| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2508006220567 |
| Дугаар | 2025/ДШМ/1071 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1071
Т.А-эд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Т.А-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1631 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн Т.А-эд холбогдох 2508006220567 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт Т-ийн А-, ...........,
Урьд: Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 62-р зүйлийн 62.1-д зааснаар тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөгн хуулийн 62-р зүйлийн 62.1-д зааснаар тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн, /РД:........./.
Шүүгдэгч Т.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дүгээр гармын орчим иргэн М.М-ыг автомашинаар дайрах болон гараараа цохих хэлбэрээр халдаж, түүнд баруун шагайн дотор хашлага яс, баруун тахилзуур ясны далд хугарал, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Х- овогт Т-ийн А-ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-ээс хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой баримтаар учирсан хохиролд 472,222 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 3,293,400 төгрөг, нийт 3,765,622 төгрөгийг гаргуулж хохирогч М.М-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т- овогтой А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан зүйл хэсгээр 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан билээ. Хохирогчийн буруутай үйлдэл энэ хэрэгт илт байдаг. Гэвч Т.А- нь тодорхой оршин суух хаягтай, тодорхой эрхэлсэн ажилтай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, уг гэр бүлд өөр ажил хийдэг хүн байдаггүй, гэм буруугаа одоо хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирлын 472,222 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 нийт 3,765,622 төгрөгийг бүрэн барагдуулсан. Хохирогчоос уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан торгож өгнө үү. Шүүгдэгч маань хувиараа Эрдэнэтээс УБ хот руу таксины үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Хэрвээ 480 цагийн нийтэд тустай ажлыг хийхээр болвол хот хоорондын таксины ажлын гэрээ нь цуцлагдах эрсдэлтэй байх тул миний үйлчлүүлэгчийн ажиллах амьдрах боломжийг олгон торгуулийн ялаар өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хот хооронд таксинд явж амьдралаа авч явдаг. Манай ажил олон хоногийн чөлөө өгдөггүй. Хэрэв ажилдаа олон хоногоор очихгүй бол хөдөлмөрийн гэрээ цуглагдах эрсдэлтэй байдаг. Иймд надад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү гэв.
Прокурор Н.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй, хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад, санаандгүй дээрх үйлдлийг гаргасан, хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаатай үйлдэл байгаагүй гэж гэм буруу дээрээ маргасан. Гэвч шүүгдэгч Т.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, учруулсан хохирол хор уршигт тохирсон байна. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлж барагдуулсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар өгч байна. Гэтэл уг хэрэг гараад 1 жил гарангийн хугацаа өнгөрч байна. 1 жилийн хугацаанд шүүгдэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан орохоос өмнө л хохирогчид хохирол, төлсөн. Үүнийг прокурорын зүгээс хохирол, төлбөр төлөх санаачилгалгүй байсан гэж харж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Т.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дүгээр гармын орчим иргэн М.М-ыг автомашинаар дайрах болон гараараа цохих хэлбэрээр халдаж, түүнд баруун шагайн дотор хашлага яс, баруун тахилзуур ясны далд хугарал, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
-гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
-Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах тасагт 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэн М.М-аас гаргасан өргөдөл /хх 6-7/,
- Хохирогч М.М-ын “...Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өөрийн ****-УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад миний урд ****-ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар эгнээнд явж байхаар нь би хажуугаар нь гүйцэт түрүүлээд гартал миний хажуугаар уг тээврийн хэрэгсэл шахаад ороод ирсэн. Тэгэхээр нь би уурлаад зогсож бай гээд орилтол тухайн залуу шууд яваад өгсөн. Би ардаас нь гүйцэж очоод машиныхаа цонхоор цэнэглэгчийн хайрцаг шидсэн. Тэгээд бид 2 замын хажуу руу зогсоод хоорондоо муудалцаад барилцаж авсан. ...Уг залуу зугтах гээд байхаар нь би урд талд нь хаагаад зогссон чинь машины хамраараа ирээд миний хөлний өвдөг хавьцаа мөргөөд би унасан. Буцаж босоод явуулахгүй гээд зогсож байтал миний баруун хөлний шилбэ шагай хэсгээр машины дугуйгаар дайрсан...” гэх мэдүүлэг /хх 10-12/,
-гэрч Ч.А-гийн “...2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо *** гарам орох гээд явж байхад нэг машин шахаад урд зам хаагаад цонхоороо юм шидээд байсан. Тэгсэн чинь манай машины жолооч нөгөө машины хамт зам руу шахаж зогсоод хоорондоо барилцаж аваад хоёулаа жалга руу унасан. Тэгж байгаад манай машины жолооч одоо больё гээд машиндаа суусан чинь нөгөө машины жолооч машины урд зогсоод явуулахгүй байсан. ...Тэгж байгаад нөгөө машины жолооч машины урдаас жаахан холдох үед манай машин хөдөлсөн чинь нөгөө жолооч урдуур орсон. Тэгэхэд машин нөгөө жолоочид хүрээд зогссон. Тэр газарт хэвтээд ёо ёо гээд орилоод байсан. Манай жолооч машинаас бууж нөгөө жолоочийг өргөсөн чинь босохгүй хэвтээд байсан. ...араас ирсэн машины жолооч нар газар хэвтэж байсан жолоочийг өргөж машинд нь суулгасан. ...анх машинаасаа зүгээр бууж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх 19-20/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №1791 дугаар “...М.М-ын биед баруун шагайн дотор хашлага яс, баруун тахилзуур ясны далд хугарал, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шагайн дотор хашлага яс, баруун тахилзуур ясны далд хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, хүзүүнд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эсэргүүцэн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №509 дүгээр “...М.М-ын сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх, цаашид хохирогчид хэрхэн нөлөөлөх, үргэлжлэх цаг хугацаа зэрэг нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, эрүүл мэндийн эмчилгээ эдгэрэлт, гэр бүл хамт олны дэмжлэг бүхий орчин болон цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх зэргээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 46-48/,
-шүүгдэгч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... 19 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо *** гармын ойролцоо явж байхад араас нэг машин гэрлээрээ дохиод байсан. Би машин гүйцэж түрүүлж байсан болохоор 80 км цаг хурдтай яваад машинаа гүйцсэн. Араас дохиод байсан машин гүйцэж түрүүлэхдээ цонх руу юм шидэхээр нь би нөгөө машиныг гүйцэж түрүүлээд хэрүүл хийсэн. Тэгэхэд нөгөө машин урд талд зам хаагаад байсан. Тэгээд бид хоёр зам чөлөөлж зогсоод машинаасаа бууж хоорондоо хэрэлдээд барилцаж авч боолцож замын хажуу жалга руу унасан. Тэгээд би тэр залуугаас салж машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь нөгөө залуу бичлэг хийгээд явуулахгүй байсан. ... нөгөө хүнийг тойроод гарах гэсэн чинь машины урдуур гүйж орж ирээд хөлөө урд тавьсан. Би хөдлөөд явсан чинь хөл дайрчихлаа гээд газарт хэвтээд өгсөн... Тухайн жолооч анх машинаас зүгээр бууж ирсэн. ...М.М-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг хуулийн дагуу төлнө.” гэх мэдүүлэг /хх 85-86/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.А-эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Т.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Хохирогч М.М-ын эрүүл мэндэд хууль бусаар халдаж, хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Т.А- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4.Анхан шатны шүүх шүүгдэгч Т.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ “...хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа. Хот хооронд таксинд явж амьдралаа авч явдаг, ажил олон хоногийн чөлөө өгдөггүй. Хэрэв ажилдаа олон хоногоор очихгүй бол хөдөлмөрийн гэрээ цуглагдах эрсдэлтэй байдаг. Иймд нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.А-ээс гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 3.765.622 төгрөг гаргуулан хохирогч М.М-т олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч уг хохирлыг бүрэн барагдуулсан талаарх баримтыг давж заалдах гомдолд хавсаргасан байх ба өөрийн хувийн байдалтай холбоотой оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, бусад баримтуудыг хавсаргасан, давж заалдах шатны шүүхэд эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг гарган өгсөн.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Т.А-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг барагдуулсан нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлэн өөрчилж, 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь уг ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс гурван сарын дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хугацаад биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулан тэмдэглэж байна.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1631 дүгээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/1631 дүгээр шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Т.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж,
5 дахь заалтыг “торгох ялын биелэлтэд хяналт тавихыг...” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээгийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
3. Шүүгдэгч Т.А- нь хохирогч М.М-т 3,765,500 /гурван сая долоон зуун жаран таван мянга таван зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ