| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0310/Э |
| Дугаар | 330 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | З.Энхжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Улсын яллагч: З.Энхжаргал,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,
Шүүгдэгч М.Бтүүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,
Хохирогч Т.Уранчимэгийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлийнхэн овогт Мандалсүрэнгийн Батдэлгэр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн 1709017900285 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч М.Б, Б.М нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 41 дүгээр байрны хажуу талд байрлах хохирогч Т.Уранчимэгийн эзэмшлийн барилгын агуулахад нэвтэрч 17 хайрцаг паркетан шал хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ хүргэж өгөх гээд явж байтал М.Батдэлгэр ах над руу залгаж паркетан шал авах уу гэж асуусан. Тэгээд би Ганбаа гэдэг ах руугаа залгаж шалны талаар хэлтэл авъя гэж хэлсэн. Тэгээд би 100 айл дээр хүрээд ир гэж хэлсэн. Батдэлгэр бид 3 уулзахад ачаа бууж байгаа гэж хэлсэн. 17 хайрцаг ачаа ачаад зогсож байтал Урнаа эгч хүрээд ирсэн. Та нар яагаад хулгай хийж байгаа юм бэ гэхээр нь би хулгайн паркет байна гэж мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байгаад Б.М руу залгаж паркетан шал авах хүн байна уу гэж асуусан. Тэгтэл над руу эргэж залгаад авах хүн байна гэсэн. Тэгэхээр нь 100 айл дээр хүрээд ир гэсэн. Тэгээд Б.М, Ганбаа бид 3 контейнерээс шал ачиж байгаад эзэн Уранчимэгт баригдсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 21-25 дугаар хуудсанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 35 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 25-26 дугаар хуудсанд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 29 дүгээр хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн: “Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 43 дугаар хуудсанд Б.Мы мэдүүлэг, 116 дугаар хуудсанд гэрч Билгүүний мэдүүлэг, 119 дүгээр хуудсанд гэрч Эрдэнэбатын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг шинжлэн судлах хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судална” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг: “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 35 дугаар хуудсанд хохирогчийн мэдүүлэг, 56 дугаар хуудсанд эд зүйлд үнэлгээ хийгдсэн тухай хуудсанд авагдсан нотлох баримтыг шинжлэн судална” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор: “Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд М.Батдэлгэрийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 45 дугаар хуудсанд гэрч Батхишигийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судална” гэв.
Мөн хавтаст хэргээс хохирогч Т.Уранчимэгийн мэдүүлэг. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, гэрч Д.Ганбаатарын мэдүүлэг. /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/, М.Батдэлгэрийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хохирогч Т.Уранчимэгээс гаргаж өгсөн бичлэг бүхий СД/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, шүүгдэгч М.Батдэлгэрийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдлыг тодорхойлох бусад баримтууд /хавтаст хэргийн 58, 60-63/, шүүгдэгч Б.Мы иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 70-74, 77-86/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б, Б.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
НЭГ: Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.Б, Б.М нар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 41 дүгээр байрны хажуу талд байрлах хохирогч Т.Уранчимэгийн эзэмшлийн барилгын агуулахад нэвтэрч 17 хайрцаг паркетан шал хулгайлж бусдад 700.000 төгрөгийн буюу бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,
хохирогч Т.Уранчимэгийн: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны байрны хажууд байрлах оёдолчны газар орж савхиныхаа товчнуудыг оёулан К худалдааны төвийн урд тавьсан автомашин руугаа явж байтал манай агуулах онгорхой байхаар нь гар утсан дээрээ бичлэг хийн очтол манайд грушиг хийж байсан Батаа цагаан өнгийн 02-90 УБӨ улсын дугаартай приус-10 маркийн автомашинд паркетан шал
хулгайлан хийж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
гэрч Д.Ганбаатарын: “...Мэндээ гэх залуу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед залгаж паркетан шал авах уу гэсэн. Тэгэхээр нь би авъя гээд
өөрийн 02-90 УБӨ улсын дугаартай приус-11 загварын машинтайгаа очиж Мэндээ гэх залуутай Зуун айл дээр уулзсан ба Батаа гэх залуугийн нөгөө ногоон өнгийн агуулах дээр очсон. Тэгээд Мэндээ, Батаа гэх 2 залуу надад нэг хайрцаг паркетан шалыг 25.000 төгрөгөөр өгөхөөр болоод тэр 2 машинд паркетан шал ачсан чинь нэг эмэгтэй ирээд хэн паркетан шал ачаад байгаа юм бэ гэсэн. Тэгээд машины жолооч хэн бэ гэж надаас асуухаар нь би байна гэсэн чинь Батааг чи яагаад паркетан шал ачдаг юм гээд уурласан бөгөөд цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
М.Бийн гэрчээр мэдүүлсэн: “…2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг өглөө Мэндээ гээд найз руугаа залгаж шал авах хүн байна уу гэж асуухад надад Мэндээ шал авах хүн байгаа гэсэн. Тэгээд би ажил дээрээ 13 цагийн үед ирэхэд найз Мэндээ паркетан шал авах 02-90 УБӨ гэсэн улсын дугаартай приус-10 маркийн цагаан өнгийн машинтай ах хүүтэй ирсэн байсан. Тэгээд бид гурав агуулахаас паркетан шал хулгай хийж машинд ачиж байгаад эзэн Уранчимэгт баригдсан юм. Надад агуулахын түлхүүр байсан болохоор би онгойлгож орсон юм…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
эд зүйл хураан авсан тэмдэглэл /хохирогч Т.Уранчимэгээс гаргаж өгсөн бичлэг бүхий СД/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, М.Батдэлгэр, Б.Мэндсайхан нарын бүлэглэж бусдын агуулахад нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Уранчимэг нь тус шүүхэд “...шүүхээс Б.М, М.Батдэлгэр нарт тохирох ял шийтгэлийг нь оногдуулж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэж өгнө
үү. Ажил хийлгэж өөрийн мэдлийн хашаандаа амьдруулж нэг нутгийн хүн гэдгийг болож байсан миний итгэлийг алдсанд маш их гомдолтой байна...” гэсэн хүсэлтээ гаргасан байх ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих саналтай байна…” гэсэн саналыг,
Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгчөөс: “…Тухайн үед М.Батдэлгэр ар гэрийнхээ амьдралын хэрэгцээг хангах зорилгоор энэ гэмт хэргийг үйлдсэн гэж ярьдаг. Миний үйлчлүүлэгч тухайн үед түр зуурын өчүүхэн бодлоороо тохиолдлын шинжтэй энэ гэмт хэргийг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Шүүгдэгчийн өөрийнх нь хувьд ажил хийдэггүй. Эхнэрийнхээ цалингаар амьдардаг. 3 хүүхэдтэй, хүүдүүдийн цаашдын ирээдүйд ихээхэн үүрэг үлдэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хор уршгийн шинж чанар, хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү…” гэх,
Шүүгдэгч Б.Мы өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээхгүй байна, хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна гэж ярьж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж байгаа. Хууль зүйн мэдлэг дутмагаас бусдад ойлгуулж чадахгүй байгаа. Улсын яллагч 3 жилийн ялын санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасны дагуу бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулах боломжтой. Миний үйлчлүүлэгч өмнө нь 3 удаа хулгайн гэмт хэрэгт холбогдож шийтгүүлсэн хэдий ч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлыг хуульчлаагүй. Миний үйлчлүүлэгч эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Залуу хүнд итгэл хүлээлгээч гэж хүсэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуягаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболороос: “…Эрүүгийн хуулийн 6.7 дугаар
зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээний 2/1-ээс бага ял оногдуулж өгнө үү “ гэсэн саналыг гаргасан байх ба
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “...тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан боловч шүүгдэгч нарыг “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж үзэж хөнгөрүүлэх боломжгүй, шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэж байхдаа баригдаж, хохирогч цагдаагийн байгууллага дуудаж, эд зүйлээ буцаан авсан, уг гэмт хэргийн хохирол нөхөн төлөгдсөн нь шүүгдэгч нарын хүсэл зоригоос хамааралгүй учир өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.
ГУРАВ: Бусад асуудлаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
-хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дэмбэрэлийнхэн овогт М.Б, Боржигон овогт Б.М нарыг бүлэглэн агуулах саванд нэвтэрч хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Дэмбэрэлийнхэн овогт М.Бг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Боржигон овогт Б.Мыг 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Б.М нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг /CD/-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй М.Б, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Б, Б.М нарыг цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Б, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР