| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2310 04093 0106 |
| Дугаар | 2025/ДШМ/1111 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1111
А.О-, С.М-, Х.П- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч А.О-,
шүүгдэгч Х.П-, С.М-, тэдгээрийн өмгөөлөгч С.Одгариг
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1279 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.П-, С.М- нарын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлоор А.О-, С.М-, Х.П- нарт холбогдох 2310 04093 0106 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б- овгийн А-ийн О-, .........., /РД:......../,
- Дорноговь аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
2. М- овгийн С-гийн М-, .........., ял шийтгэлгүй /РД:............./,
3. Т- овгийн Х-гийн П-, .........., ял шийтгэлгүй /РД:............/.
Шүүгдэгч А.О- нь 2023 оны 11 дүгээр сарьж 13-ны өдрийн 06 цагийн орчимд такси үйлчилгээнд явж Х.П-, С.М- нарыг машиндаа суулган үйлчилж байхдаа Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргил Стар хотхоны үүдэнд Х.П-ийг замын чиглэл заалаа гэх асуудлаас болж маргалдаж улмаар Х.П- нь таксинаас буухдаа машины хаалгыг өшиглөсөн асуудлаас болж маргалдан, А.О- нь Х.П-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.П-, С.М- нар бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Оргил Стар хотхоны үүдэнд такси үйлчилгээнд явж байсан хохирогч А.О-ийг хэлсэн газарт нь зогсоогүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар ноцолдож түүнийг цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд язарсан шарх, цус хуралт, хүзүү, шуу, ташаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: А.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Х.П- , С.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С. М-, Х.П- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр 800.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.П-ийг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-, С.М-, Х.П- нар нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч А.О- нь шүүгдэгч Х.П-оос, хохирогч Х.П- нь шүүгдэгч А.О-ээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.П-, С.М- нарын өмгөөлөгч С.Одгариг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн гадна Х.П- нь таксины жолоочид зодуулсан, улмаар түүний хамгаалагч С.М- нь уг таксины жолоочтой зодолдсон гэх асуудалд Х.П-ийг С.М-тай бүлэглэн А.О-ийг цохиж зодон гэмтэл учруулсан үндэслэлээр түүнийг яллагдагчаар татсан. Х.П-, С.М- нарын мэдүүлгээр таксины жолооч А.О- нь эхэлж Х.П-ийн нүүр лүү 3-4 удаа цохиж гэмтэл учруулсны улмаас хамгаалагч С.М- нь захирлыгаа хамгаалж жолоочтой барилцаж аван харилцан цохилцож байхад нь Х.П- тэр 2-ыг салгах явцад жолоочтой хамт газар унасан үйл явдал болсон байхад түүнийг А.О-ийг цохиж гэмтэл учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй. А.О- нь энэ хэрэгт өөрөө мөн Х.П-ийг цохиж гэмтэл учруулсан үндэслэлээр яллагдагчаар татагдсан бөгөөд эдгээр хүмүүс нь харилцан эсрэг сонирхолтой байгаа тохиолдолд түүний мэдүүлэг уг үйл баримтыг шууд нотлох нь учир дутагдалтай учраас мөрдөгч эдгээр хүмүүсийг нүүрэлдүүлэн байцаах гэтэл А.О- татгалзсан байна. Мөн А.О- нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дахин мэдүүлэг өгөхдөө “...С.М- нь надтай андуураад захирал Х.П-ийгоо цохиж гэмтэл учруулчихаад...” гэж өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Ийм учраас Х.П-, С.М- нарын “...таксины жолооч А.О- нь эхэлж Х.П-ийн нүүр лүү 3-4 удаа цохиж гэмтэл учруулсаны улмаас хамгаалагч С.М- нь захирлыгаа хамгаалж жолоочтой барилцаж аван харилцан цохилцож байхад нь Х.П- тэр 2-ыг салгах явцад жолоочтой хамт газар унасан...” гэсэн мэдүүлгүүд нь бодитой байна. Бас уг үйл явдлыг харсан гэх А.О- нь Х.П-, С.М- нар нь А.О-ийг цохиж байсныг харсан гэж мэдүүлээгүй бөгөөд зодсон байдалтай байсан гэж мэдүүлсэн тул А.О-ийг Х.П- цохиж гэмтэл учруулсан гэх үйл баримтыг уг гэрчийн мэдүүлгээр шууд нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй. Гэрч нь яллагдагчаар татагдсан гэх Х.П- хохирогчийг цохиж байсныг яг хараагүй, хохирогчийн мэдүүлэг нь Х.П-, С.М- нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа зөрүүтэй тохиолдолд нүүрэлдүүлэн мэдүүлэг авах гэхэд хохирогч өөрөө татгалзсан, хохирогчийн сүүлд өгсөн мэдүүлэг нь өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, үгүйсгэсэн агуулгатай, эргэлзээтэй байгаа тохиолдолд түүний мэдүүлгийг үндэслэн бусдад ял шийтгэл оногдуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн зарчим зөрчигдөх болно. Иймд шийтгэх тогтоолын Х.П-ид ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Энэ талаар Х.П-ийн өмгөөлөгч би удаа дараа прокурорт гомдол гаргасан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн болно.” гэв.
Шүүгдэгч Х.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед таксины жолоочтой маргалдаж, машинаас буух үед намайг хаалгыг нь өшиглөснөөс болж цохисон гэж мэдүүлсэн. Би машины хаалгыг өшиглөөгүй. Бид 2 машинд сууж, нэг нь Зайсан, нөгөө нь Дэнжийн 1000 гэж хэлснээс болж А.О- “та 2 яахаараа зэрэг хэлдэг юм” гээд уурлаж эхэлсэн. Энэ байдал даамжирч эргэх ёстой байсан уулзвараар эргэхгүй цааш явахад нь “яагаад эргээгүй вэ, очих ёстой газар руугаа явсангүй” гэхэд “та хоёрт үйлчлэх боломжгүй, одоо буу, зайл” гэж хэлсэн. Машинаас буух гэсэн боловч хаалга нь онгойхгүй байсан. Өвдгөөрөө хаалганд хүрэв үү, үгүй юу чи өшиглөдөг хэн бэ гээд нүүр рүү 3-4 удаа цохисон. Би тухайн үед юу болсныг мэдэхгүй, доошоо тонгойж суусан. Нэг сэрэхэд С.М-, А.О- нар машины урд талд зодолдож байсан бөгөөд би машины араар тойрч очоод тэднийг салгасан. Салгаад холдох хооронд дахин цохих гэж дайран бид 3 газарт унасан. А.О- “намайг мөргөж, үүрч шидсэн” гэж мэдүүлсэн. Би тухайн үед нурууны хагалгаанд орсон байсан учраас хүн өргөж, үүрч шидэх нь битгий хэл өөрийгөө арай хийж авч явж байсан. А.О- өөрөө эхэлж намайг цохичхоод өөрийгөө хамгаалах гэж бид хоёрыг нийлж зодсон гэж мэдүүлсэн.” гэв.
Шүүгдэгч С.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч намайг 3-4 хоног, өглөөний 09 цагаас оройны 18 цаг хүртэл гадаанаа хүлээлгэж, “Х.П- гэдэг хүн А.О-ийг цохисон уу” гэж нэг л асуултаа асуугаад байсан. Нэг ч болов удаа цохисон бол энэ талаарх үнэнгээ хэлнэ. Үнэхээр цохиогүй учраас удаа дараа үнэнгээ хэлсэн. Мөрдөгч “камерын бичлэг байгаа. Камерын бичлэгт та хоёр нийлж зодож байна. Яагаад худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм” гэж хэлсэн. Би “камерын бичлэг байгаа юм бол тийм зүйл болоогүй болох нь ойлгомжтой байгаа” гэж хэлсэн.” гэв.
Шүүгдэгч А.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдолтой санал нийлэхгүй байна. Би энэ хэргийн хохирогч. Х.П- миний машиныг эвдсэн, энэ хоёр хүн нийлж намайг зодсон. Би гэм буруугүй мөртлөө гүтгүүлж, яллагдагчаар татагдан, ял шийтгүүлсэн. Би “та хоёрт үйлчлэх боломжгүй, таксины мөнгө авахгүй, буучих” гэж хэлсэн. Ингэж хэлсний төлөө машины хаалга эвдэлж, цагдаа дуудах гэсний төлөө намайг бүлэглэж зодсон. Гэрч “намайг Х.П- боож унагаад, дарж суусан байхыг харсан” гэж мэдүүлсэн. Намайг цохиж, зодсон талаарх хангалттай нотлох баримт байгаа. С.М- миний машины түлхүүрийг хаяж, гар утас авч зугтсан.” гэв.
Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. А.О- нь Х.П-ийн биед халдсан талаар яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд тусгайлан зааж, дурдсан. Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, нотлох үүрэг хүлээдэггүй. Үүнийг мөн нотлох баримтаар үнэлдэггүй. Гэрчид хууль сануулж мэдүүлэг авдаг. Гэрч тухайн үйл явдлыг холоос харсан хэдий ч хэргийн талаарх үйл баримтыг тодорхой мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг харьцуулж үзэхэд Х.П-, С.М- нар нь А.О-ийн биед гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн шалгаж үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.О-, С.М-, Х.П- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч, Х.П-, С.М- нарын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
2023 оны 11 дүгээр сарьж 13-ны өдрийн 06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Оргил Стар хотхоны үүдэнд “замын чиглэл заалаа” гэх асуудлаас болж маргалдаж улмаар Х.П- нь таксинаас буухдаа машины хаалгыг өшиглөсөн асуудлаас болж маргалдан А.О- нь Х.П-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Х.П-, С.М- нар бүлэглэн А.О-ийг хэлсэн газарт нь зогсоогүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар ноцолдож түүнийг цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
шүүгдэгч А.О-ийн: “...Тухайн хоёр иргэн машинд суугаад Дэнжийн 1000, Зайсан явна гэж хэлээд хөдөлсөн. Ингээд намайг Зайсан явж байхад буцаад Дэнжийн 1000 явахаар боллоо гэсэн. Тэгснээ дахин Зайсан руу явсан, тэгээд Хан-Уул дүүрэг, Зайсангийн Оргил худалдааны төв рүү явж байхад дарга гэх арай ахимаг насны эрэгтэй нь намайг зам дээр зогс гэсэн. Тэгэхээр нь гэрлэн дохион уулзвар дээр зогсох боломжгүй болохоор нь гэрлэн дохио өнгөрөөд автобусны буудал дээр зогссон. Тэгтэл тэр ахимаг насны эрэгтэй намайг гэрлэн дохио баруун эргээд зогсохгүй яасан юм бэ, яагаад автобусны буудал дээр зогсдог пизда вэ, буцаж эргэ гэсэн. Тэгэхээр нь би та хоёр одоо буу гэхэд ахимаг дарга гэх залуу машинаас буухдаа миний машины хаалганы хавтсыг өшиглөж хагалсан. Би машинаас буугаад чи яаж байна аа хөөш гэж хэлээд нөгөө залууг барьж аваад нөгөө гартаа цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирсэн. Тэгтэл хажууд нь явсан одоо М- гэх залуу шууд миний хамар руу нэг удаа цохиод авсан. Тэгээд миний хамраас цус гарсан. Тэгтэл дарга гэх ахимаг насны залуу намайг барьж аваад үүрч шидэж газар унагаасан, нүүр рүү ахимаг насны залуу нэг удаа цохисон. Тэр үед М- миний хөл рүү 2-3 удаа өшиглөсөн, тэр үед би гартаа утсаа барьсан байсан, ...мөн нөгөө ахимаг насны залуу намайг барьж аваад хамар хэсэгт хоёр удаа мөргөсөн. ...Тэгээд би машин дотроо ороод сууж байсан чинь М- гэх залуу машины хаалга онгойлгож байгаад дээрээс толгойд хэд хэдэн удаа цохисон. Миний биед тэр ахимаг насны залуу, М- хоёр намайг хоёулаа нийлж зодож гэмтэл учруулсан. Тэр дарга гэх залуу миний хамар руу хоёр удаа мөргөсөн, нэг нь үүрч шидсэн, намайг мөн газарт хавирч дагз хэсгээр газарт унагаасан...” /хх 39-40, 86/,
шүүгдэгч Х.П-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө 05 цагийн үед хүүхдийн зуугаас манай байгууллагын ажилтан М-н хамт такси барьж харихаар болсон. Тэгээд таксинд суугаад явж байтал жолооч нь М- бид хоёр руу уурлаад замаа битгий хоёулаа заагаад бай, нэг нь заа гэх мэтээр муухай харьцаад байсан. Тэгээд Зайсангийн Оргилын уулзвар дээр зүүн эргэ гэсэн чинь зүүн эргэлгүй чигээрээ явж байгаад зогссон. Тэгэхээр нь би машины хаалгыг онгойлгох гээд хаалгыг нь хүчтэй татсан чинь жолооч чи хаалга цохилоо гээд шууд миний баруун нүдэнд нэг удаа цохисон, дахин цохих гэхээр нь бултахад хальт цохисон ба дахин цохихдоо нүд рүү цохисон. Тэгээд би нүүрээ дарж доошоо суусан...” /хх 44/,
шүүгдэгч С.М-н: “...Би захирал П-ийг гэрт нь хүргэж өгөх гээд хамт явахаар болж такси барьсан. Тэгээд захирлын гэр лүү явж байгаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн замын уулзвараар зүүн эргэх ёстой байсан чинь таксины жолооч чигээрээ уулзвар гараад явсан. Тэгтэл захирал П- таксины жолоочийг зүүн эргэх ёстой байтал яагаад чигээрээ явж байгаа юм бэ гэхэд таксины жолооч зам дээр зогсоод тэгвэл одоо буу, зайл гэж хэлсэн. Тэгтэл захирал машины хаалгыг цааш өшиглөсөн чинь нэг эд анги нь салаад хагарч унасан, үүнээс болж жолооч уурлаж захиралтай хэрүүл хийсэн, тэр жолооч захирлын нүүрэнд нь 3 удаа цохисон, ...таксины жолооч намайг цохих гэхээр нь бултаж байгаад толгой руу нь 2-3 удаа цохиод машины түлхүүрийг нь булааж авсан, тэгээд жолооч машины түлхүүрээ авах гээд над руу дайрсан, ...хажуугаар явж байсан нэг хүн хүүе та нар болиоч гэж орилсон. Би захирлыг та явж бай гэж хэлээд явуулаад өөрөө үлдээд дахин цагдаа руу залгасан...” /хх 81/,
гэрч А.О-ын: “...Оргил худалдааны төвийн урд автобусны буудал дээр үл таних 2 залуу улаан өнгийн суудлын жижиг машины хажууд нэг залууг доороо хийчихсэн, арай нэг туранхай өндөрдүү биетэй залуу цээжин хэсэг дээр нь өвдөглөөд суусан, намхан биетэй залуу нь болохоор хөлийг бариад, хөдөлгөхгүй болгох гээд оролдож байсан. Тэр үед дээр нь байсан хоёр залуу чанга чанга дуугараад доороо хийсэн залуугийн гар утсыг булаах гээд хоорондоо тэмцэлдэж байсан ба доор нь байсан залуу хөлөө тийчлээд тэмцэлдээд байсан. ...Тэр үед доор нь хэвтээд зодуулж байсан залуу туслаарай цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгтэл хөлийг нь бариад байж байсан намхан биетэй залуу нь намайг харснаа над руу чиглээд хүрээд ирэхээр нь би зугтаагаад явчихсан. Яагаад зугтаасан гэхээр намайг ирээд бас зодчих юм болов уу гэж айсандаа зугтаасан, тэгээд тэр залуучуудаас жаахан холдож зайгаа авч байгаад цагдаад 2 залуу нэг залууг зодоод байна гэх утгаар дуудлага өгсөн. Доор нь байсан залуугийн хувцас нь нил шороо болчихсон, урагдчихсан харагдсан. Намхан биетэй залуу нь бараан өнгийн богино хар куртиктэй байсан, нөгөө залууг уг нь харсан боловч яг ямар хувцастай байсныг одоо сайн санахгүй байгаад байна. Намайг ирж харахаас өмнө тэр доороо хийсэн залууг нөгөө хоёр залуу нь зодсон байдалтай байсан. Тухайн үед ойр орчимд надаас өөр хүн харагдаагүй. Тухайн үед өглөө эрт байсан учраас хөл хөдөлгөөн багатай байсан...” /хх 46-47/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны №14398 дугаар “...Дүгнэлт: А.О-ийн биед тархи доргилт, зулайд няцарсан шарх, зовхинд язарсан шарх, цус хуралт, хүзүү, шуу, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хх 53-54/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны №14394 дугаар “...Дүгнэлт: Х.П-ийн биед тархи доргилт, хацар, хөмсөгт зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” /хх 63-64/ гэх шинжээчийн дүгнэлтүүд,
автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 29/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 31/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч С. М-, Х.П- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Шүүхээс шүүгдэгч А.О-, С.М-, Х.П- нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, зэргийг нь харгалзан шүүгдэгч А.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр, шүүгдэгч С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр, шүүгдэгч Х.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, тэдгээрийн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.П-, С.М- нарын өмгөөлөгч С.Одгариг “...Х.П-ид ял оногдуулсан хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэргийн материалыг судлан үзвэл, анхан шатны шүүх шүүгдэгч А.О-, С.М-, Х.П- нарын болон гэрч А.О-ын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны №14398 дугаар, №14394 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо харьцуулан шинжлэн судлах байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн “бүлэглэн үйлдсэн талаарх” дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Иймд шүүгдэгч Х.П-, С.М- нарын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан “Х.П-ийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1279 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.П-, С.М- нарын өмгөөлөгч С.Одгаригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ