Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/1091

 

2025           09            11                                                                              2025/ДШМ/1091

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

насанд хүрээгүй хохирогч М.М-ийн хууль ёсны төлөөлөгч П.Б-,

шүүгдэгч Т.Б-,

иргэний хариуцагч Э.Ч-,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1731 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503 00367 0541 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Е- овогт Т-ийн Б-, ........., ял шийтгэлгүй, /РД:........./;

Шүүгдэгч Т.Б- нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 18 цагийн үед “Toyota prius-30” загварын **** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 1.3, 12.4 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч М.М-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газар: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Т.Б-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч нь оршин суух хаяг, ажил, сургуулиа өөрчилсөн бол энэ талаар хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг үүрэг болгож, Иргэний хуулийн 497.1, 505.1, 511.3-т зааснаар шүүгдэгч Т.Б-, иргэний хариуцагч Э.Ч- нараас тус бүр 9.667.407 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Б- миний бие гэм буруу болон зүйлчлэл дээрээ маргаагүй бөгөөд гэм буруугаа ухамсарлаж, их гэмшиж байна. Би Багануур дүүргийн 1 дүгээр хороонд нөхөр болон 6-16 насны гурван хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр Э.Ч- нь “Юнивишн” ХХК-ийн Багануур дүүрэг дэх салбарт суурилуулалтын туслахын ажил хийдэг. Миний бие онлайн бизнес эрхэлдэг бөгөөд фейсбүүк пейж хуудас ажиллуулан гоо сайхны бүтээгдэхүүний захиалга авч, өөрөө хүргэлтээ хийж, өрхийн хэрэглээний орлогоо олдог. Миний борлуулдаг бүтээгдэхүүний 90 хувь нь Улаанбаатар хотын 9 дүүргээс захиалга авдаг. Ихэвчлэн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргээс ирдэг. Захиалгаа хүргэж, борлуулалтаа хийхийн тулд Улаанбаатар хот руу зорчих зайлшгүй шаардлагатай болдог. Шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласан нь 3 хүүхэдтэй, амьдралаа хөл дээр нь босгох гэж зүтгэж байгаа залуу гэр бүл бидний хувьд болон манай гэр бүлийн санхүүгийн байдлын хувьд их хүнд тусаж байна. Өрхийн хэрэглээ, амьжиргаагаа залгуулах гээд автомашин зээлээр авсан бөгөөд мөн нөхрийн цалингийн зээл, банк бус санхүүгийн байгууллагын зээл нийт 75.000.000 төгрөгийн зээлтэй бөгөөд уг зээлээ төлөх гээд нөхөр бид хоёр хоёулаа ажиллаж байгаа боловч 2024 оны 12 дугаар сараас хойш зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцохдоо “Сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг тооцох жишиг аргачлал”-ын 3 дугаар зэрэглэлд хамааруулах тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлэн тооцож 18.208.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний зорчих эрхийг зөвхөн оршин суух хаягаар хязгаарласнаар өрхийн орлогоо олдог, гол захиалга хүргэдэг байршил хязгаарлагдаж байна. Багануур дүүрэгт ажлын олдоц бага учраас зөвхөн нөхөр болох ганц хүний орлогоор хохирогчийн нөхөн төлбөрийг төлөхөөс гадна бидний 3 хүүхдийн хичээл сургуулийн хэрэглээ, өрхийн хэрэглээ, зээлээ төлөх болон хохирлыг төлж барагдуулах боломжгүй болох нөхцөл байдалд хүргэсэн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд зорчих боломжтойгоор шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанаас өмнө 500.000 төгрөг, шүүх хуралдааны дараа 500.000 төгрөг өгсөн. Эрүүл мэндийн даатгалын санд хүүхдийн эмчилгээний төлбөрийг төлсөн.” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.М-ийн хууль ёсны төлөөлөгч П.Б- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Иргэний хариуцагч Э.Ч- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б- нь явган хүний зохицуулдаггүй гарч дээр тухайн гэмт хэргийг үйлдсэн. Хот, суурийн газарт 60 км цагаас дээш хурдтай явахыг хориглодог байхад хурд хэтрүүлсэн. Мөн явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасах зохицуулсан байтал хурдаа хасаагүй. Хохирогч хүүхэд гүйгээгүй, эхний 3 хүүхэд гарсны дараа дараагийн 3 хүүхэд зам гарч байхад хохирогч хүүхдийг дайрсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зорчих эрх хязгаарлаж өгнө үү гэж байна. Хэрвээ 9 дүүргийн хэмжээнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулбал ялын бодлого алдагдана гэж үзэж байна. Шүүгдэгч Багануур дүүрэгт ажил, хөдөлмөр эрхэлж, хохирол төлбөрийг төлөх санаа зорилго байхгүй, зөвхөн өөрийгөө бодож байна. Мөн шүүгдэгч “машиныхаа зээлийг төлнө” гэж байна. Шүүгдэгчийг тээврийн хэрэгслийг зарж, борлуулан хохирол төлбөрийг төлөх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б- нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 07- ны өдрийн 18 цагийн үед “Toyota prius-30” маркийн **** УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан насанд хүрээгүй явган зорчигч М.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

мөрдөгчийн нас тоолсон “...явган зорчигч М.М- нь... 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр /осол болсон өдөр/ 11 нас 8 cap 11 хоногтой байсан нь тогтоогдож байна...” гэх магадалгаа /хх 18/,

насанд хүрээгүй хохирогч М.М-ийн "... Би 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би сургууль дээр ирээд офицер орж сургалтанд суух гээд сургуулийн хүүхдүүдийн хамт автобусны буудал орох гээд явган хүний замаар зам хөндлөн бүгдээрээ гарч байсан. Эхлээд 3 хүүхэд зам гарсан, ард нь би гурван хүүхэдтэй зам гарах гэж байхад хар өнгийн тээврийн хэрэгсэл надад болон хүүхдүүдэд зам тавьж өгсөн. Би харахад машин байгаагүй, гэнэт машин мөргөсөн. Би ухаан алдаад сэрэхэд газар уначихсан хэвтэж байсан. Миний зүүн хөл маш их өвдөж байсан. ...түргэн ирчихсэн, манай ээж ирчихсэн цуг явж байсан. ...би харсан машин байгаагүй гэнэт гарч ирээд намайг мөргөсөн...” /хх 15-16/,

иргэний хариуцагч Э.Ч-ийн “...Би өөрийн тээврийн хэрэгсэлдээ үнэлгээ хийлгэхгүй эхнэрээсээ нэхэмжлэх зүйл байхгүй... Би төлөх болно. Манай эхнэр бид 2 хүүг эмнэлэгт очиж тогтмол биеийн байдлыг асууж тойрч эргэж байгаа...” /хх 21/,

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн инженер М.Баттөмарийн гаргасан 113 дугаартай “...ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй. Салхины шил нэлэнхийдээ хагарсан нь шинэ гэмтэл, зүүн талын ухрах арааны гэрэл асахгүй, ABS систем ажиллахгүй, хойд талын дугуйн хээ стандартын шаардлага хангахгүй, ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй зэрэг эвдрэл гэмтлийн шинэ хуучныг тодорхойлох боломжгүй. Шингэн дамжуулгын ABS систем бүхий тоормосны системтэй. Тоормосны системийн ABS систем ажиллахгүй...” гэх дүгнэлт /хх 43-46/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 5368 дугаартай “...М.М-ийн биед зүүн шаант, тахилзуур ясны дунд 1/3-ийн сэлтэрхий үүсгэсэн мушгирсан зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, дух, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, дух, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” /хх 34-36/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ЕГ/0225/508 дугаартай дүгнэлтээр “...Шинжилгээний ирүүлсэн D04_20250407180059.mp4 нэртэй дүрс бичлэгийн файлын дүрслэлээс тогтоолд дурдсан “Toyota prius-30” /**** УКУ/ тээврийн хэрэгслийн дундаж хурдыг үл хөдлөх А, Б цэгийн хооронд тогтоох боломжтой байна. Шинжилгээнд ирүүлсэн D04_20250407180059.mp4 нэртэй дүрс бичлэгийн файлын дүрслэлд тогтоолд дурдсан “Toyota prius-30” /**** УКУ/ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурд 76.5 км/цагийн дундаж хурдтай дүрслэгдсэн байна...” /хх 56-58/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1320 дугаартай “...насанд хүрээгүй хохирогч М.М-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь хор уршгийн гуравдугаар зэрэгт хамаарна...” /хх 69-71/ гэх дүгнэлтүүд,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Дүрс бичлэгийн 00 минут 28 дах секундэд явган зорчигч саарал өнгийн тээврийн хэрэгсэлд мөргүүлж байгаа, урд салхивчны шилэн дээр хүн харагдана... гэх тэмдэглэл /хх 92-94/,

мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 644 дугаартай магадлагаа /хх 83-84/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

2. Анхан шатны шүүхээс Т.Б-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

3. Шүүгдэгч Т.Б-ийн гаргасан “...Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд зорчих боломжтойгоор ялд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Шүүх шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлж барагдуулаагүй зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаар хохиролд 180.594 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад, 1.126.734 төгрөгийг шүүх хуралдааны үед, нийт 1.307.328 төгрөг нэхэмжилсэн байна.

Анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгийг 22.99 дахин нэмэгдүүлэн нийт 18.208.080 төгрөгөөр тогтоож, шүүх хуралдааны үед хохирогч талаас нэхэмжилсэн хохирлын нотлох баримтыг үнэлэн 1.126.734 төгрөгийг нэмж, шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас 19.334.814 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэж хохирогч талаас мөрдөн байцаалтын явцад нотлох баримтаар нэхэмжилсэн 180.594 төгрөгийг гаргуулж шийдвэрлээгүй, хохирлын тооцооллын алдаа гаргаж шийдвэрлэснийг зөвтгөж, шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт дээрх дүнгээр нэмэгдүүлсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй болно. 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Болдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1731 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...9.667.407 /есөн сая зургаан зуун жаран долоон мянга дөрвөн зуун долоо/ төгрөг...” гэснийг “...9.757.704  /есөн сая долоон зуун тавин долоон мянга долоон зуун дөрөв/ төгрөг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ийн ялд өөрчлөлт оруулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                                Т.АЛТАНТУЯА

 

                       ШҮҮГЧ                                             Н.БААСАНБАТ