Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

           Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

            Шүүгдэгч Х.Жанчив, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

            Шүүгдэгч Ш.Давгадорж, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

            Хохирогч Ч.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онолт овогт Хашбатын Жанчив, Боржигон овогт Шийлэгбатын Давгадорж нарт холбогдох эрүүгийн 201625020103 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Ж, Ш.Днар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВВ караокед Ч.Төмөрбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг үйлдэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Жшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 Шүүгдэгч Ш.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

хохирогч Ч.Төмөрбаатарын мэдүүлэг /хх-ийн 11-12, 52, 85, 154, 244, 2хх-ийн 9,10х/, гэрч Ц.Намнансүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 16-17, 88, 155, 159, 245, 2хх-ийн 11х/, гэрч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг /хх-ийн 18-19, 87, 2хх-ийн 12-13, 54х/, гэрч Ч.Алтангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 86, 157х/, гэрч Ц.Алтан-Одын мэдүүлэг /хх-ийн 89, 160х/, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 399 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22х/, яллагдагч Ш.Давгадоржийн мэдүүлэг /хх-ийн 55, 88, 248, 2хх-ийн 43х/, яллагдагч Х.Жанчивын мэдүүлэг /хх-ийн 30-31, 87, 250, 2хх-ийн 46х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 161-165/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Жанчив, Ш.Днарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

НЭГ: Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай:

Шүүгдэгч Х.Ж, Ш.Днар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВВ караокед Ч.Төмөрбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг үйлдэхдээ нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Х.Жанчив, Ш.Днарын үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөгдөж байх үед үйлдэгдсэн байхад прокуророос шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл буюу “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэх зүйл ангид зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин прокуророос шүүгдэгч Х.Жанчив, Ш.Днарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

ХОЁР: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Ж, Ш.Днар нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВВ караокед Ч.Төмөрбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

хохирогч Ч.Төмөрбаатарын “2015 оны 12 дугаар сарын 18-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 5 дугаар байрны хажууд байрлах ВВ караокед Давгадорж хүрээд ир гээд дуудахаар нь очсон тэгээд би караокены гадна очсон чинь Давгадорж эхнэрийнхээ хамтаар гарч ирээд эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ алгадсан. Тэгэхээр нь би эхнэрийг нь өмөөрч Давгадоржтой муудалцаад караоке руу ороод дотор нь Давгадоржтой зодолдсон тэгсэн хажуунаас Жанчив орж ирээд намайг цохиж нүүр рүү өшиглөсөн ба газар унасан байсан ба тэнд манай ах намайг салгаад гэрлүү хүргэж өгсөн...”,”...Жанчив, Давгадорж 2 миний цээж нүүрний хэсэгрүү өшиглөж цохьсон юм...”,”...эмчилгээний зардал 1.800.000 төгрөгийн баримт хэрэгт хавсаргамаар байна. Өмнө би 1.400.000 төгрөгийг өгсөн байсан. Одоо нийт 3.200.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 52, 85, 154, 244, 2хх-ийн 9,10х/,

Гэрч Ц.Намнансүрэнгийн “2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВВ кароакед 23 цагаас 24 цагийн орчимд “Ширмекс” ХХК-ны ажлын Мандах, Талаасүрэн, түүний эхнэр Нямсүрэн, Алтангэрэл, Жанчив, Дагвадорж, түүний эхнэр Гэрлээ, манай найз охин Насанжаргал нарын хамтаар үйлчлүүлж байгаад тарахаар болоод 03 цаг дөхөж байсан Талаасүрэн эхнэр Мандах нар түрүүлээд явсан байсан тэгээд би караокены өрөөнд найз охин Насанжаргал, Алтангэрэл, Жанчив бид 4 сууж байгаад Жанчив гараад төд удалгүй Давгадоржийн эхнэр Гэрлээ өрөөнд орж ирээд Алтангэрэл рүү яахаараа чиний дүү намайг цохидог юм бэ? гэж хэлэхэд нь юу болов гээд бид 3 гараад очсон чинь Төмөрбаатар, Жанчив нар нэг нэгнийхээ доор гарсан байдалтай хэвтэж, хажууд нь Давгадорж зогсож байсан, Тэгээд би Төмөрбаатарыг салгаад аваад гарсан, Алтангэрэл Жанчивийг аваад таксинд суулгаж явуулаад дүү Төмөрбаатарыг аваад явсан...хэрэг гардаг өдрийн маргааш буюу 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төмөрбаатар над руу яриад хөгтэй юм болсон байна. Жанчивтай ярих гэсэн юм гээд ярьж байсан. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажил дээрээ уулзахад Давгадорж эхнэртэйгээ караокенаас гараад явах гэж байхад Төмөрбаатартай тааралдаад Төмөрбаатар Давгадоржийн эхнэр Гэрлээг алгадах үед нь Давгадорж Төмөрбаатарыг тэвэрч аваад 2 удаа мөргөсөн тэгээд доор нь орж зодуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17, 88, 155, 159, 245, 2хх-ийн 11х/,

Гэрч Б.Гэрэлмаагийн ”...2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ВВ караокед 23 цагийн орчим “Ширмекс” ХХК-ний шинэ жил болоод нөхрийн ажлынхантай орж үйлчлүүлээд 03 цагийн үед би нөхөр Давгадоржтой харих гээд караокенаас гараад үүдэнд нь зогсож байсан чинь цагаан өнгийн машин ирээд зогссон, нэг залуу буусан бид 2 дээр ирснээ та нар юу юм бэ? Ширмексийн гөлөгнүүд Алтангэрэл чинь хаана байна, та нарыг бүгдийг ална гээд орилоод байхаар нь би “чи ер нь хэн бэ?” гэсэн чинь тэгсэн нөгөө залуу чи Давгаагийн эхнэр юм уу? Чи юу гээд хуцаад байгаа тэгж ярих юм бол танай нөхрийг би ажилд оруулж өгсөн шүү гээд тэгэхээр нь би “чи өөрөө хэн юм бэ?” гээд хэлсэн чинь нөхөр миний амыг дараад “дуугүй бай” гэсэн тэгсэн нөхрийг нөгөө залуу цохиж аваад зууралдахаар нь би араас нь тэр залууг өшиглөсөн чинь намайг түлхээд унагахад нь би газар унаж уйлсан, тэгсэн нөхөр Давгадорж “чи эмэгтэй хүн цохилоо” гээд нөгөө залуутай зууралдаад дээр доороо орсон нөхрийг нүдээд байсан. Тэгсэн Төмөрбаатар гэдэг залуу л юм байна лээ. Тэгээд караоке руу орж Төмөрбаатарын ах Алтангэрэлд орж дүү чинь бөөн зодоон хийгээд намайг алгадаад унагаасан гэх хэлэхэд Жанчив надтай зөрж гарахдаа миний найзыг хэн зодчихов гээд гарсан, араас нь Алтангэрэл ах хувцасаа аваад би цуг гарч байсан чинь караокены зөөгч нэг цүнх үлдсэн байна гэхээр нь буцаж өрөө рүү орж цүнхээ аваад эргээд зааланд гараад ирсэн чинь нөхрийн амнаас цус гарсан тэнд байсан хүмүүс тарсан байсан...би Төмөрбаатартай маргалдах үед нөхөр чимээгүй байж бай гээд миний амыг хаагаад байсан, тэрийг харснаа нөхрийг намайг зодсон гэж харсан юм шиг байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 87, 2хх-ийн 12-13, 54х/,

Гэрч Ч.Алтангэрэлийн”...караокены өрөөнд нэг нь орж ирээд Төмөрбаатар ирчихээд бөөн юм болоод байна гэж хэлсэн, тэгэхээр нь би караокены өрөөнөөс гараад очтол тамхины жижиг өрөөнд хүмүүс бужигналдаж байсан, тэгэхээр нь би бүгдийг салгасан ба Төмөрбаатарыг Жанчив, Давгадорж нар нийлэн зодож байсан, тэгээд би салгаад Жанчивыг авч гараад таксинд суулгаад явуулсан, тэгээд хүмүүсээ тараасан ба би Төмөрбаатарыг явч яваад гэрт нь хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86, 157х/,

 Гэрч Ц.Алтан-Одын”...Төмөрбаатар гэх залуу нь буугаад мөнгө аваад ирье гээд орсон ба нөгөө хамт явсан найз нь машинд тасарчихсан унтаж байсан. Тэгээд тэр Төмөрбаатар гэх эрэгтэй гарч ирэхдээ нэг эмэгтэй, залуу 2 хүнтэй гарч ирсэн тэгээд гадаа гарч ирээд Төмөрбаатар нь нэг залуутай юм яриад маргаад байсан ба хажууд нь байсан эмэгтэй Төмөрбаатартай нөгөө залуугаа өмөөрөөд хэрэлдээд маргаад байсан ба тэр эмэгтэй чи яахаараа энэ хүнээс мөнгө авах ёстой юм чиний таксины мөнгийг бэлдэх ёстой юм уу гэх мэтээр маргаад байсан. Тэгж байтал тэр караокеноос Төмөрбаатартай хамт гарч ирсэн залуу хажууд байсан эмэгтэйгээ хажуу талаас нь түлхээд толгойг нь нэг самбарт мөргүүлдчихсэн тэгтэл надтай явсан Төмөрбаатар гэх залуу чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд тэр залууг Төмөрбаатар цохиод авсан тэгээд хоорондоо зодолдсон ба газар унаад босч ирээд тэр караокеруу орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89, 160х/,

 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 399 тоот шинжээчийн дүгнэлтээр:

            1. Төмөрбаатарын биед хамрын нуруу, духанд зулгаралт, баруун зовхины дотор буланд цус хуралт, 2 шүдний хугарал, 2 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид 2 шүд унах нь хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10 хувь алдагдуулна./хх-ийн 22х/,

Яллагдагч Ш.Днь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ”...Төмөрбаатар чи намайг эхнэрээрээ загнуулдаг юм бэ гээд л намайг цохиод авсан тэгээд л бид 2 зодолдсон...надад эмнэлгээр яваад байх ноцтой гэмтэл учраагүй, тэгээд л эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Одоо бол надад ямар нэгэн бэртэл учраагүй...би цээжин хэсэгт нь 2 удаа мөргөсөн...” гэх  /хх-ийн 55, 88, 248, 2хх-ийн 43х/,

Яллагдагч Х.Жнь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сэжигтнээр мэдүүлэхдээ”...би чи яахаараа манай найзыг зодсон юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ? гэхээр нь би Төмөрбаатарын толгой хэсэг рүү цохисон барьцалдаж аваад мөр рүү өшиглөсөн...” гэх /хх-ийн 30-31, 87, 250, 2хх-ийн 46х/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 161-165х/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Х.Жанчив, Ш.Днарын бүлэглэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Төмөрбаатар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох 3.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч Х.Жанчиваас 600.000 төгрөг, Ш.Давгадоржоос 950.000 төлөгдсөн бөгөөд үлдэгдэл 1.650.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Х.Жаас 1.000.000 төгрөг, Ш.Давгадоржоос 650.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Төмөрбаатарт олгох нь зүйтэй байна.

ГУРАВ: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо: “...Хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал яригдаж байгаа учир хэлэх зүйл алга. Хохирол төлбөрийг иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж байхгүй байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчлагдсан байна.

Прокуророос Х.Ж, Ш.Днарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зүйлчилж ирүүлсэн байх ба уг хэрэг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гарсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зоричх эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.”, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

ДӨРӨВ: Бусад асуудлаар.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн прокуророос Х.Жанчив, Ш.Днарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Х.Ж, Ш.Днарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт

 

буруутайд тус тус тооцож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Х.Жаас 1.000.000 төгрөг, Ш.Давгадоржоос 650.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Ч.Төмөрбаатарт олгосугай.

4. Х.Ж, Ш.Днар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Ж, Ш.Днарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ИДЭР