| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2406018480469 |
| Дугаар | 2025/ДШМ/1072 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 13.5.1., 17.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэцэгмаа /томилолтоор/ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1072
2025 09 09 2025/ДШМ/1072
Э.Ц-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Цэцэгмаа /томилолтоор/,
шүүгдэгч Э.Ц-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1360 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406018480469 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овогт Э-ийн Ц-, ........., ял шийтгэлгүй, /РД:........./;
Шүүгдэгч Э.Ц- нь “********” гэх хуурамч мэдээлэл агуулсан фейсбүүк хаягийг кибер орчинд нээж, насанд хүрээгүй хохирогч Г.Н-тэй фейсбүүк хаягаа ашиглан хохирогчтой нас чацуу гэж түүнд өөрийгөө танилцуулж, улмаар насанд хүрээгүй хохирогч Г.Н-эс өөрөө өгсөн, нүцгэн болон хагас нүцгэн гэрэл зургуудыг ашиглан гэр бүлийнхэнд нь болон олон нийтэд тараана гэж сүрдүүлэн, бэлэн мөнгө шилжүүлэхийг шаардаж, Хаан банкин дахь ******* дугаартай өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 2.677.000 төгрөгийг сүрдүүлж авсан,
насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Ж-ыг цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол мэдээлэл гаргуулахгүй байх, насанд хүрээгүй хохирогчоор дамжуулан төрсөн эхийнх нь гаргах шийдвэрт нөлөөлөхийг оролдох, насанд хүрээгүй хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор хохирогч Б.Ж-ын эзэмшлийн фейсбүүк орчинд байрлах “Б- Ж-” гэх нэртэй фейсбүүк хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, захидал бичиж дарамтлах, сүрдүүлэх, насанд хүрээгүй хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зургийг хохирогч Б.Ж- руу илгээх зэргээр хохирогч нарын нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж, сүрдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Ц-г “үргэлжилсэн үйлдлээр бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг, мөн үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг тус тус шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус шийтгэж, ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ц- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эцэг, эхээс ах, эгч нарын хамт гурвуулаа төрсөн ба аав 2011 онд, том ах 2012 онд, ээж 2018 онд нас барсан. Ах эхнэр авч, эгч нөхөрт гарч, би ганцаараа хоцорсон. Энэ үеэс би авга, нагац нарын гэрт амьдарч, өөрт тохирох ажил хийж өдийг хүрсэн. 2018 онд фейсбүүкээс Г.Н- гэж эмэгтэйтэй танилцаж харьцдаг болсон. Бид хоёр чатаар илэн далангүй харьцан, үерхсэн ба уулзаж, царайгаа харж байгаагүй. Би тэр охины царайг харах хүсэлт тавихад эхлээд хувцастай, хувцасгүй, нүцгэн бэлэг эрхтнийхээ зургийг илгээдэг болсон. 2023 онд мөнгөний хэрэг гарч, Г.Н-эс мөнгө зээлэхийг хүсэхэд 30,000, 50,000, 100,000, 150,000 төгрөгөөр шилжүүлдэг байсан. Бид хоёрын энэ харилцааг мэдсэн ээж нь цагдаад гомдол гаргасан болохоор би гомдлыг татуулах гэж охиных нь надад ирүүлж байсан нүцгэн зургийг ээж рүү нь явуулж “цахим сүлжээнд тавина” гэсэн. Тэрнээс биш мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь олон нийтийн сүлжээнд тавина гэж Г.Н-ийг сүрдүүлээгүй. Би зээлж авсан мөнгөө буцааж төлөхөө илэрхийлж байсан ба 650,000 орчим төгрөг буцааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрнө. Харин мөн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Улаанбаатар хотод 3 удаа орж ирсэн, өөрийгөө илэрхийлэх талд учир дутагдалтай. Тухайн үед цагдаагийн байгууллага дуудаж, байцаахад би их айсан, өмгөөлөгч авах мөнгөгүй, улсын өмгөөлөгчид хандах учраа мэдэхгүй байсан болохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд “өмгөөлөгч авахгүй” гэж хэлсэн. Надад ял оногдуулсан 2 зүйл ангийн учрыг ойлгоогүй, уншихад адилхан юм шиг байсан болохоор хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Би урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хуульд “өмгөөлөгч авах эрхтэй, нэг хэрэгт нэг удаа ял оногдуулна, өмгөөлөгч авахгүй бол бичгээр хүсэлт тавина, өмгөөлөгчөөр хангана, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлүүд” зэргийг хуульчилсан байдгийг хоригдсоны дараа мэдлээ. Би Г.Н-, түүний ээж, гэр бүлээс уучлалт гуйж байна. Иймд шийтгэх тогтоолыг хуульд нийцүүлэн хянаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирол 2,027,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байна. ...” гэв.
Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч Э.Ц- нь “********” гэх хуурамч мэдээлэл агуулсан фейсбүүк хаягийг кибер орчинд нээж, насанд хүрээгүй хохирогч Г.Н-тэй фейсбүүк хаягаа ашиглан хохирогчтой нас чацуу гэж түүнд өөрийгөө танилцуулж, улмаар насанд хүрээгүй хохирогч Г.Н-эс өөрөө өгсөн, нүцгэн болон хагас нүцгэн гэрэл зургуудыг ашиглан гэр бүлийнхэнд нь болон олон нийтэд тараана гэж сүрдүүлэн, бэлэн мөнгө шилжүүлэхийг шаардаж, Хаан банкин дахь ******* дугаартай өөрийн эзэмшлийн дансаар дамжуулан 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,677,000 төгрөгийг сүрдүүлж авсан,
насанд хүрээгүй хохирогчийн төрсөн эх Б.Ж-ыг цагдаагийн байгууллагад өөрийнх нь эсрэг гомдол мэдээлэл гаргуулахгүй байх, насанд хүрээгүй хохирогчоор дамжуулан төрсөн эхийнх нь гаргах шийдвэрт нөлөөлөхийг оролдох, насанд хүрээгүй хохирогчийн нэр төр, алдар хүндийг түүний гэр бүл, ойр дотны хүмүүсийнх нь дунд унагаах, хохирогчийг бусдын дунд ичгэвтэр байдалд оруулах зорилгоор хохирогч Б.Ж-ын эзэмшлийн фейсбүүк орчинд байрлах “Б- Ж-” гэх нэртэй фейсбүүк хаяг руу түүнийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, захидал бичиж дарамтлах, сүрдүүлэх, насанд хүрээгүй хохирогчийн нүүр царай гарсан нүцгэн байгаа гэрэл зургийг хохирогч Б.Ж- руу илгээх зэргээр хохирогч нарын нэр төр, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг олон нийтэд тараахаар заналхийлж, сүрдүүлсэн болох нь:
-хохирогч Г.Н-эс гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх 8-9/,
- “Хаан” банк дахь Г.Н-ийн эзэмшлийн ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 10-15/,
- хохирогч Б.Ж-ын “... “********” гэх хаягтай залуу нь манай охин Г.Н-эс 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд нийтдээ 2,677,000 төгрөгийг Э-ийн Ц- гэх хүний нэртэй “Хаан” банкны ******* тоот дансаар авсан байсан. ... мөнгө өгөхгүй болохоор фейсбүүк чатаар явуулсан нүцгэн зургийг нь олонд тараана гэж айлгаж, сүрдүүлдэг байсныг охин маань надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 19-20/,
-хохирогч Б.Ж-ас гаргасан “*****” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан захидлууд, “********” гэх хаягтай фейсбүүк хэрэглэгчээс ирүүлсэн захидлууд, “Ц- Э-” гэх хаягтай хэрэглэгчтэй харилцсан зурвасууд /хх 25-41 /,
- хохирогч Б.Ж-ын “*****” гэдэг хаяг нь манай охин энэ Ц- гэх хүний дарамтаас гарахын тулд өөрийнхөө “Н- Г-” гэх хаягийнхаа нэрийг өөрчилж “***** А-” гэсэн нэртэй болгосон, гэтэл нөгөөх нь олоод мэдчихээр нь дахиад тэр хаягаа өөрчилсөн. ... Ц- чинь охины хаяг руу нэвтэрч ордог болчихоод охины хаягнаас над руу охины нүцгэн зургийг явуулаад байсан. Тэр үед би гайхаад охин руугаа юу болоод байгаа талаар асуутал Ц- гэдэг нь миний хаяг руу нэвтэрч ороод ашиглаад байна гэсэн. Дээрх цээж нүцгэн болон бүтэн биеэрээ зогсож байгаа эмэгтэй хүний 5 ширхэг зураг нь манай охин Н-ийн зурагнууд байгаа юм. ...“********" гэх хаягнаас бичсэн чат нь манай охин руу бичсэн чатнууд байгаа юм. Тэр хаягнаасаа миний охин руу "Чиний хаягнаас ээж рүү чинь ч биш таньдаг мэддэг, төрөл садан руу чинь хүртэл явуулна" гэж хүртэл дарамталсан байгаа юм.
Тэр “Ц- Ц-” гэх хаягийг манай охины зурагтайгаар хэрэглэж надтай хуучин хамт ажиллаж байсан хүний хаягийг ашиглаж мөнгө нэхэхэд нь ажлын маань хүн манай охиныг гэж бодоод зургийг нь хараад л мөнгө шилжүүлчихсэн байсан. “Донтой групп” гэдэг нь нийтийн групп юм шиг байна лээ тэрийг нь мэдэхгүй байна. Тэр группт нийтлэгдсэн постны дор охины зургийг ашигласан фейсбүүкээрээ "Туслах дэмжих ах хайж байна" гэж сэтгэгдэл оруулсан байсан. Тэрийг нь би хүнээс сонсоод олж авсан юм. ...Тухайн үед 650,000 төгрөгийг буцааж өгсөн, ... намайг цагдаад хэлснээс хойш охиныг маань “Чамайг алчихаад шоронд орно” гэх мэтээр дарамталсан байсан ба одоо охиныг маань харвал таних байх, тэгээд ямар нэг асуудал болох вий гэхээс айж байна, мөн би үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 51-53/,
-хохирогч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: "...Тухайн үед надаас миний фэйсбүүкийн кодыг завсаргүй нэхээд байсан болохоор нь би өгчихсөн надад итгэж байгаа бол пассаа өг, заавал өг, өгөхгүй юм уу гэх мэтээр гуйгаад л чат бичээд байдаг байсан. Надад өөрийгөө танилцуулахдаа миний сурдаг ******** дүгээр сургуулийн 11 а ангид суралцдаг гэж байсан, ... Намайг 12 дугаар ангиа төгсдөг жил "Би тийм зураг авмаар байна, надад ийм байдлаар зургаа дарж явуулаарай" гэх мэтээр байнга шахаад байдаг байсан. ... Ингээд би 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Солонгос руу сурахаар явсан ба намайг очоод удаагүй байхад "Манай аав өнгөрчихсөн, мөнгөний хэрэг байна, түр зээлээч чамд мөнгө байна уу? би тэгж байгаад чамд өгье" гэж хэлээд анх 100.000 төгрөг өгч байсан санагдаж байсан, тэрнээс хойш надаас байж байгаад л мөнгө явуул гэнэ, өгөхгүй гэхээр чиний шалдан зурагнуудыг чинь ээж руу чинь явуулна, найзууд руу чинь явуулна, ангийн чинь группэд тавина гэх мэтээр байнга дарамтлаад манай ээж рүү хүртэл явуулсан байсан. Тэрнээс хойш миний зургийг олон хүнд тараачих байх гэж айгаад нэхсэн мөнгийг нь өгдөг болсон. ...эхний зургийг авснаасаа хойш намайг “дахиж зураг явуул гэж шахаж шаарддаг, өмнөх зургуудыг чинь хүн рүү явуулна шүү” гэж айлгадаг байсан мөн миний фейсбүүк хаягийг авчихсан болохоор холбоогоо тасалж болохгүй байсан болохоор би зургаа явуулдаг байсан, Ц- миний хагас нүцгэн болон бүтэн нүцгэн зургуудыг авахдаа зүгээр л чамайг хармаар байна гэхээр нь л явуулдаг байсан, тэрнээс би цааш нь бусдад тараах, бусад хэлбэрээр ашиглах зөвшөөрөл өгөөгүй. Би миний зурагнуудыг устгаарай гэхэд устгасан гэж л надад хэлдэг байсан. Намайг цагдаад өргөдөл гаргасны дараа тамхины мөнгө өг, өгөхгүй бол би чамайг байгаа газарт чинь алчихаад шорондоо орно, тэртэй тэргүй би шоронд орох нь тодорхой болсон гэх мэтээр айлгаж дарамталдаг байсан” гэх мэдүүлэг /хх 56-57/
- Шүүгдэгч Э.Ц-гийн “... надад мөнгөний хэрэг болохоор нь би мөнгө байна уу гэж гуйгаад өөрийнхөө “Хаан” банкны ******* дугаарын дансаар авдаг байсан. ...Би тухайн хугацаанд Н-эс мөнгө асуухаар байхгүй гэхээр нь нүцгэн зургийг чинь ээж, аав руу чинь болон таньдаг хүмүүс рүү чинь явуулна гэхээр мөнгө өгдөг байсан юм.
Мөн би Н-ийн ээж рүү нь 2024 оны 3 дугаар сарын орчимд "Чаддаг юм бол олоорой, би охины чинь нүцгэн зургийг нийтэд тавина" гэсэн утгатай чатыг өөрийнхөө жинхэнэ хаяг буюу “********” гэх хаягаар бичиж явуулж байсан. ... Би Н-ийн царай орсон нүцгэн зургийг ээж рүү нь 1 удаа явуулж байсан. Ээж нь намайг мөнгө аваад байгааг мэдчихээд цагдаад өгнө гэхээр нь “Охины чинь нүцгэн зураг надад байгаа шүү” гэдэг байдлаар сүрдүүлэх гээд зургийг нь явуулж байсан. Хэрэв намайг цагдаад өгвөл олон нийтийн сүлжээгээр охины чинь нүцгэн зургийг тараана гэж сүрдүүлж зургийг нь явуулсан.” гэх мэдүүлэг /хх 68-70/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.Ц-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо зөрчилдөж эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч Э.Ц-гээс “...Миний хийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байхгүй гэж бодож байна. Шүүхээс миний холбогдсон хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд, хохирогч Г.Н- “...тэрнээс хойш нилээн олон удаагийн гүйлгээгээр миний нүцгэн зургийг хүмүүст тараана гэж дарамтлаад айлгаад байхаар нь хэлсэн дүнгээр нь шилжүүлдэг байсан...” гэж мэдүүлсэн байна.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж оролцдог субъект бөгөөд тэрээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болох үр дагавар, мөн эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгч хууль сануулдаг тул түүний мэдүүлгийг худал гэж үзэх боломжгүй юм.
Шүүгдэгч Э.Ц-гийн хувьд “********” гэх хуурамч мэдээлэл агуулсан фейсбүүк хаягийг кибер орчинд нээж, насанд хүрээгүй хохирогч Г.Н-тэй фейсбүүк хаягаа ашиглан хохирогчтой нас чацуу гэж түүнд өөрийгөө танилцуулж, улмаар түүнээс өөрөө өгсөн, нүцгэн болон хагас нүцгэн гэрэл зургуудыг ашиглан гэр бүлийнхэнд нь болон олон нийтэд тараана гэж сүрдүүлэн, бэлэн мөнгө шилжүүлэхийг шаардаж, 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 2,677,000 төгрөгийг сүрдүүлж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй тайлбарласан байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл боллоо.
Шүүгдэгчийн нэг санаа зорилготойгоор хийж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг зэрэг хангах тохиолдол байдаг бөгөөд үүнийг эрүүгийн эрх зүйн онолд “нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдэх” гэж үздэг болно.
Шүүгдэгч Э.Ц-гийн хохирогч Г.Н-эс мөнгө шилжүүлэн өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн мөнгө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг,
Хохирогч П.Ж-ыг цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл гаргуулахгүй байх зорилготойгоор тодорхой үйлдэл хийхийг шаардаж түүний ойр дотны хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж түүний охин Г.Н-ийн нүцгэн зургийг өөрт нь илгээсэн, Г.Н-ийг гэж ойлгогдохуйц байдлаар нийтийн сүлжээнд мэдээлэл оруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тус тусдаа хангаж байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ц-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлах” болон “заналхийлэх” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ц-гийн гэмт үйлдлийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөж барагдуулаагүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан өөр төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
шүүгдэгч Э.Ц- нь өөрийгөө өмгөөлөх тухай хүсэлт гаргасан, түүнчлэн өмгөөлөгч оролцуулалгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй шаардлагад хамаарахгүй байх учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд, дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Э.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1360 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-гээс 2.027.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-гээс 2.027.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Ж-д олгосугай.”гэж зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.Ц-гийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нийт 110 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1360 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-гээс 2.027.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Ц-гээс 2.027.000 төгрөгийг гаргуулан, хохирогч Б.Ж-д олгосугай” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ц-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-гийн цагдан хоригдсон 110 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ