2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02423

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 12

191/ШШ2026/02423

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *** хаягт байрлах, ******* ******* ******* ААТҮГ /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* ******* ААТҮГ-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.*******.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-т холбогдуулан ******* ******* ******* ААТҮГ-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* ******* ******* ААТҮГ-д хураамж төвлөрүүлэлтийн байцаагчаар ажилд орсон. Ажилдаа идэвхи зүтгэл санаачлагатай ажиллаж 2023 онд ******* дүүргийн хүндэт тэмдэгээр шагнуулж байсан. Миний үндсэн ажил бол ******* дүүргийн 6-р хорооны аж ахуйн нэгж болон иргэдийн хог тээврийн хураамжийг хураадаг байсан. Манай ажил өглөө 09 цагт эхэлж 17 цагт тардаг бөгөөд, энэ хугацаанд би нэг ч удаа ажил таслах буюу хоцорсон тохиолдол байхгүй. 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирэхэд Хүний нөөцийн ажилтан О. дуудаж ажлаас халах тушаал өгсөн, надад өмнө нь бичгээр огт мэдэгдээгүй бөгөөд чамайг өөдөөс олон юм ярьдаг хариуцлагагүй болохоор чинь халж байна. Чи үүрэг даалгаврыг огт биелүүлдэггүй" гэж хэлсэн. Миний хувьд ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд ямар үндэслэлээр ажлаас халсныг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс фэйсбүүк групп чатад өглөө 9 цагт, орой 18 цагт аж ахуйн нэгж дээрээ зургаа дараад илгээж, ажлын цагаа бүртгүүлдэг болсон байсан. Шалтгааныг нь асуухад гүйцэтгэх захирал дургуйцаж, ерөнхий ня-бо захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй илүү дутуу юм ярьдаг гэж хэлсэн. Захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалд намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэж заасан болохоос ямар зөрчлийг хэрхэн гаргасныг огт дурьдаагүй байсан. Би зөрчил огт гаргаагүй бөгөөд ямар нэг байдлаар сонсох ажиллагаа хийсэн, зөрчлийг хуулийн дагуу баримтжуулсан зүйл огт байхгүй. Манай байгууллага хөдөлмөрийн хуулийн зарим заалтыг огт мөрддөггүй тухайлбал ажилчиддаа хөдөлмөрийн гэрээ болон ажилд томилсон тушаалыг нь огт өгдөггүй юм. Надад ч мөн адил өгөөгүй ээ. Захирал С.******* 2025 оны 1 дүгээр сараас эхэлж "чи ажил дээрээ ирэх хэрэггүй шууд хороо руугаа ажлын байрлуугаа яваарай гэж хэлдэг байсан. Дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж 189 тоот тэмдэглэл өгсөн. ******* ******* ******* ААТҮГ-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 8,461,170 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэнэ гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэл нь Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалаар хураамж төвлөрүүлэлтийн байцаагч Э.*******гийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Тус тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан: "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан..." гэж заасныг баримталсан. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан "ажлаас халах талаар урьдчилан бичгээр мэдэгдээгүй" гэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т заасан үндэслэл нь сахилгын зөрчил давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах боломжийг олгодог. Иймд байгууллагаас тушаалыг шууд гардуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Ажилтан Э.*******гийн давтан гаргасан сахилгын зөрчил нь өмнө нь буюу 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 тоот тушаалаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасны үндсэн дээр үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь хасуулах сахилгын шийтгэл авсан. Сахилгын шийтгэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хугацаанд буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дахин ижил төрлийн зөрчил гаргасан тул хуульд заасны дагуу давтан зөрчилд хамааруулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хариуцсан ажлын гүйцэтгэл, удаа дараагийн зөрчил нь Э.*******гийн үндсэн үүрэг нь ******* дүүргийн 6-р хорооны аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх ажил бөгөөд хороонд төвлөрүүлэх хураамжийн үлдэгдэл нь ижил цар хүрээтэй бусад хороодоос тогтмол өндөр, сар бүр 1 дахин их хэмжээнд гардаг. Үүрэг даалгаврыг биелүүлэх талаар удаа дараа анхааруулга өгсөн боловч төвлөрүүлэлтийн гүйцэтгэл сайжраагүй, байцаагч нарын хяналтыг фэйсбүүк группээр явуулах үеэр ажилтан Э.******* нь ажлын цагийн шалгалтад тогтмол хоцорч, зураг байршуулалтыг 1-2 цагийн дараагаар хийдэг зэрэг зөрчил нотлогдсон. Манай байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.2-т заасан: "удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хариуцсан ажлыг цаг тухайд нь тайлагнаагүй..." гэсэн заалт нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл авах үндэслэл болж, давтан зөрчил тогтоогдсон. Иймд Гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаал, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 189 дугаар тэмдэглэл зэргийг,

Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Ажлын байрны тодорхойлолт, Захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 тоот тушаал, ******* дүүргийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 тоот ******* ******* ******* ААТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамж, хариу тайлбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Э.******* хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-т холбогдуулан ******* ******* ******* ААТҮГ-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,461,170 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалд ямар зөрчил гаргасан болохыг заагаагүй, сахилгын зөрчлийг гаргаагүй тул ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй. Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,461,170 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

5.Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хариуцсан ажлыг цаг тухайд нь тайлагнаагүй, ёс зүйгүй харилцдаг тул Б/133 тоот тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 тоот тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 189 дугаар тэмдэглэл, Хөдөлмөрийн дотоод журам, ******* дүүргийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/03 тоот ******* ******* ******* ААТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай захирамж, Ажлын байрны тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Ажил олгогч нь ажилтан Э.*******г 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* ******* ******* ААТҮГ-д хураамж төвлөрүүлэлтийн байцаагчаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байжээ.

 

8.Ажил олгогч ******* дүүргийн ******* ******* ******* ААТҮГ-ын захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.5.2, хөдөлмөрийн гэрээний 4.7.6, 4.7.7, 5.8, 5.9, 5.10 -г тус тус үндэслэн Тус газрын Захиргаа, санхүү албаны Хураамж төвлөрүүлэлтийн байцаагч *******гийн ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтны ажлыг хүлээн авч холбогдох тооцоо хийхийг Ерөнхий нягтлан бодогч /Т./-д даалгаж, ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр цуцлах сахилгын шийтгэл ногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 7 тал/

 

9.Ажилтан Э.******* нь захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалд заасан сахилгын зөрчлийг гаргаагүй тул ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

 

10.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заажээ.

 

11.Ажил олгогч ******* ******* ******* ААТҮГ нь Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7.6.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлснээс байгууллагын эрх ашиг, ажлын үр дүнг хойш татсан, 5.8.Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс удаа дараа татгалзсан, 5.10.Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гэж харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 27-31 тал/

 

12.Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-д Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.2.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж 2.удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хариуцсан ажлыг цаг тухайд нь тайлагнаагүй бол гэж заажээ. /хавтаст хэргийн 36-43 тал/

 

13.Ажил олгогч ******* ******* ******* ААТҮГ-ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Газрын дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.5,13 дугаар зүйлийн 13.6.5, 14 дүгээр зүйлийн 14.1,14.2.3 дахь заалтуудыг үндэслэн тус газрын хураамж төвлөрүүлэлтийн байцаагч ажилтай ******* овоггой ******* нь Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлагын 13 дугаар зүйлийн 13.6.5 дахь Хөдөлмөрийн тухай хууль, Газрын баталсан бусад дүрэм, журам, заавар, түүнчдэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар байгууллагын онцлогт тохируулан гаргасан захирлын тушаал, шийдвэрийг зөрчсөн гэсэн заалтыг зөрчсөн тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар хасах сахилгын шиштэл ногдуулсугай гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 48 тал/

 

14.Ажилтан Э.******* шүүх хуралдаанд захирлын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 тоот тушаалаар 2024 оны 10,11,12 дугаар сарын цалингаас хассан ба дээрх тушаалд гомдол гаргаагүй гэх түүний тайлбар нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдсон гэж үзлээ.

 

15.Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь ажилтан Э.******* нь Удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, хариуцсан ажлыг цаг тухайд нь тайлагнаагүй бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс фэйсбүүк групп чатад өглөө 9 цагт, орой 18 цагт аж ахуйн нэгж дээрээ зургаа дараад илгээж, ажлын цагаа бүртгүүлэхийг зөвшөөрөхгүй маргаж, Хөдөлмөрийн дотоод журмын 7.3.5.2.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул дээрх тушаал үндэслэлтэй гэж мэтгэлцэж байна.

 

16.Ажилтан Э.******* ажил олгогч ******* ******* ******* ААТҮГ-ийн захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гардан авсан байх ба ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зохицуулсан бөгөөд ******* дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 189 дугаартай шийдвэрээр ажиллагааг дуусгавар болгож, тэрээр дээрх хариуг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авснаас хойш шүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасныг, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

17.Ажилтан Э.******* нь шүүх хуралдаанд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс фэйсбүүк групп чатад өглөө 9 цагт, орой 18 цагт аж ахуйн нэгж дээрээ зургаа дараад илгээж, ажлын цагаа бүртгүүлдэг болсон байсан. Шалтгааныг нь асуухад гүйцэтгэх захирал дургуйцаж, ерөнхий ня-бо захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй илүү дутуу юм ярьдаг гэж хэлээд ажлаас халсан тушаал өгсөн гэж тайлбарлав.

 

18.Ажил олгогчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/143 тоот тушаалд гомдол гаргаагүй болох нь ажилтан Э.*******гийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон бөгөөд тэрээр фэйсбүүк групп чатаар ажлын цаг бүртгүүлэх журмыг эс зөвшөөрч удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж, ажил олгогч ******* дүүргийн ******* ******* ******* ААТҮГ-ын захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалаар тус газрын Захиргаа, санхүү албаны Хураамж төвлөрүүлэлтийн байцаагч *******гийн *******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж шийдвэрлэсэн тушаал үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

19.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.******* нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар сард 2,468,403 төгрөг:21,5=өдөрт 114,809 төгрөг х 85 өдөр/ нийт 9,758,803 төгрөг шаардах эрхтэй байсан бөгөөд нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,461,170 төгрөг нэхэмжилсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

20.Хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-т холбогдох захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,461,170 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

21.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ******* ААТҮГ-т холбогдох захирлын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/133 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,461,170 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ