| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0518/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2018-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасансүрэнгийн Баттулгад холбогдох эрүүгийн 1809004280573 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривер саундс” бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Г.Ханхүүтэй харилцан маргалдаж улмаар түүний уруул, нүүр тус газар өшиглөн зодсоны улмаас “дээд уруулд няцарсан шарх, хүзүү цээжинд цус хуралт, баруун дал нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө “Ривер саундс” бааранд ганцаараа орсон. Тэгээд зүс таних 2 эмэгтэйтэй нэг ширээнд таарч суусан. Намайг нойлын өрөө орох үед Ханхүү тэр 2 эмэгтэйтэй ёс бус харьцсан байсан. Тэгээд түүнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд нойлын өрөөнд байхад Ханхүү эхлээд миний нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр нь би Ханхүүгийн гэдэс рүү нь гараараа цохисон. Удалгүй хамгаалагч нар орж ирж Ханхүүг гаргаж намайг дотор үлдээсэн. Би нөгөө хоёр эмэгтэйтэй цуг 20-30 минутын хугацаанд дотор суусан. Тэр үед Ханхүү гадаа хүлээж байсан. Тэгээд би гарч ирээд Ханхүүтэй дахин маргасан. Тэгээд Ханхүүтэй гар зөрүүлэх үед миний баруун хөлний савхан яс хугарсан. Яс хугарсны улмаас гэртээ 1 сар байсан. Түүнийг нотлох баримтаар үзүүлж болно. Тухайн үедээ би хөлөө хугарсныг мэдээгүй. Би мөн нүүрэндээ болон зөөлөн эдийн гэмтэл авсан. Тэр үед гэмтлийн эмнэлэг болон шүүх эмнэлэгийн магадлагаа гаргаагүй. Зүс танидаг нэг салбарын хүн гэдэг утгаар дараа нь учраа олно гэж бодсон. Би өөрийгөө 2-3 хоног хөлөө хугарсныг мэдээгүй. Сүүлд 15-ны өдөр хөл хугарснаа зураг авахуулж байж мэдсэн. Мөн тэр зураг нь байгаа нотлох баримтаар гаргаж өгч болно. 4 дүгээр сарын 27-ны өдөр Төгөлдөр гэх Монголын үндэсний телевизийн гэрэлтэй цонх нэвтрүүлгийн хөтлөгчөөс Ханхүүгийн утсыг нь аваад уучлал гуйсан зурвас бичсэн. Тэр зурвас нь надад байгаа. Тухайн үед намайг цагдаагийн байгууллагад өгсөн гэдгийг мэдээгүй. Тэр үед би эрэн сурвалжлагдаж байсан талаараа мэдээгүй. 5 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагаас намайг дуудаж эрэн сурвалжлагдаж байгаа талаар хэлж байцаалт өг гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Баримттай хохирлыг төлөх болно…” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Ханхүүгийн мэдүүлэг /хх-09-13/, шүүгдэгч Б.Баттулгын гэрчээр мэдүүлсэн /хх-14-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1445 дугаартай дүгнэлт /хх-17/, хохирогчтой холбоотой бичгийн нотлох баримтууд /хх-28-37, шүүгдэгч Б.Баттулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/, иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-43/ зэрэг болно.
I. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ривер саундс” бааранд үйлчлүүлж байхдаа иргэн Г.Ханхүүтэй харилцан маргалдаж улмаар түүний уруул, нүүр тус газар өшиглөн зодсоны улмаас “дээд уруулд няцарсан шарх, хүзүү цээжинд цус хуралт, баруун дал нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
хохирогч Г.Ханхүүгийн: “...нэг залуу нь юм яриад байхаар нь би тоохгүй байж байгаад гарах гэхэд миний уруул руу гараараа цохиход би газарт унасан бөгөөд би зугтаагаад баарнаас гараад үүдэнд нь байхад араас нөгөө зулуучууд гарч ирээд цохиод газарт унагаад зодоод байсан. ... уруулын дээд хэсэгт, дотор талд нь 5 оёдол, гадна талд 3 оёдол хийлгээд цагдаад хандсан. ...миний нүүр орчимд гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. ...тэр залуу миний дээрээс гуталтай хөлөөрөө нилээн хэдэн удаа өшиглөөд байсан. Тэгтэл хамгаалагч ирээд салгасан.” гэх мэдүүлэг /хх-9-13/,
шүүгдэгч Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...би “чи тэр “ эмэгтэйгийн дургүйг хүргэчихсэн байна лээ, боломжгүй ээ” гэж хэлтэл “чи харамлалаа” гэх зүйл яриад бид хоёрын дунд маргаан үүссэн” Тэгтэл Ханхүү надад хандаж “хоёулаа гараад үзчих үү” гээд байхаар нь би ариун цэвэрийн өрөөнд байхдаа нэг удаа гэдэс рүү нь гараа зангидаж байгаад нэг удаа цохиход Ханхүү газар уначихсан. Ханхүү надтай маргаан үүсгээд гадаа гартал миний толгой руу нэг удаа гараараа цохисон, би эргүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод барьцалдаж байхад хамгаалагч нар ирээд бид хоёрыг салгасан.” гэх /хх-14-15/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №1445 дугаартай дүгнэлтээр:
1. Г.Ханхүүгийн биед дээд уруулд няцарсан шарх, хүзүү цээжинд цус хуралт, баруун дал нуруу, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-17/ болон шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн гэм буруугийн талаар маргаагүй зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нар нь улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч Г.Ханхүү нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөөр ажиллах гэрээнд заасан мөнгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгов. Мөн хохирогч нь эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Харин хохирогч Г.Ханхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нотлох баримтын шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд нээлттэй үлдээв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгчөөс “...Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон” зэрэг байдлыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлүүлэхээр тогтоов.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 1809004280573 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бгыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хохирогч Г.Ханхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР