Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02057

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/02057

 

 

 

Нийслэлийн Татварын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч З трейд ХХК-д холбогдох

 

Татварын өр 83 185 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Туяасайхан, Б.Ундрах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: З трейд ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 2010 оны 10 дугаар сарын 28-ны 220318 тоот хяналт шалгалтын актаар тавигдсан нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 34 050 900 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татвар 21 209 900 төгрөг, татварын хүү торгуулийн 27 924 500 төгрөг, нийт 83 185 300 төгрөгийн татварын өр төлбөртэй байна. Хяналт шалгалтын актаар тавигдсан татварын өрийг төлүүлэхээр Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй ярилцлагын тэмдэглэл хийсэн.

Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банк дахь дансыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 223242019/01 тоот мэдэгдэх хуудас хүргүүлэн хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд З трейд ХХК нь өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй байх тул боломжгүй байна.

Иймд З трейд ХХК-аас нийт 83 185 300 төгрөгийн татварын өрийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Татварын газраас 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай компанид ээлжит шалгалт хийж 83 185 300 төгрөгийн акт тавьсан. Энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зураагүй. З трейд ХХК нь энэ төлбөрийг төлөх субьект биш. Манай компанийн нягтлан бодогч Ц.Эрдэнэчимэг нь 2007-2009 оны хооронд Сайран булаг ХХК, Эм Эн Жи Эл ХХК, ЧММ ХХК-д бүгд 270 743 280 төгрөгийн бараа худалдан авалт хийгээгүй байхад НӨАТ-ын падааныг өгч дундаас нь ашиг олсон байсан. Шалгалтын явцад би мэдэж хариуцлага хүлээлгэхээр 2013 онд хуулийн байгууллагад хандсан. Тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 8937 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Татварын газраас манай байгууллагад актаар 83 185 300 төгрөгийн татварын нөхөн ногдуулалт хийсэн бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Татварын ерөнхий хуулийн 11 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэгт татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжинд хамаарахгүй гэж, 11.6 дахь хэсэгт татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон акт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно. Актаар тавигдсан нөхөн ногдуулалт нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан татвар, алданги, торгуулийн өрд хамаарахгүй болно.

Тус компанийн нягтлан бодогч Ц.Эрдэнэчимэг нь эрх мэдлээ хэтрүүлж, хоосон бичилт хийж өөртөө ашиг олсон үйлдэлдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, Прокурорын 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаар тоот тогтоолоор тус хэрэг нь хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тухайн хууль бус орлого манай компанид хамаарахгүй гэдгийг нотолж байна.

Манай компани бодитой борлуулалт хийж орлого олоогүй байхад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад заасан орлого гэсэн шаардлагыг хангахгүй бөгөөд орлого зарлага уялдаатай байх Татварын ерөнхий хуулийн зайлшгүй, тодорхой байх зарчмуудыг зөрчиж байна.

Иймд татварын нөхөн ногдуулалт хийсэн актаар тогтоосон 83 185 300 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З трейд ХХК-иас 83 185 300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заалтад зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч З трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 573 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 18-ны хооронд гаргасан зөрчилд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр акт тавьсан тул татвар, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж дүгнэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Анхан шатны шүүхээс Татварын улсын байцаагчийн оногдуулсан актын эрх зүйн болоод тооцооллын үнэн зөв эсэх, зөв бурууг нягтлахгүйгээр шууд хөтөлбөргүй нотлох баримтаар үнэлж, маргах шаардлагагүй нотлох баримт гэж үзэж хариуцагчийг энэ талаар маргах боломжгүй болгож буй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Манай компани нь дээрх актыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, тухайн актанд гарын үсэг зураагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...тэрхүү падааныг өөр компани худалдан авалтандаа тусгаж улсад төлөх татвараа бууруулсан нь баримтаар нотлогдож байна" гэж дүгнэсэн байтал манай компанийг улсад төлөх татвараа бууруулсан мэтээр ойлгож улсыг хохироосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Улсыг хохироосон субъект нь худалдан авалт хийсэн компаниуд байхад "З трейд" ХХК гэж дүгнэж дээрх актын хууль зүйн үндэслэлийг дүгнэлгүйгээр нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 11.2 дахь хэсэгт заасан татвар алданги торгуулийн өрөнд хамаарахгүй болно

Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж хуульчилсан байх тул эндээс хугацаанд нь төлөөгүй татварын өр гэдэг ойлголт харагдаж байх бөгөөд хугацаандаа төлөөгүй татварын өр гэдэг нь татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 Энэ хуулийн 54.1.6, 54.2, 57.1-д заасан журмаар тогтоож, сунгасан хугацаанд төлөөгүй татварын өрийг хугацаанд нь төлөөгүй татварын өр гэнэ гэж хуульчилсан байна.

Үүнээс харахад Татварын алба нь мэдэгдэл өгөх, улмаар хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног гэж заасан байх тул уг актыг манай компани нь гардаж аваагүй бөгөөд гардаж авснаас хойш хугацаа тоологдох тухай хуульчилсан байна Өөрөөр хэлбэл тус актыг гардаж авсан эсэх талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байхад тухайн актыг нотлох баримтын хүрээнд үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх акт нь эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт болно.

Мөн Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 220318 дугаартай акт татварын Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа болно. Дээрх акт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн гэсэн атлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хариуцлага ногдуулж байгаа нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газар нь хариуцагч З трейд ХХК-д холбогдуулан татварын өр 83 185 300 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нийслэлийн Татварын газрын улсын байцаагч 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 220318 дугаар акт гарган З трейд ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварт 34 050 900 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татварт 21 209 900 төгрөг, татварын хүү, торгуульд 27 924 500 төгрөг, нийт 83 185 300 төгрөгийн төлбөр ногдуулсан байна. /хх11/ Дээрх актыг З трейд ХХК нь эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хянаад 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 02 тоот тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээжээ. /хх19,20/

Хариуцагч З трейд ХХК нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан татвар төлөгч бөгөөд тэрээр 220318 дугаартай актаар тогтоосон нөхөн татварыг төлөөгүй гэдэгт маргаангүй. Харин уг актаар тогтоосон татварын хэмжээ, акт тавих болсон нөхцөлд компани буруугүй гэж тайлбарлан маргасан байна. Мөн энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасан татвар төлөгч буюу хариуцагч З трейд ХХК нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолтой танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүхийн журмаар гомдол гаргах эрхээ эдлээгүй байх тул татварын байцаагчийн актыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Мөн татварын зөрчил нь актаар тогтоогдсон учир Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар хариуцагч нь татвар төлөгч буюу хариуцагч З трейд ХХК нь нөхөн ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй. Иймд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон татварын дүнг шалгаагүй, буруутай этгээд нь төлөх ёстой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Шүүх хариуцагч компанийг бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох газарт гомдол, нэхэмжлэл гарган хохирлоо барагдуулах боломжтой гэж зөв дүгнэжээ.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч маргасан байна. Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заажээ. Татварын улсын байцаагчаас хариуцагч компанийн 2006-2009 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж илэрсэн зөрчилд 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 220318 дугаар актаар нөхөн татвар, болон алданги, торгууль ногдуулсан нь дээрх хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаанд хамаарч байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

Ч.ЦЭНД