| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 183/2024/01836/И |
| Дугаар | 191/ШШ2026/01096 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2026/01096
2026 01 19 191/ШШ2026/01096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ....... дүүрэг, .......... хороо, ............... хаягт оршин байрлах ХХБ ХК /РД:......./-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: .......дүүрэг, .......... хороо, .......оршин суух Б овогт А.Э /РД:........... /-т холбогдох,
нэхэмжлэлийн шаардлага: 6,341,170.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , Э.С , хариуцагч А.Э нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Зээлдэгч Б овогт А гийн Э нь Х тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дугаар ......... тоот Дотоодын кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг худалдан авалтын гүйлгээнд сарын 2 хувь, бэлэн мөнгө болон шилжүүлгийн гүйлгээнд сарын 3 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн болно. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан.
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дугаар №ДККГ1201/18030 тоот Кредит картын гэрээ байгуулж дээрх гэрээг 12 сараар сунгасан, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дугаар........тоот Кредит карт эзэмших нэмэлт гэрээ, ........................тоот Кредит карт эзэмших гэрээ болон Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж дээрх гэрээг 24 сараар сунгасан болно.
Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч А.Э нь Дугаар ........., ........., ........................тоот Кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлж барагдуулах үүргээ удаа дараа зорчин үүргийн гүйцэтгэлээс зайлсхийн төлбөрөө төлж барагдуулаагүй банкийг хохироож байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн зээлдэгч А.Э т холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Зээлдэгчийн ........., ........., ........................тоот Кредит картын гэрээний 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зарцуулсан дүн 4,073,560.06 төгрөг, хүүгийн авлага 2,189,995.36 төгрөг, шимтгэлийн авлага 1,400 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 6,341,170.85 төгрөг.
Талуудын хооронд байгуулсан Дугаар ........., ........., ........................тоот Кредит картын гэрээний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч А.Э аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт 6,341,170.85 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж Х анд олгохоор шийдвэрлэж өгнө үү.
Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч Улаанбаатар хотын банк ХХК нь үйл ажиллагаагаа зогсоож, Х ХХК-тай нэгдсэн бөгөөд аливаа эрх, үүргээ шилжүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь уг өөрчлөлтийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Х ХХК нь тухайн үеийн Улаанбаатар хотын банк ХХК-ийн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. ... гэжээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. ...миний бие Улаанбаатар банкны хэрэглэгч байгаад банк нэгтгэх шалтгаанаар Х ны (ХХБ) кредит картын хэрэглэгч болсон. Өмнө Улаанбаатар банкны кредит картын хэрэглэгч байхад ийм төрлийн асуудал гарч байсангүй. Мөн Голомт банкны кредит карт ашигладаг бөгөөд ийм хулгай гарч байсангүй.
а/ Х гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.5-т хуульд өөрөөр заагаагүй бол дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч хязгаарлах, хянах эрхгүй... гэсэн заалтыг зөрчин, дураар аашилж дансны гүйлгээг хязгаарлаж эхэлсэн. Энэ талаар лавлахад дотоод журам гэж харилцагчийн картын гүйлгээ хийх эрхийг хязгаарлаж, зөрчил гэх мэт хуулиас дээгүүр нэр томьёо ашиглан, дотоод журам ярьж миний Иргэний хуулиар хамгаалсан эрхэд халдаж, дураар аашлан олон удаагийн жижиг хураамжаар сая таван зуун мянган төгрөгийг дансны аргаар хулгайлж авсанд гомдолтой байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй байдаг. Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь дараах тохиолдолд буюу харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр харилцагчийн дансыг xaax буюу шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолгүйгээр харилцагчийн дансыг дур мэдэн хязгаарлаж болохгүй гэсэн хуулийн заалт зөрчиж байна.
б/ Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар дансны хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд уг дансанд байгаа төгрөгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд ... өөрөөр хэлбэл дээрх дансанд хадгалагдаж байгаа мөнгөний өмчлөгч гэж үзнэ. Иймд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, шаардлага гаргасан ч эрх нь зөрчигдөж байна гэж олон удаа гомдол гаргасан боловч үл тоож байсан. Иргэний хуулийн 101 дугаар зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ... гэсэн эрх рүү ХХБ өөрсдийн дотоод журмаар халдсан байна. Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4-т төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ ... гэсэн заалтыг үл тоож миний банкны нэвтрэх эрхийг блок хийж, харилцах дансыг царцааж, дансны үлдэгдэл болох 3.5 сая орчим төгрөгөөс карт ашигласан хүү мөн ямар нь үл мэдэгдэх хураамж хулгайгаар татаад дуусгасан. Тухайн үед олон удаа Х ны тусгай дугаарт холбогдож утас болон зээлийн эдийн засагч нарт хүсэлт гаргасан боловч хариу арга хэмжээ аваагүй. Бичгээр болон аман байдлаар уулзах хүсэлт тавихад, удахгүй уулзана бид шийдвэрлэнэ гээд бүтэн жил надаас зугтаасан, эрх зүйн үндэслэл муутай мөнгө зээлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэрээний төсөл санал болоход миний биеэ эрх зүйч тул тус гэрээг хүлээн зөвшөөрөөгүй. Өмнө дахин санал болгож буй гэрээ нь мөн хуульд нийцээгүй, эрхзүйн чадамж муутай дөнгөж төгссөн оюутан боловсруулсан мэт санагдсан. Тус банкны гэрээ эрх зүйн хэлтэс (газрын) хуульч нар нь наад захын хууль зүйн мэдлэг байхгүй уулзах хүсэлт гаргасан боловч зугтаасан. Энэ хугацаанд зориуд асуудлыг шийдвэрлэж өгөхгүй хүү, алданги тооцож дансны үлдэгдлээс суутгал хийж олон сарыг авсан. Мөн зээлийн эдийн засагч болон салбар хариуцсан эрхлэгч нар нь харилцагч нарыг дор үзсэн, хуулийн үндсэн зарчим мэдэхгүйд хүмүүс ажиллаж байгаад сэтгэл үнэхээр гонсгор байна.
в/ 2023 оны 1 сард Монголбанкны урд байрлах төвд энэхүү хүсэлтийг өгсөн. Гэтэл үл тоомсорлож дансанд байсан мөнгөнөөс хүү, хүүгийн алданги болгон суутган авсан. Тухай үед миний бие хүсэлт гаргаж 3,400,000 төгрөг хийж нийт 5 сая төгрөг болгоод гэрээгээ цуцалж дансаа хаах хүсэлт тавьсан. Удахгүй хариу хэлнэ гээд удаа дараа танай банкны эрх зүйч нартай уулзах хүсэлт тавьсан боловч хүнтэй уулздаггүй зугтаагаад өргөдөл гомдол шийдвэрлэж өгөөгүй. Одоо надаас 5,700,000 төгрөг байгаа нь үндэслэлгүй байна. Иймд тус банк харилцагч нартай хийсэн гэрээгээ зөрчсөн. Иймд ашигласан 1,500,000 төгрөг гэрээний үүргийн дагуу төлөх боломжтой. Бусад үүссэн өр нь тус банкны хариуцлага асуудал тул үүргийн хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлтэй байна.
г/ ХХБ нь захиргааны ерөнхий хуулиар нийтэд чиглэсэн хэм хэмжээ тогтоох эрхгүй бөгөөд зөвхөн Монгол банкнаас батласан дүрэм журмыг баримтлах ёстой. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зуйлийн 1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй байдаг. Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь дараах тохиолдолд буюу харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан, хууль тогтоомжинд заасан бусад үндэслэлээр харилцагчийн дансыг хаах буюу шүүхийн шийдвэр, прокурорын тогтоолгүйгээр харилцагчийн дансыг дур мэдэн хязгаарлаж болохгүй гэсэн хуулийн заалт зөрчиж байна.
Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар дансны хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд уг дансанд байгаа төгрөгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд бөгөөд өөрөөр хэлбэл дээрх дансанд хадгалагдаж байгаа мөнгөний өмчлөгч гэж үзнэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах, шаардлага гаргасан ч эрх зөрчигдөж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Энэ эрх рүү ХХБ өөрсдийн дотоод журмаар халдаж дур мэдэн ямар нь үл мэдэгдэх суутгал хийж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн албан тушаалтан зөрчил үүсгэнэ гэж заасан байхад хууль зөрчиж, зөрчил гэх нэр томьёо үүсгэж эрхэнд халдаж байна.
д/ ХХБ-аас иргэдэд тулгаж буй гэрээний загвар илтэд нэг талд хохиролтой тулган шаардаж, Мөнгөн зээлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4-т зээлийн хүүгийн хэмжээ, түүнийг бодох, тооцох аргачлал, 15.2.5-д зээлийн эргэн төлөлтийн хуваарь байна гэсэн мөн ойлгомжгүй төөрөгдүүлсэн гэрээ байх бөгөөд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйлчлүүлэгчтэй байгуулах зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний загварыг энэ хуулийн 19.1-д заасан Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөр батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчиж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэрээний нөхцөл тулгаж байсан. Гэрээний нөхцөлд тулгаж байгаа заалт нь бусад эд хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулж авна гэдэг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.
Иймд ХХБ иргэдтэй байгуулж буй кредит карт гэсэн нэртэй зээлийн гэрээ нь Мөнгөн зээлийн тухай хууль, Банкны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж иргэн надаас хэлцлээс гадуур хулгайлж авсан 1,500,000 төгрөгөөс дээш мөнгийг гаргуулж, өөрсдийн дур мэдэн хулгайлж авсан 3,500,000 төгрөгийг Банкны тухай хуулийн дагуу тооцож, шууд байдлаас авсан хохирлыг барагдуулж өгнө үү. ... гэжээ.
2.2. ...3,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хүүг зөвшөөрөхгүй. Банк нь харилцагчийн картын гүйлгээний эрхийг хууль бусаар хязгаарласан, олон удаагийн давтамжтай хураамж тооцож дансны аргаар мөнгө суутгасан, зээлийн өр төлбөрийн тооцоолол буруу болсон ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамжид 116,408.73 төгрөг төлсөн баримт, Улаанбаатар хотын банк болон А.Э нарын хоорондох 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаартай Дотоодын кредит картын гэрээний хуулбар, мөн талуудын хоорондох 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ......... дугаартай Кредит картын гэрээний хуулбар, Х болон А.Э нарын хоорондох 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн........дугаартай Кредит карт эзэмших нэмэлт гэрээний хуулбар, мөн өдрийн ........................дугаартай Кредит карт эзэмших гэрээ, ............. дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, кредит карт эзэмших хүсэлтийн хуулбар, кредит картын зээлийн хүүгийн тооцоолол, Ч.Б , Э.С нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Х ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №6/8053 дугаартай албан бичгийн хуулбар, нотариатч Ю.Б гийн бичсэн 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн нэхэмжлэхийн хуулбар, А.Э ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х болон А.Э нарын хоорондох 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ..........дугаартай Кредит карт эзэмших гэрээний загвар, мөн өдрийн ..........дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний загвар /1хх 3-25, 79, 91-96, 2хх 69/-ыг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: өөрийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Х -наас ирүүлсэн гүйлгээний мэдээлэл /хамрах хугацаа: 2022.5.01-2022.5.31, 2022.9.01-2022.9.30, 2022.10.01-2022.10.31, 2022.11.01-2022.11.30/ бүхий цахим шуудан /1хх 30, 35, 49-65/-г гаргаж өгсөн.
3.3. Хариуцагч талын хүсэлтээр: Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ШЗ2025/39056 дугаартай захирамжийн дагуу:
- [email protected] цахим хаягт хадгалагдаж байгаа гэх 2022 оны 5 сараас 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд Х наас ирүүлсэн гүйлгээний мэдээлэл бүхий шууданд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 98-127/,
- Х ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №5/15508 дугаартай хариу албан бичиг /1хх 128-129/-ийг бүрдүүлсэн.
3.4. Зохигч талуудын хүсэлтээр: Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/43738 дугаартай захирамжийн дагуу:
- шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт, холбогдох баримтын хамт /1хх 143, 149-250, 2хх 1-61/ бүрдүүлсэн.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч А.Э аас нийт 6,341,170.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...кредит карт эзэмших гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул зээлдэгчээс ашигласан зээл 4,073,560.06 төгрөг, хүү 2,189,995.36 төгрөг, шимтгэл 1,400 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 16,000 төгрөгийн хамт гаргуулна. ... гэжээ.
3. Хариуцагч А.Э нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
...3,500,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Харин гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хүүг төлөхгүй. Банк нь харилцагчийн картын гүйлгээний эрхийг хууль бусаар хязгаарласан, олон удаагийн давтамжтай хураамж тооцож дансны аргаар мөнгө суутгасан, зээлийн өр төлбөрийн тооцоолол буруу болсон. ... гэжээ.
4. Улаанбаатар хотын банк болон А.Э нар 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ......... дугаартай кредит картын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр карт эзэмшигч нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 12 сарын хугацаанд эзэмшихдээ бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 36 хувь, бэлэн бус мөнгөний гүйлгээнд жилийн 24 хувийн хүү төлөхөөр банктай харилцан тохиролцжээ. /1хх 4-7/
5. Үүний дараа талууд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр №ДККГ1201/18030 дугаартай гэрээг өмнөхтэй ижил нөхцөлөөр дахин байгуулсан байна. /1хх 8-9, 17/
6. Гэрээний хугацаанд Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу Улаанбаатар хотын банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг, хариуцлагыг Х ХХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэжээ. /1хх 22/
7. Улмаар Х болон А.Э нар 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ........., ........................дугаартай кредит карт эзэмших гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх нөхцөлийг хэвээр хадгалан гэрээний хугацааг 24 сар болгон өөрчилсөн байна. /1хх 10-16/
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээг бичгээр байгуулж, төлөгдөх хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг заасан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэв.
9. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
10. Зохигчид гэрээ байгуулсан болон 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацаанд кредит карт ашиглагдаагүй, эргэн төлөлт хийгдээгүй асуудлаар маргаагүй. Харин зээлийн өр төлбөрийн тооцоолол, түүнд холбогдох бусад асуудлаар маргаантай байна.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн өр төлбөрийн хэмжээ, тооцоололтой холбогдох асуудлаар шинжилгээ хийлгэхээр Монголбанкны хяналт, шалгалтын газар-ыг шинжээчээр томилсон бөгөөд тус газрын Зайнаас хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч С.Б ийн гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлтээр ...2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн зээлийн өр төлбөр 4,074,960.06 төгрөг, хуримтлуулж тооцсон хүү 293,047.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,896,948.29 төгрөг, нийт 6,264,955.47 төгрөг... болохыг тогтоожээ. /1хх 98-127, 149-250, 2хх 1-61/
12. Уг дүгнэлтийг эргэлзээ бүхий байдлаар үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагч А.Э өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд нотолж чадаагүй байна. /1хх 128-129/
13. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Х ХК нь гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран зээлийн хүү шаардах эрхтэй.
14. Энэ эрхээ хэрэгжүүлж 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг буруутгах үндэслэлгүй ба Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой зохицуулалт нь банк эрх бүхий этгээдээс олгож буй зээлийн харилцаанд хамаарахгүй болно.
15. Дээрх байдлыг үндэслэн хариуцагч А.Э аас зээлийн гэрээний үүрэгт нийт 6,264,955.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгох нь хуульд нийцнэ.
16. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох хугацаа хэтрэлтийн шимтгэл 60,215.43 төгрөг гаргуулах тухай шаардлага нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан шаардах эрх хэмжээнд хамаарахгүй байна.
17. Түүнчлэн нотариатын зардал 16,000 төгрөг нь шүүхэд нэхэмжлэл гаргах, түүнийгээ нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй холбоотой бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчлийн улмаас учирсан шууд хохиролд хамаарахгүй гэж үзэв.
18. Иймд хариуцагч А.Э аас 6,264,955.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,215.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
19. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн ажлыг хөлсийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хуваарилан хариуцуулсан болно. /1хх 3/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э аас 6,264,955.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 76,215.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,408.73 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 115,189 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид,
- нэхэмжлэгч, хариуцагч нараас шинжээчийн ажлын хөлсөнд тус бүр 214,573 төгрөгийг гаргуулан С.Б /Х дахь .......... тоот данс/-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН