| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2509 00000 0821 |
| Дугаар | 2025/ДШМ/1092 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1092
2025 09 11 2025/ДШМ/1092
О.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Өнөбат,
шүүгдэгч О.Б-,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1734 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлээр О.Б-т холбогдох 2509 00000 0821 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт О-ын Б-, ..........., /РД:........../;
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1042 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч О.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” цэнгээний газрын гадаа А.У-той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, нүүрэн тус газарт нь цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: О.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар О.Б- нь согтуурсан үедээ иргэн А.У-ыг тухайн үеийн таарамжгүй харилцаанаас үүдэн хамар ясны хугарал, баруун зовхи, нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан зодсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн О.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдэхээс өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1042 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/935 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Баруун түгээх төвд жолоочоор ажилладаг, дээд лигт сагсан бөмбөг тоглодог тамирчин. Шүүгдэгч О.Б- нь урьд удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг санаатай гэмт хэрэг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ял шийтгүүлсэн боловч хийсэн хэрэгтээ гэмшиж, цээрлэл хүлээгээгүй байгаа нь түүнийг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хор уршгийг ойлгож, ухамсарлаагүй байдлыг харуулж байна. Шүүгдэгч О.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд, түүнд оногдуулсан 1.350.000 төгрөгөөр торгох ял нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэж заасны дагуу шүүгдэгчийн урьд нь 2 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байгааг харгалзаж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох ёстой боловч эрүүгийн хариуцлагыг хүндрүүлээгүй, мөн торгох ялыг сонгон оногдуулсан нь хэргийн бодит байдал болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.
Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Б.Мөнгөнцэцэг оролцож, 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын санал гаргаж, анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан. Миний зүгээс энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд үл нийцсэн гэж дүгнэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ шалгуур үзүүлэлтүүдийг харгалзаж үзэх ёстой. Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн эсэх, урьд энэ төрлийн гэмт хэрэг 2 удаа үйлдэн, ял шийтгүүлж, өөрийн сөрөг зан үйлийг зассан эсэхийг харгалзан үзэж, торгох ял оногдуулах үндэслэл бүрдэнэ. Урьд шүүгдэгчид торгох ял оногдуулж, хөнгөн ял шийтгэж байхад дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн нь засрал, хүмүүжил олгохгүй байгааг илтгэж байна. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ял шийтгэл оногдуулах үзүүлэлт болдог. Шүүгдэгч “чи муухай хараад байна уу” гэдэг шалтгаанаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан. Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч О.Б- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б- нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** баарны гадаа А.У-той тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж нүүрэн тус газарт нь цохиж зодон эрүүл мэндэд нь биед хамар ясны хугарал, баруун зовхи, нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч А.У-ын “... Уучхаад харих санаатай караокеноос бид 3 гараад тамхилж байтал үл таних 2 залуу ирээд /тамирын хослолтой залуу намайг зодсон/ “муухай хараад байна уу, асуудал байна уу” гээд өдсөн маягтай байсан. Тэгээд асуудалгүй гээд зүгээр салцгаасан. Тэндээсээ гараад **** баарны урдуур гараад хаалтын урд талд зам дээр такси барих гээд байж байтал миний араас нөгөө тамирын хослолтой үл таних эрэгтэй ирээд миний нүүр хамар луу 1-2 удаа цохисон. ... Би тухайн миний биед халдсан эрэгтэйд огт мэдэхгүй, нэрийг нь мэдэхгүй хүн байсан. Миний биед хамар хугарсан, нүдний зөөлөн эд гэмтсэн байгаа...” /хх 8/,
шүүгдэгч О.Б-ын “...**** шөнийн цэнгээний газраас гараад гудамжинд 2 эрэгтэй хүүхэд явж байхаар нь би согтуурхан нэг эрэгтэйг нь “асуудал байна уу” гэж хэлээд хамар луу нь хоёр удаа гараараа цохисон. Хэд хоногийн дараа тэр эрэгтэй хүүхэд миний фейсбүүк хаяг руу чат бичээд, надтай уулзсан. Намайг дээд лигт сагсан бөмбөг тоглодог болохоор зурагтаар хараад холбогдсон байсан. Тэгээд би хамт ЭМЖЖ эмнэлгээр явж, хамрын хагалгаанд оруулж, эмчилгээний болон бусад зардалд нийт 1.400.000 төгрөг өгсөн...” /хх 20/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/5845 дугаартай “...А.У-ын биед хамар ясны хугарал, баруун зовхи, нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ...” шинжээчийн дүгнэлт /хх 12-13/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.
2. Анхан шатны шүүхээс О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3. Дээд шатны прокурор Б.Мөнгөншагайн бичсэн “...эрүүгийн хариуцлагыг хүндрүүлээгүй, мөн торгох ялыг сонгон оногдуулсан нь хэргийн бодит байдал болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүхээс шүүгдэгч О.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч болох улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, түүний гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч О.Б-ын гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл болон шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд дээд шатны прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/1734 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Б.Мөнгөншагайн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ