Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0412

 

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0412

     Улаанбаатар хот

 

 

“Чойжид дагина” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Ц.Э, хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Г нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ч д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0009 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолын, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолын нэхэмжлэгч “Ч д” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо: “Шүүхийн шийдвэрээр “Ч д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр тогтоолын, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолын нэхэмжлэгч “Ч д” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-020393 бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын “Х У” нэртэй газарт “Ч д" ХХК-д ашигт малтмалын хайгуулын ХҮ-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрөл олгогджээ, ...аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авснаар Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авснаар тухайн талбайд ашигт малтмал эрэх, хайх ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох ..” үр дагавар үүсч, нэхэмжлэгч “Ч д" ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байна гэж дүгнэсэн нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоол, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар 22-ны өдрийн 1.1/2 дугаар тогтоол, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын “Х У” нэртэй газарт “Ч д” ХХК-д ашигт малтмалын хайгуулын Х\/-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрөл олгогдсон зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтын цаг хугацааны дараалалд дүгнэлт хийлгүй, бодит байдлаас өөрөөр тайлбарлаж хариуцагч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Аймаг болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр “Ч д” ХХК-д ашигт малтмалын хайгуулын Х\/-020393 дугаар бүхий тусгай зөвшөөрөл олгогдсон хугацаанаас өмнө батлагдан гарсан юм.

Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний авсан нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байхад шүүхээс 2015 оны 10 дугаар сараас сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажил хийгдэж байсан тул тухайн хугацаанаас “Ч д" ХХК тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон мэтээр тайлбарлаж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын газраас 2009 онд “Ч д” ХХК-д Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус байсан болох нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус тогтоогдож, шүүхийн шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани Номгон сумын Баян булаг орчмын нутаг буюу Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд 2009 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “Ч д” ХХК-д хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байх хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1/6 дугаар тогтоол гарган Номгон сумын Хавцал уул гэх газар хамаарах Баян булаг, Борзонгийн говь, Ямаат толгой зэрэг газрын 139904.41 га талбайг “Байгалийн нөөц газрын ангилал”-аар буюу байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан ус, ургамал байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч холбогдох хууль, журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Ашигт малтмалын газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргад ирүүлсэн албан бичигт дурдсан чиглэлийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр тогтоолоор дээр дурдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 1/6 дугаар тогтоолын солбицолд өөрчлөлт оруулалгүй, зөвхөн тусгай хамгаалалтанд авсан хугацааг 15 жил гэж тодруулан өөрчлөлт оруулсан нь ашигт малтмалын газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6/056 дугаар мэдэгдэлд заасан “...тусгай хэрэгцээний газруудыг хуульд нийцүүлэн шийдвэр гаргах...” гэсэнтэй нийцэж байхад нэхэмжлэгч байгууллагад ашигтайгаар тайлбарласан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9/21 дүгээр тогтоол нь шинээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт биш, зөвхөн асуудал хариуцах төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу бүрэн эрхийн хүрээнд өмнө нь гаргасан тогтоолд өөрчлөлт оруулсан захиргааны байгууллагын шийдвэр байтал шинээр эрх зүйн үр дагавар үүсгэж, нэхэмжлэгч компанийн ашигт малтмал эрэх, хайх, олборлох эрхийг хязгаарласан гэж дүгнэснийг хариуцагч байгууллагаас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/00009 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.

Энэхүү захиргааны хэргийн хариуцагч нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Нэхэмжлэгч “Ч д” ХХК-аас Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоол, мөн аймгийн Номгон сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудын “Ч д” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Маргаж буй Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Гурвантэс, Номгон, Булган, Ханхонгор сумдын нутаг дахь газрын доорх цэнгэг усны орд газруудын солбилцолд өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаар тогтоолын хавсралтад заагдсан солбилцол бүхий газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байна.

Харин нөгөө маргаж буй Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолоор тус сумын Бага номгон нэртэй газарт орших нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшил бүхий тусгай зөвшөөрөлтэй талбайг хамруулан мөн байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдоогүй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад 2012 онд зохих ёсоор авсан, 3 жилийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нэхэмжлэгч компанийн эрх зөрчигдөж хохирол учраад байгаа нь ойлгомжгүй байна. Маргаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны тогтоолоор 2012 оны 1/6 дугаар тогтоолын солбилцолд өөрчлөлт оруулаагүй хугацааг 15 жил гэж тодруулан гаргасан...” хэмээн тайлбарласан байна.

Хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9/21 дүгээр тогтоолоор дээр дурдсан газруудыг тусгай хамгаалалтад авснаас хойш 10 хоногийн дараа, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/2 дугаар тогтоол гарч тусгай хамгаалалтад авснаас хойш 2 сар гаруйн дараа нэхэмжлэгч “Ч д” ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1130 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн талбайд олгогдсон үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласанчлан одоо маргаж буй 2015 онд гарсан тогтоолууд нь 2012 оны тусгай хамгаалалтад авсан тогтоолын хугацааг тодруулж сунгасан гэж үзвэл нэхэмжлэгчид олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь 2012 онд тусгай хамгаалалтад авсан байж болохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэхгүйгээр тусгай хамгаалалтад авахтай холбоотой газар зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, судалгаа, дүгнэлт боловсруулан засаг даргад танилцуулах журмыг мөрдөөгүй гэх дүгнэлтээр маргаж буй тогтоолуудын нэхэмжлэгчийн талбайтай давхцсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүйгээс гадна маргаж буй тогтоолууд нь 2012 онд гарсан тогтоолуудын хугацааг тодорхой болгосон байгаагаас үзэхэд уг тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалд хүргэсэн шийдвэр гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол хүчингүй болгохоор хуульчилсан бөгөөд энэ тохиолдолд маргаж буй тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх сэргэх боломжгүй.

Тодруулбал, маргаж буй тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай тусгай хамгаалалттай талбайгаас гарахгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болох захиргааны актууд болон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тодруулсны дараа шийдвэрлэх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр маргаж буй тогтоолуудад тусгагдсан талбайг “Байгалийн нөөц газрын ангилал”-аар байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч холбогдох хууль, журамд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна уг талбай орон нутгийн тусгай хамгаалалтад бүртгэгдсэн тохолдолд тухайн талбай дээр тусгай зөвшөөрөл олгогдох хууль зүйн боломжтой эсэх, тухайн талбайг хэзээ бүртгэсэн эсэх, маргаж буй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбай Кадастрын хэлтсийн мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх, 2012 онд бүртгэгдсэн гэх талбай нь 2015 онд бүртгэгдсэн гэх талбайтай бүрэн давхцалтай эсэх талаарх нотлох баримтыг холбогдох этгээдээс гаргуулж, түүнд тулгуурлан дүгнэлт хийж шийдвэрлэх шаардлагатай.

Түүнчлэн Өмнөговь аймгийн иргэдийн Хурал хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлд дурдсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад зохих ёсоор авсан 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6 дугаар тогтоол гарснаас хойш 3 жилийн дараа хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нэхэмжлэгч “Чойжид дагина” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж, ямар хохирол учруулаад байгаа нь ойлгомжгүй гэсэн хариуцагчийн тайлбарт дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0009 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                            Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ