Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2017/00414

 

 “Энич Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар магадлалтай,

         “Энич Финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

         Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарт холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 45.658.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

         Хариуцагч Н.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулган, хариуцагч Н.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, түүний өмгөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулганы гаргасан тайлбарт: “Иргэн Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нар нь тус ББСБ-тай 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13/10 тоот зээлийн гэрээг байгуулж, 20 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 00041506 тоот гэрчилгээний дугаартай, Г-2201010615 тоот улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 106 дугаар гудамжны 06 тоот хувийн өмчлөлийн газрыг барьцаалж, Зээлийн барьцааны гэрээг байгуулсан байдаг. Гэтэл дээрх иргэд нь зээл авснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүй бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр бид танаас авсан зээлийн мөнгөөр байшингаа барьчихсан, уг барьсан байшиндаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах шаардлагатай байгаа тул газрын гэрчилгээг түр хугацаагаар өгнө үү гэсэн хүсэлтийг гарган, ББСБ-ын ажилтнаас гэрчилгээгээ авч яваад өнөөг хүртэл буцаан өгөөгүй. Байгууллагын зүгээс удаа дараа зээл, зээлийн хүүгээ төлөхийг шаардсан, барьцааны газрын гэрчилгээг буцаан өгөхийг шаардсан мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч зээлдэгчид нь элдэв шалтаг гаргасаар 6 жил болж байна. Зээлдэгч Г.Чинтөр нарын авсан зээл нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, хүү 21 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 686 000 төгрөг, нийт 45 658 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн хоёр зээлдэгч нь гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд хувийн эзэмшлийн газар дээрээ амины орон сууц барина гэдэг үндэслэлээр зээл авсан. Тэр зориулалтаар нь зээл олгосон. Зээл олгосноос хойш тухайн хоёр иргэнд зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх талаар нэхэмжлэгч байгууллагаас хэд хэдэн албан шаардлагыг амаар болон бичгээр хүргүүлсэн боловч хариуцагч нар авсан зээлийнхээ өрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Зээлийг авч хариуцагч нар орон сууцаа барьж гэрчилгээ нь хариуцагч нарын нэр дээр гарсан учир зээл авсан зорилго нь биелэгдсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүү 21 972 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 686 000 төгрөг болсон. Зээлийн үндсэн төлбөр дээр эдгээрийг нэмээд нийт 45 658 000 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Хариуцагч нарын байр суурь хоорондоо зөрчилдөж байгаа. Хариуцагч Г.Чинтөрийн хувьд уг зээлийг орон сууц барихад зориулж авсан нь үнэн гэсэн тайлбар өгдөг бол хариуцагч Н.Дуламсүрэнгийн төлөөлөгч зээл аваагүй, зээлийг Г.Чинтөр авч хэрэглэсэн гэсэн тайлбар өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад зээл авсан нь хангалттай нотлогдож байгаа. Хамгийн чухал баримт нь Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарын гэрлэлт цуцлалтын асуудлыг шийдвэрлэсэн 2015 оны шүүхийн шийдвэр юм. Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Н.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэгт “... Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 102 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах 213 м.кв талбайтай 2 давхар хувийн орон сууц, гараашийг 2010 онд 20 000 000 төгрөгийг зээлж барьсан...” гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээс харахад Н.Дуламсүрэн нь хувийн хэрэгцээндээ зориулаад Г.Чинтөртэй хамт амьдрах хугацаандаа уг хувийн орон сууцыг “Энич Финанс ББСБ” ХХК-иас олгосон зээлийн хөрөнгөөр барьсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагч Г.Чинтөрийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие нь Н.Дуламсүрэнтэй анх 2008 онд танилцаж, улмаар гэр бүл болж хамтран амьдарсан юм. Ийнхүү хамтран амьдрах болсноор бид өөрийн гэсэн гэр оронтой болъё гэж шийдээд 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр "Энич Финанс ББСБ” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авч, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 102 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах 215 м.кв талбайтай 2 давхар хувийн сууц, гараашийг барьсан юм. Бид энэ зээлээс өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа нь үнэн юм. Тухайн үед зээлийн зохих хэсгийг төлөх мөнгө байсан боловч Н.Дуламсүрэн надад уурласаар байгаад 2012 онд 19 000 000 төгрөгөөр “Хариер" маркийн машин худалдан авч байсан. Үүнээс хойш зээлийг төлөх хэмжээний орлого байхгүй болсон учраас зээлээр барьсан байшингаа зарж зээлийн төлөхөөр оролдсон буюу зар тавьж, зуучлалын компанид хандаж байсан боловч хашаа байшин зарагдаагүй учир өнөөдрийг хүртэл зээлээ төлж чадаагүй байгаа юм. Мөн үүнээс хойш Н.Дуламсүрэн бид хоёр хувийн тохиромжгүй харьцааны улмаас гэр бүлээ цуцлуулах болж, 2015 онд шүүхээр орсон юм. Шүүх 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрээ гаргасан бөгөөд Г.Чинтөр, Н.Дуламсүрэн бид хоёрын сууц, гараашийг 30 000 000 төгрөгөөр үнэлсэн байдаг бөгөөд энэхүү хөрөнгийг Н.Дуламсүрэнгийн өмчлөлд үлдээж, түүнээс 10 000 000 төгрөгийг гаргаж надад олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Н.Дуламсүрэн нь шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа юм. Шүүх шийдвэрээ гаргахдаа зээлээр барьсан хувийн сууц, гараашийн гуравны нэг буюу 33.3 хувь нь надад оногдох ёстой гэж үзсэн байдаг. Иймээс би зээлийн мөнгөөр барьсан сууц, гараашийн хувьд өөрийн өмчлөх эрхтэй хэмжээнд буюу 33 хувийн хэмжээнд банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хариуцах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 15.204.114 төгрөгийн зээлийг хариуцаж төлөх боломжтой бөгөөд үлдсэн хэсгийг Н.Дуламсүрэн төлөх ёстой. Мөн өөрийн хариуцах зээлээс 5 204 114 төгрөгийг 5 сарын дотор хувааж төлөх бол, үлдсэнийг Н.Дуламсүрэн нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүрэг болох 10 000 000 төгрөгөө өгсөн даруй гүйцэтгэх саналтай байна. Газрын гэрчилгээ буцааж авсны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахын тулд банк бус санхүүгийн байгууллагаас авсан. Ийнхүү гэрчилгээгээ авчихаад дараа нь ахуйн шаардлагаар Хас банкнаас 10 000 000 төгрөг авсан. Гэрлэлт цуцлах үед 10 000 000 төгрөгийн үлдэгдлийг 3 хүнд адил хувааж хариуцуулсан. Тиймээс энэ 20 000 000 төгрөгийг мөн адил 3 хүнд адил тэнцүү хувааж хариуцуулмаар байна. Зээлсэн мөнгийг намайг хувьдаа хэрэглэсэн гэж Н.Дуламсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Мөн орон сууц барьсан мөнгийг Н.Дуламсүрэнгийн хамаатан садангаас авсан гэдэг. Гэтэл тухайн үед Н.Дуламсүрэнгийн хамаатан садан гээд байх хүмүүс байгаагүй, төрсөн эгч нь Япон улсад, ганц дүү нь цагдаагийн албан хаагч, цалингаас цалингийн хооронд амьдардаг байсан. 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж авсан хугацаа, байшин барьсан хугацаа хоёрыг харахад цаг хугацааны хувьд ч таарч байгаа.” гэжээ.

             Хариуцагч Н.Дуламсүрэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нарын гаргасан хариу тайлбарт: “Миний бие “Энич Финанс ББСБ” ХХК-иас 20 000 000 төгрөгийн зээл аваагүй. Зээл болон барьцааны гэрээнд Г.Чинтөр болон “Энич Финанс ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Г.Чинтөрийн эгч Г.Чинтуяа хоёрын ятгалга, шахалтаар гарын үсэг зурсан. Учир нь тухайн үед Г.Чинтөр тус банк бус санхүүгийн байгууллагад 2006 оны 3 дугаар сарын 01-ний 01/06 тоот тушаалаар аудиторын туслах албан тушаал дээр ажиллаж байсан. Намайг нэг гэрээнд гарын үсэг зураад өг, хэрэгтэй байна гээд байсан. Г.Чинтуяагийн хувьд ч ажилд ороод удаагүй, гэрлэлтээ батлуулаагүй байхад төрсөн дүүгээсээ зайлуулан миний нэр дээр зээл болон барьцааны гэрээг хийсэн. Уг гэрээнүүд албан ёсоор нотариатаар батлуулаагүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй. Мөн барьцаалж байсан газар нь Д.Гүрсүрэн гэсэн хамтран өмчлөгчтэй байсаар байтал зүгээрээ чи гарын үсэг зурчих гэсэн. Би 20 000 000 төгрөг аваагүй, зарцуулалт ч хийгээгүй.  Барьцаалсан гэх газарт барьсан орон сууцыг Н.Дуламсүрэнгийн хамаатан садангаас авсан зээлээр барьсан бөгөөд одоо хүртэл энэ зээлээ төлөөд явж байгаа. 20 000 000 төгрөг зээлсэн цаг хугацаа нь байшин барьсан хугацаатай таардаг гэж Г.Чинтөр яриад байгаа боловч шүүхийн шийдвэр гарсны дараа Г.Чинтөр өөрөө ийм байдлаар тааруулсан байна. Г.Чинтөр өөрөө 20 000 000 төгрөгөө хариуцах ёстой гэж бодож байна. Энэ 20 000 000 төгрөгөөр орон сууц барьсан гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. Хэрэгт авагдсан баримтаар бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримтуудын хоёр дээр нь Н.Дуламсүрэнгийн гарын үсэг зурагдсан, мөн давхардаад Г.Чинтөр гарын үсэг зурсан байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч тал хоёр хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхойлж тайлбарлаж чадахгүй байгаа. Н.Дуламсүрэнгийн хувьд огт мөнгө аваагүй гэдэг бол Г.Чинтөр нь 20 000 000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, төлнө гэж мэдүүлсэн. Хэдийгээр өөрөө бүгдийг нь төлнө гэдэггүй боловч төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрдөг. Г.Чинтөр энэ мөнгийг авчихсан учраас ийм тайлбар өгч байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас Н.Дуламсүрэнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45 526 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 132 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391 240 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч нараас 385 580 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагч Н.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “...22.763.000 төгрөгийг Н.Дуламсүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна. Н.Дуламсүрэн миний бие “Энич Финанс ББСБ” ХХК-иас 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж аваагүй юм. Учир нь тухайн үед нөхөр болох Г.Чинтөр нь тухайн банк бус санхүүгийн байгууллагад аудиторын туслахаар ажиллаж байсан. Түүнчлэн тухайн ББСБ-ын хувьцаа эзэмшигч нь нөхрийн эгч Г.Чинтуяа байсан бөгөөд тэдгээрийн хүсэлтээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Н.Дуламсүрэн миний бие “Энич Финанс ББСБ” ХХК-иас ирсэн 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн М03/13 дугаар мэдэгдэл, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн М04/15 дугаар мэдэгдлийн талаар огт мэдээгүй бөгөөд эдгээр мэдэгдлийг Г.Чинтөр, Г.Чинтуяа нар үгсэн тохиролцож нэг нь мэдэгдэл явуулж нөгөө нь тухайн мэдэгдлийг хүлээн авсан мэтээр хуурамчаар үйлдсэн гэж үзэж байна. Түүнчлэн “Энич Финанс ББСБ” ХХК нь Н.Дуламсүрэн надаас зээлийн гэрээний дагуу мөнгө авах байсан бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Хуулиар тогтоосон хугацааны дотор “Энич Финанс ББСБ” ХХК-иас эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Дуламсүрэн намайг зээлийн гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан гэж үзээд зээлийг эргэн төлүүлэхээр шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь шүүх шийдвэрээ гаргахдаа “Энич Финанс ББСБ” ХХК-иас ирсэн 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн М03/13 дугаар мэдэгдлийг үндэслэл болгосон. Дээрх мэдэгдлийг үндэслэл болгож байгаа бол тухайн мэдэгдэлд дурдсанаар нэхэмжлэлийн үндэслэл болоод буй зээлийн гэрээ нь 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “Энич Финанс ББСБ” ХХК-ийн саналаар цуцлагдсан байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нэг талын санаачлагаар цуцлагдсан, дуусгавар болсон гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар магадлалд өөрчлөлт оруулж Н.Дуламсүрэнгээс 22.763.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

         Нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ" ХХК нь хариуцагч Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45 658 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Н.Дуламсүрэн эс зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгчээс зээл аваагүй, барьсан байшин нь зээлийн хөрөнгөөр баригдаагүй гэж маргасан бол хариуцагч Г.Чинтөр нь “...Н.Дуламсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын хөрөнгөө хуваарилсан учир зээлийн гэрээний үүргийг мөн адил хэмжээгээр хариуцна” гэжээ.

       Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Энич Финанс ББСБ" ХХК болон Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нарын хооронд 2010 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 13/10 зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нар 20 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай, хугацаа хэтрүүлбэл сарын 0.3 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийгдсэн, зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Н.Дуламсүрэнгийн нэхэмжлэгч байгууллагад хандаж гаргасан өргөдөл, кассын зарлагын ордер зэрэг баримтуудаар дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч “Энич Финанс ББСБ" ХХК  нь хариуцагч нарт 3 удаагийн олголтоор нийт 20 000 000 төгрөгийг олгосон нь нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “Энич Финанс ББСБ" ХХК нь хариуцагч Н.Дуламсүрэн, Г.Чинтөр нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

       Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 102 дугаар гудамжны 06 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан боловч хариуцагчийн хүсэлтээр барьцаанаас чөлөөлсөн байна.  

        Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч нарт 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зээлээ төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж, хариуцагч нар “нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх” талаар хариу хүсэлт гаргаж байсан бичгийн баримтууд хэрэгт авагдсан байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1  болон мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

        Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгч байгууллагын зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуульд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгохтой холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/05558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 217 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Н.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.      

2. Хариуцагч Н.Дуламсүрэнгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271.765 /хоёр зуун далан нэгэн мянга долоон зуун жаран тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Х.СОНИНБАЯР

                                                ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН