Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/1138

 

2025           09            24                                                                              2025/ДШМ/1138

 

Б.Б-, О.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Золбаяр,

амь хохирогч Ц.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч С.Э-,

амь хохирогч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч М.П-,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

шүүгдэгч О.А-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Лхагвадорж,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1334 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-, О.А- нарт холбогдох 2403 00536 0991 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн Б-ын Б-, ........., ял шийтгэлгүй, /РД:.........../;

2. Т- овгийн О-ын А-, ..........., /РД:......../,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1055 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн.

2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 18 цаг 35 минутын орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингаравын замд шүүгдэгч Б.Б- нь Toyota pruis маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.4-д Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 3.4-д Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/, хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 23.8-д Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэсэн заалтуудыг тус тус,

шүүгдэгч О.А- нь Toyota crown маркийн **** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд 100 км-с хэтрүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Ц.Ц-, Э.Б-, Т.С-, Б.О- нарын амь насыг хохироосон Б.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газар: Б.Б-, О.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б-, О.А- нарыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр түүнээс олон хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, О.А- нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, О.А-т нарт оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, О.А- нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараагаас эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А-аас нийт 236.312.768 төгрөгийг гаргуулж, амь хохирогч Ц.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч С.Э-т 49.499.000 төгрөг, амь хохирогч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч М.П-д 49.500.000 төгрөг, амь хохирогч Т.С-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д 122.150.542 төгрөг, хохирогч Б.М- түүний хууль ёсны төлөөлөгч Э.М-д 15.176.430 төгрөг олгож, шүүгдэгч Б.Б-аас 237.155.768 төгрөгийг гаргуулж амь хохирогч Ц.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч С.Э-т 47.709.000 төгрөг, амь хохирогч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч М.П-д 47.750.000 төгрөг, амь хохирогч Т.С-гийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-д 121.150.542 төгрөг, хохирогч Б.М- түүний хууль ёсны төлөөлөгч Э.М-д 15.536.430 төгрөг олгож, Эрүүл мэндийн даатгалын сан Төрийн сангийн 100900020080 тоот дансанд 5.009.796 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- би гэмт хэрэг гарсан цагаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаагүй. Мөн хохирогч Б.М-д болон амь хохирогч нарын ар гэрт зохих ёсны нөхөн төлбөрийг өөрийн чадлын хэрээр нөхөн төлсөн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын хэлсэн Б.Б- нь ажил явдалд ирж оролцоогүйд гомдож байна гэсэн байдаг нь надад бас хүнд туссан. Яагаад гэвэл тухайн үед ажил явдалд оролцоно гэдгээ хэлэх үед миний хадам ээж болох Ц.Ц- нь чи очоод хэрэггүй чамайг хэн ч харахыг хүсэхгүй байгаа хэмээн гэрээсээ хөөж битгий очоорой гэх мэт маргаан гарсан учир нээрэн л очих нь буруу юм болов уу гээд өөрийн нөхөр болох Т.З-т ажил явдлын зардалд нэмэрлэх мөнгийг өгч явуулж байсан. Мөн уг гэмт хэрэг гарах үед амь хохирсон О.О- нь миний төрсөн ээж байсан. Надад ээжээс минь өөр хамаатан садан үгүй учир ажил явдлыг нь ганцаараа хийж явсныг минь ойлгоосой гэж хүсэж байна. Би өөрийн гэх гэр орон, үнэд хүрч болох бүхий л зүйлийг зарж борлуулан өөрийн гэм буруугаа хүлээж байгаагаа илэрхийлж амь хохирогч нарт чадлынхаа хэмжээгээр хандсан сэтгэлийг минь мэдэх нь зүйлтэй болов уу. Одоогийн байдлаар эдлэх ёстой 3 жил 6 сарын ялыг эдэлж дуусаад гарах үед сэтгэл санаа, амьдрах газар, ажил хөдөлмөр эрхлэх байдлаа ч төсөөлөхөд сэтгэлд маш хүнд хэцүү байна. Би өнөөдөр энд гэмт хэрэгтэн гээд шүүгдэн зогсож байгаа ч өөрийн болон бусдын гаргасан санамсар болгоомжгүй үйлдлээс болон хэн нэгний болон өөрийн хайртай ээжийгээ алдаж хүнд ялд унаж, орь ганцаараа үлдсэнийг минь шүүх бүрэлдэхүүн, прокурор нар минь харж үзэн надад оногдуулсан 237.155.768 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж чин сэтгэлээсээ гуйж байгааг минь хүлээн авна уу. Жич: Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид болон хохирогч Б.М-д шууд учирсан зардлыг нөхөн төлсөн байдлыг хүснэгтэлж харуулав. Энэ нь зөвхөн нотлох баримтаар төлөгдсөн мөнгөн дүн болно.” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь зам тээврийн осолд холбогдсон үеэс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлыг зохих хэмжээгээр барагдуулж, тохиолдлын шинжтэй анх удаа болгоомжгүй хэрэгт холбогдсон. Өөрийн төрүүлсэн эхээ алдсан, хүндрүүлэх нөхцөл байдал үүсээгүй. Хохирогч нарт сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40.2.3-т заасныг үндэслэн шинжилгээгээр тогтоогоогүй тул хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ” гэв.

Шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлыг тооцохдоо хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүй болно. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31 ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно”, мөн журмын 2.7-д “Энэхүү журмын 2.1- д зааснаас бусад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох болон энэхүү журмын 2.2, 2.4-т заасан шинжилгээг эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн сэтгэцийн эмчээр ахлуулсан, сэтгэл зүйчээс бүрдсэн шинжээчийн багаар хийлгэнэ” гэж тус тус зааж өгсөн. Мөн “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоохоор байна. Дээрх хууль болон журамд заасны дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг зайлшгүй шүүхийн шинжилгээний байгууллага тогтоох ёстой талаар хууль тогтоогчийн зүгээс эргэлзээгүй байдлаар хуульчилж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх нь шинжээчийн дүгнэлтгүйгээр шууд иргэний хуулийн 511.4, 511.5-д заасныг үндэслэн сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлыг тооцоолж гаргасан нь “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, эргэлзээ бүхий дүгнэлт гарсан гэж үзэхээр байгаа болно. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд анхан шатны шүүх нь сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлыг шинжээчийн дүгнэлтгүйгээр тооцоолон бодож, уг тооцооллын дагуу О.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэхээргүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1334 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй баримтыг нотлох баримтаар тооцсон. Тухайн хэрэгт холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2546 дугаар “Шинжээчийн дүгнэлт” гарсан. Уг шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Герман улсад үйлдвэрлэгдсэн “Bosch-CDR-900” загварын төхөөрөмж ашигласан. Гэвч уг төхөөрөмжийг хуульд заасны дагуу баталгаажуулаагүй, монголын болон олон улсын стандарт нийцээгүй, хууль зөрчиж ашиглаж буй төхөөрөмж болох нь “Стандарт хэмжил зүйн газар”-ын 2025 оны 01 дүгээр сарын.20-ны өдрийн 05/63 дугаар албан бичгээр нотлогддог.” гэв.

Шүүгдэгч О.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж, гэмшээгүй өдөр хоног гэж надад байхгүй, эдлэх ёстой ялаа эдэлж байна. Миний санхүүгийн боломж хүндрэлтэй байгаа учраас хохирогчид хохирол төлбөрийг зохих ёсоор барагдуулсан, тээврийн хэрэгслийн даатгал олгогдоогүй, ял эдэлж байгаа учраас ар гэрээс 7 хоног бүр эргэлтийн мөнгийг надад зарцуулдаг. Хохирогчид хүн чанарын үүднээс хохирол төлбөр төлөх сэтгэл байгаа боловч боломжгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагаас зугтаахгүй.” гэв.

Шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй учир өмгөөлөгч Х.Даваахүү, өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан гомдлыг дэмжиж байна.” гэв.

Амь хохирогч Ц.Ц-гийн хууль ёсны төлөөлөгч С.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ослын улмаас хоёр хүн амь насаа алдсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Өнчин, хөгжлийн бэрхшээлтэй саажилттай татаж унадаг, байнгын эмчилгээ хийлгэдэг бага насны хүүхэд миний асрамжид үлдсэн. Шүүгдэгч нараар хохирол төлбөрөө барагдуулах хүсэлттэй байна.” гэв.

Амь хохирогч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч М.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ослын улмаас миний дүү амь насаа алдаж, 10 настай хүүхэд хүнд гэмтсэн. Түүнийг эхийн хайраар хайрлах хүн байхгүй. Шүүгдэгчид үл тоосон байдлаар хандаж байна. Ар гэрийн гачигдалтай байна, хохирол төлбөрийг шүүгдэгч нараас гаргуулж Хөх хот явж хүүхдийг эмчлүүлэх шаардлагатай байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчдийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад зааснаар сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлыг хүн амын статистикийн үзүүлэлтээр тооцож гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. Хоёр хүний амь нас хохирсон, нэг бага насны хүүхэд тархины цус харвалт саажилттай болсон. Хохирогчид заавал шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид Увс аймагт амьдардаг. Холоос шүүх хуралдаанд оролцохоор удаа дараа ирсэн. Сэтгэл санааны хохирол болон бодит зардлыг гаргуулж аваагүй. Нэгдүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт авагдсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн байдаг. Хохирогчид хүндрэл учруулж заавал шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.З- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Амь хохирогчдын оршуулгын зардал болох бодит зардлыг барагдуулсан. Шүүгдэгч Б.Б- үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа.” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэтгэцэд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх, шинжээч томилуулах тухай асуудлыг тайлбартаа дурдаж байна. 2024 оны 07 дугаар сард гэмт хэрэг гарч, 2024 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр Иргэний хуульд заасан 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтад заасны дагуу сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж дүгнэсэн. Уг гэмт хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Б-, О.А- нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.А-ыг урьд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 2 удаагийн ял шийтгэгдсэн талаар дурдсан байх боловч тус ялуудын гүйцэтгэл хангагдсан эсэх тал дээр хавтаст хэрэгт энэ талаар баримтгүй, шийтгэх тогтоолд дүгнэлт хийлгүй орхигдуулж, ял оногдуулсан нь шийтгэх тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч улмаар мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлд хамаарна.

Яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтууд нь тухайн хэрэгт байхгүй байх бөгөөд уг нотлох баримтуудыг шүүх хуралдаанд яаж шинжлэн судалсан, хэрхэн дүгнэсэн эсэх нь шийтгэх тогтоолд тодорхой бус байна.

3. Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулснаар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн төдийгүй Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой энэ хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна.

Тиймээс дээрх зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заасан байх тул шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч нарын гаргасан “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Б-ын болон түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч О.А-ын өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлын бусад үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/1334 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-, О.А- нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.МӨНХТУЛГА

                                               ШҮҮГЧ                                             М.АЛДАР

                                                ШҮҮГЧ                                  Н.БААСАНБАТ