Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1059

 

2025          09            04                                                                              2025/ДШМ/1059

           

Ц.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одхүү,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1496 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Н-д холбогдох 2508000000350 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

У- овогт Ц-ын Н-, ......., ял шийтгэлгүй /РД:........./.

Шүүгдэгч Ц.Н- нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах 107 дугаартай өрөөнд эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт зааснаар хууль сануулсан баталгааны хуудсанд гарын үсэг зурж, өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүй иргэн Д.Н-оос түүн рүү утсаар залгаж “Мөнгө зээлэх талаар харилцан тохиролцсон” талаараа огт мэдүүлэлгүй бодит байдлыг нуусан, Ж.У-ыг “У- над руу залгаад эгчээ би мод түлхээ хот руу оруулж ирнэ, би Улаанбаатар хот руу мод оруулах зөвшөөрөл авч байгаа, та мод авах уу гэхээр нь би У-гаас өмнө мод авдаг байсан учир итгэсэн. Мөн Улаанбаатар хот руу мод түлээ их ховор орж ирдэг учраас найдвартай байх гэж бодоод мод авахаар болсон гэж Ж.У-ыг Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг үйлдсэн мэтээр болсон явдлаас илт зөрүүтэй мэдүүлж, бусдыг гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

“...Ц.Н-г “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхээс оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 төрлийн сонгох санкацтай. Үүнээс анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч Ц.Н- нь 3 хүүхэд болон, эдгээр хүүхдүүдийн 3 ач, зээгийн хамт ам бүл 8. Өөрийнх нь насанд хүрсэн хүүхдүүд ажил хөдөлмөр эрхэлж, шүүгдэгч нь ач, зээ нараа хичээл сургуульд нь зөөдөг. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх ялыг өөрчилж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. Мөн тухайн зүйл ангид заасан 5.400.000 төгрөгөөс 27.000.000 төгрөгийн торгох ялыг эдлэх боломжгүй байна. Учир нь, эрхэлсэн тодорхой ажилгүй, зарим үед хувиараа ажил хийдэг, тэтгэвэрт гарсан. Тиймээс торгох ялыг оногдуулсан тохиолдолд ялын биелэлт хангагдах боломжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд тэнсэж өгнө үү гэсэн ялын санал гаргаж байна. Харин тэнсэнтэй холбоотой дахин гэмт хэрэгт холбогдвол тэнсэх, үүрэг хүлээлгэх арга хэмжээг хорих ялаар сольдог талаар ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж, тэнсэж өгнө үү гэв. 

Прокурор Б.Одхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Ц.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө Г.У-ыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр худал мэдүүлэг өгч, бусдыг гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг хууль ёсны үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн. Шүүгдэгчийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчид эрх үүрэг танилцуулсан, хууль сануулсан баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж түүний үйлдсэн гэмт хэрэгт тогтоосон нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсэн. Мөн анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял болон ялын төрөл хэмжээ тохирсон гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд дурдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Харин давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү гэж өөр байр суурьтай оролцож байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1-т тус тус заасныг шүүгдэгч Ц.Н-д хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл журмыг хуульчилж тогтоосон бөгөөд Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж хуульчилсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэж болно. Гэтэл шүүгдэгч Ц.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн, мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн адил худал мэдүүлэг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Шүүгдэгч Ц.Н- нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мэдүүлэг авах 107 дугаартай өрөөнд эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль сануулсан баталгааны хуудсанд гарын үсэг зурж, өөрийн мэдэх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүй “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Ц.Н-гийн бичгээр гаргасан өргөдөл /хх 2/,

-Ц.Н-г хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх 12/,

-шүүгдэгч Ц.Н-д 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа” /хх 13-14/,

- шүүгдэгч Ц.Н-гийн хохирогчоор 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “... 2024 оны 07 дугаар сард У- над руу залгаад эгчээ би мод түлээ хот руу оруулж ирнэ, зөвшөөрөл авч байгаа, та мод авах уу гэхээр нь найдвартай байх гэж бодоод мод авахаар болсон. У- би танд мод оруулж өгнө эхлээд бензин тосны мөнгө өгчих гэхээр нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр У-гийн өгсөн эхнэр Б-ийн Хаан банкны ******* данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш У- модоо Улаанбаатар хот руу оруулах гэхээр болохгүй байна, манай модны бригад дээр ажилчид нэгнээ зодож хэрэг гараад цагдаагаар яваад их асуудалтай байгаа, таниас авсан мөнгийг би хүмүүстэй нийлж ажил хийх гээд болоогүй юм. Бүгд л нийлж төлнө гэж хэлээд өгөхгүй одоог хүрсэн учир цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор “...Ж.У-ыг 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ц.Н-д мод худалдана гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 1.500.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол...” /хх 22-24/,

- Ж.У-ын яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зүгээр байж байгаад хэрэгт холбогдсоноо гайхаад байна. Энэ хэргээ хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна. ...07 дугаар сарын 15-ны өдрийн орчим байх, Н- хүрч ирээд Н- гээд модны эгч рүү өөрөө утсаараа залгаж яриад аниа нөгөө 1,500,000 төгрөгөө хийчих ээ дүү нь бензин тосны мөнгө хийх гээд байна, асуудалгүй мод өгнө гэх зэргээр яриад байсан. ...чанга яригч дээр нь тавьсан байсан болохоор Н- эгч дансаа явуул гээд байсан. Утсаа таслаад Н- “эхнэр миний дансыг хаачихсан байгаа чи дансаа явуулаад мөнгө авчхаач ингээд өр салж байгаа шүү” гэсэн. Тэгээд манай эхнэрийн дансыг явуулсан. Удалгүй 1,500,000 төгрөг нь орж ирсэн...” гэх мэдүүлэг / хх 30-31/,

- шүүгдэгч Ц.Н-гийн хохирогчоор 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Н- өөрийн дугаараас согтуу залгаад “эгч ээ Н- байна та надад 1,500,000 төгрөг өгчхөөч” гээд ярьсан. ...Тэр үед У- утасны цаанаас согтуу бид нар найзууд, бид нар модонд гарах гэж байна гэж хэлэхээр нь би дотроо Н- надад мод түлээ өгөхөөр мөнгө асууж байгаа юм байна гэж бодоод мөнгийг нь өгье гэж хэлсэн. У- эгчээ манай найз найдвартай өгнө гээд хэлсний дараа Н- эгчээ дансаа явууллаа шүү гэж хэлээд ******* дугаарын дансыг явуулсан. ... 2024 оны 07 дугаар 15-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс хойш Н- руу хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байхаар нь мессеж бичихэд Н-ийн эхнэр над руу залгаад яах гэж мөнгөө өгсөн юм, угаасаа Н- таны мөнгийг өгч чадахгүй, У-гаас ав, У- Н- хоёр хамт архи уусан байсан гээд урдаас уурлаад байсан. Тэгэхээр нь би У- руу залгаад чи мод түлээ Улаанбаатар руу оруулж байгаа юм уу гэхэд Цайз зах дээр мод түлээ оруулж өгч байгаа гэсэн. Үүнээс хойш надад Н-, У- хоёр мод өгөхгүй юм байна гэж бодоод 1,500,000 төгрөг орсон дансны хүнтэй л харьцаад мөнгөө авна гэж шийдсэн. Тэр дансны эзэн нь У-гийн эхнэр байхаар нь У-гаас авахаар шийдээд цагдаад өгсөн. ... Над руу У- залгаж мод түлээ оруулна, 1,500,000 төгрөг өгчих гэж яриагүй. ...Н-ийг бол танихгүй утсаар 2, 3 удаа ярьсан учир мэдүүлэг дээрээ яриагүй...” /хх 109-111/ гэх мэдүүлэг,

-гэрч Д.Н-ийн “... 2024 оны 07 дугаар сард Ц.Н- эгчээс 1.500.000 төгрөг зээлээч эгчээ, би ядаж байхад найз У-д өртэй юм гэж хэлээд би танд яг өгнө гэж хэлээд зээлж авсан. ...Эхнэртэйгээ хэрэлдээд тусдаа байсан учир эхнэр бүх данс хаагаад хаячихсан байсан тул найз У-г дансаа өгөөч гэж хэлээд дансыг нь Нараа эгч рүү явуулж 1,500,000 төгрөгөө авсан. ...Мод түлээ Улаанбаатар хот руу гаргана, Нараа эгчид өгнө гэж огт хэлээгүй...” /хх 115/ гэх мэдүүлэг, зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ц.Н-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Ц.Н-г “хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж гүтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тэнсэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Ц.Н-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт 5.400 нэгжээс 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Н- нь “У- надад Н- бид 2 найзууд гэж хэлээд 1.500.000 төгрөгийг авсан болохоор би эхний мэдүүлэгтээ Н-ийг дурдаагүй. Тэр 2 хоорондоо юу ярьсныг би мэдэхгүй. У- эхнэрийнхээ дансыг явууллаа надад итгэ гэж хэлсэн. Тэгээд би данс өгсөн хүнтэйгээ харьцана гэж бодоод, У-гийн эхнэрийн данс болохоор У- гэж хэлсэн. Би У-т итгээд мөнгийг шилжүүлсэн” /хх-н 173/ гэж гэм буруугийн талаар, “Би торгох ялыг төлж чадахгүй бас хоригдмооргүй байна. Би өглөө болгон Чингэлтэй дүүрэг рүү явдаг. Өөр мэдэх зүйлгүй байна, юу гэж хэлэхээ мэдэхгүй, ойлгохгүй байна” /хх-н 174/ гэж эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргаж оролцжээ.

Түүний дээрх дүгнэлтээс үзэхэд өөрийн холбогдсон хэргийн талаар бие даан бусдын нөлөөгүйгээр дүгнэлт гаргаж чадсан байх ба гэм бурууг хүлээн зөвшөөрсөн агуулга илэрхийлээгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ... болно.” гэж,

тухайн хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус хуульчилсан.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Н-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, түүний хувийн байдал, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1496 дугаар дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                            Г.МӨНХТУЛГА

 

           ШҮҮГЧ                                           Н.БААСАНБАТ