбөр, бусад өр авлагыг бүрэн барагдуулж актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй, 11.2-т гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох шаардлага талуудын аль нэгнаас гарвал 2 сарын өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ. Энэ санал түрээслэгчийн зүгээс гарвал түрээслэгч түрээсийн талбайг бусдад түрээслэх хүртэлх хугацааны төлбөрийг төлнө гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн талбайг хүлээлгэж өгөөгүй, гарсан хохирлыг барагдуулаагүй, дур мэдэн түрээсийн талбайг сулласнаас шалтгаалан дараагийн түрээслэгчийг олж чадалгүй хугацаа алдаж, 40 хоногийн түрээсийн төлбөрийн хохирол учирсан. Түрээслүүлэгчийн хувьд Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар өндөр хөлс төлөн итгэл найдвартай хэмээн Илса ХХК-ийг зөвлөсөн тул түрээсийн төлбөрөө багасгаж гэрээ байгуулж байхад биднийг хохиролд оруулж байгааг шүүх анхаарч үзээгүй хэт нэг талыг барьж, зөвхөн бараа материал хүлээн авсан баримтанд тулгуурлан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг хүлээн авсан гэж өнгөцхөн дүгнэж хэргийн бодит байдалд нийцүүлэн шударга дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Өлзийттөв ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №39 тоот албан бичигт эдгээр заалтын тухай сануулан анхааруулж байсан.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч нь түрээсийн хугацаандаа Өлзийттөв ХХК-ийн нийт ашиглалтын зардлыг төлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид 2018 оны 11, 12 дугаар сард илүү төлсөн ус, дулааны 1 441 880 төгрөг, цахилгааны мөнгө 647 916 төгрөгийг төлөх үүрэгтэй гэжээ. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа зөвхөн дулааны илүү төлсөн 1 441 880 төгрөг, цахилгааны 11, 12 дугаар сарын илүү төлсөн 647 916 төгрөг нэхэмжилсэн боловч уг мөнгөн дүнг хэрхэн юуг үндэслэн гаргасан гэдэг нь тодорхой бус байдаг. Шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн дулааны илүү төлсөн 1 441 880 төгрөг, цахилгааны 11, 12 сарын илүү төлсөн 647 916 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн хариуцагч нь түрээсийн хугацаандаа Ө ХХК-ийн нийт ашиглалтын зардлыг төлж байсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудтай зөрчилдөж байна. Шүүх хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг шийдвэрлэсэн тул барьцаа 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ө ХХК түрээсийн үлдэгдэл төлбөрт 5 714 280 төгрөг, алдангид 2 857 140 төгрөг, 2019 оны 1-2 дугаар сарын ус дулааны төлбөрт 1 975 749 төгрөг, 2 сарын цэвэр усны төлбөрт 51 400 төгрөг, 2019 оны 1-2 сарын цахилгааны төлбөрт 847 413 төгрөг, 2019 оны 1-2 сарын хогны төлбөрт 160 000 төгрөг, рестораны эд хогшлыг дутагдуулснаас учирсан хохиролд 133 300 төгрөг, архи, пиво болон бусад барааны үнэд 3 106 274 төгрөг, рестораны эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсны улмаас учирсан хохиролд 400 000 төгрөг, Нийслэл хотын албан татварт төлөх байсан 152 024 төгрөг, олох байсан орлого 10 666 800 төгрөг, нийт 26 064 980 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч барьцаанд төлсөн 8 000 000 төгрөг, караокены засвар, тохижилтын зардал 3 160 000 төгрөг, 2018 оны 11-12 сард илүү төлсөн ус, дулааны 1 441 880 төгрөг, цахилгааны 647 916 төгрөг, 1 сарын түрээсийн НӨАТ 800 000 төгрөг, барааны НӨАТ 279 565 төгрөг, нийт 14 329 361 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.

Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр .............. төвийн байранд байрлах 1 дүгээр давхарын үйлчилгээний зориулалттай 420 м.кв талбайтай иж бүрэн рестораныг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар тутамд 8 800 000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан, гэрээний зүйлийг нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч зориулалтын дагуу ашиглаж байгаад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр буцаан өгсөн байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв, маргааны үйл баримтад хийсэн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөрийн тухайд,

Хариуцагч 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр төлөөгүй байх ба энэ хугацааны төлбөрт 5 714 280 төгрөг төлөхөөр байна. Гэрээний 4.4, 8.3-т сар тутмын түрээсийн төлбөрийг тухайн сарын 05-ны өдөрт багтаан төлөх, энэ хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн байх тул түрээсийн төлбөр 5 714 280 төгрөгийг алдангийн 2 857 140 төгрөгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Гэрээ цуцлагдсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс дараагийн түрээслэгчтэй гэрээ байгуулах 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 40 хоногийн түрээсийн төлбөрт 10 666 800 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Хэдийгээр гэрээний 11.2-т гэрээг хугацаанаас өмнө цуцлах журмыг тохиролцсон боловч хариуцагч нь гэрээний 5.1.6-д заасан байрны халаалт, усан хангамж, агааржуулалт, цахилгаан, дулаан хангалт болон бусад ажиллахад шаардлагатай хэвийн нөхцлийг бүрдүүлэх үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 01 дүгээр сарын 16, 02 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлснээр гэрээ цуцлагдсан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-д заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээний 5.1.6-д заасан үүргээ биелүүлсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Ашиглалтын зардлын тухайд,

Нэхэмжлэгчийн 2019 оны 01-02 дугаар сарын ус дулааны төлбөрт 1 975 749 төгрөг, 02 дугаар сарын цэвэр усны төлбөрт 51 400 төгрөг, 2019 оны 01-02 дугаар сарын цахилгааны төлбөрт 847 413 төгрөг, 2019 оны 01-02 дугаар сарын хогны төлбөрт 160 000 төгрөгийн шаардлагаас шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2019 оны 01-02 дугаар сарын ус дулаан, 2019 оны 02 дугаар сарын цэвэр ус, 2019 оны 01-02 дугаар сарын цахилгааны төлбөрт нийт 1 441 880 төгрөг, хогны төлбөрт 120 000 төгрөгийн хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэхдээ түрээсийн төлбөрийн талаарх гэрээний 4.5 дахь заалт, хэргийн 29-41 дүгээр тал дахь тооцооны хуудас, төлбөрийн нэхэмжлэл зэргийг үндэслэл болгосон нь буруу биш. Түрээсийн төлбөрт цахилгаан, ус, дулаан, холбоо, хог хаягдлын зардлууд багтаагүй бөгөөд түрээслэгч тал цахилгаан усны төлбөрийг баталгаат тоолуураар, хог хаягдлын зардлыг түрээслүүлэгч талын өгсөн нэхэмжлэлийн дагуу сар бүр хариуцан төлөхөөр талууд тохиролцсон боловч түрээслэгчийн үйл ажиллагаа явуулж байгаа 420 м.кв талбайд цахилгаан, ус, дулааны тусгай тоолуур тавигдаагүй байна. Зохигчид ус дулааны төлбөрийг 15 хувиар, цахилгааны төлбөрийг 10 хувиар бууруулан төлөхөөр тохиролцсон гэрээгүй, хэргийн 54 дүгээр тал дахь баримт нэхэмжлэгчийн тайлбарыг хангалттай нотлохгүй байна.

Хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Нийслэл хотын албан татварт 152 024 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул хангагдах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ энэ дүнгээр нэмэгдэнэ.

Архи, пиво болон бусад барааны үнэд 3 106 274 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2 795 627 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй. Хэргийн 45-48 дугаар тал дахь хүлээлгэн өгсөн барааны жагсаалтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нийт 3 284 176 төгрөгийн үнэ бүхий 172 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэж өгсөн байна. Хариуцагч дээрх шаардлагаас 2 795 627 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 310 627 төгрөгт НӨАТ хасч тооцогдох ёстой гэж тайлбарлаж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцэж байна.

 

Рестораны эд хогшил дутааснаас учруулсан хохиролд 133 300 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч зөвшөөрчээ. Харин рестораны эд хогшлын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсны улмаас учруулсан хохиролд 400 000 төгрөг гаргуулах шаардлага нь нотлох баримтгүй байна.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа 8 000 000 төгрөг, 2018 оны 11-12 сард илүү төлсөн ус дулааны төлбөр 1 441 880 төгрөг, цахилгааны төлбөр 647 916 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөрийн НӨАТ-т нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 411 483 төгрөг, нийт 10 501 279 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Караокены засвар, тохижилтын зардал 3 160 000 төгрөгийг түрээсийн гэрээний 4.11-д заасан үндэслэлээр, барааны НӨАТ 279 565 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс хасч тооцсон гэх үндэслэжээ.

 

Гэрээний 4.1-д талбайн түрээсийн 1 сарын төлбөртэй тэнцэх мөнгөн барьцаа төлөх, гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээнд зааснаас өөр нөхцөлд цуцлах тохиолдолд барьцаа мөнгө буцаан олгогдохгүй байхаар тохиролцжээ. Хариуцагч гэрээг 5.1.6-д заасан үндэслэлээр цуцласан, нэхэмжлэгч үүнийг баримтаар үгүйсгээгүй тул барьцааны 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага үндэслэлтэй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Өлзийт төв ХХК-ийн нийт ашиглалтын зардлыг төлж байсан баримтуудыг хавсарган ирүүлснийг ашиглалтын талбайн хэмжээтэй харьцуулан дүгнэх боломжтой байх тул 2018 оны 11-12 сард илүү төлсөн ус дулааны төлбөр 1 441 880 төгрөг, цахилгааны төлбөр 647 916 төгрөгийг гаргуулах шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлт шүүхийн шийдвэрт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03ы өдрийн 102/ШШ2019/02597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын 13 061 865 гэснийг 13 213 889 гэж өөрчлөн, 2 дахь заалтын 223 260 гэснийг 224 019 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269 860 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.МӨНХЗУЛ