Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 267

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

МУЗГ-т холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:            Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                          Г.Банзрагч,

                                                      Б.Мөнхтуяа,

                                                      Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: МУЗГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журам”, МУЗГ-ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2020/0006 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, өмгөөлөгч С.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болд, Д.Мөнхтуул, Б.Тэлмүүн нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2020/0006 дугаар шийдвэрээр: МУЗГ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7, 9, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас МУЗГ-т холбогдуулан гаргасан “МУЗГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”, МУЗГ-ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2020/0006 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Манай компани нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг хуулийн хүчин төгөлдөр болоогүй болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэлд захирах захирагдах ёсны зарчим зөрчигдөх гээд байгаа учраас хуулийн дагуу хэм хэмжээний актыг бүртгүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн.

4. Хэдийгээр Засгийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн яамны дээд байгууллага нь боловч хуулиар тусгайлан заасан зохицуулалтыг биелүүлэх хэрэгжүүлэх үүрэгтэй газар юм. МУЗГ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9-д “Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно”, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ”, 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж хуулиар тусгайлан заасан байхад шүүх энэхүү тусгай зохицуулалтыг захирах, захирагдах ёсны зарчим зөрчиж байгаа тул хэрэгжүүлэх албагүй гэж дүгнэсэн нь МУЗГ- хууль биелүүлэхгүй байж болно гэж дүгнэсэнтэй адил байгаа тул үндэслэлгүй байна.

5. МУЗГ-ын тогтоолоор батлагдсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт нь дээр дурдсан МУЗГ-ын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой байтал МУЗГ-ын 342, 465 дугаар тогтоолуудаар батлагдсан журмууд нь өнөөдрийг болтол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдээгүй байна. Иймд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй юм. МУЗГ-ын тухай хуулиар тусгайлан зохицуулж ямар тохиолдолд МУЗГ-аас баталсан хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох талаар хэнд ч ойлгохоор тодорхой заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуулийг хэрэгжүүлэх ёстой шүүх тодорхой заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй гэж дүгнэж, хууль зөрчиж иргэд, аж ахуйн нэгжийг хохироож байгаа төрийн эрх бүхий байгууллагын хууль бус үйлдлийг хамгаалж шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Манай компани 2018 оны 09 дүгээр сард нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг барьж эхлэн 2019 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд биднийг нүүрс угаах үйлдвэр барьж эхлэх үед Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш байсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөн найруулгаар ашигт малтмал ашигласан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон.

6. Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулгатай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 04 дүгээр сард маргаан үүсэж улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон боловч Улсын Их Хурал дахин хууль батлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөн найруулгыг агуулгаар сэргээсэн тул бид дахин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэвээр үлдсэн. Бид Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд нь нэгэнт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон тул хуулийг үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлогуудынхаа хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэдэгт итгэж, итгэлтэйгээр хүлээж байсан.

7. Гэтэл татварын газраас биднийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхийг шаардаж эхэлсэн бөгөөд үүний дагуу бид Татварын ерөнхий газарт албан хүсэлт явуулж, Ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн хууль гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоосон мөн төлбөр төлөхийг шаардаж буй хэм хэмжээний актууд болох МУЗГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолууд нь гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байгаа тул бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй гэсэн боловч бидэнд холбогдох хууль, тогтоолууд хүчин төгөлдөр тул хуулийн дагуу төлбөрөө төлөхийг албан ёсоор мэдэгдсэн билээ.

8. Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахаар хуульчилсан боловч мөн хуулиар төлбөрийг Засгийн газрын баталсан журмын дагуу авахаар зохицуулсан. Хууль хэзээ батлагдсанаас үл хамаарч журам хэзээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахаар хуулиар зохицуулсан, хуулийн хүчин төгөлдөр эрх зүйн актын дагуу иргэд, аж ахуй нэгж байгууллагаас төлбөр төлөхийг шаардах учиртай байтал захиргааны байгууллага хууль зөрчиж төлбөр нэхэмжилж манай компанийн эрх, хуулийн ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор батлагдсан журмаар тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр зохицуулагдаж байсан боловч 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулгаар ашигт малтмал ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд бүгд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон. Харин энэхүү өөрчлөлттэй холбоотой журам нь Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орж хэрэгжиж эхэлснээс хойш бүтэн 6 сарын дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоол батлагдсан.  

9. Дээрх 6 сарын хугацаанд Засгийн газрын 220 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бөгөөд энэхүү Засгийн газрын 220 дугаартай тогтоолоор батлагдсан журамд манай компани хамааралгүй гэтэл биднээс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр татварын газар бүртгэсэн бөгөөд үүнээс хойших хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхийг шаардсан энэ нь манай компанийн эрхийг ноцтой зөрчиж байгаа 2 дахь том шалтгаан юм. Гэтэл шүүх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өөрчлөн найруулгаар баталсан Ашигт малтмалын тухай хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 04 дүгээр сард маргаан үүсэж улмаар 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон бөгөөд уг 04 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийн 3-т “МУЗГ-аас 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр баталсан “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг, 02 дугаар хавсралтаар “гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг баталсан байх бөгөөд Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Татварын ерөнхий газраас тус маргаанд холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа Засгийн газрын дээрх тогтоолд тусгасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй зохицуулалтыг тодорхой тусгасан хэмээн дурдсан боловч тус тогтоолыг МУЗГ-ын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж МУЗГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар тогтоол хүчин төгөлдөр бус гэдгийг Монгол улсын Үндсэн хуулийн цэц дүгнэж тогтоол гаргасан байхад шүүх эрх зүйн эцэслэн шийдвэрлэсэн эрхийн акт биш гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм.

10. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2020/0006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

12. Нэхэмжлэгч “С” ХХК-иас МУЗГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох журам”, МУЗГ-ын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна.

13. Нэхэмжлэгчээс “хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлээгүй учраас хүчин төгөлдөр болоогүй, анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй актыг үндэслэн төлбөр төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “хэм хэмжээний акт Улсын Их Хуралд хүргэгдсэнээр хүчин төгөлдөр болсон, улсын төрийн шийдвэр учир захиргааны хэргийн шүүх шийдэхгүй, Засгийн газрын танхимаар шийдсэн асуудлыг Хууль зүйн сайдаар хянуулах нь захирах захирагдах зарчим зөрчигдөх, агуулгын зөрчилтэй” гэж тус тус маргажээ.

14. Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж, 64 дүгээр зүйлийн 64.3-т “Захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт болон бусад захиргааны байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг баталж, мөрдөх харилцааг ялгаатай зохицуулжээ.

15. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин тав дугаар зүйлийн 2-т “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж, МУЗГ-ын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” гэж тус тус заасан, захиргааны байгууллагын тогтолцоо, бүтэц, захирах захирагдах ёсны зарчимтай уялдуулан Засгийн газар хэм хэмжээний акт баталсан тохиолдолд Улсын Их Хуралд хүргүүлэх, бусад захиргааны байгууллага Хууль зүйн яаманд хүргүүлэхээр зохицуулсан, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний актыг Улсын Их Хуралд хүргүүлэх болохоос Хууль зүйн яаманд хүргүүлэх зохицуулалтгүй байна.

16. МУЗГ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний акт Захиргааны ерөнхий хуулийн 67.1, 67.2-т заасан журмын дагуу хүчин төгөлдөр болно” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж тус тус зааснаар Засгийн газрын 342 дугаар тогтоолыг Улсын Их Хуралд 2019 оны 09 дүгээр сарын 23-нд, Засгийн газрын 465 дугаар тогтоолыг Улсын Их Хуралд 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тус тус хүргүүлсэн, 342 дугаар тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 465 дугаар тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд тус тус байршуулсан байна. Иймээс маргаан бүхий тогтоолыг журмын дагуу хэвлэгдэн нийтлэгдсэн, хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

17. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасан нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актыг үйлчилж эхлэхээс өмнө нийтэд мэдээлэх, урьдчилан таниулах агуулгатай, энэ зарчмын дагуу маргаан бүхий тогтоолыг нийтэд мэдээлсэн, холбогдох байгууллагад хүргүүлсэн байх тул эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчлэх хуулийн шаардлага хангасан, нэхэмжлэгчийн “Засгийн газраас баталсан хэм хэмжээний акт Хууль зүйн яаманд хянуулж бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр үйлчлэхээр тусгайлан зохицуулж, тодорхой заасан” гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “Улсын төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж заасан, хариуцагчийн “эдгээр тогтоол нь захиргааны хэргийн шүүхийн харъяалалд хамаарахгүй” тухай тайлбар үндэслэлгүй, Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж зааснаар үйлдэгдсэн захиргааны хэм хэмжээний акт байна.  

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан, энэ тохиолдолд захиргааны хэм хэмжээний акт ямар нэгэн хуультай зөрчилдөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдэл зөв болжээ.

20. Нэхэмжлэгчийн “Засгийн газрын 342 дугаар тогтоол хүчин төгөлдөр бус гэдгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дүгнэж, тогтоол гаргасан байхад шүүх хэт нэг талыг барьсан” гэх гомдлын тухайд: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4 дүгээр тогтоолд “...342 дугаар тогтоолыг МУЗГ-ын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлүүлээгүй байх тул хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, эрх зүйн өөр зохицуулалт үүссэн тул хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн.  

21. Иймээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШШ2020/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

        ШҮҮГЧ                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ