Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

            улсын яллагч Б.Батхишиг,

            шүүгдэгч Ж.Л, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жанчивын Лхавгаад холбогдох эрүүгийн 1803000010094 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Лнь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бэлхийн зам, Бэлхийн цагаан худаг” гэх нэртэй автобусны зогсоолын замд Toyota ist маркийн 75-89 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Отгонсүрэнг мөргөсний улмаас амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Л шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундрах шүүхийн хэлэлцүүлэгт: “...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй. Оршуулгын зардал болох 6.037.517 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. 13.000.000 төгрөг төлөхөөр хэлцэл хийсэн. Мөнгөн дүнгээр харьцуулж гэм хор арилсан гэж үзэж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцох бөгөөд хавтаст хэргийн 44 дүгээр хуудсанд гэрч Ц.Чулууны мэдүүлэг, 46 дугаар хуудсанд гэрч Энхтуяагийн мэдүүлэг, 55 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, 90 дүгээр хуудсанд техник шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судална” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундрах “тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй” гэв.

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс хувийн байдалтай холбоотой баримтууд хавтаст хэргийн 101-106, 111-114 дугаар хуудас, өөрөөр тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй. Харин шинээр төлбөр барагдуулах тухай баримтыг шүүхэд гаргаж өгье.” гэв. /Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн тухай 1 хуудас баримт/

Шүүхээс шүүгдэгч Ж.Лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Лнь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 05 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “Бэлхийн зам, Бэлхийн цагаан худаг” гэх нэртэй автобусны зогсоолын замд Toyota ist маркийн 75-89 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Отгонсүрэнг мөргөсний улмаас амь нас нь хохирсон болох нь,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осолын бүдүүвч зураг, /хх-2-5, 8/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундрахын: “...2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед ...манай ээжийг машинд мөргүүлчихлээ гээд сандарсан байдалтай орж ирсэн. ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн өглөө үүрээр ухаан орохгүй байсаар байгаад 06 цаг 45 минутанд нас барсан. Талийгаачийн оршуулгын зардалд нийт 6.037.517 төгрөг зарцуулсан. ...хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна…” гэх мэдүүлэг /хх-24/,

гэрч Ж.Батболдын “…2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ...автобусны зогсоол дээр зогсож байсан нэг хөгшин эмэгтэй дайрсан осол гаргасан юм. ...жолооч Ж.Лхагваа тэр үед замын баруун гар талруу дарж хөдөлгөөний чиг өөрчилтөл замын хойд талын цас мөстэй гулгаан дээр гулгаад автобусны буудал дээр зогсож байсан 2 хүний нэг болох хөгшин настай эмэгтэйг баруун урд талаараа мөргөсөн. ...жолооч Ж.Лхагваа нөгөө эмэгтэйг очиж үзээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Ж.Лхагваа согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл байсан…” гэх мэдүүлэг /хх-42/,

гэрч Ц.Чулууны “…Бэлхийн эцэс талаас нэг цагаан өнгийн машин ирээд миний хөгшнийг дайрч газар унагаагаад гулгуулсан ба манай хөгшин гулгаж явсаар байгаад автобусны буудлын баруун талд байдаг “миний маркет” дэлгүүрийн урд очсон юм. ...толгойноос нь цус гарч байсан. ...эмнэлгийн түргэн тусламж 20 орчим минутын дараа ирээд манай хөгшнийг Гэмтэл согог судлалын үндэсний гөв рүү авч явсан…” гэх мэдүүлэг /хх-44/,

гэрч Г.Энхтуяагийн “…Цагаан худгийн автобусны буудлын урд зам явж байтал нэг цагаан өнгийн Тоёота Ист маркийн автомашин миний өөдөөс ирж байснаа зүүн гар тал руугаа шарвах шиг болоод буцаад баруун гар тал руугаа дараад замаас гарч хотруу явах чиглэлийн автобусны буудал дээр зогсож байсан нэг хүнийг буцаж зүүн гар тал руугаа дараад миний урдуур зам хөндлөн гараад хашаа мөргөөд зогссон. ...Би зам дээр зогсоод өөрийн 88060309 дугаарын утсаар 103, 102 руу дуудлага өгсөн…” гэх мэдүүлэг /хх-46/,

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16/,

Цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 288 дугаартай дүгнэлт: “Талийгаач Д.Отгонсүрэнгийн цогцост гавал тархи, хүзүүний нугалам, аарцаг, доод мөчдийн хавсарсан битүү гэмтэл, гавлын суурь ясны баруун дунд хонхорын шугаман хугарал, тархины 2 тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг хэлбэрийн цусан хураа, тархины эдийн олон тооны цэгчилсэн цусархаг няцрал, хүзүүний 3, 4-р нугаламын салсан хугарал, зүүн 3, 4-р хавирганы зөрөөгүй далд хугарал, умдаг ясны баруун доод салааны зөрөө багатай далд хугарал, баруун дунд чөмөгний доод холбоос дагасан цус хуралт, толгойн хуйханд няцарсан шарх, зулай, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, духанд зулгарал, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн хацар, зүүн сарвуу, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь дээрх гавал тархи, хүзүүний нугалам, аарцаг, доод мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ.” гэх /хх-57/,

Техникийн шинжээчийн 100 дугаартай дүгнэлт: “Тоёота Ист” маркийн 75-89 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Жанчив овогтой Лхагваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дурэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Донид овогтой Отгонсүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй.” /хх-90/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөн дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Ж.Лхавгаагийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...шүүгдэгч Ж.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах...” санал гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ундрах тусгайлан гаргах саналгүй, шүүгдэгч Ж.Лболон түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар нь гэм буруугийн талаар мэтгэлцэж маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Л хохирогчийн оршуулгын зардалд нийт 6.037.517 төгрөгийг төлж барагдуулсан байх ба төлөгдсөн хохирлын талаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь маргаагүй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “....шүүгдэгч Ж.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жил 4 сарын хугацаанд хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…гэм буруугийн тал дээр маргахгүй. Талийгаачид ямар ч гэм буруу байхгүй. Хохирол төлбөрт 6.075.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг нь төлж барагдуулсан гэж үзэж байна. Цаашид талийгаачийн охины сургалтын төлбөрт 13.000.000 төгрөгийг 3 удаагийн төлөлтөөр төлөхөө илэрхийлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд миний үйлчлүүлэгийн эрх зүйн байдал нь дээрдэж байна. Хүний амь нас хохирсон байхад түүнийг мөнгөөр үнэлэх боломжгүй ч гэсэн өөрсдийн санаа зоригоор уг хэлцлийг хийсэн. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал нь төлөв түвшин, нас тогтсон амьдрал ахуйгаа авч явдаг. Анх удаа хөнгөн, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялыг биеэр эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Ж.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “…учруулсан хохирлыг төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “…хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ …” гэж хуульчлагдсан байна.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ж.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар улсын яллагчийн санал болгосон хорих ялыг биеэр эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн саналыг гаргасан байх ба Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан боловч уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, энэ хэргийн гэмт хэргийн хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй учир өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1803000010094 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Лд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1114656 дугаартай шүүгдэгчийн В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,

36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Боржигон овогт Ж.Лг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Лг тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Ж.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Лд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. . Ж.Л ийн 1114656 дугаартай В ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Ж.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ИДЭР