| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2018/0370/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2018-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 379
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч Р.Батнасан,
Шүүгдэгч С.Цнарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Цд холбогдох эрүүгийн 1709021810085 дугаартай хэргийг, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 34 дүгээр байрны 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шүдгүй овогт, Сүхбаатарын Ц, /РД:ХЗ83122462/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.Цнь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хаан” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Г.Төгөлдөрийн Ай фоне-6 эс маркийн гар утас, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-10-12/, гэрч Б.Оюунболдын мэдүүлэг /хх-16/, насанд хүрээгүй гэрч Г.Эмүжингийн мэдүүлэг /хх-20/, эд зүйлийн үнэлгээ /хх-39/, хохирогч Г.Төгөлдөр, шүүгдэгч С.Цнараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-77, 78/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, магадлалын хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-30-38,53,76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Учир нь шүүгдэгч С.Цнь 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Хаан” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Г.Төгөлдөрийн Ай фоне-6 эс маркийн гар утас, монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь, шүүгдэгч С.Цгийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...би согтуу байсан, нөхөр, хүүхдүүдээсээ санаа зовоод хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-70/, хохирогч Г.Төгөлдөрийн “...404 тоот өрөөнд Цтой хамт хоносон, би унтахдаа гар утас, монетон бөгж, цаг зэрэг эд зүйлсээ орны хажууд ширээн дээр тавиад унтсан. Өглөө 06 цагийн үед сэрээд харахад гар утас, бөгж 2 байхгүй байсан. Буудлын камер шүүд үзэхэд бид нарыг орсноос хойг гаднаас ямар нэгэн хүн ороогүй байсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-11-12, 67/, гэрч Б.Оюунболдын “...С.Цгэрт ирээд нөгөө нуусан бөгж, гар утсаа аваад хүнд нь өгчихөөд ирнэ гэж хэлж байсан. Ц Эмүжинд тэр бөгжийг үзүүлсэн байсан. Эмүжингийн харснаар эрэгтэй хүний бөгж байсан гэж Эмүжин сүүлд надад хэлсэн.” гэх мэдүүлэг /х-16/, насанд хүрээгүй гэрч Г.Эмүжингийн “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө байх гэж бодож байна 03.00 цагаас 04.00 цагийн орчимд гэртээ орж ирсэн ба орж ирэхдээ хар шаргал өнгөтэй Айфоне 6 маркийн гар утас гаргаж ирээд “ээж нь хүний гар утас авчихсан юм шиг байна” гэж хэлээд амарсан. Дараа нь бөгж үзүүлсэн, ...хүний гар утас, бөгжийг аваачиж өгөхөөр явж байна гэж хэлээд гэртээ ирэхгүй сураггүй алга болчихсон...” гэх мэдүүлэг /хх-20/, эд зүйлийн үнэлгээ “Айфоне 6 эс загварын гар утас 600.000 төгрөг, монетон бөгж 500.000 төгрөг” /хх-39/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Цд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүх шүүгдэгч С.Цгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх хялбаршуулсан журмаар С.Цд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...300 цаг Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст баримт бичгийн түгээлтийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Цнь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Цнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүдгүй овогт Сүхбаатарын Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Цг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан С.Цнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, С.Цнь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ 2 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
5. С.Цд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ИДЭР