Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02029

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/02029

 

 

 

Т -1 СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02230 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т -1 СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б -д холбогдох

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 453 525 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7000 төгрөг нийт 460 525 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т -1 СӨХ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б - нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 31 дүгээр байрны, 51 тоот, 45м.кв байранд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа боловч 2017 оны 4-12 дугаар сар, 2018 он, 2019 оны 1-6 дүгээр саруудын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр нийт 453 525 төгрөгийг төлөлгүй СӨХ-ны нийт гишүүдийн эрх ашгийг хохироож байна. Т -1 СӨХ-ны зүгээс 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч одоог хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд Д.Б -гаас СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 453 525 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7 000 төгрөг, нийт 460 525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т -1 СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 453 525 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.Б -д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан Т -1 СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, Г.Гомбодрж нар давж заалдах гомдолдоо: ...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 31 дүгээр байрны 51 тоот орон сууцны өмчлөгч нь Д.Б - биш гэдгийг шүүх яаж тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч Д.Б -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ ...Сууц өмчлөгч этгээдэд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй юм... гэж заасан нь өөрөө учир дутагдалтай байна. Уг орон сууцны өмчлөгчийг тогтооход өөр хэн нэгэн этгээд биш Д.Б - нь тухайн орон сууцны өмчлөгч байвал энэхүү шийдвэр нь өөрөө үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгч талаас нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бөгөөд хуульд заасны дагуу хариуцагч талаас гаргуулах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргуулж болох боловч хариуцагч Д.Б - нь тухайн орон сууцны өмчлөгч мөн биш талаар шүүхэд маргаагүй бөгөөд хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргах үүргээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт ...Т -1 СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 453 525 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.Б -д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасан бөгөөд нотариатын үйлчилгээний хөлс болох 7 000 төгрөгийг шийдвэрлэсэн эсэх талаар огт дурдаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагч Д.Б -гаас сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 453 525 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 7 000 төгрөг, нийт 460 525 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т -1 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь хариуцагч Д.Б -д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 460 525 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7000 төгрөг нийт 460 525 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гардуулан өгсөн боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагч нь өөрийн тайлбар, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд харшлахгүй.

 

Гэтэл шүүх хариуцагч тал Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 31 байр, 51 тоот орон сууцны өмчлөгч биш гэж маргаагүй байхад түүнийг орон сууцны өмчлөгч болох нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д.Б - нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийн оршин суух газрыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 31 байр, 51 тоот гэж тодорхойлсон байна. /хх22/ Түүнчлэн хариуцагч Д.Б -гийн эх Д.Сарангэрэлийн Т -1 СӨХ-д гаргасан хүсэлт хэрэгт авагдсан байх бөгөөд уг хүсэлтэд тус байранд охин Д.Б -гийн хамт амьдардаг, улмаар төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүйн улмаас дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардлыг багасгуулах талаар дурджээ. /хх24/

 

Шүүх хариуцагч Д.Б -д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч тэрээр шүүх хуралдаанд оролцохгүй гэх үндэслэлээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох хариуцагчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. /хх26,27/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Д.Б - нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч Т -1 СӨХ-д төлөх үүрэгтэй, учир түүнээс 460 525 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нэхэмжлэгчийн хариуцагчаас нотариатын зардалд 7 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 5600 төгрөгийн үнийн дүн бүхий Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх17/ Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах зорилгоор нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардлыг хохиролд тооцох боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02230 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасныг хариуцагч Д.Б -гаас дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 460 525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т -1 СӨХ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Д.Б -гаас 14 465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т -1 СӨХ-д буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД