Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 0024

 

 

                      2016         12           19              115/ШШ2016/0024      

                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Бнэхэмжлэлтэй

          Хариуцагч: Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох

         Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин, урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, гуравдагч этгээдийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын албан тушаалыг 2012 оноос эхлэн хаших хугацаандаа хууль дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаж байсан. Гэтэл 2016.09.01-ний өдөр Дорноговь аймгийн Засаг дарга Энь Б/50 тоот захирамж гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлүүдийг үндэслэн Монгол Улсын хууль тогтоомж журмыг удаа дараа ноцтой зөрчиж, Сайншанд сумын орон хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, эрсдлийн сангуудаас олгосон зээл түүний буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс үүдэн 661920.3 мянган төгрөгийн төлбөр зөрчил үүсгэж орон нутгийн ажил, санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулан дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэхгүй байдалд хүргэж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулсан. Б/50 захирамжийг яагаад хууль бус гэж үзээд байгаа гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2, 32.3 дахь заалтуудад Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал сумын Засаг даргыг огцруулахдаа аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр заасан. Аймгийн Засаг дарга сумын Засаг даргыг огцруулахдаа мөн хуулийн 32.4 дэх хэсгийг үндэслэл болгох ёстой байсан. 32.4 дэх хэсэгт дээд шатны дарга нь Засаг дарга, ерөнхий сайд саналаа зохих шатны хуралд хүргүүлэх бөгөөд Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө гэж заасан байгаа. Энэ заалтыг буруу авсан, үндэслэл хэсгээсээ л буруу байгаа юм. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас намайг огцруулах шаардлагагүй гэж саналаа хүргүүлсэн байхад огцруулсан нь хууль зөрчсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар Засаг даргыг огцруулах саналыг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нь хүлээж аваагүй бол нэг жилийн хугацаанд дахин тавихгүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон бол хамаарахгүй гэсэн заалт байгаа. 32.8 дахь заалтаар намайг дахиж халах асуудлыг ярих ёсгүй байтал хурлын дараа Б/50 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Мөн энэ захирамжид Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн гэдгийг нотлоогүй. Орон нутгийн эрсдэлийн сан, сум хөгжүүлэх сангууд зээл олгодоггүй. Гурван сангийн мөнгөн дүнг нэгтгээд 600 000 000 төгрөгийн зөрчил учруулж дараагийн төслүүдийг санхүүжүүлэхэд эх үүсвэр бүрдэхгүй байсан гэж намайг ажлаас чөлөөлсөн. Дараагийн төсөв тодорхой хэмжээгээр бүрдээд явж байхад намайг чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэнгүй гэдэг үндэслэлээр огцруулсан нь буруу гэж үзэж байна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байвал тухай бүрт нь 1-2 удаа мэдэгдэх хуудас өгч ажилладаг. Төлөлтөө хийхгүй байгаа тохиолдолд шүүхэд шилжүүлэх ажил явагддаг. Хамгийн сүүлд 59 иргэнийг шүүхэд, 22 иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байгаа. Сүүлийн хагас жилд эргэн төлөлт ордог. Жилийн эцэст нэлээн шахуу төлөгддөг жил жилийн туршлага байгаа. Орон нутгийн хөгжлийн сан нь Засгийн газраас өгдөг мөнгийг тухайн жилд нь зарцуулаад иргэн, аж ахуй нэгжид тендер зарлаад ажил хийлгэдэг. Тэр санхүүжилт нь ирээгүй учраас мөнгөө өгч чадаагүй. Надаас шалтгаалсан юм байхгүй. Засгийн газраас энэ жил 330 000 000 төгрөг өгнө, ажил хүмүүсээр хийлгэ гэхээр нь хүмүүсээр ажлыг нь хийлгэчихсэн. Тэгсэн мөнгө нь орж ирээгүй учраас өр авлага үүсчихээд байгаа. Аймгийн Засаг дарга улс төрийн зорилгоор зарим сангууд зөрчилгүй байхад зориуд мөнгөн дүнг оруулж гурван санг нэгтгэж мөнгөн дүнг нь маш өндөр тавьж жирийн иргэдэд маш их хэмжээний мөнгөний зөрчил дутагдуулсан юм шиг харагдуулж захирамж гаргасан. Үүнийгээ сонгуультай холбоотойгоор иргэдэд тараагаад миний нэр хүндийг нилээн унагасан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн Г-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Оыг сумын Засаг даргаар томилуулахаар уламжлаагүй байхад Б/51 тоот захирамж гаргаж Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дэх хэсэгт зааснаар Засаг даргыг чөлөөлсөн огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэж заасныг зөрчиж томилсон. Хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой Сонгууль хүртэлх хугацааны ажилласан 2 сарын цалин, хэрвээ ажлаа хийгээд сонгуулийн үр дүнгээр өөрчлөгдсөн бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар авч байсан цалинтай тэнцэх хэмжээний 6 сарын цалинг аваад чөлөөлөгдөх ёстой байсан. Энэ мөнгөнүүдээ гаргуулахаар нэхэмжилж байгаа.

          Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/50 дугаар, мөн өдрийн “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, Хууль бусаар ажлаас халагдсантай холбоотой Сонгууль хүртэлх хугацааны ажилласан 2 сарын цалин, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/50, Б/51 тоот захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Энэ захирамжуудын үндэслэсэн хуулийн заалтууд нь буруу байдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар процессын ажиллагаануудыг хийгээгүй. Аймгийн Засаг дарга шууд дур мэдэн захирамжуудыг гаргасан болох нь тогтоогддог. Хуулийн 32.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга шууд томилох биш тухайн шатны хурал, сумын Засаг даргын ажил байдал, хууль бус үйл ажиллагааг нотолсны үндсэн дээр саналаа аймгийн Засаг даргад хүргүүлдэг. Тэр саналыг хүлээж авсан Засаг дарга 32.3 дахь хэсэгт зааснаар 5 хоногийн дотор шийдвэрлэдэг. Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөөгүй байж зөвшилцсөн байдлаар гаргасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 1-7 заалтуудын аль заалтыг барьсан нь тодорхойгүй. Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр сумын Засаг даргын орлогч нь томилогдох ёстой байсан. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно гэсэн заалт байгаа. Тэгэхээр Быг сумын Засаг даргаар томилогдсон хугацаа дуусгавар болоогүй байсан байна. Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг, Бгаас гаргаж өгсөн баримтууд, гэрч Сгийн мэдүүлэг зэргээс уг сангууд нь тус тусдаа сангууд байна. Орон нутгийн хөгжлийн сангаас хийсэн ажлын мөнгө нь тухайн аж ахуй нэгжид олгогдоогүй байгаа нь Ббуруу юм уу, Засгийн газар, Сангийн яамнаас орж ирэх мөнгийг орж ирвэл аж ахуй нэгжүүдэд тараах ёстой байдаг юм байна. Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлт 70 хувьтай байдаг. Тийм учраас Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хангалттай гэж дүгнэсэн байдаг. Мөн гэрч С мэдүүлэгтээ нийт 181 иргэнд Сум хөгжүүлэх сангаас зээл олгосон. Үүнээс 42 иргэн эргэн төлсөн, 84 иргэний хугацаа дуусаагүй байна. Уг сангийн зээл олголтын журмынх нь 1.6.2-т зааснаар зээлийн хугацаа 36 сар байна гээд заасан байдаг. Тэгэхээр зээл авсан хүн 3 жилийн хугацаанд төлж дуусгах ёстой байдаг юм байна. 59 иргэний хугацаа дуусч, 33 иргэнийг эвлэрүүлэн зуучлахад шилжүүлж, 4 иргэнтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг юм. 22 иргэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгөөд гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. 170,6 сая төгрөгний нэхэмжлэл байгаа юм. 500 000 000 төгрөгийн эргэлттэй байдаг. Сүүлийн үед иргэд төлөхгүй байгаа нь зах зээлийн эдийн засаг хямарсантай холбоотой. Энэ нь тухайн иргэнээс биш манай улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалж эргэн төлөгдөхгүй байгаа юм гэсэн мэдүүлгийг өгч байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээс харахад 2016 онд урьд онуудаас эргэн төлөлт нь нэмэгдсэн байгаа нь сайшаалтай байна гэсэн. Тэгэхээр Б тухайн үедээ хяналт шалгалтыг хийж холбогдох хууль хяналтын байгууллагад хүмүүсийг шилжүүлж шийдвэрлүүлж байсан нь тогтоогддог. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг захирамжаа хууль ёсны гэдгээ хамгаалж чадахгүй, асуусан асуултанд хариулахгүй байгаа нь миний хувьд энэ захирамжаа хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна.

           Нэхэмжлэгч Б нь ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үндсэн цалин 835276 төгрөг, онцгой нэмэгдэл 250582 төгрөг, хотын захирагчийн 183466 төгрөг, нийт 1269324 төгрөгийн цалинтай байсан. 9 дүгээр сарын 1-нээс Оыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Засаг даргаар томилогдсон өдөр хүртэлх хугацааны нийтдээ 2538648 төгрөгийг цалинг гаргуулж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын тэтгэмжээ гаргахыг аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэж нэхэмжилж байгаа. Энэ нь сонгуулийн үр дүнд томилогддог албан тушаал учраас уг хүн ажлаа хийгээд явж байсан бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар энэ хуулийн 6.1.6-6.1.11 дэх хэсэгт заасан улс төрийн албан тушаалтан ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол түүнд урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацаатай тэнцэх тэтгэлэг олгоно гэж заасны дагуу тэтгэлэг олгохыг аймгийн Засаг даргад даалгах буюу Засаг даргаас гаргуулж өгнө үү. Мөн Б/51 дүгээр захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн процессыг зөрчсөн байдаг. Энэ нь 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг баримтлах ёстой байдаг. 26.1-д Засаг дарга төрийн төлөөлөл мөн гэж заасан байгаа. 26.2-д Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заасан байгаа. 26.3-т энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасан байгаа. Гэтэл энэ процессыг зөрчөөд үүрэг гүйцэтгэгч томилсон байдаг. Үүрэг гүйцэтгэгч томилно гэсэн заалт хуулинд байдаггүй юм. Тийм учраас хоёр захирамжийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

           Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга Эшүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны “Засаг даргыг үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/50 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхийн хүрээнд Монгол улсын хууль тогтоомж, журмын удаа дараа ноцтой зөрчиж, Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, эрсдлийн сангуудаас олгосон зээл, түүний буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс санхүүгийн ноцтой зөрчил гаргасан Быг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэрийг гаргасан. Сайншанд сумын сум хөгжүүлэх сангийн зээл олголтын болон төлөлтийн үйл ажиллагаанд 2012 онд Мэргэжлийн хяналтын газар, 2013 онд Аудитын газар, 2016 онд Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт шалгалтыг хийж зөрчил дутагдлыг арилгах үүрэг чиглэл өгсөн байсан хэдий ч өнөөдрийг хүртэл энэ зөрчил арилаагүй байдаг. Энэ нь  сумын Засаг дарга Монгол Улсын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ  удаа дараа биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. Харин аймгийн Засаг даргын 2016 оны “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт / Энэ хуулийн 26.2-т ... сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад  энэ хугацаа хамаарахгүй/,29 дүгээр зүйлийн 29.2 дахь  заалт Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах эрхийн хүрээнд албан тушаалтны цалин, бусад нэмэгдэл олгох тухай Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Засаг даргын 2014 оны 333 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн хуульд нийцүүлэн Оыг Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Иймд иргэн Бнэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын “Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/50 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцсэн захирамж гаргана гэж заасан байгаа. Хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан болон зээлийн буцаан төлөлтөнд хяналт тавиагүй ноцтой зөрчил гаргасан учраас Быг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэдгийг санхүүгийн хяналт, аудитын албанаас гаргасан хяналт шалгалтын дүгнэлт байгаа. Тэр дүгнэлт дээр зээлийн эргэн төлөлт төлөгдөөгүй гэсэн байгаа. Хариуцагчаас нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байгаа гэсэн ч өнөөдөр Цагдаагийн газраас тодруулахад Сум хөгжлийн сангаас зээл авсан Н гэдэг иргэнтэй холбоотой байсан болохыг мэдсэн. Мөрдөн байцаалтын шатнаас прокурорын шатанд шилжиж байгаа гэсэн. Иргэн Бтай холбоотой биш, Сум хөгжлийн санг хариуцдаг байсан болохоор хариуцагчийн зүгээс тэгж ойлгосон байсан. Дорноговь аймгийн Засаг даргын Б/51 дүгээр захирамжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалт болоод Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд, хуульд нийцүүлэн захирамж гаргах эрхийнхээ хүрээнд, албан тушаалын цалин олгох тухай болон Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 33 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг үндэслэн Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Оыг томилсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Иргэн Б нь хууль тогтоомжийг зөрчсөн, зээлийн буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс зөрчил үүссэн учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй юм. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

           Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний Сайншанд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Оыг томилсон шийдвэр бол хүчин төгөлдөр шийдвэр юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1г дэх хэсэгт Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах гэж заасан байгаа. Хуулинд үүрэг гүйцэтгэгч томилох заалт байхгүй. Тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргыг томилохдоо саналаа явуулах ёстой. Гэвч аймгийн Засаг даргаас Оыг томилохдоо Засаг даргаар биш Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж томилсон байна. 26.3 дахь заалт Засаг даргыг томилох талаар шат шатныхаараа байгаа, 29.2 дахь хэсэг нь захирамж гаргана гэсэн заалт байгаа. Улсын Их Хурлын 2007 оны 73 дугаар тогтоол нь улс төрийн албан тушаалтанд олгох 30 хувийн нэмэгдэлийн талаар, 2014 оны 333 дугаар тогтоол нь цалингийн сүлжээ байна. 8 дугаар сарын 31-ний өдөр нийтийн албанд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу энэ хүний талаарх мэдүүлгийг явуулахад ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн санал, дүгнэлт ирсэн учраас аймгийн Засаг дарга үүнийг үндэслэсэн гэж ойлгож байна. Аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний Б/51 дүгээр захирамж бол бүхэлдээ аймгийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн бүрэн эрхийн хүрээнд үндэслэж гаргасан тул Б/51 дүгээр захирамж хүчин төгөлдөр акт юм. Уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

         Гэрч А.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 12 дугаар сарын 13-ны байдлаар Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 69 000 000 төгрөг бүрдсэн байсан. Сумын Засаг даргыг ажиллаж байх хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, дотоод хяналт шалгалтын аудитын газар, Дорноговь аймгийн аудитын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яам, Авлигатай тэмцэх газруудаас шалгалт ирдэг байсан. Зөрчил гарсан тохиолдолд шүүхэд шилжүүлээд асуудлыг тухай бүрт нь шийдвэрлээд явж байсан. Эргэн төлөлт бид нарын тооцоолж байгаагаар жилдээ 70 хувьтай байдаг. 30 орчим хувь нь эргэн төлөлт хийгээгүйгээс шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжээд явдаг. Сум хөгжүүлэх сангаас 2011 оноос хойш 185 иргэнд зээл олгосон. Үүнээс 42 иргэн, аж ахуй нэгж бүрэн зээлээ төлж дууссан, 2013-2016 онуудад 143 иргэн, аж ахуйн нэгжид олгогдсон 84 зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Хугацаа дууссан, зээлээ бүрэн төлөөгүй байгаа 59 иргэн байгаа. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид 39 хүн, 4 хүнийг шүүхэд нэхэмжлэл гаргаад иргэний хэргийн шүүхэд шилжсэн байна. Үлдсэн 22 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байна. 265800000 төгрөгийн нэхэмжлэл гаргачихаад байгаа. Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөд хяналт тавих журам батлагдсан. Энэ журмаараа төсөл сонгон шалгаруулах, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн орон тооны бус хоёр зөвлөл байгуулагдан ажилладаг ба зөвлөл ерөнхий хяналтыг хэрэгжүүлдэг. Дан ганц сумын Засаг дарга хяналт тавина гэсэн зүйл байхгүй. Зээл эргэн төлөгдөөд ороод ирэхээр дараагийн зээлээ санхүүжүүлээд олгоод явж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгчээс шүүхэд анх “Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн “урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилуулах” гэх шаардлагаасаа татгалзан, мөн нэхэмжлэлээ “урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохыг Засаг даргад даалгах” шаардлагаар нэмэгдүүлэн, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагаа Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг “хууль бус болохыг тогтоолгох” шаардлагаа “хүчингүй болгуулах” гэж, урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохыг Засаг даргад даалгах” шаардлагаа “6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг гаргуулах” гэж тус тус өөрчлөн тодруулсан болно.

           Нэхэмжлэгч нь “урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилуулах” шаардлагаасаа татгалзсанаа бичгээр  илэрхийсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасантай нийцэж байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг баримтлан шүүхээс нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ. Харин нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгөн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Дорноговь аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар   нэхэмжлэгч Быг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаар томилсон байх ба мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50 дугаар захирамжаар  Сайншанд сумын Засаг дарга Быг “...хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчиж, ...чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг тус тус үндэслэн засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан байна.

1. Хариуцагчийн зүгээс 2016 оны Б/50 дугаар захирамжийнхаа үндэслэлийг “Монгол Улсын хууль тогтоомж, журмыг удаа дараа ноцтой зөрчиж, Сайншанд сумын орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, эрсдлийн сангуудаас олгосон зээл, түүний буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс санхүүгийн ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлан, нэхэмжлэгчийг буруутгаж байгаа боловч хэрэгт цугларсан зарим бичгийн нотлох баримтаар дараах байдал тогтоогдож байна. Үүнд:

         Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны “Сайншанд сумын Орон нутгийн төсвийн орлого, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сан, Эрсдлийн сангуудын 2014-2016 оны эхний хагас жилийн, Сум хөгжүүлэх сангийн 2011-2014 оны гүйцэтгэл, 2015-2016 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын тэмдэглэл”-ээс  /цаашид “шалгалтын тэмдэглэл” гэх/ үзэхэд уг хяналт шалгалтын үйл ажиллагааг хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын санаачлагаар  явуулсан байх ба уг шалгалтын зорилго нь “Сайншанд сумын орон нутгийн төсвийн орлого, сангуудын 2014-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж үнэлэлт дүгнэлт өгч, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд оршино”  гэжээ.

         Гэвч “шалгалтын тэмдэглэл”-ийг бүхэлд нь судлан үзэхэд уг хяналт шалгалтын үйл ажиллагаа нь “...2014-2015 оны эхний хагас жилийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” гэж тодорхойлсон зорилгодоо нийцээгүй гэж үзэхээр байна. Учир нь уг хяналт шалгалтаар 2011 оноос хойшхи 2016 оны 8 дугаар сар хүртэлх буюу нийт 06 жил гаруй хугацааны Сайншанд сумын төсөв, нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлуудыг хамруулан хяналт шалгалт явуулсан байх ба түүнчлэн урьд өмнөх жилүүдэд явуулж байсан хяналт шалгалтын асуудлуудыг давхардуулсан бөгөөд зарим сангийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн талаарх асуудал нь өмнөх шалгалтын дүгнэлтээс зөрүүтэй, ойлгомжгүй байдлаар тусгагдсан байгаа нь “шалгалтын тэмдэглэл”-ийн “Тав.Өмнөх шалгалтын талаар” гэх хэсгийн 5.3-т “...Сайншанд сумын Сум хөгжүүлэх сангийн 2012-2014 оны бүрдүүлэлт, зарцуулалтын ажиллагаанд 2015 оны 10-р сард хяналт шалгалт хийж, 75,0 мянган төгрөгийн зөрчил илэрч, 100 хувь барагдуулсан байна, мөн 2015 оны 04, 08-р сард сумын Засаг даргаар батлуулан 2 удаа шалгалтыг явуулсан байна”  гэж дурдсанаар;

       мөн хариуцагчийн зүгээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт  “...сум хөгжлийн сангийн зээл олголтын болон төлөлтийн үйл ажиллагаанд 2012 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, 2013 онд Аудитын газар, 2016 онд Санхүүгийн хяналт аудитын албанаас хяналт шалгалтыг хийсэн” талаар тус тус дурдсанаар тогтоогдож байна. Түүнчлэн дээрх хяналт шалгалт явуулсан зарим хугацаанд буюу 2011, 2012 онууд нь нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд Б нь Сайншанд сумын Засаг даргаар 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар томилогдсоныг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “д”-д “сум, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх” гэж заасан ба энэ нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Сум, дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна. Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Быг Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд ажлыг нь хангалттай гэж үзэн, үнэлж, дүгнэж байсан болох нь мөн хурлын 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сумын засаг даргын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тухай” 06/03 дугаар тогтоолоор  “Сумын засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2013 оны хэрэгжилтийг “хангалттай” гэж үзэн, сумын эдийн засаг нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг 85 хувьтай хэрэгжсэн гэж;

         мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Сумын засаг даргын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх тухай” 13/01 дүгээр тогтоолоор  “Сумын засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2015 оны хэрэгжилтийг “хангалттай” гэж дүгнэн, сумын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг 94.3 хувьтай хэрэгжсэн гэж тооцсон” гэж тус тус үнэлж, дүгнэснээр тогтоогдож байна.

         Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12-т зааснаар бүх шатны засаг дарга нь төрийн улс төрийн албан тушаалтан байх бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д бүх шатны засаг даргыг “...харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч мөн” гэж тодорхойлжээ. Иймээс хариуцагч Засаг дарга нь дээрх хуулиудад заасан “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, “хууль дээдлэх” зэрэг зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлан, төрийн албаны бодлого, үйл ажилллагааны залгамж чанарыг хадгалан ажиллах учиртай. Өөрөөр хэлбэл хариуцагч нь “төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч” болохынхоо хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй байх боловч, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуульд зааснаар хадгалагдаж байгаа “засаг даргын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх” онцгой бүрэн эрхэд халдаж, тэдгээрийн өмнөх он, жилүүдэд хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг үгүйсгэх, улмаар хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

       Иймээс хариуцагчаас нэхэмжлэгчийн хууль зөрчсөн гэх асуудлыг нотлох зорилготой шүүхэд ирүүлсэн дээрх 58 хуудас бүхий “шалгалтын тэмдэглэл”-ийн /хх-ийн 19-77-р хуудас/ дийлэнхийг тухайн хэрэгт хамааралгүй гэж үзэн нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дээрх “шалгалтын тэмдэглэл”-ээс нэхэмжлэгчид хамааралтай түүнийг буруутгаж буй асуудлуудыг тайлбарлан, мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

         1.1. “...Сум хөгжүүлэх сангаас олгосон зээл, түүний буцаан төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс 661920,3 мянган төгрөгийн төлбөр зөрчил үүсгэсэн, дараагийн төслийг санхүүжүүлэх эх үүсвэр бүрдэхгүй байдалд хүргэж, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх нэхэмжлэгчийг буруутгаж буй хариуцагчийн тайлбар нь дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг төлбөр зөрчил үүсгэсэн, сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

       Үүнд: Гэрч А.Сгийн шүүх хуралдаанд гаргасан “12 дугаар сарын 13-ны байдлаар Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт 69 000 000 төгрөг бүрдсэн байсан. Сумын Засаг даргыг ажиллаж байх хугацаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, дотоод хяналт шалгалтын аудитын газар, Дорноговь аймгийн аудитын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яам, Авлигатай тэмцэх газруудаас шалгалт ирдэг байсан. Зөрчил гарсан тохиолдолд шүүхэд шилжүүлээд асуудлыг тухай бүрт нь шийдвэрлээд явж байсан. Эргэн төлөлт бид нарын тооцоолж байгаагаар жилдээ 70 хувьтай байдаг. 30 орчим хувь нь эргэн төлөлт хийгээгүйгээс шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжээд явдаг. Сум хөгжүүлэх сангаас 2011 оноос хойш 185 иргэнд зээл олгосон. Үүнээс 42 иргэн, аж ахуй нэгж бүрэн зээлээ төлж дууссан, 2013-2016 онуудад 143 иргэн, аж ахуйн нэгжид олгогдсон 84 зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байна. Хугацаа дууссан, зээлээ бүрэн төлөөгүй байгаа 59 иргэн байгаа. Шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид 39 хүн, 4 хүнийг шүүхэд нэхэмжлэл гаргаад иргэний хэргийн шүүхэд шилжсэн байна. Үлдсэн 22 хүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн байна. 265800000 төгрөгийн нэхэмжлэл гаргачихаад байгаа. Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөд хяналт тавих журам батлагдсан. Энэ журмаараа төсөл сонгон шалгаруулах, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн орон тооны бус хоёр зөвлөл байгуулагдан ажилладаг ба зөвлөл ерөнхий хяналтыг хэрэгжүүлдэг. Дан ганц сумын Засаг дарга хяналт тавина гэсэн зүйл байхгүй. Зээл эргэн төлөгдөөд ороод ирэхээр дараагийн зээлээ санхүүжүүлээд олгоод явж байгаа” гэх мэдүүлэг;

        Аймгийн Засаг даргаас 2016 онд Сайншанд сумын Засаг даргатай байгуулсан төлөөлөн гүйцэтгүүлэх, хамтран ажиллах гэрээний  2.12-т “Сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлвэрлэлийг дэмжих сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллах, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь барагдуулах талаар тусгайлсан төлөвлөгөө гарган ажиллах” гэж заасан байх ба гэрээний энэхүү заалтын дагуу нэхэмжлэгч Бзүгээс зээл төлөх хугацааг хэтрүүлсэн зээлдэгчдийг шүүхийн эвлэрүүлэн зуучлал болон иргэний хэргийн шүүхэд шилжүүлж, шүүхийн шийдвэр гарсаны дараа аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан өр төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах арга хэмжээг авч, зарим зээлдэгчдийн өр төлбөрийг бүрэн барагдуулсан зэргээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ажилласан болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01/1603 дугаар албан бичигт  хавсарган ирүүлсэн “Сум хөгжүүлэх сангийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үйл ажиллагааны тайлангийн тооцоо” , шүүгчийн захирамж гарсан зээлдэгчдийн нэрс , Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1091 дугаар албан бичиг , Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 451 дүгээр албан бичиг , шүүгчийн захирамж гарсан зээлдэгчдийн нэрс , Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд нэхэмжлэл гаргасан нэрсийн жагсаалт , мэдэгдэл /мэдэгдэх хуудас/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

       Дээрхийг бүхэлд нь дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Быг хууль тогтоомж зөрчсөн, санхүүгийн ноцтой зөрчил гаргасан, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлүүд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

         2. Маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн Засаг даргын Б/50, Б/51 дүгээр захирамжуудын хууль зүйн үндэслэлийн тухайд

           Хариуцагч нь Б/50 дугаар захирамждаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийг тус тус үндэслэл болгожээ.

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”-д “ Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасан ба энэ нь мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар Сум, дүүргийн хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах юм. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь дээрх бүрэн эрхээ мөн хуулийн 32 дугаар 32.2-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэж зааснаар хэрэгжүүлэхээр байна. Гэтэл хариуцагч нь сумын засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэх талаар тухайн шатны Хуралд хуульд зааснаар хадгалагдаж байгаа онцгой бүрэн эрхэд халдаж, нэхэмжлэгчийн “хууль зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй” гэх үндэслэл тогтоогдоогүй, “сумын засаг даргыг огцруулах” саналыг тухайн шатны Хурлаас ирүүлээгүй байхад хуульд заасан журмыг зөрчин, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэл болгон Быг Сайншанд сумын Засаг даргын үүрэгт ажлаас бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулсан нь хууль бус болжээ.

         Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтууд нь “засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй...” гэх нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн шатны буюу сумын Хурлаас сумын засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны засаг даргад гаргаснаар, уг саналыг дээд шатны Засаг дарга хуульд заасан хугацаанд шийдвэрлэснээр хэрэгжих буюу хууль ёсны болох байжээ. Гэтэл тухайн шатны хурал буюу Сайншанд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Быг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах талаар хариуцагч аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн байдал тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгч нь “...сумын Хурлаас намайг “огцруулах үндэслэлгүй, огцруулахгүй” гэсэн тогтоол, саналыг аймгийн Засаг даргад хүргүүлж байсан” гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үгүйсгэн маргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй. Иймээс тухайн шатны хурлаас Быг огцруулахгүй гэсэн саналыг хүргүүлсээр байхад хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй” гэж заасныг мөн зөрчсөн болох нь тогтоогдож байна.

         Маргаан бүхий Б/51 дүгээр “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” захирамжийн тухайд

        Дээр дурдсанчлан хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын нэхэмжлэгч Быг Сайншанд сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан Б/50 захирамж нь хууль бус болох нь тогтоогдсон бөгөөд түүний үр дагавараар гарсан “засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон” Б/51 дүгээр захирамж нь дараах байдлаар хууль зөрчсөн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “ Засаг даргыг чөлөөлсөн огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ” гэж заасан байхад засаг даргын орлогчоор ажиллаж байгаагүй этгээдийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байх ба энэ талаараа “засаг даргыг нөхөн томилсон, хуульд үүрэг гүйцэтгэгчээр томилохоор заагаагүй учир Б/51 дүгээр захирамж нь хуульд нийцсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

         Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан ба хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга нь дээрх маргаан бүхий Б/50, Б/51 дүгээр захирамжуудыг гаргахдаа түүнд хуулиар олгогдсон эрх хэмжээг хэтрүүлэн, хуульд заасан журмыг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Бхөдөлмөрлөх эрх, цаашлаад хуульд зааснаар болон ээлжит сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй байх хуульд заасан бүрэн эрхийн баталгааг буюу хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Б/50, Б/51 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

         2.1. Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/50, Б/51 дүгээр захирамжууд нь нэхэмжлэгч Бэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин болон урьд авч албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь дараах байдлаар хангагдах үндэслэлтэй байна.

       Төрийн албаны тухай хуулийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд...дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12-д “аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга,..” гэж зааснаас үзэхэд Сайншанд сумын Засаг даргын албан тушаал нь “төрийн улс төрийн албан тушаалд” хамаарах ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...олгоно” гэж заасан ба энэхүү хуулийн заалт нь ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд хэрэгжих учиртай. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул энэ хуулийг хэрэглэх боломжгүй байна.

       Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах,..” гэж заасан байгаагаас үзэхэд Бнэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болон түүний урьд авч байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж зэргийг хариуцагчийн буюу захиргааны байгууллагын буруутай, хууль бус үйл ажиллагаа улмаар хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

         Нэхэмжлэгч нь “орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулж Сайншанд сумын засаг даргыг томилсон” гэх үндэслэлээр ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзсан ба Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 09-ний өдрийн Б/89 дүгээр захирамжаар Сайншанд сумын засаг даргыг томилсон байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг /2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс дараагийн засаг даргыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл/ нийт 02 сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, БСайншанд сумын Засаг даргаар ажиллаж байсан үеийн цалингийн тооцооны картыг  үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн Сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2-т “Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл ...” гэж, мөн журмын 7-ийн “а”-д “... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” тодорхойлохоор заасны дагуу тооцоолон нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт хугацаа 02 сар 08 хоног дундаж цалинтай тэнцэх олговор нийт 3516.076 /гурван сая таван зуун арван зургаан мянга далан зургаан/ төгрөгийг;

         мөн нэхэмжлэгч нь “урьд эрхэлж байсан албан тушаалын 6 сарын хугацааны цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг гаргуулах” шаардлагын үндэслэлээ “...хууль бусаар халагдсан, хэрвээ ажлаа хийгээд сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн бол 6 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг авах ёстой” гэж тайлбарлаж байх ба түүнийг хууль бусаар огцруулсан нь дээр дурдсанчлан тогтоогдсон тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “... бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасныг үндэслэн Бурьд авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг түүний Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байх үеийн цалингийн картыг үндэслэн тооцоолж (1 сарын дундаж цалин болох 1085859 төгрөгийг * 6 сар=6515.154) нийт 6515.154 /зургаан сая таван зуун арван таван мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийг тус тус хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

     Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1.-ийн “г”, 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.2, 32.7, 32.8, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны Ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Бнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Засаг даргыг үүрэгт ажлаас огцруулах тухай” Б/50, “Үүрэг гүйцэтгэгч томилох тухай” Б/51 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Бажилгүй байсан хугацааны цалин 3516.076 /гурван сая таван зуун арван зургаан мянга далан зургаан/ төгрөг, урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 6515.154 /зургаан сая таван зуун арван таван мянга нэг зуун тавин дөрвөн/ төгрөгийг тус тус Дорноговь аймгийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Засаг даргад холбогдох “урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн томилуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Бтатгалзлыг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон түүнийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийн хэсэгт гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

        4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг Даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОТГОНТУЯА