| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0356/Э |
| Дугаар | 369 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Халиун |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Э.Халиун,
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Сартуул овогт Н.Сд холбогдох эрүүгийн 1809012520341 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Н.Снь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Соёмбо” төвийн караокены гадаа хохирогч Б.Эрдэнэбаатарыг “хүү Пүрэвсүрэнг цохисон” гэх шалтгааны улмаас зодож, түүний биед уруулд няцарсан шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, хүзүү, сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Эрдэнэбаатарын мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3479 дугаартай дүгнэлт /хх-18/, хохирогч Б.Эрдэнэбаатар, шүүгдэгч Н.Снараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-52, 57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-23-27, 56/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь шүүгдэгч Н.Снь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Соёмбо” төвийн караокены гадаа хохирогч Б.Эрдэнэбаатарыг “хүү Пүрэвсүрэнг цохисон” гэх шалтгааны улмаас зодож, түүний биед уруулд няцарсан шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, хүзүү, сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь, Н.Самбуугийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...хүүхдээ өмөөрөөд үл таних залуугийн нүүрэн тус газар руу 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-3/, хохирогч Б.Эрдэнэбаатар 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ “...Пүүжээгийн аав Самбуу гэх хүн над дээр ирснээ миний тархи, толгой руу, нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Пүрэвцэрэнгийн “...манай аав Самбуу нь “чи миний хүүхдийг яагаад цохиод байгаан” гэж хэлээд Эрдэнэбаатарын нүүр рүү 2-3 удаа гараараа цохиод авсан юм...” гэх мэдүүлэг /хх-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №3479 дүгээр шинжээчийн дүгнэлтээр “...Б.Эрдэнэбаатарын биед биед уруулд няцарсан шарх, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, хүзүү, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /хх-18/, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд /хх-35-44/, эд зүйл хураан авсан тэмдэглэл “...нийт 1.000.000 төгрөг...” /хх-48/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-49-50/, хохирогч Б.Эрдэнэбаатар нь Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “хохирлын мөнгөө төлүүлсэн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн шийдэж өгнө үү, Самбуутай эвлэрсэн…” гэх /хх-52/, шүүгдэгч Н.С“...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-57/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Сд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч Н.Сн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар Н.Сд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүх Н.Сд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Снь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Снь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сартуул овогт Н.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Сг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Снь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Снь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Снь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР