Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00001

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/00001

 

 

 

 

Пауэрбласт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12ы өдрийн 183/ШШ2019/02419 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Пауэрбласт ХХК-ийн хариуцагч Мост майнинг ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт 659 964 088 төгрөг гаргуулах үндсэн, тэсэлгээний ажлаа технологийн дагуу хийгээгүйгээс учирсан хохиролд 920 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Пауэрбласт ХХК нь Мост майнинг ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 17346 тоот гэрээг байгуулж, уул уурхайн тэсэлгээний ажил, үйлчилгээг чанар, стандартын шаардлагад нийцүүлэн бүрэн хийж гүйцэтгэн ажилласан. Гэвч талуудын хооронд үл ойлголцох маргаан гарч хариуцагч тал болох Мост майнинг" ХХК-ийн хууль бус шаардлага шахалт болон тус компаниас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 18/167 дугаартай гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийн үндсэн дээр гэрээний дагуу хийгдэж байсан үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, гэрээг цуцлахаар болсон. Манай компани гэрээ байгууллагдсанаас хойш Иргэний хуулийн холбогдох хэсэг, талуудын хооронд байгуулагдсан гэрээнийхээ үүргийг бүрэн, шударгаар биелүүлж ажиллаж ирсэн. Мост майнинг" ХХК гэрээний үүргийг шударгаар биелүүлэлгүй хууль бус шаардлага тавих, гэрээгээр тохиролцоогүй ажил үүргийг хүлээлгэх, шахалтанд оруулах, ажил гүйцэтгэлийн шатанд гүйцэтгэж буй ажил үйлчилгээтэй холбоотой нэг ч

шаардлага, акт гаргаагүй атлаа гэнэт гэрээгээ цуцална, ажил үйлчилгээгээ дуусгавар болгоно гэх мэтээр гэрээгээ зөрчиж хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон. Бид асуудалд хүндэтгэлтэй хандаж гэрээгээ дуусгавар болгож байгаа бол гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс авах эрхтэй, захиалагч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулах үүрэгтэй гэсний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл нийт 642 286 709 төгрөгийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 09/831 тоот гэрээний үүрэг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Мост майнинг XXК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 18/215 дугаар албан бичигтээ "Пауэр бласт ХХК нь Айл Баян уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэж байх хугацаандаа алдаа гаргаж, тэсэлгээ буруу хийсний улмаас урд хананд нуралт үүссэн. Энэхүү нуралтыг 2 талаас хэмжин баталгаажуулж, акт үйлдсэний дараа төлбөр тооцоо шилжигдэхийг уламжилж байна хэмээн дурьдсан. Гэтэл гэрээний дагуу бидний хийж гүйцэтгэсэн тэсэлгээний ажил үйлчилгээ бүрэн хийгдэж, бүгд амжилттай болж байсан. Ажил гүйцэтгэх үедээ огт алдаа гаргаж байгаагүй, захиалагч компанийн зүгээс ч алдаа гарсан акт, мэдэгдлийг хэзээ ч ирүүлж байгаагүй. Иймд гэрээний үндсэн төлбөрт 627 342 289 төгрөг, алдангид 32 621 799 төгрөг, нийт 659 964 088 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлд дурдсан ажлыг хийсэн гэх боловч ажлаа хүлээлгэн өгөөгүй, технологийн бус ажилласнаас их хэмжээний хохирлыг манай компанид учруулсан. 2018 оны 07 дугаар сар хүртэл тэсэлгээний ажлыг нэхэмжлэгч компаниар хийлгэсэн. Тухайн үед тэсэлгээний далд доголдол маш их илэрч байсан. 2018 оны 07 дугаар сард уурхайн 2 дугаар амны 760 м, 750 м, 740 м болон 730 м түвшингүүдийн эцсийн хязгаарт тулж хөрсний гулгалт үүсэж компанид маш их хэмжээний хохирол учирсан. 765 м, 750 м , 740 м, 730 м түвшингүүдэд нийт 383 780 м.куб уулын цул, тухайн үед 720 м түвшинд олборлож байсан нүүрсний давхаргыг давсан, мөн 760 м түвшинөөс хананы цэвэрлэгээний ажил гэх мэт хийгдэх шаардлагагүй ажил хийж манайд их хэмжээний хохирол учирсан. Тухайн үед Пауэрбласт ХХК-ийн хийж байсан тэсэлгээний паспорт дээр тэсэлгээний холболтын зураг гэж өгч байгаагүй, тухайн чулуунд таарсан хэрэгсэл буруу сонгон хэрэглэж байснаас манай уурхайн эцсийн хязгаарт байдаг бермийн болон тогтворжилтын чулуу бүгд тодорхой хэмжээний битүү цохилтын нөлөөнд олон үе шатлалтай өртөн бүтэц шинж чанарт өөрчлөлт орж ан цавшил, сийрэгжилт авсан. 730 м доод түвшиний тэсэлгээнүүд үе шаттай хагарал авч нуралт үүссэн. Тухайн үед Пауэрбласт ХХК цооног өдөлт, гадаргуу холболт дээр гадагшаа буюу хором удаашруулах цооног холболтын систем ашигласны улмаас хором хугацаанд буюу 21 миллсекунд дотор тэсрэх бодисын хэмжээ маш их байснаас хажуугийн эцсийн хананд хагарал үүссэн. Манай уурхайд хором удаашруулалттай тэсэлгээ хийж байгаа. Энэ нь хором хугацаанд тэсрэх бодисын хэмжээ маш бага байх, хором хугацаанд тэсэлгээний бодис их бага байхаас шалтгаалаад доргилтын радиус их багаар тооцох боломжтой. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн тэсэлгээг зөв хийсэн бол хажуугийн ханын хөрс нурах хэмжээ 0 байх байсан гэжээ.

  Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Пауэрбласт ХХК нь тэсэлгээний ажил технологийн дагуу бус хийгдсэнээс манай компанид 920 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Пауэрбласт ХХК-аас 920 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч Мост Майнинг ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар гаргаж өгөөгүй. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд тайлбар гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ..." гэж заасны дагуу хариуцагч хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдож үүргээ биелүүлсэн тул Мост майнинг ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Мост майнинг ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Пауэрбласт ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна" гэж заасан. Уг шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлд 62.1.4 нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаа тусгасан байна гэсний дагуу "Мост Майнинг" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь энэхүү шаардлагыг бүрэн хангахгүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнийг нотлох баримтаа нэхэмжлэлдээ хавсаргаагүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй. Мөн манай компани ажлаа чанар стандартын дагуу бүрэн бүтэн хийж гүйцэтгэж байсан бөгөөд Мост Майнинг компаниас ажлаа буруу хийсэн талаар акт, шаардлага гаргаж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Мост майнинг ХХК-аас 348 662 986.73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пауэр бласт ХХК-д олгож, үлдсэн шаардлага 311 301 101.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т зааснаар нэхэмжлэгч Пауэр бласт ХХК-аас 920 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Мост майнинг ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 3 457 770 төгрөгийг, хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр төлсөн 4 757 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 901 265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Пауэр бласт ХХК нь хариуцагч Мост майнинг ХХК-д гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэхэмжлэхдээ тухайн ажлыг гүйцэтгэсэн болон хүлээлгэн өгсөн талаараа шүүхэд нотлох үүрэгтэй, хариуцагч талаас үүн дээр маргаж буй тул шүүхээс гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн баримт болох тэсэлгээний ажлын паспортуудыг шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан. Хариуцагч тооцоо нийлж мэдэхгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүхээс даалгасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хийсэн бүх тэсэлгээний ажлын паспортуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн. Энэ нь манай компани тэсэлгээний ажлаа бүрэн гүйцэт, холбогдох дүрэм журам, норм стандартын дагуу, 100 хувь алдаагүй хийж гүйцэтгэснийг нотлохоос гадна Мост Майнинг компаниас манай компанид ажлын гүйцэтгэлд акт тавих шаардлага гаргаж байгаагүй, тооцооны хүснэгтэд дурьдсан тэсэлгээний ажилд зарцуулагдах бараа материалыг нийлүүлж, ажил үйлчилгээ үзүүлсэн болохыг нотлох нотолгооны ач холбогдолтой баримт юм. Манай компанийн нягтлан бодогч М.Бат-Эрдэнэ удаа дараа Мост Майнинг ХХК-тай тооцоо нийлэхээр биечлэн очсон боловч санхүү хариуцсан захирал нь тооцоо нийлэхээс татгалзсан учир арга буюу шүүхэд хандсан. Шүүхээс хэт нэг талыг баримталж нотлох баримтуудыг дутуу үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба талууд тохиролцсоны үндсэн дээр ажлын гүйцэтгэлийг акт үйлдэж хүлээлцсэний дараа захиалагч тал гүйцэтгэгч талд ажлын хөлсөө төлж барагдуулах зэрэг нарийвчилсан зохицуулалтын дагуу талуудын хооронд тэсэлгээний ажил үйлчилгээ хийх хамтын ажиллгааны гэрээ байгуулагдсан. Шүүх үүнийг зөв дүгнэж улмаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, захиалагч үүргээ биелүүлээгүй байна гэж үзсэн атлаа яагаад өөр хооронд нь зөрчилдсөн дүгнэлтүүд хийж, нэхэмжлэгчээс шаардсан баримтуудыг буруу үнэлсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхээс тэдний хүснэгтээр гаргасан тооцоо болох өмнөх авлага 642 438 338.73 төгрөг болон төлөгдөөгүй 2 227 773 978 төгрөгөөс төлсөн 2 521 549 330 төгрөгийг хасч үлдэх 348 662 986.73 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 311 301 101.27 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ хэмээн илт үндэслэлгүй, буруу тооцоо гаргаж дүгнэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнгээ энгийн математик аргачлалаар болон хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримтуудад үндэслэн гаргаж дэлгэрэнгүй тайлбарласан. Мост Майнинг ХХК манай компанид 642 438 338.73 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй. Пауэр бласт ХХК-ийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны хооронд 2 212 677 928.30 төгрөгийн бараа материал нийлүүлэн Мост Майнинг ХХК-д хүлээлгэн өгч, 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажил үүргээ хэвийн гүйцэтгэж нийт 2 855 116 266 төгрөгийн тэсэлгээний ажил, үйлчилгээ үзүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд нийлүүлсэн барааны үнэ 2 212 677.98 төгрөг, өмнөх үлдэгдэл 642 438 338 төгрөг, нийт 2 855 116 266 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлсэн. Үүнээс 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн хооронд Мост Майнинг ХХК-аас Пауэр Бласт ХХК-ийн дансанд нийт 2 227 773 978 төгрөг шилжүүлсэн бөгөөд нийт гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үнэ болох 2 855 116 266 төгрөгийг хасвал 627 342 289 төгрөг болно. Бидний гаргаж өгсөн 2 521 549 330 төгрөгийн тооцооны баримт нь Мост Майнинг ХХК-аас 2018 онд манай компанийн дансруу шилжүүлсэн нийт мөнгөний тооцоо бөгөөд энэ нь Мост Майнинг ХХК манайхтай ажил хэргийн хүрээнд хамтарч ажиллаж байсан нь үнэн, тооцооны хүснэгтэд заагдсан 2 227 773 978 төгрөгийг төлсөн талаарх нотлох баримт юм. Гэтэл шүүхээс 2018 онд нийт төлсөн 2 521 543 330 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний хооронд төлсөн 2 227 773 978 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлгүй. 2 521 543 330 төгрөгт 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд төлсөн 2 227 773 978 төгрөгийн тооцоо орсон байхад хасч тооцсон нь буруу. Шийдвэрийн үндэслэх хэсэгт харин талуудын байгуулсан гэрээний 5.3-т заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт дүнгийн 0,1 хувийн алдангийг нэхэмжлэгч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн болно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги тооцохдоо Мост Майнинг ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 627 342 289 төгрөгөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 хоногийн алдангийг хоног тутамд 0.1 хувиар тооцсон бөгөөд шүүхийн тооцсон шиг нийт үнийн дүнгээс алданги тооцож гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг хуулийн хүрээнд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоногоос тооцож гаргасан. /нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 627 342 289 төгрөг*01% алданги, хоногт төлөх алдангийн хэмжээ 627 342 төгрөг*52 хоног, 32 621 799 төгрөг/. Иймд шийдвэрийн зарим хэсгийг буюу тогтоох хэсгийн 1 дэх заалтын үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 311 301 101.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Пауэрбласт ХХК нь хариуцагч Мост майнинг ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 627 342 289 төгрөг, алдангид 32 621 799 төгрөг, нийт 659 964 088 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч тэсэлгээний ажил технологийн дагуу хийгдээгүй гэж хохиролд 920 000 000 төгрөг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ, тэсэлгээний ажлын паспорт, тооцооны баримт, дансны хуулга болон зохигчдын тайлбараар маргаж байгаа үйл баримт тогтоогдсон байх боловч шүүх ажлын хөлсний хэмжээг тооцоолохдоо нотлох баримтыг буруу үнэлсэн байна. /1хх11-14, 20-21, 2хх-5хх, 6хх18-35/

Зохигчид Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших MV-016865 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй ил уурхайд тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, нэхэмжлэгч нь тэсрэх материалыг паспортоор бэлтгэн тэсэлгээний ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байсан байх ба шүүхээс гэрээний хүчин төгөлдөр байдал болон эрх зүйн харилцааны талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй болжээ.

Талууд 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээний хугацааг гэрээний 9.2-т заасан нөхцөлөөр сунгаж, хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой гэх үндэслэлээр гэрээг цуцлаж, ажлын хөлсний үлдэгдэл болон ажлын гүйцэтгэлийн чанарын талаар маргасан байна. /1хх15/

Хэрэгт 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн тэсэлгээний ажлын паспорт авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд нийт 2 855 116 266 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлс 2 227 773 978 төгрөг төлөгдсөн, 627 342 289 төгрөг төлөгдөөгүй гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч ажлаа хүлээлгэж өгөөгүй, ажлын гүйцэтгэл доголдолтой байсан гэж тайлбарладаг боловч ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөнийг нотлох зорилгоор нэхэмжлэгчээс ирүүлсэн тэсэлгээний ажлын паспортуудыг баримтаар үгүйсгээгүй байхын зэрэгцээ ажлын гүйцэтгэл доголдолтой байсан нь нотлогдохгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гэрээт хугацаанд нийт 2 855 116 266 төгрөгийн тэсэлгээний ажил гүйцэтгэж, хариуцагч 2 227 773 978 төгрөгийн ажлын хөлс төлж, 627 342 289 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбарыг хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлгүй хүснэгтээр гаргасан тооцоо болох өмнөх авлага 642 438 338.73 төгрөг болон төлөгдөөгүй 2 227 773 978 төгрөгөөс төлсөн 2 521 549 330 төгрөгийг хасч тооцон 348 662 986.73 төгрөг хариуцагчаас гаргуулна гэж ойлгомжгүй дүгнэлт хийж, хариуцагчийн гэрээгээр хүлээх үүргийн хэмжээг буруу тооцоолсон байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн тооцооллын талаар гаргасан тайлбарыг үндэслэн төлбөрийн үлдэгдлийг бүхэлд нь гаргуулахаар шийдвэрлэж байна.

Тодруулбал, нийт 2 855 116 266 төгрөгийн ажил гүйцэтгэсэн талаар зохигчид маргаагүй тул энэ дүнгээс хариуцагчаас төлөгдсөн 2 227 773 978 төгрөгийг хасч, үлдэгдэл 627 342 289 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

Алданги гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт зөв. Зохигчид гэрээний 5.3-т төлбөрийн хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт дүнгийн 0,1 хувийн алдангийг нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээний анз төлнө гэсэн заалттай нийцэхгүй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ажлын гүйцэтгэл чанарын доголдолтой байсан, тэсэлгээний ажлыг технологын дагуу хийгээгүйгээс манай байгууллагад 920 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарладаг боловч хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12ы өдрийн 183/ШШ2019/02419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтын 348 662 986.73 гэснийг 627 342 289 гэж, 311 301 101.27 гэснийг 32 621 800 гэж, 3 дахь заалтын 1 901 265 гэснийг 3 294 661 гэж өөрчлөн,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 714 460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

А.МӨНХЗУЛ