| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0492/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Н.Түвшинбаяр,
Шүүгдэгч Д.Знарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Боржигон овогт Д.Зт холбогдох эрүүгийн 1809024380513 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Знь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ионсей” эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-нд иргэн Л.Хандхүүг хэл амаар доромжилсон гэсэн шалтгаанаар зодож биед нь зүүн хөмсөгний дээд хэсэг, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Зшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ
гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Хандхүүгийн мэдүүлэг /хх-5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №6579 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-9/, толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /хх-10/, хохирлын баримт /хх-18/, хохирогч Л.Хандхүү, шүүгдэгч Д.Знараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-39-40/, шүүгдэгч Д.Зоригтбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-19-38/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь Д.Знь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Ионсей” эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-нд иргэн Л.Хандхүүг хэл амаар доромжилсон гэсэн шалтгаанаар зодож биед нь зүүн хөмсөгний дээд хэсэг, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
шүүгдэгч Д.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...нилээн согтсон байсан учраас сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь “Ионсей” эмнэлгийн автобусны буудлын ТҮЦ-нд худалдагч эмэгтэйтэй маргаж байсан. Тэр эмэгтэй намайг элдэв үгээр хэлээд доромжлоод байхаар нь түүний нүүр рүү цохьчихоод гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-14/, хохирогч Л.Хандхүүгийн “...гаднаас танихгүй 40 гаран насны согтуу эрэгтэй хүн ганцаараа орж ирээд кофе ууя гэхээр нь би кофе байхгүй гэтэл тэр хүн гараад явсан ба удахгүй буцаж орж ирээд шууд намайг барьж аваад баруун гараараа миний баруун нүдний хэсэгт 1 удаа цохиод, зүүн шанаанд 1 удаа цохиод, толгой дээр хэд хэдэн удаа цохихоор нь би түүнээс мултраад гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-5-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №6579 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Л.Хандхүүгийн биед зүүн хөмсөгний дээд хэсэг, дух баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-9/ болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт
зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Зт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч Д.Зын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Д.Зт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүх Д.Зт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Знь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Знь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Д.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Зг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Знь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Знь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Знь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй
болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР