Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01080

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01080

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00582 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Дэмбэрэлсайханд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 99 610 959 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ж.Дэмбэрэлсайхан нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 3 хувь, жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд  Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, То ван гудамж, 20 дугаар байр, 22 тоотод байрлах 50.25 м.кв талбай бүхий  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон. Банкны зүгээс Ж.Дэмбэрэлсайханд зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан ч зээл төлөх талаар арга хэмжээ аваагүй. Иймд Ж.Дэмбэрэлсайханаас 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50 000 000 төгрөг, хүү 43 528 767 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 082 192 төгрөг, нийт 99 610 959 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс сарын хүүг 2 хувиар бууруулж тооцон нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ж.Дэмбэрэлсайханы тайлбарт: Хас банк ХХК-аас 50 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлээс эргэн төлөлт хийгээгүй, зээл төлөхийг мэдэгдэж байсан гэдэгт маргахгүй. Талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4.2.1-д гэрээний үүрэг биелэгдэх хүртэл банкны зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхийг хориглохоор заасан байна. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д ипотекийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймд банк хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэрээ байгуулсан тул талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд мөн хуулийн 56.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 50 000 000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 171 дүгээр зүйлийн 171.1-д заасныг баримтлан Ж.Дэмбэрэлсайханаас 99 610 959 /ерэн есөн сая зургаан зуун арван мянга есөн зуун тавин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 726 205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талууд барьцааны гэрээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээг байгуулах үед Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг заалтууд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон. Хуулийн дээрх заалтууд хүчингүй болохоос өмнө тэдгээр хуулийн зохицуулалтад нийцүүлэн гэрээнд заалтуудыг тусгасан ба барьцаалуулагчид хөрөнгөө шилжүүлэх, ашиглах эрхийг шууд хязгаарлаагүй, гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр, зориулалтын дагуу гэх зэргээр тусгасан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ж.Дэмбэрэлсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 99 610 959 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч тал 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2206037153 дугаартай, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол То ван гудамж, 20 дугаар байрны 22 тоотод байрлах 50.25 м.кв талбай бүхий орон сууц барьцаалж, хуваарийн дагуу зээл, хүүг төлж барагдуулах үүрэг хүлээсэн, гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан үйл баримт тогтоогдсон, талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, гэрээт болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүсэн хүү шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Харин барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, хариуцагчийг үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.

Барьцааны гэрээний 4.2.1-д барьцаалуулагч нь үндсэн гэрээний үүрэг биелэгдэх хүртэл банкны зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх боловч гэрээг бүхэлд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байна.

Учир нь хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдэх хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2018/00582 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Дэмбэрэлсайханаас 99 610 959 төгрөг гаргуулж, "Хас банк" ХХК-д олгож, хариуцагч Ж.Дэмбэрэлсайхан төлбөрийг сайн дураар төлөхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол То ван гудамж, 20 дугаар байрны 22 тоотод байрлах 50.25 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж,

2    дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726 205 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Дэмбэрэлсайханаас 726 205 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Хас банк" ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ