Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 387

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

            Шүүгдэгч, хохирогч Г.Г, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

            Шүүгдэгч, хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Г.Г, Боржигон овогт Д.Э нарт холбогдох эрүүгийн 1809010150225 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ууган” төвийн гадна байрлах авто зогсоол дээр автомашинаа зогсоолын дагуу тавиагүй, зам тавьж өгсөнгүй хэмээн Г.Гтай маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун хөмсөг, хацар, хамарт шалбарал бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ууган” төвийн гадна байрлах авто зогсоол дээр араас дуут дохио өглөө хэмээн Д.Этай маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун сарвуун чигчий ядам хурууны 1 дүгээр үенд зулгарал, баруун өвдөг, баруун доод зовхи хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Э шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г шүүгдэгчээр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. 15000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Төлье гэсэн боловч Энхтуул аваагүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Э хохирогчоор мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ажлаа тараад гэртээ харих замд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Ууган төв”-өөс хүнсний материал авах гээд машинаа байрлуулах гэсэн боловч саарал өнгийн машин 2 эгнээ хааж зогссон байсан. Манай нөхөр 2,3 удаа сигналдсан боловч хөдлөхгүй байсан. Тэгээд би буугаад уучлаарай машинаа холдуулаад өгөөч гэтэл “юу гээд байгаа гөлөг вэ” гэж хэлсэн. Тэгээд над руу салаавч гаргасан. Тэгээд машиных нь арын хэсэгт очиход Г.Г гараад ирсэн. Намайг 3 удаа цохих гэж оролдсон боловч би хааж цохиулаагүй. Тэгээд намайг үсдэхээр нь би бас үсдсэн. Г.Ггийн ээж, нөхөр салгах гэж оролдсон. Би үснээс нь тавьсан боловч нөгөө хүүхэн ерөөсөө тавихгүй байсан. Тэгэхээр нь би буцаагаад ганц гараараа үсдсэн. Тэгээд ойролцоо явж байсан залуу ирж бид хоёрын зодооныг салгасан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Г хохирогчоор мэдүүлэхдээ: Би ээжтэйгээ нэг байгууллагад ажилладаг. Ажлаа тараад ээжийгээ байнга хүргэж өгдөг байсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ээжийгээ ажил руу нь хүргэж өгөхөөр явж байгаад ээж кофе авна гээд дэлгүүр орсон. Удахгүй учир машинаа тэгж байрлуулсан байсан. Тэгтэл нэг машин араас ирээд сигналдсан. Яг хөдлөх гэж байхад нэг хүүхэн цонхон дээр ирээд орилоод байсан. Орилоод шүлсээ цацаад байхаар нь цонхоо хаасан. Тэгэж байснаа машиныг маань өшиглөсөн. Тэгэхээр нь би бууж очоод бид 2 маргалдаж харилцан бие биенээ цохисон. Би нүүрээ хамгаалах гэж их хичээсэн

 

боловч нөхөр нь ирээд миний гутлыг тайлахдаа өмдийг маань давхар тайлсан. Тэгээд өмдөө татах гээд гараа тавьтал нүүрийг маань маажсан гэв. 

     Улсын яллагч: Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргийн 12-13 дугаар хуудсанд хохирогч Г.Ггийн мэдүүлэг, 17-18 дугаар хуудсанд хохирогч Д.Эын мэдүүлэг, 16, 30 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, 86-87, 90-96 дугаар хуудсанд сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 60-63 дугаар хуудсанд хохирогч Г.Ггийн биед учирсан гэмтлийн харуулсан гэрэл зураг, хураан авсан тэмдэглэл, 77-79 дүгээр хуудсанд хохирогч Д.Эын биед учирсан гэмтлийн харуулсан гэрэл зураг, хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

     Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд Г.Ггийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 7 дугаар хуудсанд Г.Ггийн гомдол мэдээлэл, 11 дүгээр хуудсанд Г.Ггийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, 13 дугаар хуудсанд Г.Ггийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, 20 дугаар хуудсанд гэрч Алтанцэцэгийн мэдүүлэг, 23-27 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, шинжээчээр тогтоосон тогтоол, 30 дугаар хуудсанд ял шийтгэлийн лавлагаа, 47-48 дугаар хуудсанд хувийн байдалтай холбоотой баримт, 56-57 дугаар хуудсанд хохирол төлсөн баримт, 61 дүгээр хуудсанд хохирогчийн нүүрний зураг, 86 дугаар хуудсанд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 94 дүгээр хуудсанд хохирогч Гантуяагийн хүсэлт, 99 дүгээр хуудсанд Гантуяагийн дансны хуулга, 104-106 дугаар хуудсанд хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинээр амбулторын картын хуулбар 8 хуудас баримт гаргаж өгөв.

            Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Г.Батцэцэг: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 2-3 дугаар хуудсанд Д.Энхтуулын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 17 дугаар хуудсанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, 21 дүгээр хуудсанд гэрч Ганхөлөгийн мэдүүлэг, 23 дугаар хуудсанд шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 37 дугаар хуудсанд ял шалгах хуудас, 38 дугаар хуудсанд иргэний үнэмлэхийн лавлагаа, 74 дүгээр хуудсанд оршин суугаа хаягыг тодорхойлолт, 75 дугаар хуудсанд ажлын байрны тодорхойлолт, 76 дугаар хуудсанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгч гэсэн баримт, 81 дүгээр хуудсанд хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

            НЭГ: Гэм буруугийн талаар.

Д.Э нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ууган” төвийн гадна байрлах авто зогсоол дээр автомашинаа зогсоолын дагуу тавиагүй, зам тавьж өгсөнгүй хэмээн Г.Гтай маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь биед тархи доргилт, баруун хөмсөг, хацар, хамарт шалбарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Г.Ггийн “...Би өнөөдөр 18 цаг өнгөрч байхад Бэлхийн эцэст байх “Ууган” төвийн тэнд өөрийн эзэмшлийн 02-69 УНЭ улсын дугаартай Гранд марк-2 маркийн машиндаа сууж байхад үл таних эмэгтэй хүн цонх тогшоод орилохоор нь цонхоо онгойлготол тэр эмэгтэй хүн “сигналдаад байхад зайлаад өгөөч” гэх зэргээр хэлж хэл амаар доромжпоод байхаар нь би машины цонхоо хаасан, нулимаад байхаар нь би буугаад “чи яаж байгаа юм бэ” гэсэн, намайг үсдээд газар унагаагаад дээрээс өшиглөөд байсан, намайг машинаа холдуулахгүй, зам тавьж өгсөнгүй гэж уурласнаас болсон, үснээс зулгаагаад тасдаад байсан, гараараа нүүрэн тус газар маажиж, чих урж толгой хавдсан, хөмсөг сэтэлсэн, мөн толгой руу хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Т.Алтанцэцэгийн: “...дэлгүүрт ороод лангуунаас юм авах хараад явж байхад нэг хар хувцастай өндөр хүүхэн манай охиныг доороо хийсэн үснээс зулгаасан доошоо дарсан байхаар нь дэлгүүрээс гүйж гараад охин дээрээ очсон, нэг залуу зогсоод байхаар нь энэ хоёрыг салгаад өгөөч ядаж энэ үснээс зулгаасан гарыг нь тавиулаад өгөөч гээд гуйсан чинь салгаж өгөхгүй байсан, нөгөө хоёрын хажууд сөгдөж суугаад нөгөө хүүхний гарыг тавиулах гээд чи гараа тавьчих гээд гаран дээр нь цохисон чинь гараа тавихгүй байсан, нөгөө залуу нөгөө хоёрыг салгах гээд манай охины гуталыг сугартал цас руу татаад газраар чирээд нөгөө охин үснээс нь тавиад салсан, нөгөө хүүхэн чинь дахин гүйж ирээд манай охин Г.Ггийн зүүн талын шанаа хэсэгт нэг удаа алгадсан чинь манай охин Гантуяа нь нөгөө хар хувцастай өндөр хүүхний бүсэлхий хэсгээс тэвэрч аваад хажуу тийшээ болгосон чинь нөгөө хоёр чинь тэр чигээрээ газарт уначихсан, нөгөө залуу чинь гүйж ирээд гарыг тавиулсан чинь өндөр хүүхэн манай охины нүүрэн тус газарт нь 4-5 удаа маажсан, охин босоод ирсэн чинь нүүрнээс нь цус гараад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч С.Одончимэгийн: “... дүгнэлтэнд хиймэл шүд гэж хэлсэн учраас үгээр нь бичсэн, №2824 дугаартай дүгнэлт үнэн болно, гэмтэл нь нэгээс хоёр удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шинэ гэмтэл, хиймэл шүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Шинжээчийн “...Г.Ггийн биед тархи доргилт, баруун хөмсөг, хацар, хамарт шалбарал бүхий гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн №2824 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдлыг
харуулсан гэрэл зураг, түүнийг хураан авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл,
/хавтаст хэргийн 60-63 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Э, Г.Г нар нь хоорондоо маргалдан улмаар
харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байдлын талаарх тусгасан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Ууган” нэртэй төвийн гадна камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-ийг эд мөрийн баримтаар тооцон хүлээн авч бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд 86-87, 90-96 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Ууган” төвийн гадна байрлах авто зогсоол дээр араас дуут дохио өглөө хэмээн Д.Этай маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун сарвуун чигчий ядам хурууны 1 дүгээр үенд зулгарал, баруун өвдөг, баруун доод зовхи хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Хохирогч Д.Эын: “...Бэлхийн эцэст байрлах Ууган төвийн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхээр авто зогсоолд машинаа байрлуулах гэтэл тоёота гранд марк 2 автомашин хөндлөн зогсож байхаар манай нөхөр машиныхаа дуут дохио өгөхөд уг машин нь хөдлөхгүй байсан, би машинаасаа буугаад жолоочийн эсрэг талынх нь цонхыг тогшиход цонхоо буулгахаар жаахан урагшаа зогсчихгүй юу машинаа байрлуулах гэсэн юм гэж хэлсэн чинь дуугүй гөлөг минь гэж хэлсэн, би нөгөө эмэгтэйд хандан чи машинаа эвтэйхэн байрлуулж сураач гэж хэлсэн чинь өөдөөс салаавч гаргахаар нь би зөрүүлээд дунд хуруугаа гаргасан, нөгөө эмэгтэй машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр хэсэг руу гараараа 1 удаа цохисон, миний үснээс гараараа зулгааж доошоо дараад намайг газар унагаагаад үстээд чирсэн, зөрүүлээд уг эмэгтэйг үсдсэн, миний нүүр хэсэг руу жолооч гэх эмэгтэй хөлөөрөө өшиглөсөн, уг эмэгтэй намайг үстээд байхаар нь зөрүүлээд үснээс нь зулгаасан..” гэсэн мэдүүлэг/хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Ш.Ганхөлөгийн “...Ууган төвийн гадаа нөгөө жолооч машинаа
урагшаа болгохгүй гээд манай эхнэр Энхтуултай хэрүүл хийгээд байгаа юм шиг
харагдсан, машинаас үл таних эмэгтэй хүн бууж ирсэнээ 3-4 удаа гараараа цохих
үйлдэл хийгээд эхнэр гараараа хаагаад байсан, тэгээд Энхтуулыг шууд үсдэж
аваад газар унагаагаад чирээд нөгөө хүүхэн манай эхнэр хоёр бие биенийхээ
үснээс зулгаагаад газарт уначихсан, тэгтэл эхнэр гараа тавиад үснээс нь
зулгаахгүй тавьсан чинь нөгеө хүүхэн зүүн өвдөгөөрөө эхнэрийн баруун шанаа хэсэг руу нэг удаа хөлөөрөө өвдөглөсөн, би нөгөө хүүхний куртик хэсгээс тавиад дахин өшиглүүлэхгүйн тулд хоёр хөлнийхэн шагай хэсгээс бариад татсан чинь тэр хоер салаагүй бие биенээ үсдээд зууралдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Энхтуулын биед баруун сарвуун чигчий ядам хурууны 1 дүгээр үенд зулгарал, баруун өвдөг, баруун доод зовхи хацар шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн №2832 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Хохирогч Д.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдлыг харуулсан
гэрэл зураг, түүнийг хураан авсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст
 

хэргийн 77-79 дүгээр хуудас/,

Яллагдагч Д.Э, Г.Г нар нь хоорондоо маргалдан улмаар
харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байдлын талаарх тусгасан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, “Ууган” нэртэй
төвийн гадна камерын бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг СД-ийг эд мөрийн
баримтаар тооцон хүлээн авч бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд 86-87,
90-96 дугаар тал/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Д.Энхтуул, Г.Гантуяа нарын харилцан зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Э, Г.Г, болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

            Уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гд нийт 614.765 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Эс 614.765 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гд олгож, Г.Г нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эд 190.500 төгрөгийн хохирол учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Ггаас 190.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эд олгож шийдвэрлэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

            ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах, шүүгдэгч Г.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах …” гэсэн саналыг,

Шүүгдэгч Г.Ггийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнээс: “...Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинж чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчийн зүй бус үйлдлээс энэ гэмт хэрэг гарсан. Торгох ялыг төлөх боломжтой. 9 жил эмчээр ажиллаж байгаа. Мөн хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа. Иймд улсын яллагчийн торгох ялыг дэмжиж байна. Хэсэгчлэн төлүүлж өгнө үү…” гэх,

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Г.Батцэцэгээс: “…Энхтуул төсвийн байгууллагад ажилладаг. Өөрөө жирэмсэн байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн  5  дугаар зүйлд зааснаар жирэмсэн байдлыг харгалзан, анх удаа үйлдсэн хүнийг ял хойшлуулах боломжтой учир харгалзан үзнэ үү …” гэсэн саналыг тус тус гаргав.

            Шүүх шүүгдэгч Д.Э, Г.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлагдсан байна.

Шүүх шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж,

хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол овогт Г.Г Боржигон овогт Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

Г.Г, Д.Энарыг 450 нэгж, буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г, Д.Энар нь тус бүр 450 нэгж, буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г, Д.Э нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Д.Эс 614.765 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гд олгож, Г.Г нь цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

            -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Ггаас 190.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эд олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Г, Д.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Г, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР