| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00012/И |
| Дугаар | 306/ШШ2026/00072 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 306/ШШ2026/00072
| 2026 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 306/ШШ2026/00072 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Э.Э
Нэхэмжлэлийн шаардлага: - тоот хаягт байрлах 27м2 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
1.1. ...................... тоотод оршин суудаг. Тухайн байр нь манай аав Ц-ын Э ээж Л-ийн Н, Э-ийн Э бид гурвын нэр дээр бичигдсэн байдаг. Тухайн байрыг 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 дугаар тушаалаар цэнхэр гэрчилгээгээр хувьчилсан байдаг. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр -бүртгүүлж шинэ гэрчилгээ авахыг хүссэн боловч тухайн үед 17 дугаар тогтоолыг олж ир гэсэн.
.............. аймгийн Архивын газар тухайн 17 дугаар тогтоолыг 3 хоног хайсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газар хандаад, сүүлд нь Улсын бүртгэлийн Архивын газар хандаж хайгаад тухайн тушаал ерөөсөө олдохгүй байгаа тул харъяа газрынхаа шүүхэд ханд гэж Улсын бүртгэлээс хэлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн байранд манай гэр бүл 1989 оны 08 дугаар сараас одоог хүртэл амьдран сууж байгаа. Манай аав, ээж хоёр тогтмол Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байрлах тухайн байранд амьдарч байгаа. Манай аав болох Ц овогтой Э-г тухайн байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгч Э.Э нь өөрийн төрсөн эцэг болох Ц.Э-г ......................................тоотод байрлах 2 өрөө, 27 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь Ц овогтой Э нь ...........аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоолоор ....................... тоотод байрлах 27 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг дундын эзэмшлийн орон сууцаар өмчлөн авсан тул 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн уг сууцыг өмчлүүлэхээр ............. аймгийн Орон сууц хувьчлах товчооны дарга Ягаан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэсэн цэнхэр гэрчилгээг олгосон байдаг. Гэрчилгээн дээрээ бол 17 дугаар тогтоол гээд биччихсэн байгаа. Тухайн байрыг хувьчилсан орон сууцны өмчлөх эрхээ Улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах тухай өргөдлөө Э-гийн хувьд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан боловч өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр буюу өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг байхгүй байх тул нэхэмжлэлийг харъяа газрын шүүхэд гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн хариуг өгдөг. Улсын бүртгэлээс болохоор Орон сууц хувьчлах товчооны 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар тогтоол дутуу байна гэж үзээд Улсын бүртгэлийн хэлтэс бүртгэхээсээ татгалзсан тухай мэдэгдэл өгсөн байдаг. Мөн Ц.Э нь 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ..........аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасагт дээрх тогтоолын талаар архивын лавлагаа гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийн дагуу Төрийн архивын сан хөмрөг болох өмч хувьчлалын баримтаас шүүлт хийхэд тухайн орон сууцны өмчлөлтэй холбоотой тогтоол, шийдвэр, баримт материал Төрийн архивт шилжиж ирээгүй тул архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байдаг. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/12042 дугаартай албан бичгээр таны өргөдөлд дурдсаны дагуу Орон сууц хувьчлах товчооны 17 дугаартай тогтоол олдохгүй байгаа тул хуульд заасны дагуу харьяалах шүүхэд хандан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосноор өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх нээлттэй гэсэн хариу өгсөн байна. Мөн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаартай Улсын төв архивын тодорхойлолтод Улсын төв архивын сан хөмрөгт Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас баримт шилжиж ирээгүй тул Ц овогтой Э-д холбогдох баримтыг шүүж үзэж лавлагаа гаргах боломжгүй байна гэсэн хариуг мөн өгсөн байна. Энэ 17 дугаар тогтоол аймгийн архив болон Улсын архиваас ч олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Нийт байраа хувьчлаад 17 дугаар тогтоолынхоо ард нэрсийг нь хавсаргадаг байсан. Би анх байр хувьчилж байхад ирсэн. Анх хувьчилж байхад хавсралт байдаг байсан. Тэр тогтоолын хавсралт байхгүй учраас улсын бүртгэл бүртгэхээс татгалзсан хариу өгсөн. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гарган тухайн орон сууцны өмчлөгчөөр Ц.Э-г тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан гэв.
3. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, 0083821 дугаартай Ц.Э-ийн 2 өрөө орон сууцны дундын өмчлөлд хамаарах хэсгийг хувьчлан авсан тухай цэнхэр гэрчилгээ, Орон сууц ашиглагчийн тооцоо нийлэх гэрээ /1991 он, 1992 он, 1999 он, 2000 он,
2001 он/, ..................... сумын орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний нэхэмжлэх / 2001 он/, 2001 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууц эзэмших эрхийн гэрээ, ...................... аймгийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/100 дугаартай орон сууц хувьчлах бүрэлдэхүүн томилох тухай захирамж, .................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоол, .......................сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн протокол, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, фото зураг, байрны план зураг, байрны кадастрын зураг, ................ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн Э.Э-т хариу хүргүүлэх тухай 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 16/307 дугаартай албан бичиг, Э.Э-ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Э.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,.................сумын Нэрт багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаартай тодорхойлолт, Орон сууц эзэмшигчтэй хийх гэрээ, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас иргэн Э.Э-т хариу хүргүүлэх тухай 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/12242 дугаартай албан бичиг,............... аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 04/823 дугаартай албан бичиг, Үндэсний төв архивын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1012 дугаартай тодорхойлолт, итгэмжлэл, Ц.Э, Л.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, БЗӨБЦТС ТӨХК ........... ЦТСС-ын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, ................ ОНӨААТҮГ-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй гэсэн Л.Н-ийн тайлбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Э.Э-гээс ........................ тоот хаягт байрлах 2 өрөө, 27м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
3.1. .......................... тоот нь манай аав Ц-ын Э, ээж Л-ийн Н, Э-ийн Э бид гурвын нэр дээр бичигдсэн байдаг. Тухайн байрыг 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 дугаар тушаалаар цэнхэр гэрчилгээгээр хувьчилсан байдаг. Тухайн байранд манай гэр бүл 1989 оны 08 дугаар сараас одоог хүртэл амьдран сууж байгаа. Л.Н, Ц.Э хоёр эхнэр, нөхөр, гэрлэлтийн баталгаатай, одоо хамт амьдарч байгаа. Манай аав геологийн инженер мэргэжилтэй. Ажлаар байнгын хөдөө явчихдаг байсан болохоор орон сууцныхаа талаар хөөцөлдөж явж чадахгүй байсан тул ...............................тоот хаягт байрлах 27м2 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Э-г тогтоолгоно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. .......................... тоот орон сууцыг Орон сууц хувьчлах товчооны 2000 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 17 дугаар тогтоолоор Ц-ын Э, Л-ийн Н, Э-ийн Э нарт 657,000 төгрөгөөр үнэлж, хувьчилсан байна.
Ц.Э. Л.Н нар уг орон сууцанд 1989 оны 08 дугаар сараас одоог хүртэл амьдарч байгаа.
6. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд Г................тоот орон сууц нь хүсэлт гаргагч Ц.Э-ийн эзэмшилд байсан болох нь 00838.. дугаартай Ц.Э-ийн 2 өрөө орон сууцны дундын өмчлөлд хамаарах хэсгийг хувьчлан авсан тухай цэнхэр гэрчилгээ, Орон сууц ашиглагчийн тооцоо нийлэх гэрээ, ...................... сумын орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн үйлчилгээний нэхэмжлэх, Орон сууц эзэмших эрхийн гэрээ, ..................... Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/100 дугаартай Орон сууц хувьчлах бүрэлдэхүүн томилох тухай захирамж, .......................................... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоол, ................................ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн протокол, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, фото зураг, байрны план зураг, байрны кадастрын зураг, Ц.Э, Л.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, БЗӨБЦТС ТӨХК ...............ЦТСС-ын хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, .............ОНӨААТҮГ-ын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... уг орон сууцтай холбоотой ямар нэгэн маргаан гараагүй, 1998 оноос хойш тасралтгүй манай аав, ээж хоёр эзэмшиж байгаа, 2000 онд 567,000 төгрөгөөр худалдаж авсан гэснээс дүгнэхэд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж заасан байх тул Ц.Э-г шударга эзэмшигч гэж үзэн, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
7. Иймд, ................. тоот хаягт байрлах 27м2 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Э-г тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг .......................аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14.-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэж заасныг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
Учир нь, хэрэгт авагдсан Ц.Э, Л.Н нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тэдгээрийг эхнэр, нөхөр болох нь нотлогдож байна, мөн Э.Э нь Ц.Э-ийн охин нь болох нь тогтоогдож байна.
9. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 90 дүгээр зүйлийн 90.1.-д заасныг баримтлан ................................... тоот хаягт байрлах 27м2 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ц.Э-г тогтоож, бүртгэл хийхийг ...................аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА