Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/02085

 

 

 

 

 

 

 

Э.Х - ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02111 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Х -ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нарт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгүүдийг буюу төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаад зорчих эрхийг түдгэлзүүлснийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.З - , Ч.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр манай компанийг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Ч.О нь компанийн гүйцэтгэх захирал Л.Нацагдорж, үүсгэн байгуулагч Р.Батхишиг нарын гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тухай мэдэгдэх хуудас ирүүлсэн юм. Уг эрхийг бүдүүлгээр хязгаарлаж гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг зөвшөөрөх боломжгүй. Улмаар уг мэдэгдлийг хүчингүй болгуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай хариу албан бичгээр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас үндэслэлтэй гэж хариу ирүүлсэнд гомдолтой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлнэ гэж гурван үндэслэл байна. Эдгээр үндэслэлүүдийн аль ч нөхцөл манай компанийн хувьд үүсээгүй, бидний зүгээс өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан удаа байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх талаар Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид санал оруулахдаа хуульд заасан үндэслэл, төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэр биелүүлж байгаа хичээл зүтгэл зэргийг харгалзан үзэж, уг асуудалд ялгамжтай байдлаар бус хуулийн 59 дүгээр зүйлд заасныг хавтгайруулан хэрэглэж улмаар манай компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал миний гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Яг ямар шалтгаанаар эрхийг нь хязгаарлаад байгаа нь нотлогдохгүй байна, дуудсан цагт нь байнга очиж байсан, оргон зайлах гээд байсан зүйлгүй. Иймд БХЗХТБАА-ны 192-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай Телбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай Гомдолд хариу өгөх тухай албан бичгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 353 дугаар захирамжаар Э.Х - ХХК-аас 1 579 179 700 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00728 дугаар тогтоолоор 147 428 255 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Э.Х - ХХК нь 8 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй... төлбөр төлөгч, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, төлөөлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасныг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжпэгч Э.Х - ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Э.Х - ХХК-д удаа дараа хугацаатай мэдэгдэл хүргүүлэхэд төлбөрийн шаардлагаас татварын 713 561 100 төгрөгийг, нийгмийн даатгалаас 67 428 255 төгрөгийг тус тус хэсэгчлэн биелүүлсэн байна. Э.Х - ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Л.Нацагдоржид 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 04 тоот төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д заасны дагуу итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргалд дамжуулан өгөх эрхтэйгээр гарын үсэг зуруулж мэдэгдлийн нэг хувийг өгсөн. Э.Х - ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Р.Батхишигийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн зүйл байхгүй юм. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь төлбөрийн үлдэгдэл 50 000 000 төгрөгөөс дээш буюу 945 618 600 төгрөгийн төлбөртэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг үндэслэн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгүүдийг буюу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтаны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж хуулийн 59 дүгээр зүйлийг шинэчилэн найруулсан байдаг. Уг өөрчлөлтөөр тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно. Өөрөөр хэлбэл, төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх 3-н нөхцөлийг хуульчилсан бөгөөд аль үндэслэл нь бодитой үүссэн эсэхийг шүүх тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Дээрх хуулийн аль заалтыг үндэслэж хуулийг хэрэглэсэн нь мөн шийдвэрт тусгагдаагүй зэргээс үзвэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, хэргийн үйл баримтыг хийсвэрээр дүгнэсэн. Төлбөр төлөхөөс зайлсхийх гэдэгт төлбөр төлөгч хуулийн этгээдийн эрх бүхий итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал нь шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, холбогдох утасны дугаар, хаяг байршлаа удаа дараа өөрчилсөн, энэ талаар мэдэгдээгүй, утсаар залгахад дуудлагад хариу өгөөгүй, утсаа салгасан, аль нэг улсын элчин сайдын яаманд хандаж виз мэдүүлсэн, компанийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгийн жагсаалтыг гаргаж гараагүй байтал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийсэн мэтээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай шийдвэр гаргахад хүргэжээ. Мөн дээр дурьдсан үйллийн шинжтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, үйлдэл бодитой бий болсон буюу шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан, энэ талаар төлбөр төлөгч компанийн гүйцэтгэх захирал Л.Нацагдорж болон түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэж байсан зэрэг үйл баримт баримтаар тогтоогдоогүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүтээр зүйлийг хэрэглэх нөхцөл байдал бүрдээгүй байтал үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 353 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбоотой ажил нь Татварын Ерөнхий хуулийн дагуу Татварын албанд бүхэлдээ шилжсэн буюу банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд хамааралгүй байтал хамааралтай мэтээр дүгнэлт өгсөн. Мөн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 0728 дугаартай тогтоолд дурьдсан 147 428 255 төгрөгийн дүнгийн үлдэгдэл нь 67 000 000 төгрөг болох нь хэрэгт авагдсан баримтаар болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байгаа юм. Гэтэл шүүгч огт төлбөр төлөгдөөгүй мэтээр шүүхийн шийдвэрт заасан дүнг баримталж улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хуулийн дагуу ажиллагаа явуулсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Х - ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Банк хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд тус тус холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгүүдийг буюу төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаад зорчих эрхийг түдгэлзүүлснийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 3 дүгээр сарын 16-ны өдрийн 353 дугаар захирамжаар Э.Х - ХХК-иас 1 579 179 700 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгохоор, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/01118 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00728 дугаар тогтоолоор Э.Х - ХХК-иас 147 428 255 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгохоор тус тус шийдвэрлэжээ. /хх-6-7, 38-40, 41-43/

 

Дээрх хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамжийг үндэслэж 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 567 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэж 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 0451 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 186 дугаар болон 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус үүсгэж, 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон храилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолоор Эрдэнс холдинг ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансны талаарх мэдээллийг ирүүлж, зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй байна. Уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ. /хх26, 30, 37, 45, 56-67/

 

Хэргийн 77 дугаар тал дах 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 564 дугаар төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Э.Х - ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нацагдоржийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна.

 

Хэргийн 76, 107 дугаар тал дах Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 192 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 тоот, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 1/2811 тоотуудаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудсаар Э.Х - ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Нацагдорж нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг даруй биелүүлээгүй гэх үндэслэлээр түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал шийдвэрлүүлж, хилээр үл нэвтрүүлэх иргэдийн жагсаалтад оруулсан тухайгаа мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

 

Хариуцагч байгууллага нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчид хариу өгч гомдлыг шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай мэдэгдэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/996 дугаартай албан бичгүүдийг буюу төлбөр төлөгчийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаад зорчих эрхийг түдгэлзүүлснийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь хуулийн этгээд Э.Х - ХХК байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд уг хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал буюу Л.Нацагдоржийн гадаад зорчих эрхийг хязгаарласан байна.

 

Үндсэн хуулиар олгогдсон иргэний чөлөөтэй зорчих эрхтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Э.Х - ХХК-ийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, уг агуулгаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ