Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 669

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны   танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “М*******” ХХК

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам 

Гуравдагч этгээд: “К*******” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамнаас зарласан “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх” ******* дугаартай сонгон шалгаруулалттай холбогдуулан Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот, 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 9-2/4859 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А*******, Р.М, нарийн бичгийн дарга  Э.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд: “М*******” ХХК нь Монгол Улсын Сангийн яамнаас зарласан “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх” ******* дугаартай сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд манай компанийн өгсөн тендерийн санал нь “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн болохыг Сангийн яамны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 9-2/4259 тоот албан бичиг (манай компанид 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ирсэн)-т дурдаж, тендерт шалгарсан юм. Уг албан бичигт “Сангийн яамнаас зарласан тендерт 40 ширхэг автомашин нийлүүлэх ажлыг 2,399,600,000 төгрөгөөр гүйцэтгэхээр Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан байна. Иймд хуульд заасны дагуу энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн юм. Мөн уг албан бичгээр нэмж 8 ширхэг, нийтдээ 48 ширхэг автомашин нийлүүлэхийг яамнаас санал болгосон бөгөөд гүйцэтгэлийн баталгааг гаргаж ирүүлэхийг үүрэг болгосны дагуу манай компани 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 119,980,000 төгрөгийн баталгаа гаргуулсан. 

 Сангийн яам нь ******* дугаартай сонгон шалгаруулалттай холбогдуулан хоёр компанид гэрээ байгуулах эрх олгосон нь илт хууль бус бөгөөд тендерийн баримт бичиг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Манай компани энэ талаар олж мэдсэн даруй Сангийн яаманд хандан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 229 тоот албан бичгээр энэхүү хууль бус үйлдлээ зогсоож, манай компанитай гэрээ байгуулахыг мэдэгдэж гомдол гаргасан ба уг гомдлын хариуг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай компанид ирүүлжээ. Сангийн яамнаас ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн (өдрийг дарж засварласан) 9-2/4859 тоот албан бичиг нь гэрээ байгуулах эрх олгосон 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9- 259 тоот албан бичгээс 45 хоногийн дараа ирсэн. Нөгөө талаар манай компаниас өгсөн тендерийн саналыг шаардлага хангаагүй гэж үзэн хүчингүй болгосон нь өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэсэн, үндэслэлгүй бөгөөд илт хууль зөрчсөн үйлдэл болж байна.

Тендерт зарласан 40 автомашин болон нэмэлт гэрээгээр нийлүүлэх 8 автомашиныг бүхээг болон өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалт бүхий тоноглолтойгоор үйлдвэрлэгч талд захиалга өгч үйлдвэрлэлд оруулсан, үйлдвэрээс 48 ширхэг Nissan Navara маркийн автомашин бүхээг болон тоноглолтой үйлдвэрлэгдэнэ, нэмэлтээр суурилуулж буй бүхээг, өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх тоноглолын үнэ тендерийн үнэд багтсан, харин 8 ширхэг автомашин нэмэлт гэрээгээр адил нөхцлөөр нийлүүлэгдэнэ, захиалга хийгдсэн тул долларын ханшийн зөрүү тооцогдохгүй.

Иймд Сангийн яамнаас “М*******” ХХК-нд ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9-2/4859 тоот шийдвэр, “К*******” ХХК-д хүргүүлсэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг Сангийн яаманд даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэлд: “... “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкны хүсэлтээр Сангийн яам захиалагчаар оролцож тендерийг зохион байгуулсан ч тендертэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэдэг чиг үүрэгтэй Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газраас Үнэлгээний хороонд багтаагүй тул ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэж үзсэн. 

Сангийн яамнаас зарласан “Түргэн тусламжийн авто машин нийлүүлэх” нээлттэй тендерт шалгарсан “М*******” ХХК-д болон Эрүүл мэндийн яаманд Сангийн яамны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 9-2/4259 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон.  

“Түргэн тусламжийн авто машин нийлүүлэх” нээлттэй тендерт оролцогч “К*******” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдлын дагуу Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны бодлогын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хянан үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгаж, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот албан бичгээр гомдол гаргагчид мэдэгдсэн болно. 

Дээрх албан тоотын дагуу Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, шаардлага хангасан оролцогч байхгүй гэж үзэн тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн оролцогчийн гомдлын дагуу хянан үзэж Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийх явцад  тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тендерийг хүчингүй болгосон. Тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлт талууд гаргаагүй, хугацааг сунгасан шийдвэр гараагүй, тендерийн хүчинтэй хугацаа нэгэнт дууссан тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаас өөр аргагүй. Дахин зарлах тендерийг Эрүүл мэнд, спортын яамыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.  

Нэхэмжлэгч тал Сангийн яамыг гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэжээ. 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, боломжгүй байсан. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар хууль санаачлагчид санал хүргүүлсэн байгаа. Уг хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй тал дээр өөр хэлэх тайлбар алга.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээдийн тайлбар, түүний үндэслэлд: “Манай компани Сангийн яамнаас зарласан “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх” ******* тоот тендерт К2700 маркийн түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий 40 ширхэг автомашин нийлүүлэхээр санал болгон оролцсон ба тус тендерт техникийн тодорхойлолт, стандартад хамгийн сайн нийцсэн шалгарах боломжтой, олон улсын стандартыг бүрэн хангасан, өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон зэрэг техникийн зориулалт, хэрэглээ, ашиглалтын түвшний шаардлагуудыг бүрэн хангасан байсан.

Гэтэл манай компанийн тендерээс татгалзсан тухай  Сангийн яамны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9-2/4260 тоот албан мэдэгдэл ирсэн ба үүнд манай компаниас 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуульд заасан ажлын 5 хоногийн хугацаандаа багтан гомдол гаргаснаар Сангийн яамнаас тус гомдлыг хянан үзэж 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот албан бичгээр хуульд заасны дагуу холбогдох баримт, материалуудыг хянан үзээд “...тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-д тус тус заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах нь зүйтэй байна” гэж мэдэгдсэн.

Манай компанийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан бүх шаардлагыг хангасан тул манай компанийг шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд “М*******” ХХК-ийн захиалагчид санал болгосон Nissan Navara маркийн автомашин нь түргэн тусламжийн тусгай тоноглол бүхий байх шаардлагыг хангаагүйгээс гадна “өвчтөнийг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон байна” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн техникийн тодорхойлолтод заасан холбогдох шаардлагыг тус тус хангаагүй бөгөөд энгийн тоноглолтой автомашинууд тул санал болгосон үнийн хувьд манай компанийн өвчтөнийг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалттай, эмнэлгийн тусгай тоноглол бүхий автомашинуудаас 342,000,000 төгрөгийн үнийн зөрүүтэй байгаа юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийнэ”, мөн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж тус тус заасан ба шаардлагад нийцсэн тендер нь зөвхөн манай компанийн ирүүлсэн тендер байх тул энд “Моннис Моторс” ХХК-ийн санал болгосон үнэтэй манай компанийн санал болгосон үнийг харьцуулах шаардлагагүй байгаа юм.

Хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 дугаартай гомдол хянан үзсэн тухай албан бичгээр зөрчигдсөн гэж үзнэ. Бичгийн агуулга нь нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс захиалагч татгалзаж, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.

 Ийнхүү нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 5 хоногийн дотор гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулалгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу байна.

“К*******” ХХК-ийн хувьд “М*******” ХХК-ийг шалгаруулсныг эс хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу гомдол гаргаж улмаар Сангийн яамнаас “гомдол хянан үзсэн тухай” гэсэн утгатайгаар 5/4692 хариуг хүргүүлсэн ба энэ журмаар “М*******” ХХК нь гомдол гаргах учиртай.

Түүнчлэн Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9-2/4859 дугаартай албан тоотыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх ба энэ бичгийн хувьд ч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь буруу. Учир нь Сангийн яамны энэхүү бичиг нь нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гаргасан ямар нэг гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу шийдвэрлэсэн шийдвэр биш юм.

Хэдийгээр нэхэмжлэгчээс Сангийн яаманд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр АБ-229 дугаар албан бичиг хүргүүлсэн ба энэ нь хуульд заасан гомдол бус харин мэдэгдэл байсан. Мэдэгдэлтэй танилцахад төрийн байгууллагын аливаа шийдвэрт гомдол гаргасан бус харин гэрээ байгуулахыг шаардсан байдаг.

Дээрхээс авч үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 92-94, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэстэй байна.

Тендерийн баримт бичгийн 45 дугаар хуудсанд түргэн тусламжийн тоноглогдсон авто машины зориулалтыг “өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон" гэсэн шалгуур тавьсан. Гэвч энэ шаардлага хангаагүй нь Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 9-2/4859 тоот албан бичгээс харагдана. Түүнчлэн нэхэмжлэгч дээрх шаардлагыг хангасан эсэхээ шүүхэд нотлоогүй байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14, 15, 16, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3, 27.4-т заасан шаардлага хангаагүй, тендерээс татгалзах үндэслэл болно. Захиалагч нь түргэн тусламжийн авто машин нийлүүлэх тендер зарласан. Гэтэл өвчтөнийг хэвтүүлэх, суулгах зориулалтын тоноглолгүй машин нийлүүлнэ гэдэг нь байж боломгүй зүйл юм.

Гуравдагч этгээдийн хувьд мөн шаардлага хангаагүй нь Сангийн яамны 9-2/4861 бичгээс харагдана. Энэхүү албан тоотод 5 шалгуур хангаагүй гэж үзсэн боловч 2 шалгуурын тухайд хасч болно гэсэн хариуг “М*******” ХХК-д 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 9-2/3926 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. Үүнд: автомашины тэнхлэг хоорондын зай, автомашины дугуй гэсэн үзүүлэлтүүд хамаарна.

Түүнчлэн тендер нээгдэх үед гаргаж өгсөн талуудын үнийн санал одоо хэрэгжих боломжгүй юм. Учир нь өнөөдрийн ам.долларын ханш 2016 оны 06 сарынхаас даруй 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн учир үнэд өөрчлөлт орох бөгөөд тендерт өгсөн үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх боломж аль аль талд байхгүй. “М*******” ХХК нь бүтээгдэхүүний төлбөрийг ам.доллараар гүйцэтгэдэг болох нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэхээс харагдана.

Хэдийгээр тендерийн хорооны дүгнэлтүүд хэрэгт авагдаагүй ч үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, Сангийн яамны албан тоотуудаар оролцогч талууд тендерт заасан техникийн шаардлагыг хангаагүй байхад аль нэг талыг ялагчаар тодруулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд тендерийг дахин явуулах нь зүйтэй.

“М*******” ХХК-ийн хувьд нэхэмжлэлд дурдсанчлан 2.8 тэрбум төгрөгөөр хохироогүй. Учир нь нийлүүлэгчид төлбөрийг шилжүүлээгүй, санхүүжүүлэгч нь Азийн хөгжлийн банк юм.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх учиртай. Сангийн яамны 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 9-2/4258 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяад хандсан бичгээс харахад гэрээг Сангийн яам бус Эрүүл мэнд, спортын яам байгуулахаар байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад Сангийн яамыг гэрээ байгуулахыг даалгах гэсэн нь буруу юм. Харин Эрүүл мэнд, спортын яамыг хамтран хариуцагчаар татах боломжтой байсан.

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах хуулийн хугацаа дууссан, харин Сангийн яамны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9-2/4859 тоот шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь “Сангийн яамнаас зарласан “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх” ******* дугаартай сонгон шалгаруулалттай холбогдуулан Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот, 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 9-2/4859 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Монгол Улсад тохиосон зудын гамшигт тусламж үзүүлэх төсөл”-ийн хүрээнд санхүүжүүлэгчээс түргэн тусламжийн автомашин нийлүүлэх тендерийг зохион байгуулахыг Сангийн яаманд хүссэний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/146 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо “Түргэн тусламжийн автомашин нийлүүлэх” ******* дугаартай сонгон шалгаруулалтыг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зарлаж, сонгон шалгаруулалтад “М*******” ХХК, “К*******” ХХК, “М*******” ХХК-иуд оролцсон байна. 

Үнэлгээний хороо 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр оролцогчдын тендерийн баримт бичигт үнэлгээ хийж, “М*******” ХХК, “К*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангаагүй гэж үнэлэн, “М*******” ХХК-ийн ирүүлсэн тендер нь шалгуур үзүүлэлтийг хангаж байна, мөн хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэсэн үндэслэлээр “М*******” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж Эрүүл мэнд, спортын яаманд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Үүний дагуу Сангийн яамнаас 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 9-2/4258 тоот албан бичгээр Эрүүл мэнд, спортын яаманд “... “хамгийн сайн” үнэлэгдсэн “М*******” ХХК-тай 2.519.600.000.00 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгож”, мөн өдрийн 9-2/4259 тоот албан бичгээр “М*******” ХХК-д “мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэх”-ийг, мөн өдрийн 9-2/4260 тоот албан бичгээр “К*******” ХХК-д шаардлагад нийцээгүй үндэслэлээр тендерээс татгалзсан талаар мэдэгдлийг тус тус хүргүүлжээ.

“К*******” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу гомдлыг Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газар хянан үзээд 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 9-24583 тоот албан бичгээр Эрүүл мэнд, спортын яаманд “гомдол гарсан тул гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж” буй талаар мэдэгдэж,  2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот албан бичгээр “захиалагчийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлсэн  “М*******” ХХК-ийн санал болгосон автомашин нь түргэн тусламжийн автомашины олон улсын стандартыг хангаагүй, өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдоогүй зэрэг техникийн зориулалт, хэрэглээ, ашиглалтын түвшний шаардлагыг хангахгүй байх тул татгалзах нь зүйтэй байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4-т зааснаар удаах хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн гэрээ байгуулах нь зүйтэй байна.” гэсэн хариуг  “К*******” ХХК-д хүргүүлж, хувийг Сангийн яаманд өгчээ. Өөрөөр хэлбэл “М*******” ХХК-ийн тендерээс мөн татгалзаж, тендерийн үнэлгээг дахин хийхээр болжээ.

Харин ийнхүү гомдлоор хянахдаа өмнө нь гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлсэн, уг шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх “М*******” ХХК-д мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй төдийгүй “М*******” ХХК-ийн тендерээс татгалзаж, дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн албан бичгээ хүргүүлээгүй нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 15, 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн, 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчимд нийцээгүй байна. 

Үнэлгээний хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж, “М*******” ХХК-ийн санал болгосон автомашин нь түргэн тусламжийн автомашины олон улсын стандартыг хангаагүй, өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдоогүй зэрэг техникийн зориулалт, хэрэглээ, ашиглалтын түвшний шаардлагыг хангахгүй байх тул тухайн оролцогчийн ирүүлсэн тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар татгалзах”-аар, мөн “М*******” ХХК, “К*******” ХХК-ийн санал болгосон автомашины техникийн үзүүлэлт нь мөн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлах зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэж, дахин зарлах тендерийг Эрүүл мэндийн яамнаас зарлах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ дагуу Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9-2/4861 тоот албан бичгээр “...“К*******” ХХК-ийн санал болгосон автомашины техникийн үзүүлэлт нь тендерийн баримт бичигт заасан шатахууны савны багтаамж 80 л-ээс багагүй /ирүүлсэн тендерт 60 л/, тэнхлэг хоорондын зай 2730 мм-ээс доошгүй /ирүүлсэн тендерт 2615 мм/, газраас тэнхлэг хүрэх зай 250 мм-ээс доошгүй /ирүүлсэн тендерт 210 мм/, дугуйны хэмжээ 255/70R16 /ирүүлсэн тендерт 195/R14/, баталгааг 90.000 км-ээс доошгүй /ирүүлсэн тендерт 20.000 км/ байх шаардлагыг хангахгүй байна гэсэн үндэслэлээр шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан” талаар “К*******” ХХК-д, мөн өдрийн 9-2/4859 тоот албан бичгээр “тендерт оролцогчоос гаргасан гомдлыг хянан үзэж, Үнэлгээний хороо дахин үнэлээд “М*******” ХХК-ийн санал болгосон автомашин нь “өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдоогүй” нь тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр тендерээс татгалзсан” талаар  “М*******” ХХК-д, 9-2/4862 тоот албан бичгээр “шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй, сонгон шалгаруулалтыг дахин хийх” талаар Эрүүл мэндийн яаманд тус тус мэдэгдсэн байна.

Үнэлгээний хорооны 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хийсэн эхний үнэлгээгээр “К*******” ХХК-ийн санал болгосон автомашины техникийн үзүүлэлт нь мөн л тендерийн баримт бичигт заасан “шатахууны савны багтаамж 80 л-ээс багагүй /ирүүлсэн тендерт 60 л/, тэнхлэг хоорондын зай 2730 мм-ээс доошгүй /ирүүлсэн тендерт 2615 мм/, газраас тэнхлэг хүрэх зай 250 мм-ээс доошгүй /ирүүлсэн тендерт 210 мм/, дугуйны хэмжээ 255/70R16 /ирүүлсэн тендерт 195/R14/, баталгааг 90.000 км-ээс доошгүй /ирүүлсэн тендерт 20.000 км/ байх” шаардлагыг хангаагүй хэмээн үнэлэгдсэн, тендерийн баримт бичгийн дээрх шаардлагуудыг хангаагүй болохоо гуравдагч этгээд “К*******” ХХК хүлээн зөвшөөрдөг, өөрөөр хэлбэл тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан үндэслэлд маргаагүй тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.  Харин “М*******” ХХК-ийн санал болгосон автомашин  техникийн шаардлага хангасан эсэх нь “К*******” ХХК-ийн эрх ашгийг хөндөхгүй бөгөөд тус компани “ам.долларын ханш нэмэгдсэн учир өмнө өгсөн үнийн саналаар автомашиныг нийлүүлэх боломжгүй” гэснийг дурьдах нь зүйтэй. 

Түргэн тусламжийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын түргэн тусламжийн тоноглогдсон автомашин хэсгийн зориулалт хэсэгт “өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон” байх шаардлагыг заажээ. 

Зудын гамшигт тусламж үзүүлэх төслийн хүрээнд зарласан энэхүү тендерээр шалгарсан этгээд хөдөө орон нутаг, алслагдсан сумдын эрүүл мэндийн үйлчилгээнд ажиллах түргэн тусламжийн автомашин нийлүүлэх бөгөөд, “М*******” ХХК-ийн санал болгосон Nissan Navara маркийн автомашин нь тендерийн баримт бичигт заасан “өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон” байх шаардлагаас бусад техникийн шаардлагуудыг хангасан, уг автомашин өмнө нь эрүүл мэндийн салбарт түргэн тусламжийн үйлчилгээнд нийлүүлэгдэж байсан бөгөөд “Nissan Navara маркийн автомашины техникийн ерөнхий тодорхойлолт, үзүүлэлтүүд нь түргэн тусламжийн үйлчилгээний ажлын зориулалтад нийцэж байгаа” талаар Эрүүл мэндийн яам тодорхойлжээ.

Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон” байх шаардлагыг зааснаас үзэхэд уг тоноглолоос гадна бүхээгтэй байх шаардлага зайлшгүй бөгөөд энэ шаардлагын талаар “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон Сангийн яамны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 9-2/4259 тоот албан бичигт “тендерт шалгарсан автомашинд бүхээг нэмж суурилуулах шаардлагатай гэж үзсэн болно” хэмээн тодорхой тусгасан байна.  

Түүнчлэн шүүх хуралдааны үед нэхэмжлэгч тал “тендерт зарласан 40 автомашин болон нэмэлт гэрээгээр нийлүүлэх 8 автомашиныг бүхээг болон өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх зориулалт бүхий тоноглолтойгоор үйлдвэрлэгч талд захиалга өгч үйлдвэрлэлд оруулсан, үйлдвэрээс 48 ширхэг Nissan Navara маркийн автомашин бүхээг болон тоноглолтой үйлдвэрлэгдэнэ, нэмэлтээр суурилуулж буй бүхээг, өвчтөнг дамнуургатай болон суугаа байрлалд тээвэрлэх тоноглолын үнэ тендерийн үнэд (2.399.600.000.00 төгрөг) багтсан, харин 8 ширхэг автомашин нэмэлт гэрээгээр нийлүүлэгдэнэ, захиалга хийгдсэн тул долларын ханшийн зөрүү тооцогдохгүй” хэмээн тайлбарласан, өөрөөр хэлбэл хангаагүй хэмээн тендерээс татгалзах үндэслэл болсон техникийн шаардлагыг хангахаа оролцогч мэдэгдсэн болно. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 1 цагийн дотор тендерийг нээх”-ээр, 24 дүгээр зүйлийн 24.5-д “тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд энэ хугацаанд тендер хүчинтэй байх”-аар, 29 дүгээр зүйлийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах”-аар тус тус заажээ. 

Уг тендерийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээсэн, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тендер хүчинтэй байх бөгөөд Үнэлгээний хороо сонгон  шалгаруулалтын үнэлгээг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хийж, шалгарсан “М*******” ХХК-д болон гэрээ байгуулах Эрүүл мэнд, спортын яаманд гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн байдаг. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад буюу Сангийн яаманд гаргах ба тендертэй холбоотой гомдлыг шийдвэрлэх чиг үүргийг Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газар хэрэгжүүлдэг байна. Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй энэ тендерийн хувьд санхүүжүүлэгчийн хүсэлтээр Сангийн яам захиалагчаар оролцож тендерийг зохион байгуулж буй хэдий ч Үнэлгээний хороонд тендертэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэдэг чиг үүрэг бүхий Хууль, худалдан авах ажиллагааны газраас багтаагүй байна.  Энэ ч утгаараа гэрээ байгуулах эрх олгосноос хойш “К*******” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гомдлыг Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хянаж, энэ хугацаандаа тендерийг түдгэлзүүлсэн байдаг. 

Гэхдээ Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газар гомдлыг 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн дотор хянан шийдвэрлэх ёстой байтал 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр тендерийг дахин үнэлүүлэхээр буцааж, Үнэлгээний хороо 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр үнэлсэн, ийнхүү Сангийн яамны Хууль, худалдан авах ажиллагааны газар гомдлыг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн,  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5-д зааснаар тендерийн хүчинтэй хугацааг сунгаагүй атлаа тендерийн хүчинтэй хугацаа 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дууссан гэсэн үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан тендерийн үнэлгээг аль болох богино хугацаанд хийнэ”, 55 дугаар зүйлийн 55.2-т “гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

Учир нь гомдол хянан үзэх, дахин үнэлэх хугацаанд тендерийн хүчинтэй хугацааг сунгуулах хүсэлтийг тендерт оролцогч гаргахаар зохицуулаагүй, захиалагчийн хүсэлтээр Сангийн яам хугацааг сунгахаар байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот, 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 9-2/4859 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “М*******” ХХК-тай гэрээ байгуулахыг хариуцагч Сангийн яаманд даалгаж шийдвэрлэлээ. 

Тендерт шалгарсан этгээдтэй түргэн тусламжийн автомашин нийлүүлэх гэрээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Эрүүл мэндийн яам байгуулах хэдий ч энэхүү тендерийг хөрөнгө оруулагчийн хүсэлтээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн яам зарласан, тендер шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэсэн, гэрээ байгуулах эсэх талаар үр дагавар бүхий шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Сангийн яам байх тул энэ талаар ямарваа үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргаагүй Эрүүл мэндийн яаманд гэрээ байгуулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй юм.

Шүүх шийдвэр гаргахдаа алслагдсан сумдын хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй шуурхай болгох, Азийн хөгжлийн банкны тусламжийн хөрөнгийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзсан болно.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлийн 6.1, 28 дугаар зүйлийн 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.4, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “М*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сангийн яамны 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 5/4692 тоот, 2016 оны 8 дугаар сарын 01-ны өдрийн 9-2/4859 тоот шийдвэрийг хүчингүй болгож, “М*******” ХХК-тай “түргэн тусламжийн автомашин нийлүүлэх” гэрээ байгуулахыг хариуцагч Сангийн яаманд даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА