| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 2413000000233 |
| Дугаар | 2025/ДШМ/45 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | М.Парида |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/45
Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, шүүгч Х.Талгат, Б.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн 2413000000233 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор М.Парида, шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Е.Төлеу, хэлмэрч, орчуулагч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ******, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ***********төрсөн, ** настай, эрэгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 хүнтэй, ганц бие, ***********тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 9.2.11, 9.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай С овогт Б.Т- /РД:************/.
2. Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
3. Прокурорын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 214 дүгээр яллах дүгнэлтээр Б.Т-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд:
4.1. Б.Т- гэм буруутай гэж үзэж байна.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолоор:
5.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,
5.2. Шүүгдэгч С овогт Б.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
5.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 13 /арван гурав/ жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
5.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 363 /гурван зуун жаран гурав/ хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцож,
5.6. Шүүгдэгч Б.Т-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
5.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 8 см-ийн эвэр иштэй, ажлын хэсэг 12 см урттай хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгай 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
5.8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
6. Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Е.Төлеу нарын давж заалдах гомдолд:
6.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр ангийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн цагдан хоригдож байгаа Б овогтой Т- болон түүний өмгөөлөгч Т.Бахыт, Е.Төлеу бид уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
6.2. Анхан шатны шүүхээс Б.Т-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Харин уг гэмт хэрэг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гарсан ба 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор, хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт 5 жил, хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, давж заалдах шатны шүүхээс 5 жилийн хорих ялыг хасаж, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоосон юм. Гэтэл прокурорын эсэргүүцлээр Улсын дээд шүүхээр хянагдан анхан шатны шүүхэд буцаагдсан юм.
6.3. Гэтэл тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийг 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан нь хуулиар тогтоосон оногдуулах ялын дээд хязгаараас даруй 5 жилээс дээш санал гаргаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулахаар хандсан юм. Харин шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчмыг болон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг та бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан харгалзан үзээгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл түүнд оногдуулсан ялын хэмжээ, ял эдлүүлэх хорих байгууллагын дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа байдал, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа зэрэгт түүнд оногдуулсан ялын хэмжээ тохироогүй гэж үзэж байна.
6.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад 12-20 жилийн хорих ял оногдуулахаар заасан ба харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алахыг завдсан бол тухайн ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан бөгөөд энэ нь 13 жил 3 сар гэсэн үг юм. Харин шүүхээс хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байх боловч хамгийн дээд хязгаарыг баримталсан нь дээр дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарчимд тохирохгүй байгаа юм. Б.Т- нь бусдыг алах санаатай довтолсон байх боловч түүний үйлдэл төгсөөгүй буюу завдалтаар төгсөж, хохирогчийн амь нас хохироогүй, зөвхөн хүнд хохирол учирсан, одоо амьд сэрүүн явж байгаа. Харин төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байсан бол 12 жилээс дээш ял шийтгүүлсэн бол гомдол гаргахгүй байх байсан.
6.5. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/187 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, Б Т-т оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү.
7. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
7.1. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэр шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэх агуулгаар гомдол гаргасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Шүүгдэгч Б.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзсан үзсэн. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
7.2. Шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлын хувьд 2010 оны 12 дугаар сарын 16-ны өдөр энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 9.2.11, 9.2.15 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хорих ял оногдуулсан. Энэ гэмт хэргийн болсон үйл явдлын талаар хавтаст хэрэгт нэг бүрчлэн нотлох баримтууд цугларсан, мөн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
7.3. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг шүүхээс харгалзаж үзэж, түүнд 13 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэр гарсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасан. Б.Т-т үйлдсэн гэмт хэргийн хорих ялын санкцын дээд хэмжээ нь 20 жил байна. 20 жилийн гуравны хоёр нь 13 жил 3 сар болж байна.
7.4. Харин анхан шатны шүүх 3 сарыг хасаад, 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Е.Төлеу нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.
9. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
10. Шүүгдэгч Б.Т- нь согтуурсан үедээ 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 06 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийн өвлийн байшингийн цонхыг хагалж ороод хутга барьж дайрахад тэрээр байшингаас гараад зугтах үед араас нь хөөж очоод хашаан дотор түүний хэвлий тус газарт хоёр удаа, ар нурууны дал орчим хэсэгт нэг удаа хутгалж, бие махбодын зовуурь үүсгэж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, хүнийг алахыг завдсан үйл баримт нь:
-Иргэн Б.Б-аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,
-Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
-8 см-ийн эвэр иштэй, ажлын хэсэг 12 см урттай, хутга 1 ширхэг, саарал өнгийн саравчтай, саравчны дээд хэсэгт “Nike” гэх бичигтэй малгай 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,
-Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21, 23-24, 110-111, 229 дэх тал/,
- Гэрч О.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
- Гэрч Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-41 дэх тал/,
- Насанд хүрээгүй гэрч Т.А-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-46 дахь тал/,
- шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч ажилтай К.Хайратын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 487 дугаартай “1. Иргэн Б.Б-ийн биед хутганы шарх, зүүн далны хэсэгт цээжний хөндийд нэвтэрч, зүүн уушгины хатгагдсан шарх, хэвлийн зүүн талд хөндлөн байрлалтай 2 ширхэг хатгагдсан шархтай, зүүн уушги шалчийсан, зүүн уушигны пневмоторокс (цус хуралттай), гидроторокс (шингэн хуралттай) гэмтлүүд тогтоогдлоо. 2. Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд нь 3 удаагийн ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь 1-7 хоногтой үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Иргэн Б.Б-ийн биед үүссэн гэмтлүүд хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад удаан нөлөөлөх болно. 5. Иргэн Б.Б-ийн дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
- Иргэн Б.Т-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 59-61 дэх тал/,
- Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогджээ.
11. Шүүгдэгч Б.Т- нь тухайн цаг хугацаанд согтуурсан үедээ гэрлэлтээ цуцлуулсан эхнэр болох Б.Б-ийг алахаар шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч шүүгдэгч Б.Т-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу хохирогч амь тэмцэн хашаанд орж ирэх, улмаар хөрш нь хаалгыг хааж түгжих үед гэмт этгээд хашааны гадна үлдсэнээр түүний үйлдэл нь таслан зогсоогдсоны улмаас гэмт хэрэг туйлдаа хүрч, төгсөөгүй байх бөгөөд шүүгдэгч Б.Т- нь гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Б.Б-ийг зэвсэг буюу хутгаар 3 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, “чамайг алах гэж ирлээ” гэж шөнийн цагаар, үүрийн 6 цаг 30 минутын үед хохирогчийн байшингийн цонхыг эвдэн, дотогш нэвтэрч, хохирогч руу байшин дотор довтлох, улмаар гэрээс зугтаж гарах үед хашаан дотор 3 удаа хутгалах зэргээр түүний амь насыг хохирооход чиглэсэн үйлдлүүдийг хийж, хүнийг алах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн дээрх үйлдлүүдийг санаатай хийсэн боловч Б.Т-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй буюу хүнийг алахыг завдсан үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Б.Т- нь хохирогчтой урьд өмнө гэр бүлийн харилцаатай байсан, гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд хохирогчтой өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан нөхцөл байдлыг далимдуулан, урьд өмнө гэр бүлийн харилцаатай байсан гэх сэдэлт, зорилгоор хохирогчийн орон байранд шөнийн цагаар, хууль бусаар, цонхыг нь зориуд эвдэн орж, дотогш нэвтэрч, амь насанд нь гэм хор учруулахыг завдсан, эрүүл мэндэд нь гэм хор учруулсан байх тул түүний уг үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн байна.
12. Б.Т-ийн дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг анхан шатны шүүхээс “хүнийг алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн үхлийг урьдаас хүсэж, амь насыг нь хөнөөх санаа зорилго агуулж үйлддэг бол хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгддэг, эдгээр хэргүүд нэг удаагийн үйлдэлтэй нийлмэл гэмт хэргээр зүйлчлэгдэх хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэж, шүүгдэгч Б.Т-ийн дэрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алахыг завдах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмуудад тус тус нийцжээ.
13. Шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Б.Т-ийг хүнийг алахыг завдах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийжээ.
Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна.
14. Иймд шүүгдэгч Б.Т-ийг шүүхийн шийтгэх тогтоолоор хуульд зааснаар арван гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
15. Шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч Т.Бахыт, Е.Төлеу нарын “...түүнд оногдуулсан ялын хэмжээ, ял эдлүүлэх хорих байгууллагын дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж байгаа байдал, чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгаа зэрэгт тохироогүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад 12-20 жилийн хорих ял оногдуулахаар заасан ба харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүн алахыг завдсан бол тухайн ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан бөгөөд энэ нь 13 жил 3 сар гэсэн үг юм. Харин шүүхээс хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан байх боловч хамгийн дээд хязгаарыг баримталсан нь тохирохгүй байгаа юм. Б.Т- нь бусдыг алахаар санаатай довтолсон байх боловч түүний үйлдэл төгсөөгүй, хохирогчийн амь нас хохироогүй, зөвхөн хүнд хохирол учирсан, одоо амьд сэрүүн явж байгаа. Харин төгс үйлдэгдсэн гэмт хэрэг байсан бол 12 жилээс дээш ял шийтгүүлсэн бол гомдол гаргахгүй байх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4 дэх заалтад өөрчлөлт оруулж, хорих ялын хэмжээг багасгаж, ял эдлэх дэглэмийг бууруулж өгнө үү....” гэх гомдлыг хянан үзэхэд:
15.1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан арван гурван жилийн хугацаагаар хорих ял, түүнийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дэглэм нь гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн тул шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх, дэглэмийг өөрчлөх тухай шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “Б.Т- гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзаж үзсэнийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/187 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч нартай хамт гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК