Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02058

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02058

 

 

 

Э.М -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02111 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.М -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч О.Т - ХХК-д холбогдох

 

О.Т - ХХК-ийн Гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.М -

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр О.Т - ХХК-ийн гүний уурхайн төсөлд техник үйлчилгээний хэлтсийн богино хугацааны төлөвлөлтийн техникчээр ажилд орж, өнөөг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн.

2019 оны 7 дугаар сарын 23-ны өглөөний 7 цагт хүний нөөцийн ажилтан н.Цацрал болон ахлах ажилтан Томас Сечени нартай ярилцлага хийхээр өрөөнд нь орох үед миний найз охин болох Б.Насанбаяр бид 2-ын харилцаж байсан зурвасуудаас хэрүүл маргаантай хэсгийг нь гарган ирж харуулаад надаас байцаалт авсан.

Тухайн өдөр хүний нөөцийн ажилтантай ярилцсаны дараа би сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд намайг төслийн талбайгаас албадан гаргасан. Компанийн тавьсан шаардлагын дагуу SOS International эмнэлэг дээр сэтгэл зүйчтэй уулзуулна гэсэн боловч намайг хууран мэхэлж түргэний тэргэнд суулгаад Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүчээр авч явсан.

Ажлын байраа алдахаас айж байсан тул энэ бүгдийг компаниас тавьж байгаа шаардлага хэмээн хүлээн авч үг дуугүй биелүүлж байсан. Улмаар 8 дугаар сарын 16-ны өглөө 8 цагт хүлээн авч уулзсан. Уулзалтыг хүний нөөцийн ажилтан н.Цацрал уурхай дээрээс утсаар явуулсан ба уулзалтын өрөөнд ахлах ажилтан Томас Сечени цуг байсан. Уулзалтын үеэр надаас 7 дугаар сарын 23-ны өдөр ярьсан зүйлээ баталгаажуулж гарын үсэг зурахыг шаардсан. Гарын үсэг зурсаны дараа миний хөдөлмөрийн гэрээг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр цуцалж байгааг мэдэгдэж миний ажлын үнэмлэх, төслийн талбайд жолоо барих эрхийн үнэмлэх, ажлын компьютер зэргийг хураан авсан.

2019 оны 8 дугаар сарын 19-ний даваа гаригт хүний нөөцийн ажилтан намайг Моннис цамхагт дуудаж бичиг баримтаа ирж ав, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлд гэж дуудсан. Би нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ авч тухайн цаасны буланд бичиг баримтаа авсан, тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй гэж гарын үсэг зурсан.

Намайг буруутгаж байгаа сорилт, захидал нь миний хувийн харилцааны асуудал бөгөөд ажлын байран дээр гаргасан алдаа дутагдал биш юм. Иймд О.Т - ХХК-ийн гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М - нь ажилтан Б.Насанбаяртай харилцахдаа айлган сүрдүүлсэн, доромжилсон, заналхийлсэн үг хэллэг ашигласан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан. Тиймээс О.Т - ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр цуцалсан.

Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Т - ХХК-ийн гүний уурхайн захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №HR 4206 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Э.М -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ...ажилтан Э.М - нь дүрмүүд, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан сахилгын ноцтой зөрчлийг ажлын байранд... гаргасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит үйл баримттай огт нийцэхгүй байна. Учир нь зүй бус үг хэллэгээр доромжилсон, дарамталсан гээд байгаа зурвас, утасны ярианууд нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Австрали улсын Күйнсланд мужийн нийслэл Брисбен хотод байсан, мөн хайр сэтгэлийн холбоотой байсан Б.Насанбаярын хамт Улаанбаатар хотод амарч байсан зэрэг цаг хугацаатай давхцдаг. Түүнчлэн ажилтан Б.Насанбаяр нэхэмжлэгч нар нь хайр сэтгэлийн холбоотой, байнгын бэлгийн харилцаатай байсан ба үүнийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь үгүйсгээгүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь Б.Насанбаярт бэлгийн дарамт учруулсан гэж маргаагүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг "...бэлгийн дарамт үзүүлсэн,...болох нь" баримтаар тогтоогдож байна гэж хэрэгт огт авагдаагүй, бодит бус, хийсвэр дүгнэлтийг хийсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь "...намайг ажлаас халах үндэслэл болсон текст-сорил, захидал-мессеж нь миний хувийн харилцааны асуудал бөгөөд ажлын байран дээр гаргасан алдаа дутагдал биш, хөдөлмөрийн харилцаанд хамаатуулж намайг ажлаас халан, хөдөлмөрлөх эрхэнд ноцтой хохирол учруулж байна" гэж маргасаар байхад шүүх хөдөлмөрийн харилцааны ноцтой зөрчлийг ажлын байран дээр гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтын хууль зүйн үндэслэлийг буруу тайлбарлан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх О.Т - ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-ийн "и" буюу бусад гэсэн заалт нь зөрчлийн тохиолдол бүрийг нэрлэн заасан эсэх болон хүчин төгөлдөр эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, Э.М -ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй хуульд нийцсэн гэсэн нь үндэслэлгүй болсон.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үнэхээр ойлгомжгүй, үндэслэлгүй бөгөөд энэ нь шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх нөхцөл байдлыг бий болгож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянаад дээрх алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч Э.М - нь хариуцагч О.Т - ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хөдөлмөрийн харилцаа үүссэн талаар маргаангүй байна. О.Т - ХХК-ийн гүний уурхайн захирал 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр HR/4206 дугаартай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 10.2.1и заалт, Ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журмын 3.1.3, 3.1.10, 3.1.11, Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрмийн 9.1.2, 10.2.3 дахь заалтуудыг тус тус баримтлан Э.М -ийг төлөвлөлтийн зохицуулагч Б.Насанбаяртай харилцахдаа айлган сүрдүүлсэн, доромжилсон, заналхийлсэн үг хэллэг ашигласан, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, уг гэрээг цуцлах тухай тушаал, талуудын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 9,32,122,124/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгаж, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байхаас гадна зөрчил нь тогтоогдсон байхыг шаардана. Түүнчлэн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцнэ.

Зохигчид хөдөлмөрийн гэрээний 10.2.1и дэх заалтаар Компанийн аливаа бодлого, дүрэм, журам, стандарт /үүнд: Компанийн дотоод журам, Кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрэм, ... Ажил гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам ...-д ноцтой зөрчил гэж тооцсон тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болгохоор тохиролцсон байна. /хх-122-123/ Энэ гэрээгээр тохирсон дээрх зөрчил тогтоогдсон эсэхэд талууд маргажээ.

Нэхэмжлэгч Э.М - нь хариуцагч компанийн ажилтан Б.Насанбаяртай дотно харилцаатай байсан, тэрээр хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалан түүнийг доромжилсон үйлдэл гаргасан нь ажил олгогчоос ажилтантай хийсэн ярилцлагын тэмдэглэл, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-32, 162-165,117-121/ Гэхдээ нэхэмжлэгчийн бусдыг хэл амаар доромжилсон буруутай үйлдлийг хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа компанийн дүрэм, журамд заасан сахилгын ноцтой зөрчилд тооцох боломжгүй юм.

Нөгөө талаас, О.Т - ХХК-ийн Кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрмийн 10.1-д ноцтой зөрчил-д тооцож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тохиолдлыг, 10.2-т тухайн зөрчлийн шинж чанараас хамааруулан ажилтанд ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулж болох нөхцлийг тус тус тусгасан байна. /хх-73-74/ Мөн Ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журам-ын 3.1-д компанийн бодлого, журам болон хөдөлмөрийн гэрээний нөхцлийг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заахдаа мөн зүйлийн 3.1.1-3.1.11-т сахилгын зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлжээ. Харин журмын 3.3.2.3-т хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдлуудыг зааж өгсөн байна. /хх-104-105, 107-108/

Хариуцагч О.Т - ХХК, нэхэмжлэгч Э.М -ийг Кемпийн дотоод журам ба ёс зүйн дүрмийн 10.2.3-т заасан буюу бусадтай харилцахдаа айлган сүрдүүлсэн, Ажлын гүйцэтгэлийн менежмент болон сахилгын шийтгэл ногдуулах тухай журмын 3.1.10 /дарамтлах/, 3.1.11 /зохисгүй, зэвүүцэм үг хэллэг ашиглах/-т заасан зөрчил гаргасан гэж үзэн түүнийг хөдөлмөрийн гэрээний 10.2.1и-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.

Үүнээс дүгнэхэд хариуцагч талын зааж буй хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлүүдийг дээрх дүрэм, журамд ноцтой зөрчилд тооцох тохиолдолд хамаарахгүй байна. Иймээс хариуцагч компанийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан нөхцөл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг хууль бус гэж үзэх тул нэхэмжлэгч Э.М -ийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.М - нь ажлаас чөлөөлөгдөхдөө 2019 оны 8 дугаар сард цалингийн зөрүүгээ авсан байх тул түүний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 5-7 дугаар сарын цалин, хөлсний дундажаас нэг сарын цалин, хөлсийг тодорхойлох нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтын Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасанд харшлахгүй гэж үзлээ. Ингээд олговрыг тооцвол нэхэмжлэгч Э.М - ажилгүй байсан 80 хоногт /2019.08.16-12.09-ний өдрийг хүртэл/ 23 077 200 /6 202 005 /1 сар/ : 21.5 хоног=288 465 /1 өдөр/ х 80 хоног/ төгрөг болж байна. Иймд хариуцагч О.Т - ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Э.М -т олгож, мөн зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2019/02111 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М -ийг О.Т - ХХК-ийн богино хугацааны уурхайн төлөвлөлтийн техникчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23 077 200 /хорин гурван сая далан долоон мянга хоёр зуун/ төгрөг хариуцагч О.Т - ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Э.М -т олгосугай гэж, 2 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу суутган тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч О.Т - ХХК-д даалгасугай гэсэн нэмэлт оруулж, тогтоох хэсгийн 2, 3, 4 гэсэн дугаарлалтыг 3, 4, 5 гэж, 3 дахь заалтын дурдсугай гэснийг дурдаж, хариуцагч О.Т - ХХК-ийг 273 336 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД