| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2109 00000 0869 |
| Дугаар | 2025/ДШМ/1136 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/1136
2025 09 24 2025/ДШМ/1136
Б.Б-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Бат-Оргил,
иргэний нэхэмжлэгч “********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбилэг,
хохирогч ****** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1408 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2109 00000 0869 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овгийн Б-ийн Б-, .........., /РД:......./;
- Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.
Шүүгдэгч Б.Б- нь хувийн байдлыг тодруулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “******” ХХК-ны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус хуурамч бичиг баримтыг ашиглаж, “******” ХХК- иас Ланд круйзер 200 маркийн авто машиныг худалдаж авахдаа ******тай зээлийн гэрээ байгуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэрээгээр халхавчлан ******наас 156.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч их хэмжээний хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон бэлнээр 5.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг “үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 136.824.552 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч “******” ХХК-д 114.464.752 төгрөг, иргэний нэхэмжлэгч “********” ХХК-д 22.359.800 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 3 эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, Наадамчдын гудамж, ***** 327 дугаар байрны 302 тоотод оршин суудаг нь үнэн болно. Миний эцэг болох Т.Б- нь өндөр настай хүн байдаг. Одоогийн байдлаар цус харвасан байнгын хүний асаргаанд байдаг билээ. Миний өөрийн /2109000000869/ дугаартай хавтаст хэргийн материалд “Эмнэлгийн магадлагааг хавсаргасан болно. Мөн өндөр настай ээж минь хамт амьдардаг боловч асарч тойглох чадваргүй байдаг. Түүнээс гадна миний бие эхнэр, бага насны 2 хүүхэдтэй. Эхнэр Г.Г- нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай байнгын эмчийн хяналтад байдаг “системийн” гэх маш ховор төрлийн хүнд өвчтэй байдаг тул эхнэр болон 2 хүүхдэдээ байнгын анхаарал халамж тавих шаардлагатай байдаг. Эхнэр Г.Г-гийн өвчний хяналтын карт болон хөдөлмөрийн чадвар алдагдсан тухай тодорхойлолтыг хавтаст хэрэгт хавсаргасан болно. Б.Б- би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа бөгөөд гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй билээ. Миний бие хохирогч болох “********” ХХК, “******” ХХК-д нийт төлөх 136.824.552 төгрөгийн төлбөрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болох өдрөөс өмнө төлж барагдуулахаа илэрхийлж байна. Иймд миний дээрх ар гэрийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж эрхэм шүүгч нар та бүхнээс хүсэж байна.” гэв.
Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б- прокурорын яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөр болох 10.000.000 төгрөгийг хохирогч Б.С-т төлж барагдуулсан. “********” ХХК-ийн дансанд 22.359.800 төгрөгийг төлсөн. Харин “******” ХХК-д учруулсан 114.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Шүүгдэгч Б.Б- өөрийн эзэмшлийн газрыг, компанийн хамт Б- гэх хүнтэй бартер хийж хоёр өрөө орон сууц 1 ширхэг, нэг өрөө орон сууц 1 ширхгийг тус тус тохиролцож гэрээ байгуулсан. Энэ талаарх нотлох баримтыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Тухайн 2 өрөө орон сууц Б.Б-ын хадам эхийн нэр дээр, мөн Б.Б-ын нэр дээр 1 өрөө орон сууц нь байдаг. Б.Б- хадам эхийнхээ нэр дээр байгаа 2 өрөө орон сууцыг “******”-ийн нэр дээр шилжүүлж хохирол төлбөрийг барагдуулах зорилготой байгаа. Шүүгдэгчийн хадам эх өөрийн эзэмшилд байгаа 2 өрөө орон сууцыг “******”-ийн эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх бичгийн нотлох баримт үйлдэж өгсөн. Уг орон сууц ашиглалтад ороогүй, барилгын ажил явагдаж байгаа 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй баригдаж байна. Б.Б-ын хувийн байдлын тухайд энхэр, 8-15 насны 2 хүүхэд болон өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Эхнэр нь хүнд өвчтэй, тодорхой албан тушаал эрхлэх боломжгүй, Б.Б- аялал зуучлалын компанид жолоочийн ажил хийдэг байсан. Ажлын тодорхойлолтод сарын 1 сая төгрөгийн цалинтай гэх боловч урамшууллын системээр ажилсан нөхцөлд сард дунджаар 3.000.000 орчим төгрөгийн цалинтай Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Иргэний нэхэмжлэгч “********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Б- хохирол төлбөр болох 22.359.800 төгрөгийг “********” ХХК-ийн дансанд шилжүүлсэн учраас гомдол санал байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор “******” ХХК-ийн хохирол төлбөрийг 114.000.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч ****** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш хохирол төлбөр аваагүй. Шүүгдэгч Б.Б-од хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нөхцөлд хохирол төлбөрийн асуудал шийдвэрлэгдэх боломжтой. Иймд шүүгдэгч Б.Б-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ын хохирол төлбөр барагдуулсан, гэм хорын мөн чанарыг харгалзан үзэж ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсанаар “******” ХХК-д хохирол учруулснаас хойш 7 жилийн хугацаанд гэмт хэргийн хохирлыг барагдуулах талаар санал санаачилга гаргаж, барилгын асуудлыг ярьдаг, барилга ашиглалтад орсон нөхцөлд хохирол төлбөр барагдуулах талаарх тайлбарыг гаргаж байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-од холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Шүүгдэгч Б.Б- нь хувийн байдлыг тодруулсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, “******” ХХК-ны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус хуурамч бичиг баримтыг ашиглаж, “******” ХХК- иас Ланд круйзер 200 маркийн авто машиныг худалдаж авахдаа ******тай зээлийн гэрээ байгуулан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон гэрээгээр халхавчлан ******наас 156.000.000 төгрөгийг залилан мэхэлж авч их хэмжээний хохирол учруулсан,
мөн Б.Б- нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.С-ээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон бэлнээр 5.500.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаанд өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогч Б.С-ийн “...бид нар 15.500.000 төгрөгт зарна гэтэл заа гээд манай нөхрийн хамт машинаа аваад гараад явсан. Удалгүй манай нөхөр ирээд Б- машин авч гараад Сайн ломбардад барьцаанд тавиад надад 5.500.000 төгрөг бэлнээр өгчихлөө үлдсэн мөнгөө 5 сарын хугацаанд өгье гэж байна гэсэн. ...би Б-той ***** дугаарын утсаар нь холбогдож "зээлийн гэрээ байгуулъя гээд ТБД андууд дээр Б-той уулзаж нотариатаар орж зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа 10 сая төгрөгийн хүү тооцохоор бодсон байсан тул Б- 4 сарын хугацаанд нийт 1.200.000 төгрөг миний ******* дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. Тэгээд 2020 оны 11 сараас хойш Б- утсаа салгаад ямар ч холбоогүй алга болсон...” 2 хх 17-18, 93-94/,
хохирогчийн төлөөлөгч С.Гантогтохын “...зээлдэгч Б.Б- 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 156.000.000 төгрөгийг 96 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй автомашин худалдан авах зориулалтаар зээл авч зээлийн барьцаанд зээлээр худалдан авсан *******7 арлын дугаартай Ланд Круйзер маркийн авто машиныг барьцаалуулж зээл авсан. Өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 131.608.101 төгрөг, зээлийн хүү 65.346.409,81 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 624.488,83 төгрөг нийт 197.578.997,25 төгрөгийн үлдэгдэлтэй. ...Банкны хувьд дээрх нэр бүхий зээлдэгч нарын зээлийн төлбөрийг “******”, “Таван богд” ХХК-ийн автомашины лизингийн зээлийг судлан олгож “********” ХХК. “Таван богд” ХХК, ****** нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 9001720010004/1587 тоот зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний дагуу “********” ХХК төлөх үүрэгтэй. ...******** ХХК нь дээрх нэр бүхий зээлдэгч нарын төлбөрийг эхний ээлжид гэрээний дагуу банканд төлөх ба дараа нь өөрт учирсан хохирол төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардах хууль зүйн үндэслэлтэй болно...” /хх 16-17/,
иргэний нэхэмжлэгч А.Анармаагийн “...Гэвч иргэн Б. Б- нь өөрийн нэр дээр худалдан авсан **** УБӨ улсын дугаартай автомашинаа зээл авсан даруйд санаатайгаар цааш худалдан борлуулсан байна. "********" ХК нь даатгалын гэрээний дагуу 2018 оны 12 сарын 28-ны өдөр Б.Б-ын зээлийг хэвийн ангилалд оруулах хэмжээнд тооцоолон 22 360 000 төгрөгийн нөхөн төлбөр олгосон. Гэтэл тус зээлдэгч нар нь зээл авсан дариуд барьцаа хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэлгүйгээр, санаатайгаар цааш худалдан борлуулж ашиг олсон үйлдэл гаргасан байна. ...Энэ хэргийн улмаас тус компанид 22,360,000 төгрөгийн хохирол учирсан болно. ...Энэхүү зээлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж /бизнесийн орлого, нийгмийн даатгал, дансны хуулга/ зээл авсан болох нь зээлдэгчийн зээлийн хувийн хэргээс холбогдох улсын бүртгэлийн лавлагаа, дансны хуулга зэргийг шалгахад хуурамч болох нь тогтоогдсон...” /хх 13-14/,
иргэний нэхэмжлэгч Г.Ууганбилэгийн “...Б.Б-ын зээлийн хувьд 22.360.000 төгрөгийн ******анд зээлийн эрсдэлийн дагуу шилжүүлсэн байдаг. Гэхдээ цаашдаа манай байгууллагад энэ хэргийн улмаас ******наас иргэний маргаан үүсгэж иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байгаа. Тэгэхээр манай байгууллагад цаашдаа 197.578.000 төгрөгийн хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. ...манайд учирсан хохирлыг ****** хариуцах ёстой гэж үзэж байна...” /2 хх 166-167/,
гэрч А.Э-ийн “...Танина. Би Б-той 2015 оноос хойш таних болсон. Би 2015 онд зээл хөөцөлдөж байх үедээ "Зээлд зуучилна" гэсэн зарын дагуу Б.Б-той холбогдож танилцаж байсан. Түүнээс хойш Б.Б-той хуурамчаар бичиг баримт хийлгэх болон бусад шалтгаанаар холбогдож, уулздаг байсан. Би уг зээлийг мэдэхгүй. Б.Б- өөрөө л энэ зээлийг авсан байх...” /хх 21, 2 хх 169-170/,
гэрч А.Ж-ы “...Б- ...манай машиныг худалдаж ...авъя гэхлээр нь за гээд бид 2 хамт гараад ТБД андуудын замын хойд талын нотариатаар орж бичиг баримтад дээрээ нотариатын тамга тэмдэг даруулчхаад гараад явж байтал Б- ТБД андуудын замын урд талд байрлах Сайн ломбард руу орж машинаа Ломбардад тавиад надад бэлнээр 5.500.000 төгрөг өгсөн. Тэгээд яаж байгаа юм гэтэл би машинаа ингээд авчихъя тэгээд үлдсэн 10.000.000 төгрөгөө 2020 оны 10 сарын сүүлээр Баянзүрх дүүрэгт захиалсан байр маань ашиглалтад орохоор зарж байгаад мөнгийг нь егье, эсвэл байраа та хоёрын нэр рүү шилжүүлээд өгье гэсэн. Тэгэхээр нь би Б-од итгээд машинаа өгөөд явуулсан...” /2 хх 22/ гэх мэдүүлгүүд,
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201843346891 дугаартай зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн БГ201843346891 барьцааны гэрээ /хх 38-42/,
Б.Б-ын Таван богд групптэй 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 49/,
Б.Б-оос ******анд гарган өгсөн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, **** ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн лавлагаа /хх 59, хх 62, хх 63/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 950 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 119-127/,
Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 229 дугаартай Б- Б- /РД:......../ нь шимтгэл төлсөн мэдээлэл олдсонгүй гэх албан бичиг /хх 147/,
хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 153/,
Б.Б-ын нэр дээрх ******ны ***** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 202-211/,
Тоёота Ланд круйзер 200 маркийн **** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний талаар түүхчилсэн лавлагаа /2 хх 143-144/,
зээлийн гэрээний хуулбар /2 хх 34-35/,
хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн БГ2-22-802 дугаартай. Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл 15.571.325 төгрөг...” гэх дүгнэлт /2 хх 96-97/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “үргэлжилсэн үйлдлээр баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Б- “...ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулдаг.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэж тодорхойлж, харин энэ гэмт хэргийн улмаас бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тухайн хэргийг тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-од 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших хугацаанд шүүгдэгч Б.Б- нь иргэний нэхэмжлэгч “********” ХХК-д 22.359.800 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 121 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1408 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Б- нь иргэний нэхэмжлэгч “********” ХХК-д 22.359.800 /хорин хоёр сая гурван зуун тавин есөн мянга найман зуу/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ