Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 266

 

Б.Ч, Б.Ц нарын нэхэмжлэлтэй,

НЗД-д холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: НЗД-ын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 5000 м.кв газар эзэмших эрх олгосон захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаартай захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0059 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Тунгалагнаран, нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэрэндагва нарыг оролцуулж,

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0059 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нараас НЗД-д холбогдуулан гаргасан ...НЗД-ын 2013 оны А/830 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт 5000 мкв газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч Б.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, өмгөөлөгч Б.Тунгалагнаран нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасан байхад давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу юм. Шүүх энэ хэсгийг зөрчсөнөөр НЗД-ын 2013 оны А/830 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “түүнийг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй” гэж заасан үндэслэлийг буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл дээрх А/830 дугаар захирамж нь анхнаасаа гарахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” буюу НЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаар захирамжаар хорих ангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгосон газрын эрхийг хүчингүй болгоогүй байхад давхцуулан олгосноос гадна мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.3-т “газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан зураг, нэгж талбарын дугаар” гэж заасныг зөрчиж кадастрын зураг хийгээгүйгээс тухайн захирамж бодит байдал дээр биелүүлэх боломжгүй байсныг 202 дугаар цэцэрлэгийн хашааг барихдаа таамгаар барьсан үйл баримтаар тогтоогдож байхад үүнийг хянаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

4. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа хийгээгүй талаар дүгнэхдээ “нэхэмжлэгч Б.Ч, Б.Ц нар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүй бөгөөд хариуцагчаас сонсох ажиллагаа хийсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байгаа талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм. 2017 оны А/152 дугаар захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийсэн бол одоогийн цэцэрлэгийн байгаа газрын байрлалаар кадастрын зургийг өөрчилж, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн буруу хийсэн кадастраа зөвтгөх бүрэн боломжтой байсан.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн талаар дүгнэж байгаа боловч олон иргэд хамтран хүсэлт гаргасныг төрийн зохих байгууллага хүлээн авсан байгаа нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан учраас тодорхой хариунуудыг өгч байсан болон энэ олон иргэдийн төлөөлөл болох нэхэмжлэгч нар эрхийн гэрчилгээгүй байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарсан, нийтээрээ гэрчилгээгүй, удахгүй гэрчилгээ олгоно гэсэн хүлээлт үүсгэсэнтэй холбоотой байхад хэргийн үнэн бодит байдал, нотлох баримтыг ач холбогдолтой талаас нь дүгнээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дэх хэсгийг зөрчиж “Сонсох ажиллагаа хийсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй” гэж нотлох баримтыг “хөдөлбөргүй үнэн” мэтээр дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

6. НЗД-ын 2017 оны А/152 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 202 дугаар цэцэрлэгт 5000 мкв газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг шүүхийн журмаар сэргээн тогтооно” гэж заасныг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байхад шүүхүүд үүнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

7. НЗД- бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл танаа гэсэн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 208 дугаар тус дүүргийн “21 дүгээр хорооны иргэдийн санал уламжлах тухай” Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүүгийн албан тоотод нэхэмжлэгч нарын нэр дурдагдсан. Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 9/1537 дугаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батхүү танаа гэсэн албан бичгүүд дурдагдсан. НЗД-ын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай захирамж гарахаас өмнө Б.Ч, Б.Ц нар газар эзэмших өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлсэн нь баримтаар тогтоогдож байхад шүүхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэргийг хэт нэг талыг барьж шийдсэн.

8. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч Б.Ц, Б.Ч нар нь “НЗД-ын 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, НЗД-ын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/152 дугаартай захирамжийн Баянзүрх дүүргийн 202 дугаар цэцэрлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан байна.

11. Маргаан бүхий НЗД-ын 2013 оны А/810 захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт цэцэрлэгийн зориулалтаар 5000 мкв газрыг эзэмшүүлсэн, 2017 оны А/152 дугаар захирамжаар тус газрыг 202 дугаар цэцэрлэгт шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нараас “бидний амьдарч байсан газрыг цэцэрлэгт эзэмшүүлж эрх зөрчсөн, эдгээр захирамжууд бодит байдалд хэрэгжих боломжгүй” гэж маргаж байна.

12. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч нарын эзэмшихийг хүсч буй газар нь бусдын эзэмшил, ашиглалтад 2007 онд олгогдсон газар байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн дүгнэлт зөв болжээ.

13. Учир нь НЗД-ын 2007 оны 482 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 461 дүгээр анги маргаан бүхий газрыг эзэмшиж байсан, улмаар 2010 онд нүүж, холбогдох төрийн байгууллагад уг газрыг эзэмшүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

14. Нэхэмжлэгчийн “НЗД-ын 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 482 дугаар захирамжаар хорих ангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар олгосон газрын хүчингүй болгоогүй байхад давхцуулан олгосон, кадастрын зураг хийгээгүйгээс тухайн захирамж бодит байдал дээр биелүүлэх боломжгүй байсныг 202 дугаар цэцэрлэгийн хашааг барихдаа таамгаар барьсан үйл баримтаар тогтоогдож байхад үүнийг хянаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй” гэх гомдлын тухайд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэлийг хангах ба энэ тохиолдолд 2007 оны 482 дугаар захирамж нь хорих ангид газар эзэмшүүлсэн, энэ захирамж хүчин төгөлдөр байхад “газар давхцуулан олгосон” гэх үйл баримт нь нэхэмжлэгч нарт хамааралгүй, газрын хууль ёсны эзэмшигч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хамааралтай, “Хорих ангийн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр бусдын өмнөөс нэхэмжлэгч маргах эрхгүй.

15. “Кадастрын зураг хийгээгүй” гэх тухайд: 202 дугаар цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас газар шилжүүлэн авч, газрын кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлсэн, гагцхүү газрын хил заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, хашаалахдаа цэг солбицлын зөрүү гаргасан нь нэхэмжлэгч нарт уг газрыг эзэмших эрх үүсгэхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

16. Нэхэмжлэгчийн “эрхийн гэрчилгээгүй байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагаанаас хамаарсан, нийтээрээ гэрчилгээгүй, удахгүй гэрчилгээ олгоно гэсэн хүлээлт үүсгэсэнтэй холбоотой” гэх гомдлын тухайд: газар эзэмших эрх хуулийн дагуу үүсэх зарчимтай, нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт Засаг даргын захирамж, гэрчилгээгүй амьдарч байсан тул тэдэнд газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй, “төрийн захиргааны байгууллагад удаа дараа өргөдөл гаргахад нэгдсэн журмаар шийдвэрлэхээр хүлээлгэсэн” гэх үндэслэл нь газар эзэмших эрхийг үүсгэхгүй, хэний ч эзэмшил үүсээгүй газарт түрүүлж хүсэлт гаргаснаар газар эзэмших эрх үүсэх хуулийн зохицуулалттай тул бусдын эзэмшилд нэгэнт олгогдсон газрыг нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй.

17. Иймээс шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0059 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Ч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал, өмгөөлөгч Б.Тунгалагнаран нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

        ШҮҮГЧ                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ