Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/69

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Прокурор *******

Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518003920475 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т зааснаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 291 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг 16 жил болгон өөрчилж, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар 11 сарын хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ******* дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаартай шийтгэх тогтоолоор *******.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 10 минутад Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн АТМ-453 дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч *******-******* гээгдүүлсэн Хаан банкны дугаарын дансны картаар зарлагын гүйлгээ хийж 800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: ******* үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б. 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж үлдээж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг.хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж зохицуулсантай нийцээгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн асуудал дээр маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцдог. Бид анхан шатны шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр ажилгүй, гэр бүлдээ ганц ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөдөө их явж ажилдаг нь ******* учраас ЭХЕАнгийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх санал тавьсан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтай нийцээгүй байна өөрөөр хэлбэл гэр бүлдээ ганц ажил хөдөлмөр эрхэлдэг хүний зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн буруу гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8-р сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч ******* оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү ... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулсан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн тэнсэх зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд тухайн хохирогчийн данснаас мөнгө авсан үйлдлээ огт хүлээн зөвшөөрдөггүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч гэсэн тухайн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэг ойлголтод хамаарахгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс тухайн заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******ийн гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр эрүүгийн 2518003920475 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судалбал:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 23 цаг 10 минутад Дархан-Уул аймаг, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвийн АТМ-453 дугаартай бэлэн мөнгөний машинаас хохирогч *******-******* гээгдүүлсэн Хаан банкны дугаарын дансны картаар зарлагын гүйлгээ хийж 800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогджээ.

Хохирогч *******-*******...”2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ажил дээрээ байхад Хаан банкны дугаартай данснаас Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдааны төвд байлах Хаан банкны АТМ-453 дугаартай машинаас 800.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлага гарсан гэсэн мэдээлэл ирсэн.” гэх мэдүүлгээр,

Хаан банкны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 5045/25/668 дугаартай хяналтын камерын бичлэгийг мөрдөн шалгах ажиллагааны үед Сиди-д хуулбарлан ирүүлжээ. /хх17/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн...”Хаан банкны АТМ-453 ...дээр эрэгтэй хүн болон хар өнгийн саравчтай малгайтай, бор өнгийн гадуур хувцастай, хар өнгийн биеийн тамирын өмд, бор гуталтай 50-60 орчим насны эрэгтэй хүн тухайн бэлэн мөнгөний АТМ-аар үйлчлүүлж байгаа бичлэг бичигдсэн байх...” гэх тэмдэглэлээр /хх18-19/ тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.  “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чана, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо...” шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр ажилгүй, гэр бүлдээ ганц ажил, хөдөлмөр эрхэлдэг, хөдөө их явж ажилладаг нь ******* учраас ЭХЕАнгийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх санал тавьсан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимтай нийцээгүй байна өөрөөр хэлбэл гэр бүлдээ ганц ажил хөдөлмөр эрхэлдэг хүний зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн буруу гэж үзэж байгаа тул Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8-р сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч ******* оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Зорчих эрхийг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, зүй зохистой зөв амьдрах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг боломжийг олгож, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэргийлэх зорилгыг агуулсан ялын нэг төрөл билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаа дугаар зүйлийн 18 дахь хэсэгт заасан “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрх”-ийг нь тодорхой хугацаагаар хязгаарлаж, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих зэрэг хэлбэрээр хэрэгждэг ч эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх зэрэг эрх нь бүрэн хязгаарлагдаагүй, зөвхөн зорчих эрх нь хязгаарлагдсан байдаг.

Энэ утгаараа шүүхээс эрх бүхий байгууллагын хяналтад ял эдлүүлэхээр шийдвэрлэдэг тул тухайн ялыг эдлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арваннайм дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх,  ял эдлүүлэх нөхцөлийг түр өөрчлөх боломжтойгоор зохицуулсан байдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг хуульд заасан нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй болно.

Учир нь: шүүгдэгч ******* хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж биеийн байцаалтад бичигдсэн боловч түүний хөдөлмөр эрхэлдэг талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, давж заалдах гомдолтой хавсаргаж ирүүлээгүй болохыг тэмдэглэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******ийн шүүгдэгч ******* оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолын хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/441 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                          З.ТӨМӨРХҮҮ