Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/1181

 

2025           10            07                                                                              2025/ДШМ/1181

 

Х.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч Л.Бурмаа,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1847 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Х.У-т холбогдох 2403 00639 0301 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв. 

С- овогт Х-гийн У-, ..........,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1736 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 1 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 7 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж, 3 жил 06 сар 25 хоногийн хорих ял шийтгүүлсэн, /РД:........./.

Шүүгдэгч Х.У- нь 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ногоон зоорь”-н автобусны буудлын зогсоолын замд “Хьюндай соната НФ” маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо “Тоёота Приус” маркийн **** УЕН  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.", 3.4. "Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралт гэрэл нь асахгүй, ...болсон... /-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч Б.Б-ын биед баруун шууны дунд хэсгийн зөөлөн эд булчин ясны бүрэн бус тасрал, баруун шууны дунд хэсгээр тайрах мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Х.У-аас 30.999.810 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 4.885.265 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, хохирогч Б.Б- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримт, “Тоёота приус 30” маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б- овогтой Б- нь тодорхой оршин суух гэр оронгүй, амьжиргааны ганц машинаараа халтуур хийж, амь зуудаг өрх толгойлсон эр хүн, өндөр настай ээжийгээ асран халамжилдаг, бичиг үсэг мэдэхгүй шахам Монгол Улсын иргэн билээ. Хэрэг болох үед Б.Б- нь автобусны буудал дээрээс хүн авахаар очиж явахад үл таних залуучууд машины баруун хойд талаас мөргөж онхолдуулан хүний гол эрхтэн болох баруун гараасаа салсан. Энэ үеэс эхлэн хүний асаргаанд байнга явах болсон. Холбогдогч хохиролд нэг сая төгрөгийг нэг удаа өгсөн. Тэр мөнгийг нь машины Банк бусын төлбөрт банкны данс руу шууд орсон байдаг. Унасан машин нь банк бус дээр байдаг, хэрэг болсон мөчөөс одоо болтол журмын хашаанд байгаа, холбогдогчид машины үнэлгээ хийлгэх болон журмын хашааны төлбөрийг гаргуулах талаар олон удаа хүсэлт гаргахад одоо болтол нэг ч төлбөр төлөөгүй байдаг. Одоогоор хохирогч ямар нэгэн хохирлын мөнгө болон тусламж нэг ч удаа аваагүй билээ. Холбогдогч нь хохирогчийг анхнаасаа үл тоож хүндлээгүй, нэг ч удаа уучлал албан ёсоор гуйгаагүй, хэтэрхий дорд үзэж ирсэн байдаг. Иймд хохирогч Б.Б-т бодит хохирол буюу баруун гарын шууны дунд хэсгээр тайрсны улмаас дахин нөхөн сэргээгдэхгүй болсон, дөнгөж саяхан төрсөн ээж нь нас барсан. Одоо оршуулгын ажилтай байгаа зэрэг хувийн аргагүй байдлыг нь харгалзан үзээд бодит хохирол болон сэтгэцэд учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Х.У-ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1847 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Хохирогч Б.Б-ын гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс буюу зам тээврийн осол гарсан цаг хугацаанаас эхэлсэн байдаг. Шүүх хохирогч Б.Б-ын гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо гэмт хэрэг гарсан цаг хугацааны хөдөлмөр хөлсний доод хэмжээгээр бус 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 792.000 төгрөг байхаар тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0225/130 дугаартай шинжээчийн дүгнэлтээр **** УЕН улсын дугаартай Приус-30 маркийн автомашины жолооч Б.Б- нь 94 км/цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Механик инженер техникийн сургуулийн шинжээчийн 08/155 дугаартай дүгнэлтийн 3 дугаар хариултад /... жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 заалтыг... зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна./ гэсэн дүгнэлтүүдээр жолооч Б.Б-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарсан болон гэм хор учирсан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд “Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх”, 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.”/ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус хуульчилсан байна. Хохирогчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байхад дан ганц Х.У- замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан мэтээр хохирол хор уршиг тооцохдоо хохирогчийн буруутай үйлдлийг анхаарч үзэлгүй хүнд ял шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Х.У- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/1847 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “ЕГО225/130” дугаартай шинжээчийн дүгнэлтээр **** УЕН улсын дугаартай “Приус 30” маркийн автомашины жолооч Б.Б- нь 94км/ц хурдтай замын хөдөлгөөнд оролцсон болон жолооч Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4 заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Мөн миний бие Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн жолооч Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км/ц, суурин газрын гадна 80 км/ц, тууш замд 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон болон хохирогчийн хурд хэтрүүлсэн үйлдлээс болж үүссэн болно. Мөн хохирогч нь тухайн осол гарах үед хувийн аюулгүй байдлаа хангаж хамгаалалтын суудлын бүс хэрэглээгүй болон хурд хэтрүүлсэн буруутай үйлдлээс болон миний үйлдэл нэгдсэнээр тухайн осол гарсан. Иймд жолооч Б.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 заалтыг, миний бие тухайн Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 болон 3.4 заалтыг зөрчсөн боловч шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн миний бие хохирогчийн эрүүл мэндийн зардалд 1 сая төгрөгийг төлсөн бөгөөд анхан шатны шүүх дээр бэлэн 10 сая төгрөгийг төлөх болон цаашид төлнө гэдгээ илэрхийлсэн. Тухайн хэрэг нь жолооч Б.Б-ын хурд хэтрүүлсэн, дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн шалтгаан болсон байхад дан ганц миний дүрэм зөрчсөн үйлдлээс болж осол гарсан мэтээр хохирогчийн буруутай үйлдлүүдийг харгалзан авч үзэлгүй 2 жил 6 сарын хорих ял шийтгэл оногдуулж байгаа нь хэт нэг талыг баримталсан мөн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Шүүгдэгч Х.У-ын өмгөөлөгч Л.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гарын шуу гэмтэж, бүхэлдээ байхгүй болж хохирол учирсан. Үүнийг шүүгдэгчийн ар гэрийнхэн ойлгож, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тиймээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хохирогчид цаашид гарах зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд учирсан гэм хор, асарч, сувилах, хиймэл эрхтэнтэй холбоотой асуудал гарч байгаа. Хохирогчтой уулзахад шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж, эмчилгээ, цаашид гарах зардлыг гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч түгжрэлээс шалтгаалан ирж чадсангүй. Хохирогчид хохирол төлбөрийг дансаар нь шилжүүлэх гэсэн боловч “банкинд их хэмжээний өртэй учраас өрөнд шууд суутгадаг, хохирлын мөнгийг бэлнээр өгөөч” гэж хэлсний дагуу бэлнээр төлж барагдуулсан. Шүүгдэгч “******” ХХК-д ажиллаж байсан бөгөөд тус байгууллагаас цаашид байрлуулж ажиллуулах талаараа илэрхийлсэн. Мөн энэ байгууллагад ээж нь ажилладаг бөгөөд ээжийнх нь эрүүл мэндийн шалтгааныг харгалзан үзэж, байгууллагаас хохирол төлбөрийн тодорхой хувийг төлж барагдуулсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ногоон зоорь"-н автобусны буудлын зогсоолын замд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагийн орчимд шүүгдэгч Х.У- нь “Хьюндай соната НФ” маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг, хохирогч Б.Б- нь “Тоёота Приүс” маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөргөлдөж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг гарсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилт хийсэн бүдүүвч /хх 13-14/,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 20-21, 15-17/,

хохирогч Б.Б-ын “...“Ногоон зоорь” гэх газрын автобусны буудлын харалдаа автобусны буудлын карма руу ороод хүн авах санаатай явсан. Хоёрдугаар эгнээний машин гэнэт миний машины зүүн урд хэсэг рүү дарж ороод мөргөхөд миний машин хөмрөөд цаашаа шидэгдэж унасан. Тэгээд тухайн машинаас 4 залуу гарч ирээд би машинаасаа өөрөө гараад миний баруун гар хугарч хуруунууд нь бяцарсан байсан. Тэгээд түргэн тусламжийн машин ирээд эмч үзэж цагдаа нар ирээд хэргийн газрын үзлэг хийгээд явсан. ...Тухайн машин замын хоёрдугаар эгнээнд явж байгаад гэнэт миний урдуур дараад ороод ирсэн. ...Миний зүүн гарыг тохойны хэсгээр тайрсан. ...Би машинаа бүтэн болгуулмаар байна. Эрүүл мэнддээ учирсан хохирлыг барагдуулж авмаар байна...” /хх 30/,

гэрч Б.С-ын “...“Ногоон зоорь”-н автобусны буудлын хойд талын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байгаад нэгдүгээр эгнээнд шилжин орох үед уулзвар луу баруун эргэх үйлдэл хийх үед араас машин ирээд мөргөсөн. Бид нар машинаас буугаад харахад ард “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл дээшээ хараад онхолдсон байдалтай байсан. Бид гүйж очиход машинаас нэг ах жолоочийн цонхоор мөлхөөд гарч ирсэн. ...” /хх 47/,

гэрч Б.Б-ын “...буцаад эргэх болсон, хоёрдугаар эгнээнд явж байгаад нэгдүгээр эгнээнд орсон бөгөөд автобусны буудал өнгөрөх үед машины ард машин тормозлох чимээ гарсан. Тухайн чимээ гараад дахин хоёр дахь удаагаа гараад миний зорчин явсан тээврийн хэрэгслийн хойноос мөргөсөн. ...Ц-ын талын цонх нь онгорхой байсан учир цонхоор нүдний буланд машин мөргөөд онхолдож байгаа байдал нь сүүтэгнээд харагдаж байсан...” /хх 50/,

гэрч Г.Ц-ын “...Ямар ч байсан миний зорчин явсан тээврийн хэрэгслийн ард машин тормозлох чимээ хоёр удаа гарсан. Миний сууж явсан талын хойд бампер орчим түс хийх чимээ гараад тэгээд зогссон. Машинаас буугаад гарахад арын машин хөмөрсөн байсан. У- түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлагын дагуу эхлээд түргэний машин ирээд осолд орсон жолоочийг аваад явсан...” /хх 53/ гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14090 дугаартай “...Б.Б-ын биед баруун шууны дунд хэсгийн зөөлөн эд булчин ясны бүрэн бус тасрал, баруун шууны дунд хэсгээр тайрах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.10.65.1-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтонги 65% алдагдлуулах хүнд зэрэг тогтоогдлоо.” /хх 95-96/,

Авто тээврийн үндэсний төв, ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 362 дугаартай “...”Хьюндай соната НФ” маркийн **** УЕМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд баруун хойд крило хонхойж дотогш орсон, зүүн хойд эргэх дохионы гэрэл асахгүй, хойд тоормосны 2 гэрэл асахгүй баруун хойд амортизатор бага зэрэг гулзайсан зэрэг эвдрэл гэмтэлтэй учир стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгслийн баруун хойд крило хонхойж дотогш орсон, баруун хойд амортизатор бага зэрэг гулзайсан эвдрэл гэмтэл нь осол болоход үүссэн, шинэ эвдрэл гэмтэл зүүн хойд эргэх дохионы гэрэл асахгүй, хойд тоормосны хоёр гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэл осол болохоос өмнө үүссэн хуучин эвдрэл гэмтэл байна. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS-тэй системтэй ажлын тоормос нь хэвийн ажиллаж байна. Зогсоолын тоормос буюу гар кардан нь ажиллахгүй буюу зогсохгүй байна. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS-тэй тул дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд зам дээр мөр үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр нь хэвийн ажиллаж байна...” /хх 101-105/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2002 дугаартай “...Жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Жолооч Х.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна...” /хх 119-120/ гэх магадлагаа,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0225/130 дугаартай “... “Тоёота приус 30” маркийн **** УЕН улсын дугаартай цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн жолооч нь ослын өмнө 3,9-0 секундэд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авсан байна. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө 94 км/ц хурдтай явсан байна...” шинжээчийн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх 144-148/,

Техникийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Д.Бадрах нарын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08/155 дугаартай “...Жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Жолооч Х.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...”, 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралт /, 5.3. “...гэрэл нь асахгүй ...болсон...”, “... эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдпыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн байна. Гэм бурууг шүүх тогтооно. Гэвч жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 заалтыг, жолооч Х.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 болон 3.4 заалтуудыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Уг зам тээврийн осол гарах зам, орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.” /хх 157-158/ гэх дүгнэлтүүд болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ. 

Хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаагаар хохирогч Б.Б-ыг МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэж, харин шүүгдэгч Х.У-ыг МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасны дагуу “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалт, мөн дүрмийн 10.4-т заасны дагуу “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзлэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна гэж,  

Харин техникийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Х.У-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 10.4. "Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.", 3.4. "Жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралт гэрэл нь асахгүй, ...болсон... /-д заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;" гэсэн заалтуудыг тус тус, хохирогч Б.Б-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна хэмээн дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол...” гэж тухайн гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.У-ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Гэхдээ дээрх зөрүүтэй мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүдийн аль нэгийг зөв гэж дүгнэсэн бол нөгөө хэсгийг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ дүгнээгүйг давж заалдах шатны шүүх зөвтгөн дүгнэв.

Зам тээврийн осол гарахын өмнөх хоромд хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурд 94 км/цаг байсан болохыг шинжээч тухайн тээврийн хэрэгслийн компьютер дэх мэдээллийг зориулалтын багажаар уншуулан тусгай мэдлэгийн хүрээнд тогтоож Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0225/130 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

Уг дүгнэлтийг үндэслэн техникийн шинжээч И.Базаррагчаа, Н.Мөнхзул, Д.Бадрах нар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08/155 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргасан байх бөгөөд жолооч Б.Б-ын МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дүгээр зүйлд заасныг зөрчсөн нь  /суурин газрын замд зөвшөөрөгдөх тээврийн хэрэгслийн дээд хурд 60 км/цаг/ зам тээврийн осол гарч гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн гэжээ.

Энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасан “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон хэмээн үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасныг зөрчөөгүй байх тул 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08/155 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хохирогч Б.Б-ын “МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийг “тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл” нөлөөлсөн гэж дүгнэнэ.  

Уг зам тээврийн ослын улмаас тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учир уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Хохирогч, жолооч Б.Б-ын МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гадна 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч түүний үйлдлийг Эрүүгийн хуулиар буруутгаж яллагдагчаар татан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр тайлбарлавал тухайн осол гарахад Б.Б- нь суурин газрын замд зөвшөөрөгдөх дээд хурд 60 км/цагийн хурдыг хэтрүүлэн 94 км/цагийн хурдтай явсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, харин Х.У- нь байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй нь уг осол болох үндсэн шалтгаан болжээ. Хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учрахад түүний өөрийн хориглосон хурдны хязгаарыг зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн хэдий ч түүнийг өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж дүгнэх эрх зүйн боломжгүй байна.   

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн;” гэж тус тус заасан байх бөгөөд анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүх тухайн зүйл ангид заасан хорих ялаас 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сонгон шүүгдэгч Х.У-т оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд  2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 792.000 төгрөг байхаар өөрчлөн шинэчилжээ.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 1870 дугаартай “...Тухайн зам тээврийн ослын улмаас Б-ийн Б-т сэтгэцэд дасан зохицохын эмгэгийн шинж илэрч байна. ...сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна“ гэх дүгнэлтийг гаргасан байна.

Анхан шатны шүүх хохирогч Б.Б-т хохирол гаргуулж шийдвэрлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батласан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай аргачлалыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бус хэргийг шүүхээр шийдвэрлэх үед мөрдөж буй хэмжээ болох 792.000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй болно.

Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгөөр тооцогдож байсан учир сэтгэцэд учирсан хор уршгийг  (660.000х40=26.400.000 төгрөг) зөвтгөн тооцож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ “...гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болон сэтгэцэд учруулсан хохирлыг тус тус гаргуулж өгнө үү...” гэх, шүүгдэгч Х.У- “...Хохирогчийн буруутай үйлдэл осол гарахад нөлөөлсөн шалтгаан болсон байхад дан ганц миний дүрэм зөрчсөн үйлдлээс болж осол гарсан мэтээр хохирогчийн буруутай үйлдлүүдийг харгалзан авч үзэлгүй 2 жил 6 сарын хорих ял шийтгэл ноогдуулж байгаа нь хэт нэг талыг баримталсан мөн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна ...”, гэх, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “...Хохирогчийн МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болсон байхад дан ганц Х.У- зам хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан мэтээр хохирол хор уршиг тооцохдоо хохирогчийн буруутай үйлдлийг анхаарч үзэлгүй хүнд ял шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Тухайлбал, шүүгдэгчийн талаас 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хохиролд 31.000.000 төгрөгийг төлсөн, гомдол саналгүй гэх хохирогчийн хүсэлт, ажлын газрын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүх хуралдаанд гарган өгсөн, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн.

Хохирол төлсөн хохирогчийн хүсэлт гэх баримт нь бусад нотлох баримтаар давхар нотлогдох учиртай, дээрх нотлох баримтыг олж авсан эх сурвалж тодорхой бус учир дангаараа нотлох баримт болохгүй учир үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэв.

Цаашид баримтаа бүрдүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайлсан баримтаар нотлох боломжтойг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.У- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх хүртэл 69 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1847 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Шүүгдэгч Х.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

- 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Х.У-аас 30.999.810 /гучин сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн **** тоотод оршин суух О- овогт Б-ийн Б- /РД: ........../-т, ... олгосугай...” гэснийг, “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505, 511 дүгээр зүйлд тус тус зааснаар шүүгдэгч Х.У-аас 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн **** тоотод оршин суух О- овогт Б-ийн Б- /РД: ******/-т... олгосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Г.Сүхээ, шүүгдэгч Х.У-, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У- нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

             

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТСАЙХАН

 

 

                          ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                          ШҮҮГЧ                                                           Н.БААСАНБАТ