| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/05800/И |
| Дугаар | 192/ШШ2026/00308 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2026/00308
2026 01 06 192/ШШ2026/00308
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, *** байр, *** тоотод оршин суух, *** т******* овогт П******* Б******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, ****, *** тоотод байрлах, Л******* х******* х******* т******* ХХК /РД:*******/-д холбогдох,
306,012,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Б******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...П.Б******* би Л******* сити х******* т******* ХХК-тай орон сууц захиалан бариулахаар 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ОСЗГ 21/37, ОСЗГ21/31-1 Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Арцатын задгай нүхт Л******* сити төсөл нэртэй орон сууцны хотхоноос 7 дугаар блок Н загвар 11,5 м.кв талб*******ай 4 өрөө дүплекс орон сууцыг дулааны зогсоолын хамт 1 м.кв талбайг 2,900,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцож, нийт 353,350,000 төгрөгийг гэрээний 2.4-т заасны дагуу Л******* сити х******* т******* ХХК-ийн Хаан банк тоот дансанд бэлэн болон бэлэн бусаар шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлж байсан. Төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүүгүйгээр хувааж төлөх нөхцөлтэйгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т гүйцэтгэгч нь 1.1-д зааснаар 2022 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгч, захиалагчид өмчлөх эрхийг бүрэн шилжүүлэх үүрэгтэй гэж заасан хэдий ч гүйцэтгэгч Л******* сити х******* т******* ХХК нь өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Энэ талаар тодруулахад 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу төлбөр төлөх хугацаа дуусаагүй байхад гэрээг захиалагч талд мэдэгдэхгүйгээр цуцалсан бөгөөд төрөл бүрийн аргаар тохиролцоонд хүрэхгүй, мөн захиалсан мөнгөө авъя гэхэд бас өгөхгүй байна. Миний бие уг байрыг 2,5-4 хувийн хүүтэй зээл авч санхүүжүүлсэн бөгөөд маш их алдагдал хүлээсэн. Орон сууц ашиглалтад орох хугацаа өнөөдрийн байдлаар 1000 хоног буюу бүтэн 3 жилээр хоцроод байна. Үндсэн төлсөн төлбөр 211,725,000 төгрөг, нэг мянган хоног буюу 3 жилийн алданги 94,287,000 төгрөг, нийт 306,012,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж 1,688,010 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч П.Б*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус орон сууц захиалгын гэрээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Арцтын задгай нүхтэд байрлах л******* сити төслийн 7 дугаар блокийн N загвар 111.5 м.кв 4 өрөө дуплекс орон сууцыг дулаан зогсоолын хамт м.кв-ийг 2,000,000 төгрөгөөр нийтдээ гэрээний 2.2-т зааснаар 353,350,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний 2.3-т зааснаар гэрээний 2.2-т заасан төлбөрөөс 65,000,000 төгрөгт тооцож BMW X5 маркийн авто машиныг бэлэн 15,000,000 төгрөгтэй өгсөн. Үлдэгдэл 273,350,000 төгрөгийг гэрээний 2.4-ийн төлбөр төлөх графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 12,362,500 төгрөг төлөхөөр тохиролцож. Нийт энэхүү төлбөрийг төлчихвөл 148,350,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдэнэ. Тухайн үлдэгдлээ 3 жилийн хугацаанд сар бүр 12,362,000 төгрөгийг төлөөд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлбөрөө төлж дуусгавар болгохоор заасан байсан. Гэвч П.Б******* нь гэрээнийхээ 2.4 дэх заалтыг зөрчиж төлбөрөө төлөх үүргээ биелүүлэхээ больсон. Иймд 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр АТ24/137 тоот гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр П.Б*******т мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэлд Та 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл бартер оролцуулан 205,725,000 төгрөгийн төлөлт хийсэн, 147,625,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн орон сууц захиалгын гэрээний төлбөр төлөх хуваарийг заасан байх бөгөөд гэрээнд заасан графикийн дагуу орон сууц төлбөрийн төлөлтийг хоёроос дээш удаа хийгээгүй зөрчилтэй байна. Иймээс гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч талын захиалгаар гэрээ цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдэж байна гэж гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээ цуцлах мэдэгдлийн дагуу гэрээ цуцлагдсан. Энэ нь гэрээний 3.14.2-т зааснаар захиалагч П.Б******* нь төлбөр төлөх хуваарийг зөрчсөн бол алданги төлөхгүй байхаар зохицуулагдсан. Уг мэдэгдлийн дагуу гэрээ цуцлагдсан, захиалагч захиалгын төлөлтийн хуваариа зөрчсөнөөс шалтгаалж гэрээ цуцлагдсан учраас 3.14.2-т зааснаар манай тал алданги төлөх үүрэг хүлээхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын алданги гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны үндсэн төлбөр алданги 306,012,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Алданги 94,287,000 төгрөгийг орон сууц захиалгын гэрээний эрх үүргээр нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Алданги 94,287,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс 211,725,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа харин манай зүгээс өгсөн 205,725,000 төгрөг гээд үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байгаа учраас үнийн дүнгийн талаар баримтаа нэхэмжлэгч авч ирээгүй байна Манай нягтлангийн гаргаж өгсөн 205,725,000 төгрөгтэй би маргахгүй төлөх болно. Харин алданги гэж нэхэмжилж буй 94,287,000 төгрөгийг орон сууц захиалах гэрээний дагуу төлөх үүргийг манай компани хүлээгээгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөр төлсөн хуваарь, 2021.08.03-ны өдрийн ОСЗГ 21/37 дугаар Орон сууц захиалгын гэрээ, 2021.08.16-ны өдрийн ОСЗГ 21/37-1 дугаар Орон сууц захиалгын гэрээ, Л******* х******* х******* т******* ХХК-ийн 2024.10.21-ний өдрийн АТ/24/137 дугаар албан бичиг, 2024.12.17-ны өдрийн П.Б*******ын Л******* х******* х******* т******* ХХК-д гаргасан хүсэлт, 2022.03.10-ны өдрийн №ЗГ0701225839 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.03.10-ны өдрийн №ЗБ0701225839 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2022.06.28-ны өдрийн №ЗГ0801226252 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.06.28-ны өдрийн №ЗБ0801226252 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч П.Б******* нь 306,012,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-д холбогдуулан гаргасан.
2.Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
3.Нэхэмжлэгч П.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар орон сууцны барилгыг 2022 оны 3-р улиралд багтаан гүйцэтгэн, ашиглалтанд оруулахаар тохиролцсон боловч хариуцагч гэрээний уг үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч зогсоосон. Хариуцагч өнөөдрийг хүртэл захиалгын орон сууцыг барьж ашиглалтад оруулаагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 211,725,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 94,287,000 төгрөг нийт 306,012,000 төгрөгийг шаардаж байна. Гэрээний дагуу алданги, торгууль шаардаагүй. Учир нь гэрээний дагуу төлбөр төлөхтэй холбогдуулан миний бие зээл авч, их хэмжээний хүүний төлбөр төлж хохирсон. Гэрээний дагуу 2024.12.20-ны өдөр хүртэл хүүгүйгээр гэрээний төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцсон боловч хариуцагч 2024.10.21-нд төлбөр төлөх хугацаа дуусаагүй, өөрсдөө гэрээний зөрчлөө арилгаагүй атал нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр гэрээг цуцалсан. Талууд гэрээг цааш үргэлжлүүлэх талаар тохиролцоонд хүрээгүй тул гэрээний дагуу төлсөн төлбөрийг шаардахад өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч надад төлөөгүй байна. Иймд арилжааны банкны хүүгийн хэмжээ 1,5 хувиар тооцож, олох байсан орлого гэж гэрээнээс учирсан хохирол шаардсан...” гэж тайлбарлажээ.
4.Хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Орон сууц захиалгын гэрээ байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч П.Б******* 211,725,000 төгрөг төлсөн, орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж ашиглалтанд оруулаагүй, 60 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа талаар маргахгүй. Харин гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 3.14.2 дахь хэсэгт заасныг П.Б******* зөрчсөн тул гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн. Гэрээ цуцлагдсан тул алданги төлөх үндэслэлгүй. Түүнчлэн гэрээний дагуу торгууль төлөхөөр тохиролцсон...” гэж маргадаг.
5. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
5.1.Талууд анх 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ОСЗГ21/37 дугаартай байгуулсан гэрээгээр Л******* х******* х******* т******* ХХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Арцатын задгай нүхт Л******* Сити төсөл 7 дугаар блок 2 дугаар давхар нийт 111,5 м.кв талб*******ай, 4 өрөө орон сууцыг, 2022 оны 3 улиралд гүйцэтгэн, улсын комиссыг барилгад оруулах ба улсын комиссын акт хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор Захиалагчид орон сууцыг барьж хүлээлгэн өгөхөөр,
П. Б******* нь гэрээний нийт төлбөрт 353,350,000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа төлбөрт 15,000,000 төгрөг, бартерт 65,000,000 төгрөгт тооцуулж тээврийн хэрэгсэл шилжүүлэхээр, үлдэгдэл 273,350,000 төгрөгийг 2021.09.20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021.10.20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2022.01.20-ны өдөр 12,362,500 төгрөг, 2022 оны хавар 100,000,000 төгрөгт тооцуулж газар шорооны ажил нийлүүлэхээр, үлдэгдэл төлбөр 148,350,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд улирал бүр сарын 12,362,500 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон боловч
2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрээний төлбөрт 353,350,000 төгрөг төлөхөөр, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг бэлнээр, бартерт 35,000,000 төгрөгт тооцуулж тээврийн хэрэгсэл шилжүүлэхээр, үлдэгдэл 288,350,000 төгрөгийг 2021.09.20-ны өдөр 12,500,000 төгрөг, 2021.10.10-ны өдөр 12,500,000 төгрөг, 2022.11.20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2022.03.20-ны өдөр 12,362,500 төгрөг, 2022 оны хавар 100,000,000 төгрөгт тооцуулж газар шорооны ажил нийлүүлэхээр, үлдэгдэл төлбөр 148,350,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд улирал бүр 12,362,500 төгрөгөөр 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл төлж барагдуулахаар гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний бусад заалт хэвээр, ОСЗГ21/37-1 дугаартай гэрээг байгуулжээ./х.х-ийн 6-14 хуудас/
6. Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, талуудын хооронд байгуулсан хэлцэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээний шинжийг илэрхийлсэн талуудын хооронд хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж шүүх дүгнэв.
7. Хэрэгт авагдсан баримтаар Л******* х******* х******* т******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “... Та 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл бартер оролцуулан орон сууцны төлбөрт 205,725,000 төгрөгийн төлөлт хийсэн, 147,625,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн орон сууц захиалгын гэрээнд төлбөр төлөх хуваарийг заасан байна. Та гэрээнд заасан графикийн дагуу орон сууцны төлбөрийн төлөлтийг 2-оос дээш удаа хийгээгүй зөрчилтэй байгаа болно. Иймээс гэрээнд заасны дагуу гүйцэтгэгч талын санаачилгаар гэрээ цуцлагдаж байгааг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч гэрээний дагуу 205,725,000 төгрөг төлсөн гэж дурдсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт тооцооллын дагуу нэхэмжлэгч 211,725,000 төгрөг төлсөн, уг төлбөрийг буцаан төлөх талаар хариуцагч маргаагүй, харин төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу 2-оос дээш удаа нэхэмжлэгч төлөөгүй зөрчил гаргасан тул гэрээнээс учирсан хохирол төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. /х.х-ийн 15 хуудас/
8. Учир нь талуудын хооронд байгуулсан ОСЗГ21/37-1 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “ гүйцэтгэгч тал гэрээний дагуу орон сууцны барилгыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэн, улсын комиссыг барилгад оруулах ба улсын комиссын акт хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгнө” гэж харилцан тохиролцжээ. Гэрээний тохиролцооноос дүгнэвэл ажлын үр дүн болох орон сууцны барилгыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэн, улсын комиссыг ажиллуулах үүргийг хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч П.Б******* төлбөр төлөх үүргээ зогсоосныг шүүх буруутгах боломжгүй байна.
9. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-ийн гэрээний үүргийн зөрчил урт хугацаанд арилаагүйгээс нэхэмжлэгч П.Б******* төлбөр төлөх үүргээ зогсоосныг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.
10. Түүнчлэн Нэхэмжлэгч П.Б******* 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “... 2021 оны 08 сарын 16-ны өдрийн Орон Сууц Захиалгын гэрээний /ОСЗГ 21/37-1/ хүрээнд:
барилга хүлээлгэж өгөх хугацаа 2 жил 1 улиралаар хэтэрсэн
төлбөр төлөлт 40% дутуу зэргээс шалтгаалж танай компани дангаараа гэрээг цуцалсанаа мэдэгдсэн.
П.Б******* миний бие өнөөдрийн байдлаар 211,725,000.00 /Хоёр зуун арван нэгэн сая долоон зуун хорин таван мянган төгрөг/ төлсөн байна. Гэрээний үнийн дүнгийн 60%
Танай компанийн хуульчтай ОСЗ гэрээг шинээр байгуулах, шинэ төлбөрийн хугацааг тохиролцох, эсвэл гэрээний үнийн дүнг бүтнээр нь буцааж авах талаар ярилцсаны үндсэн дээр дараах нөхцөлийн аль тохиромжтойг харилцан тохиролцож эвийн журмаар асуудлыг дуусгах хүсэлтэй байна.
Үүнд:
1. Хэрэв шинээр гэрээ байгуулж 1м.кв тутмын үнийг нэмэхээр бол ОСЗГ 21/37-1 гэрээний явцад төлсөн үнийн дүнд /211сая/-д оногдох 1м.кв-н үнийн дүнг хэвээр үлдээж, төлөгдөөгүй үнийн дунд оногдох 1м.кв-н үнийн дүнд өөрчлөлт оруулж, харилцан тохиролцох хүсэлтэй байна.
2. 1-р зүйлийг тохиролцох боломжгүй тохиолдолд
Л******* Сити хотхоны 7-р блокын захиалга авч эхлэхээс 1 жилийн өмнө гэрээг байгуулж, санхүүжилтыг сайн дураараа 1 жилийн өмнөөс хийж байсныг минь хүндэтгэн үзэж 211,725,000.00 төгрөгийг маань бүтнээр ямар нэгэн шимтгэлгүй/ Хаан банк П.Б*******, Голомт банк П.Б******* дансны аль нэгт нь хугацаа тохиролцож олгож өгнө үү...” гэх агуулгатай хүсэлтийг хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-нд гаргажээ. /х.х-ийн 16 хуудас/ Уг хүсэлтийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч П.Б******* гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний төлбөрт төлсөн 211,725,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.
Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” бол гэрээнээс татгалзаж болохгүй бөгөөд хариуцагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар орон сууцны барилгыг 2022 оны 3 дугаар улиралд багтаан гүйцэтгэн, улсын комиссыг барилгад оруулах үүргээ хариуцагч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа нь П.Б******* үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК өөрөө буруутай байх тул гэрээнээс татгалзаж болохгүй юм. Иймээс нэхэмжлэгч гэрээг цаашид үргэлжүүлэх тохиролцоонд хүрэх боломжгүй бол гэрээний дагуу шилжүүлсэн 211,725,000 төгрөгөө шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэж байна.
Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн үүргийн зөрчлөөс шалтгаалж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгч нь үүнтэй холбоотой хохирлыг Арилжааны банкны хүүгийн тооцооллоор тооцож, олох байсан орлогын хэмжээгээр хохирлыг тооцож 94,287,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. /х.х-ийн 5 хуудас/
11. Зохигч аль аль нь нэгэнт гэрээнээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүргийн зөрчилд торгууль шаардах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-иас нийт 306,012,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-иас 306,012,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б*******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,688,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л******* х******* х******* т******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,688,010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ