| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 2513000810185 |
| Дугаар | 2025/ДШМ/46 |
| Огноо | 2025-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/46
Т.Л-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Л-д холбогдох эрүүгийн 2513000810185 дугаартай, 1 хавтастай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.
1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ********* төрсөн, ** настай, эмэгтэй, **** боловсролтой, ********* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ** хүнтэй, ******** хамт ********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Т.Л-, /РД:***********/.
2. Шүүгдэгч Т.Л- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь хариуцаж байсан бүлэгт хүмүүжиж байсан, 3 настай хүүхэд Б.М-г “үгэнд ороогүй, уйлсан” гэх шалтгаанаар нүүр, өгзөг орчим руу нь алгадан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
3. Прокурорын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 154 дүгээр яллах дүгнэлтээр Т.Л-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолоор:
4.1. Шүүгдэгч Х овогт Т.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-д 3 /гурав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
4.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Л-г зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож,
4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Л-д мэдэгдэж,
4.5. Шүүгдэгч Т.Л- нь гэмт хэргийн хор уршигт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-д 178.950 /нэг зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд 677.153 /зургаан зуун далан долоо мянга нэг зуун тавин гурав/ төгрөг тус тус төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Л-гаас гаргуулах хохирол, хор уршиггүйг мэдэгдэж, шүүгдэгч Т.Л-гийн илүү төлсөн 178.950 /нэг зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Т.Л-д олгож, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-гаас сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдолд:
5.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е- мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрийг дунджаар 5,000,000 төгрөг гэж үзэн энэ хэмжээгээр нэхэмжилж байна. Үнэн хэрэгтээ уг хохирлыг 3,300,000-8,900,000 төгрөгийн хооронд тооцож болох ч би Т.Л-г жирэмсэн эмэгтэй гэдгийг харгалзан, хүндэтгэн дундаж дүнгээр нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг, шүүгдэгч Т.Л- шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирол нөхөн төлөөхөө илэрхийлж байна" гэсэн тайлбарыг, улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчээс 5,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг, хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгөхийн хүсэж байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч эдгээр сэтгэл санааны хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. Бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын талаар талууд гагцхүү маргаж байгаа тохиолдолд хохирол учирсан эсэх, хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтад үндэслэж шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхийг шүүгдэгч, хохирогч нарын тохиролцоо буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд үндэслэж тогтоож болдог. Энэ тохиолдолд, шүүгдэгч Т.Л- болон түүний өмгөөлөгчөөс ямар нэгэн маргаан гаргалгүй хүлээн зөвшөөрч, уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж санал дүгнэлт гаргасан байхад шүүх шүүгдэгч Т.Л-гаас сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг “нотлох баримтгүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ” гэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ гэж дүгнэж байна. ИЙмд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар зүйлд шүүгдэгч Т.Л-гаас бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-д өгнө үү.
6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт:
6.1. Шүүх хуралдааны явцад маргаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжилсэн, шүүгдэгч шүүхийн шийдвэр гарвал төлөхөө илэрхийлсэн. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоохын тулд Ховд аймаг руу явах шаардлагагүй, дүгнэлт гаргуулахгүй гэдгийг мэдэгдсэн болохоор дүгнэлт гараагүй, нотлох баримт байхгүй гэж үзэж анхан шатны шүүх шийдвэрлээгүй. Сэтгэл санааны хохирол хэрхэн, яаж шийдвэрлэх талаар хууль хэрэглээний хувьд нэгдмэл ойлголт бий болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч жич баримтыг бүрдүүлж, энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж авах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлээж, хохирогчийн хуль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ТОДОРХОЙЛОХ нь:
7. Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Шүүгдэгч Т.Л- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Хүүхдийн 5 дугаар цэцэрлэгт бага бүлгийн багшаар ажиллаж байхдаа 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өөрийнх нь хариуцаж байсан бүлэгт хүмүүжиж байсан, 3 настай хүүхэд Б.М-г “үгэнд ороогүй, уйлсан” гэх шалтгаанаар нүүр, өгзөг орчим руу нь алгадан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн, хөтөлбөргүй тогтоогджээ.
9. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Т.Л- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч Т.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
11. Шүүгдэгч Т.Л-гийн дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, мөн зүйлд зааснаар шүүгдэгч Т.Л-г гурван сар арван таван хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн “...бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Л- болон түүний өмгөөлөгчөөс ямар нэгэн маргаан гаргалгүй хүлээн зөвшөөрч, уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж санал дүгнэлт гаргасан байхад шүүх иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, шүүгдэгч Т.Л-гаас бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-д олгож өгнө үү.” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
13. 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-гаас бага насны хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Л- болон түүний өмгөөлөгч нар ямар нэгэн маргаан гаргалгүйгээр, сайн дураараа хүлээн зөвшөөрч, уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь тухайн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх “...насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л-гаас сэтгэцэд учирсан хохиролд таван сая төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг “нотлох баримтгүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байна. Гэтэл насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцийн хор уршигт нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-гийн сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч Т.Л- нь сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ямар нэгэн маргаан гаргаагүй, шүүх хуралдаанд төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 5,000,000 төгрөг хэмжээн тодорхойлж, тухайн шаардлагыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар гаргасан хохирогч талын гомдлыг шүүгдэгч эсэргүүцээгүй тохиолдолд талуудын диспозитив зарчим үйлчлэх бөгөөд талуудын энэхүү байр суурь хэвээр үргэлжлэх тохиолдолд тухайн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт нийцээгүй байна.
14. Шүүгдэгч Т.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон буюу анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангасан, харин хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой буюу гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар түүний хууль ёсны төлөөлөгчөөс шаардсан мөнгөн хөрөнгийг буюу иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, сайн дураараа төлөхийг илэрхийлсэн тохиолдолд “хэргийн бодит байдлыг тогтоох” эрүүгийн процессын зарчимд хөтлөгдөн бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчээр тогтоолгохын тулд тухайн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэсэг иргэний процесс дэх мэтгэлцэх болон диспозитив зарчим, мөн шүүх хөндлөнгийн байх зарчмуудад тус тус нийцээгүй байна.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгана гэж заасан, тус мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь иргэний нэхэмжлэлийн дүн хохирогч бага насны хүүхдийн дээд эрх ашгийг илтэд зөрчөөгүй, дунджийг баримталсан байх ба иргэний эрх зүй дэх материаллаг шаардах эрхийн үндэслэлээс үүдэлтэй тухайн мөнгөн хөрөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх өөрийн бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж, шаардсаныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд мэтгэлцэх болон талуудын зарчим хэрэгжих тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих, жич нэхэмжлэл гаргах замаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шаардах талаар заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэсэг бага насны хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус гэмт хэргийн хувьд хүүхдийн дээд эрх ашигт нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Нөгөө талаар, Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан нь талууд тухайн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар ялгаатай байр суурьтай, гэм буруугийн болон хохирол, хор уршгийн талаар харилцан маргаантай тохиолдолд хэрэгжих нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
15. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад шүүгдэгч Т.Л- сайн дураараа төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул түүнээс гаргуулахаар өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 5 дахь заалтыг:
“Шүүгдэгч Т.Л- нь гэмт хэргийн хор уршигт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-д 178.950 /нэг зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд 677.153 /зургаан зуун далан долоо мянга нэг зуун тавин гурав/ төгрөг тус тус төлж барагдуулсныг тэмдэглэж,
шүүгдэгч Т.Л-гийн илүү төлсөн 178.950 /нэг зуун далан найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот данснаас буцаан гаргуулж, шүүгдэгч Т.Л-д олгож,
Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Т.Л-гаас гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-д олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр нь үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Е-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ