| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2409 01759 1028 |
| Дугаар | 2025/ДШМ/1191 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/1191
2025 10 07 2025/ДШМ/1191
Б.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Энхзул,
шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч П.Наранхүү,
орчуулагч Г.Цэцгээ,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1708 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-, түүний өмгөөлөгч П.Наранхүү нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Т-т холбогдох 2409 01759 1028 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ын Т-, .........., /РД:.........../;
Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Монгол Улсын **-ын Б1 давхарт хохирогч Б.Э-тай сургуулилт хийх өрөө ашиглах асуудлаас болж маргалдан түүний зүүн хөл рүү нь өшиглөж улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Б.Т-аас 48.880 /дөчин найман мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулж Эрүүл Мэндийн Даатгалын сангийн 100900020080 тоот дансанд олгож, хохирогч Б.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдолдоо: “...Миний бие Б- овогтой Т- 2409017591028 эрүүгийн хэргийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхийн шүүгч Мөнхтуяагийн гаргасан шийдвэрт гомдолтой байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хэргийн шүүгдэгчээр оролцож байсан. Учир нь: 1. Би өмнө нь Мөнхтуяа шүүгчийн удиртгал доор явсан урьдчилсан хэлэлцүүлгээр 4 хүсэлт тавьсан байсан. Миний хүсэлтүүд: 1-рт: Дахин шүүх шинжилгээний дүгнэлт гаргах, 2-рт: Сэтгэцийн эмчийн дүгнэлт алдаатай явагдсан, сэтгэцийн эмч нар миний мэдрэлийн байдлыг оношилсон байсан. Хуулийнхаа дагуу эпилепсийн дүгнэлтийг зөвхөн мэдрэлийн эмч нар гаргах ёстой. Сэтгэцийн эмч нар гаргах эрх байхгүй. 3-рт: Мэдрэлийн эмчийн дүгнэлт гаргах, 4-рт: Би Монгол Улсын хуулиар 1 хийсэн үйлдлээр 2 удаа шийтгэл оногдуулдаггүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгох.
Прокурор миний эрхийг удаа дараа зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуулийн дагуу ажиллаагүй. Тэгсэн мөртлөө урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор миний тавьсан 4 хүсэлтийн 2, 3 болон 4 дэх хүсэлтийг “Одоохондоо ярилцаад хэрэггүй тэрийг гэм буруугийн хурал дээр энэ тухай ярилцана” гэж дураараа санаа гаргаад, шүүгч Мөнхтуяа нь прокурорын үгэнд ороод надад 2, 3 болон 4 дэх асуудлын талаар ярихыг шүүгч Мөнхтуяа нь зөвшөөрөөгүй. Тэгсэн ч гэсэн би 2, 3 болон 4 дэх асуудлыг ярихыг хичээсэн ч шүүгч Мөнхтуяа хүчээр болиулсан. Би анх удаа шүүх хуралд орж байгаа учраас тэр үед би их сандарсан. Урьдчилсан хэлэлцүүлгийн шийдвэр хэлэхдээ шүүгч “Яллагдагч гэм буруутай байна, тийм учраас гэм буруугийн хурал явагдана” гэж хэлсэн. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр миний тавьсан 4 хүсэлтээс нэг ч хүсэлтийг биелүүлэхгүй учраас би шүүгчийн хандлагаас, хуулийн дагуу ажиллахгүй, миний эсрэг шийдвэр гаргана гэдгийг би ойлгосон. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр прокурор маш хурдан ярьж, заль гаргаж, яг яагаад дахин шүүх, шинжилгээ явуулаагүй, яагаад хэргийг хаагаагүй талаар олигтой тайлбар өгөөгүй. Худлаа хуулийн хэллэгийн үг, өгүүлбэр хольж ашиглаж ярьж, тодорхой шалтгааныг тайлбарлаж хэлээгүй. Миний төрөлх хэл Орос хэл учраас тухайн үед Прокурорын яриаг сайн ойлгоогүй. Дараа нь урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгийг удаан дээр нь үзэж Прокурорыг тодорхой, нотолгоотой тайлбар өгөөгүйг ойлгосон. Нэмж хэлэхэд, тэд нар надад урьдчилсан хэлэлцүүлгийг хөтөлсөн тэмдэглэлийг өгсөн. Би гэртээ уншиж танилцахад урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэгтэй таарахгүй байсан, хамаагүй бага, алдаатай бичсэн байсан. Тэгсэн мөртлөө шүүгч Мөнхтуяа хөтөлсөн тэмдэглэл дээр гарын үсэг зурчихсан, тийм учраас би үүнийг шүүгчээс татгалзах хүсэлтдээ тусгасан. Тэгээд би БЗД, СБД, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны Ерөнхий шүүгчид “Шүүгч Мөнхтуяа хуулийнхаа дагуу, шударга ажиллахгүй байгаа талаар тайлбар өгч: 1. шүүгч Мөнхтуяагаас татгалзах хүсэлт гаргасан. 2. Дахин урьдчилсан хэлэлцүүлэг шинэ явуулах. Ерөнхий шүүгч надад татгалзсан хариу өгсөн нь миний 2 хүсэлтийг хангаагүй. Дараа нь гэм, буруугийн шүүх хурал болсон. Би прокурорын хурдан ярьж байгааг ойлгохгүй байсан учраас прокурорт хурдан ярьж, заль гаргах боломж олгохгүй байх үүднээс энэ хурлын өмнө “Орчуулагч авах” хүсэлт гаргасан. “прокурор нэг өгүүлбэр хэллээ гэхэд орчуулагч түүнийг орчуулах ёстой. Шүүх хуралдаан 2025 оны 07-р сарын 02-ны өдөр явагдсан. Гэм буруугийн хурлын үед тог тасарсан учраас хурлын видео бичлэг хийгдээгүй, шүүгч болон нарийн бичиг аудио бичлэг хийсэн. Энэ аудио бичлэгийг үзэхэд зарим нэг алдаанууд байгаа та бүхэнд хэлье.
Шүүгчийн зүгээс гаргасан алдаанууд: 1. Шүүгч хэрэгтэй сайн танилцаагүй, намайг И-д гар хүрээгүйг мэдэхгүй байж, тэр намайг И-д гар хүрсэн гэж дүгнэсэн. 2. Намайг оросоор юм ярихад орчуулагчийг сонсохгүйгээр шүүгч шууд яриаг таслаад байсан. 3. Аудио бичлэгийн 3 минут 40 секундэд би шүүгчид яах гэж орчуулагч авсныг тайлбарлах гэж байсан, шүүгч намайг сонсохгүйгээр, миний яриаг тасалсан. Тэгсэн мөртлөө шүүхийн тогтоол дээр намайг буруутгаж, намайг ямар ч шалтгаангүй орчуулагч авсан гэж худлаа бичсэн байна. 4. Аудио бичлэгийн 3 минут 37 секундэд би шүүгчид хэрэгтэй холбоотой, сэтгэцийн эмч нар эпилепсийг оношлохгүй, мэдрэлийн эмч нар эпилепсийг оношилдог талаарх тодорхойлолт, шүүх шинжилгээний газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтыг шүүгчид гардуулах гээд байсан ч шүүгч надаас аваагүй. 3 цаг 37 минут 20 секундэд дахиж гардуулах гэсэн боловч шүүгч “Би чамаас зөндөө удаа чамаас өгөх баримтууд байна уу гэж асуусан ч чи өгөөгүй “гэж худлаа хэлсэн. Тэгээд дахиж аваагүй. Эцсийн эцэст би шүүх хуралдаан дээр 2, 3 удаа бичиг баримтаа гардуулах гэж үзсэн ч шүүгч надаас аваагүй. 5. Шүүгч байнга миний яриаг тасалдуулаад, загнаад байсан. Би 3 цаг 37 минут 30 секундэд “Прокурор хууль зөрчсөн. Өөрийн эрхээ урвуулан ашиглаж, миний эрхийг зөрчсөн. Тийм учраас өөрийгөө хамгаалж байна” гэсэн тайлбарыг хурал дээр хэлж байсан. Тэгсэн чинь шүүгч дахиад миний яриаг тасдаад “Прокурор хуулийнхаа дагуу ажиллаж байна, чамд прокурорын ажлыг дүгнэх эрх байхгүй“ гэж шүүгч надад хэлж прокурорыг хамгаалж эхэлсэн. 6. 3 цаг 38 минутад би шүүгчид прокурор хууль бус эрүүгийн хэргээр намайг хэрэгт татаад байна гэж тайлбарлах гээд байсан чинь шүүгч дахин миний яриаг таслаад, намайг бүр загнаад амьдрал заагаад эхэлсэн. Миний зүгээс хэрвээ прокурор хууль зөрчин өөрийн ажлыг хариуцлагагүй явуулаад байхад, би яагаад тэр алдаанууд дээр чимээгүй өнгөрөх ёстой гэж, прокурор миний эсрэг үйл ажиллагаа явуулсан үед өөрийгөө хамгаалахын тулд прокурор албан тушаалаа урвуулан ажиллаж байгаа талаар би үнэнийг хэлэх ёстой гэж би бодож байна. 7. 3 цаг 40 минутад шүүгч дахиад миний яриаг тасалдуулаад, намайг үг хэлэх боломж олгоогүй. 8. Торгуулийн хуудас хүчинтэй байсан үед хэрвээ прокурор тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол эхлээд торгуулийн хуудсаа хүчингүй болгож, харин дараа нь эрүүгийн хэргийн үйл ажиллагаа явуулах байсан. Сэтгэцийн дүгнэлтийг торгуулийн хуудсаа хүчингүй болгосны дараа явуулах байсан. Харин торгуулийн хуудас хүчинтэй байсан үед прокурор сэтгэцийн дүгнэлтийг хийж, 1 хийсэн үйлдлээр 2 удаа хүнийг шийтгэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Энэ сэтгэцийн дүгнэлтийг хүчингүй болгох ёстой. Давхар хэлэхэд энэ сэтгэцийн дүгнэлт зөндөө алдаатай худлаа хийгдсэн байсан. Жишээ нь: миний хэлсэн юм тэр дүгнэлт дээр шал худлаа бичигдсэн. 9. Прокурор хэргийг зогсоогоогүй. Миний торгуулийн хуудас хүчинтэй байсан үед. Харин сэтгэцийн дүгнэлт хийгдсэн. МУ-ын хуулиараа нэг хийсэн үйлдлээрээ 2 дахин шийтгэхгүй мөртлөө прокурор урвуулан эрхээ ашиглаж ажиллаад байсан байна. 10. 19:00 минутад би прокуророос яллах дүгнэлтийг арай жаахан удаан уншаарай орчуулагчаар орчуулуулаарай гэж хэлсэн мөртлөө прокурор үгэнд орохгүй бас дахин хурдан уншиж байсан орчуулагчид орчуулах боломж олгоогүй. Харин Мөнхтуяа шүүгч тэрэнд арай удаан уншихыг тушаагаагүй. Тийм учраас тэд нар миний эрхийг зөрчсөн байна. Орчуулга хийх боломжийг гаргаагүй. 11. Ер нь хэлэхэд орчуулагчийг тэд нар намайг яг шүүх хуралдаан болсон өдөр танилцуулсан байсан. Биднүүс тэр орчуулагчтай хөлс мөлс тохироогүй. Орчуулагч яс юман дээрээ Орос хэл сайн мэддэг орчуулагч биш байсан. Зарим юмнуудыг би түүнд монголоор орчуулаад байсан. Тэгсэн ч гэсэн шүүхийн газар надад өөр орчуулагч олох цаг хугацаа боломж гаргаагүй. 12. Харин ч шүүх өмнө нь нэг эмэгтэй орчуулагчийг надтай танилцуулсан байсан. Тэгсэн мөртлөө 2025.07.01-нд яг шүүх хуралдаан болох байсан. Тэр орчуулагч ирээгүй. Давхар хэлэхэд тэр прокурор ирээгүй учраас хурлыг 07 сарын 02-нд болгож хойшлуулсан. 13. Шүүгч надад яг сэтгэцийн дүгнэлтийн алдаатай явсан талаар ярихыг зөвшөөрөөгүй. Би юм ярихаар байсан чинь дундуур орж миний яриаг таслаад болиулаад байсан. Тэгсэн мөртлөө урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч би энэ талаар ярих боломж олгоогүй алхаар сануулга өгч байсан. Тэгэхэд намайг өөрийгөө хамгаалах ямар ч шударга бололцоо гаргаагүй. 14. Урьдчилсан хэлэлцүүлэг болсон хурал дээр прокурорын дадлагажигч оюутан байсан. Харин би дараа нь шүүхийн газраас урьдчилсан хэлэлцүүлгийн видео бичлэгийг хүсэлт гаргаад асуусан мөртлөө шүүхийн газарт надад видео бичлэгийг хариуцдаг IT хүн та тэр дадлагажигч хүнээс албан ёсны зөвшөөрөл авч байж л би танд өгч чадна. Зөвшөөрөл авахгүйгээр би танд наад бичлэгийг өгч чадахгүй. Харин ч би тэрэнтэй хэрүүл хийгээд бичлэг авсан байна. 15. Гэм буруугийн шүүх хурал дээр би тэр прокурорын дадлагажигч оюутныг гаргахыг шүүгчээсээ хүссэн. Яагаад гэвэл тэднүүс надад дараа нь бичлэг өгөхгүй байх гэж бодоод. Харин ч шүүгч надад тайлбарласан. Энэ бол нээлттэй шүүх хуралдаан. Чи дараа нь дадлагажигч оюутнаас бичлэг авсных нь төлөө зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин ч нээлттэй шүүх хуралдааныг эхлэхэд миний ээж байсан мөртлөө шүүгч миний ээжийг өрөөнөөс хөөсөн. Тэгээд миний ээж бараг 3 цаг коридорт хүлээгээд байсан. Тэгсэн мөртлөө шүүх хуралдаан дээр прокурорын дадлагажигч оюутан байсан ба манай өмгөөлөгчийн дадлагажигч оюутан байсан. Тэднүүс зүв зүгээр суугаад байсан. 16. Би шүүх хуралдааны явцад 2:55:00 минутад миний ээжийг сэтгэцийн дүгнэлтийн талаар асуугаад байсан. Би 3:00:00 ээжээсээ асуусан тэр сэтгэцийн дүгнэлтэд эмчийг ямар мэдүүлэг өгсөн, тэгээд ямар сэтгэцийн дүгнэлт дээр миний ээжийн үгийг бүүр худлаа хувиргаад бичсэн. Харин ч шүүгч Мөнхтуяа 3:01:00 минутад миний яриаг таслаад дундуур оролцоод тэгээд миний ээжид энэ сэтгэцийн дүгнэлтийг унших эрх байхгүй гээд болиулах гээд байсан. Харин ч би өөрийнхөө зүгээс манай ээжтэй сэтгэцийн дүгнэлтийг танилцуулаад уншуулсан. Яагаад гэвэл
сэтгэцийн дүгнэлт дандаа худлаа, алдаатай, бид нарын ярьсан өөрөөр
бичигдсэн байсан. Миний ээж энэ сэтгэцийн дүгнэлт худлаа бичигдсэн
байна. 17. 3:07:50 минутад миний ээж батлуулсан. Сэтгэцийн эмч Баатаржав биднүүс хэлсэн. Сэтгэцийн эмч нар зөвхөн сэтгэцийн талын дүгнэлт гаргасан байна. Би сэтгэцийн талаар л эрүүл байна. Харин мэдрэлийн дүгнэлт сэтгэцийн эмч нар гаргах эрх байхгүй. Тэрийг зөвхөн мэдрэлийн эмч нар гаргана. 18. Би 3:08:05-д би ээжээсээ асуухыг хэлсэн. Тэгсэн чинь Прокурор дундуур оролдоод намайг юм асуухыг болиулаад би буруу асуулт асууж байна, тэгээд шүүгч тэрийг дагаад миний ээжийн ярьсан юмыг бид нар шүүх тоохгүй, тэгээд намайг ээжээсээ юм асуухыг хүчээр болиулсан. Ингэж бас хууль зөрчсөн. 19. Өмнө нь 55:40 секунд дээр би ээжийг өрөөнд оруулж юм асууж болох уу гэж зөвшөөрөл хүссэн боловч шүүгч оруулаагүй. Харин ч яг ээжээс юм асуухад тэр бид нарын яриан дундуур оролцоод болиулаад байдаг. Би ээжийнхээ ачаар энэ сэтгэцийн дүгнэлт алдаатай явагдсан гэж ойлгуулах гээд байсан шүүгчид, тэгсэн мөртлөө шүүгч тэрийг сонсохыг ч хүсээгүй, ойлгохыг ч хүсээгүй. 20. 3:08:38-нд шүүгч миний ээжээсээ асуусан асуултууд ба хариултуудыг 2 яриаг болиулж тэгээд шүүгч өөрөө юм яриад эхэлсэн. 21. 3:09:30-нд шүүгч эмч биш мөртлөө эпилепс өвчин өөрийгөө хариуцах чадвартай гэж өөрийнхөө хувийн бодлыг илэрхийлж яг шүүх хуралдаан дээр худал тайлбар өгсөн. 22. Шүүгч бол эмч биш, харин эпилепстэй хүн таталт болсон үед өөрийгөө хянаж чаддаг гэж боддог шүүгчээс ийм хариуцлагагүй санаа гарч ирж байгаа юм бол би энэ шүүгчийн мэргэжлийн талаар эргэлзээ үүсэж байна. 23. Шүүх хуралдаан явагдаж байхад тог нь тасарчихсан байсан. Тэгээд тэд нар видео бичлэг хийгээгүй. Харин би аудио бичлэг хийж эхэлсэн. Тэгэнгүүт цагдаа миний утсыг хурааж аваад миний аудио бичлэгийг устгасан. Тэднүүс өөрсдөө аудио бичлэг хийж байна гэж шүүгч тайлбарласан. Харин ч тэднүүс дараа нь надад аудио бичлэг өгөхдөө би тэднүүс бичлэгийг хууль зөрчөөд зарим хэсгийг хасчихсан байсан. Энэ бол хуулийг зөрчсөн гэмт хэрэг гэж би үзэж байна. Тэднүүс яг бүтэн аудио бичлэг надад өгөөгүй. Тэгээд хуулийнхаа хувьд хэрвээ шүүх хуралдааны бичлэг бүрнээр явагдаагүй бол тэр шүүх хуралдааныг хүчингүйд тооцох ёстой. 24. Тэднүүс аудио бичлэгийг хасуулсан гэж юунаас ойлгож болно. Жишээ нь Э- шүүх хуралдаан дээрээ тэрний охин Орост Москвад хуульчийн их сургууль төгссөн. Харин ч тэрний хэлсэн өгүүлбэрүүд энэ бичлэгээс байхгүй болсон. Тэрний охин хуульчаараа ямар нэг байгууллагад ажиллаад байгаа юм бол тэгээд энэ баримтыг устгаж байхад миний толгойнд ийм бодол орсон, энэ охин прокурортой холбоотой, эсвэл шүүхийн газартай холбоотой байж магадгүй. Монгол Улсынхаа хуулиар хэрвээ ямар нэгэн танил талаараа ингэж нөлөө орж байгаа юм бол энэ шүүх хуралдааныг хүчингүй болгох ёстой. 25. Тэрний охин Орост Москвад хуульчийн их сургууль төгссөн гэдгийг миний ээж ч сонссон, манай өмгөөлөгч сонссон. Тэрний охин прокурорын газартай эсвэл Энхзул прокурортой, нэг бол Мөнхтуяа шүүгчтэй ямар нэг холбоотой байна уу гэж албан ёсоор та тэрийг лавлаж өгнө үү. 26. Би тайлбар өгч байхад 2:18:40-нд хохирогч гээд байгаа Э- дахиад миний яриаг таслуулах гээд оролдоод эхэлсэн. Би шүүгчээсээ Э-г болиулаач гэж хүсэлт тавьсан. Шүүгч тэрэнд ямар ч сануулга, юу ч хийгээгүй. Харин ч би юм тайлбарлаж хэлэхдээ шүүгч дандаа миний яриаг таслуулах гээд байсан. Сануулга өгдөг байсан. Ер нь шүүгчийн хандлагаас шүүгч миний эсрэг шийдвэр гаргана гэж би ойлгосон. 27. 2:26:46-нд Прокурор надаас шүүхээр тогтоосон үйл баримтын талаар асуулт асуухаар хууль зөрчсөн. Шүүхээр тогтоосон үйл баримтын талаар асууж болдоггүй. 28. Би шүүх хуралдааны өмнө гэм буруугийн хурал дээр гэрч нарыг Саран жижүүр, мэдрэлийн эмч Баярмаа, гэмтлийн эмч Эрдэнэбат, мэдрэлийн эмч Болор-Эрдэнэ, намайг хянадаг мэдрэлийн эмч гэх мэт нийт 5 хүнийг шүүх хуралдаанд оруулахыг шүүхэд хүсэлт гаргасан мөртлөө тэднүүс хэнийг ч дуудаагүй, тийм учраас хууль зөрчсөн байна. Миний хүсэлтийг хангаж өгөөгүй. Ийм үед энэ шүүх хуралдааныг хүчингүй болгох ёстой хуулиараа. 29. Прокурор яллах дүгнэлтийг уншиж байхад зөндөө худлаа зүйлүүдийг яллах дүгнэлтэд оруулсан. Жишээ нь би Э-г 2 удаа цохилт хийсэн гэсэн. Харин ч видео бичлэг дээр би 1 удаа цохисон. Би Э-г 2 гараасаа барьсан. И-г өрөөнөөсөө хөөсөн. Түлхсэн. Энэ видео бичлэг дээр ийм юм огт байхгүй. Тийм учраас Прокурор хууль зөрчиж худлаа надыг гүтгэж хуулийн хүрээнд нийцэхгүй яллах дүгнэлтийг хийсэн байсан. 30. 2:31:00 өмгөөлөгч энэ зодоон юунаас үүссэн дараа нь юм тайлбарласныхаа төлөө надаас асуулт асууж байсан. Харин шүүгч тэрний яриаг таслуулаад хууль зөрчсөн. 31. Шүүгч намайг хамгаалах бололцоо бүрнээр өгөөгүй мөртлөө прокурорт бол энэ Ш- захирлын авсан мэдүүлгийг уншсан. Энэ Ш- энэ хэрэгтэй ямар ч холбоогүй. Гэрчээр байгаагүй. Хэрэгт оролцоогүй. Намайг муулах гэж л мэдүүлэг өгсөн. Хуулийнхаа дагуу прокурор дахин шүүх шинжилгээ хийлгэж өгөөгүй, мэдрэлийн дүгнэлт гаргаагүй, хэргийг хаагаагүй, харин ч хууль зөрчөөд хэрэгтэй огт холбоогүй хүнээс мэдүүлэг авч байна. Прокурор ийм хариуцлагагүй үйл ажиллагаа явуулаад байна. Тэрийг прокурор хэрэгт оруулсан, шүүгч тэрийг сонсохыг хүлээн зөвшөөрсөн. Иймэрхүү прокурорын хандлага мэргэжлийн бус хууль зөрчсөн үйл ажиллагааг дэмжээд байна. Шүүгч тэрийг хүлээн зөвшөөрөхөөр бас дүрэм зөрчиж байна. 32. 2:33:10 өмгөөлөгч надаас давж заалдах шүүхийн талаар үйл явцын талаар тодруулах гэж асуусан. Харин ч прокурор өмгөөлөгчтэй энэ асуулт асуухыг зөвшөөрөөгүй тэгээд шүүгч тэрийг дагасан. 33. 1:00:33 би шүүгчээсээ миний баримтыг дахин хүлээн авахыг асууж гардуулж өгөх гэж байхад шүүгч надаас аваагүй. Тэрүүгээр шүүгч зөндөө хууль зөрчсөн. Миний яриаг дандаа таслуулаад байсан. 1:10:05 би шүүгчээс дахин бичиг баримтыг гардуулах гэсэн боловч тэр аваагүй. Би шүүгчид та хэргийнхээ хуудсыг үзнэ үү гэж асуусан боловч шүүгч хэргийн хуудсыг хараагүй. 34. Ер нь би сүүлийн үг хэлэхдээ Энхзул прокурорын хэргийн явцад гаргасан алдааг яриад байсан чинь шүүгч намайг 4 удаа таслуулж загнаад байсан. Хэрвээ би өөрийнхөө үгийг хэлэх боломж олгоогүй. Хэрвээ шүүгч би тэр прокурорын алдаануудыг ярихыг дургүйцээд байгаа юм бол энэ бол зөвхөн шүүгчийн л хувийн л хандлага. Би Прокурор хууль зөрчиж зөндөө алдаа хийсэн бол би чимээгүй өнгөрөөх хүсэлт надад алга. 35. Би тэр алдаануудыг урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэлэх гэсэн боловч надад боломж олгоогүй. Харин ч одоо ингээд гэм буруугийн хурал дээр ч боломж олгоогүй тийм учраас надад өөрийгөө хамгаалах бололцоо өгөөгүй. 36. Прокурор хэргийн материалд миний МУ-ын Ерөнхий Прокурор Жаргалсайханд сүүлд 2 гомдол өгсөн. Тэрийг хэрэг материалд оруулаагүй. Тэгсэн мөртлөө би одоо хүртэл 2 гомдлынхоо хариуг аваагүй байна. Хэрэг ч тэр гомдол ч хавтаслаагүй. 37. Би орчуулагч авах хүсэлт бичсэн. Тэр бас хэрэг материалд байхгүй. 38. Би 7.2-нд шүүх хуралдаан дууссаны дараа шүүх хуралдааны хөтөлсөн тэмдэглэл, хуулбар авахыг хүсэлт гаргасан. Хяналтын хэлстийн дарга тэр хуулбарыг өгөхийг гарын үсэг зурсан мөртлөө тэднүүс хөтөлсөн тэмдэглэлийн хуулбарыг одоо хүртэл надад өгөөгүй, өгөхгүй гэж хэлтсийн дарга Өлзийтүвшин надад хэлсэн. Миний ярьж байгаа зүйлүүдээс би бүгдийг нь энэ гомдол дээр бичээгүй. Яагаад гэвэл тэднүүс хууль зөрчсөн 38 биш харин 100 шахуу зүйл байгаа би тэрийг бүгдийг нь нотолж чадна. 1. Ямар ч байсан тэднүүс шүүх хуралдааны аудио бичлэгийг хууль зөрчиж хасуулсан байна. Бүтэн аудио бичлэг байхгүй. 2. Тэднүүс орчуулагчид орчуулах бололцоо өгөөгүй, би орчуулагчаар юм орчуулахыг хүссэн ч шүүгч орчуулах зөвшөөрөөгүй. Шүүх хуралдааны явцад. Зарим юмнууд орчуулсангүй л яваад байна. Энэ бас хууль зөрчсөн хэрэг. Тэрнээс болоод шүүх хуралдааны болсон явдлыг хүчингүй болгож өгнө үү. 3. Тэднүүс надад өөрийгөө хамгаалах, үг хэлэх бололцоо өгөөгүй. Шүүгч тэрийг таслуулаад байсан. 4. Нэг хийсэн үйлдлээр 2 удаа шийдвэр оногдуулахгүй мөртлөө намайг торгосон байхад тэд нар давхар эрүүгийн гэмт хэргийн шийдвэр гаргаж байхад надыг нэг хийсэн үйлдлээр 2 удаа шийтгэсэн байна. 5. Давхар хэлэхэд би шүүх хуралдаанд 5 гэрчийг дуудах хүсэлт гаргасан мөртлөө тэднүүс шүүх хуралдаан дээр нэг ч гэрчийг дуудаагүй. Тийм учраас энэ шүүх хуралдааныг болон шүүгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. 6. Шүүгч хэрэгтэй сайн танилцаагүй. Прокурорынхоо яллах дүгнэлтийг хүчингүй болгоогүй. Дахин шүүх шинжилгээний шинжилгээ хийлгээгүй. Мэдрэлийн дүгнэлт хийлгээгүй. Прокурор шалгах үйл ажиллагаа дутуу хийгдсэн байна. Тэгсэн мөртлөө шүүгч тэрний яллах дүгнэлтийг хүлээж авсан. Энэ яллах дүгнэлтийг хүчингүй болгоно уу. 7. Надыг торгосон учраас Давж заалдах шүүх тэр торгуулийн хуудсыг хүчинтэй, тэгээд эцсийн шийдвэр гэж тогтоосон учраас тэр шүүхийн тогтоолыг хүчингүй болгоод яллах дүгнэлтийг хүчингүй болгоод энэ Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос алдаа гаргаж намайг торгосон гэж тайлбарласан байсан. Прокурор Ням-Эрдэнэ эрүүгийн хэргээс материал авч зөрчлийн хэрэгт хавсаргасан. Прокурор Ням-Эрдэнэ анхан шатны шүүхэд “цагдаа алдаа гаргаж” гэж тайлбарласан. Тухайн цагдаа нь прокурор Ням-Эрдэнийн даалгавраар “та хоёрыг торгож байна” гэж хэлсэн. Бүх зүйл дээр цагдааг буруутгасан. ...Цагдаагийн гаргасан алдаа биш, прокурорууд хоорондоо хууль зөрчиж алдаа гаргасан. Би мэдрэлийн дүгнэлт гарга, эпилепсийн таталт үүсэж, толгойд нөлөө үзүүлсэн байвал Б.Э-г эрүүгийн журмаар шалгаж өгнө үү. ...Бид хоёрыг зөрчил үйлдсэн гэж торгож, прокурор Ням-Эрдэнэ “Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэсэн байна. Одоо эрүүгийн журмаар мөн шийдвэрлэнэ. Чи хохирсон юм бол давж заалдах гомдол гаргаж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоорой” гэж хэлсэн. Би “яагаад прокурор утсаар байнга лавлаж асуугаад байна” гэж бодсон. Прокурор “чи хугацаандаа заавал гомдол гаргаарай” гэж хэлсэн. Би ойлгохгүй байсан учраас хууль мэддэг хүнээс яагаад намайг давхар шалгаж, шийдвэрлэж байгаа талаар асуусан. Надад “Монгол Улсын хуулиар ингэж шийдвэрлэж болохгүй. Нэг үйлдэлд 2 удаа шийтгэл оногдуулахгүй” гэж хэлсэн. Би хялбар ажиллагааны шүүхэд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх торгуулийн хуудсыг хүчингүй болгосон. Прокурор Энхзул надад “би угаасаа гомдол гаргасан. Чиний торгуулийн хуудсыг хүчингүй болгоно” гэж хэлсэн боловч гомдол гаргаагүй, прокурор Ням-Эрдэнэ гомдол гаргасан. Прокурорууд нэг байгууллагад ажилладаг, хоорондоо холбоотой байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдрэлийн дүгнэлт гаргуулах талаар хэлсэн. Эпилепсийн таталт болсон эсэхийг тодруулах шаардлагатай байна. Сэтгэцийн эмч дүгнэлт гаргах эрх байхгүй, зөвхөн мэдрэлийн эмч дүгнэлт гаргах заалттай байдаг. Торгуулийн хуудас хүчинтэй байхад анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Энэ торгуулийн хуудас хүчинтэй байхад прокурор С.Энхзул сэтгэцийн дүгнэлт гаргуулсан. Цагдаа нар надад худлаа хэлсэн. Би “намайг мэдрэлийн дүгнэлтэд оруулах гэж байгаа юм уу” гэхэд цагдаа “тийм, чамайг мэдрэлийн дүгнэлтэд оруулна” гэж хэлсэн. Би шинжилгээ хийлгэхдээ мэдрэлийн биш сэтгэцийн дүгнэлт байна гэж мэдсэн. Хэрвээ сэтгэцийн шинжээч томилсон гэдгийг мэдсэн бол хүлээн зөвшөөрөхгүй байсан. Намайг хуурч сэтгэцийн шинжилгээнд оруулсан. Хуулиараа намайг сэтгэцийн шинжилгээнд оруулах үндэслэлгүй. Торгуулийн хуудсыг хүчингүй болгосны дараа эрүүгийн журмаар шалгах эрхтэй байсан. Миний ээж надтай хамт байсан. Сэтгэцийн шинжээчийн комисс ээжид байсан баримтыг худлаа бүртгэж авсан. Намайг сэтгэцийн хувьд эрүүл, харин мэдрэлийн хувьд эпилепстэй байна гэж дүгнэсэн. Намайг “цохилт хийх үед эрүүл байсан, санаатайгаар цохисон” гэж дүгнэлт гаргасан. Би дараа нь эмчээс “намайг таталт өгсөн үү, өгөөгүй юу гэдгийг яаж мэдсэн юм бэ” гэхэд “бид нар чамайг таталт өгсөн, өгөөгүйг мэдэх боломжгүй. Тухайн үед чиний толгойд төхөөрөмж залгаагүй учир тогтоох боломжгүй. Бид нар зөвхөн чиний сэтгэцийн байдлыг тогтоосон, мэдрэлийн байдлыг тогтоогоогүй. Чи мэдрэлийн эмч нарын комиссоор тогтоолгох ёстой” гэж хэлсэн. Мөн “яагаад тэгвэл намайг өөрөө хянах чадвартай” гэж дүгнэлт гаргасан юм бэ гэхэд “дүгнэлт гаргах боломжгүй” гэж хэлсэн...” гэв.
Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1708 дугаартай шийтгэх тогтоолыг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь: Эрүүгийн 2409017591028 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгчөөр шүүхийн шатнаас оролцож, үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн, үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан ажилласан. Б.Т-ыг нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Энхзулын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үйлдсэн 33 дугаартай яллах дүгнэлтэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгасан. Шүүх хуралдаанд миний зүгээс шүүгдэгч Б.Т-ыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэж, цагаатгах байр суурьтай оролцсон. Учир нь миний үйлчлүүлэгч Б.Т- нь өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэх бөгөөд гэм буруугийн асуудал дээр маргадаг. Тухайлбал: Яллах дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад "... Б.Т- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Монгол улсын **-ын Б1 давхарт хохирогч Б.Э-тай сургуулилт хийх өрөө ашиглах асуудлаас болж маргалдан түүний зүүн хөл рүү өшиглөж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг... үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-ээр зүйлчилж, буруутгаж байгааг хүлээн зөвшөөрдөггүй. Тухайн үйлдэлдээ зөрчлийн тухай хуулиар заасан шийтгэлийг хүлээсэн учир гэмт хэргээр шалгагдан, ял шийтгүүлэх ёсгүй гэж маргадаг. Яллах дүгнэлтэд дурдаад байгаа Б.Т- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Э-гийн зүүн хөл рүү өшиглөсөн үйлдэлтэй холбоотойгоор “...эрх бүхий тушаалтан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийгэм хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Баяржаргал 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Монгол Улсын **-ын Б1 давхарт Б.Т- нь бусдад зодуулсан гэх зөрчлийн талаарх гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар (0639775-р шийтгэлийн хуудсаар) 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр...” торгуулсан. Дээрх 0639775 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Ням-Эрдэнэ 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “эрх бүхийн албан тушаалтны шийтгэл ноогдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” 732 дугаартай дүгнэлтийг үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс дүгнэлтийг хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/899 дүгээр шийтгэврээр Б.Т-ыг торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Харин миний үйлчлүүлэгч Б.Т- нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/899 дүгээр шийтгэврийг хүчингүй болгуулах, мөн өөрт ногдуулсан 100 нэгжтэй тэнцэх буюу 100.000 төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлгэхээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Т-ын гомдлыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцээд 2025/ДШМЗ/42 дугаартай магадлалаар бүхэлд нь хангаж, хангах болсон үндэслэл шалтгаанаа хянавал хэсэгт тодорхой үнэлэлт дүгнэлтээр тайлбарласан. Өөрөөр хэлбэл: Б.Т-т Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгосон 0639775 дугаартай “эрх бүхий албан тушаалтны шийтгэл ноогдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай ” 732 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Х.Ням-Эрдэнийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/899 дугаартай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэврийг хүчингүй болгожээ. Ингэхдээ товчхондоо прокурорын дүгнэлт хугацаандаа гараагүй, үндэслэл бүхий биш гэсэн дүгнэлтийг хийжээ. Ингэснээр Б.Т-т оногдуулсан эрх бүхий албан тушаалтны зөрчлийн тухай хуулийг баримтлан 100.000 төгрөгөөр торгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдээж, тус шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон байна. Энэхүү магадлал нь тухайн хэргийн хувьд эцсийнх бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргах, дахин хэлэлцэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.4-т “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол (34.19 дүгээр зүйлийн 1) “шүүх хэргийг ... хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх С.Энхзулын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үйлдсэн 33 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2409017591028 дугаартай хэргийн тус шүүхээс хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.3-т “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол (32.5 дугаар зүйлийн 1) “прокурор ...хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан нь хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбоотой энэ төрлийн ойлголтын хувьд хэрэглэх эрх хэмжээ шүүх болох прокурорын хувьд ялгаатай байна. Прокурорын зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл эрх хэмжээний хувьд байгаагүйг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхийн хувьд тус хэргийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээ гэхээсээ илүүтэй үүрэг үүссэн гэж харахаар байна. Монгол Улсын хэмжээнд хууль тогтоомж нэг янзаар ойлгогдож, нэг мөр хэрэглэгдэх ёстой. Мөн шүүхийн шийдвэрүүд хоорондоо зөрчилдөж, хууль хэрэглээнд ойлгомжгүй байдал үүсэж болохгүй. Энэ талаар анхан шатны шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “шүүх хуралдаанд тайлбар, хүсэлт гаргах тухай” 20 дугаартай албан бичгээр хандсан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад үндэслэл бүхий тайлбарыг хангалттай гаргасан. Гэвч шүүгч шийдвэрээ танилцуулахдаа тухайн хэргийг шүүхээр анх удаа хянагдаж байна гэсэн тайлбар хийсэн мөртлөө энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд хуулийг буруу ойлгож, буруу тайлбарлаж хэрэглэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1708 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч П.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхэд 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 26 дугаартай давж заалдах гомдол бичиж, хандсан. Давж заалдах гомдлынхоо хуудасны доор эшлэлээр нотлох баримтуудаа заасан. 1 дүгээрт хавтаст хэргийн 12 дахь тал, 1 дүгээр хавтаст хэргийн 221, 230 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 6, 7, 48-51 дүгээр талыг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болбол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж мөн тус хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйл прокурорын бүрэн эрх эрх хэмжээг зааж, “гэмт хэргийг” гэж, тус хуулийн 34.19 дүгээр зүйлд шүүхийн эрх хэмжээг зааж, “хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааглаж байгаа. Шүүхийн эрх хэмжээний хүрээнд үүрэг болгосон гэж ойлгогдохоор “шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн өгүүлбэр байгаа. Үүнээс шүүхэд үүрэг үүссэн гэж ойлгох ёстой. Би анхан шатны шүүх хуралдааны өмнө энэ талаар хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд тайлбар гаргасан боловч “тухайн хэргийг анх удаагаа шийдвэрлэж байна” гэж тайлбарласан. Шийтгэх тогтоолд энэ талаар тусгах болов уу гэж бодсон боловч тусгаагүй байсан. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0639775 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Т-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. 75 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Т-т, 76 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Э-д торгох шийтгэл оногдуулсан. Энэ торгох шийтгэл оногдуулсан ажиллагаанд прокурор дүгнэлт бичиж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Б.Т-т торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэл, буруу гэдэг үндэслэлээр хандаж, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхээс Б.Т-т оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Э-г өшиглөсөн үйлдлийг зөрчлөөр шийдвэрлэхгүй гэж үзсэн. Энэ анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Т- “надад оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн 899 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэж гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ДШМЗ/42 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/899 дүгээр шийтгэврийг хүчингүй болгож, зөрчилд холбогдогч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай” гэж шийдвэрлэсэн. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 1028 дугаартай эрүүгийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болох боломжтой байтал хэрэгсэхгүй болгоогүй. Мөн тус магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Энэхүү магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай” гэж заасан. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Э-г өшиглөсөн нэг удаагийн үйлдэл дээр торгуулийн шийтгэл оногдуулсныг давж заалдах шатын шүүх эцсийн байдлаар шийдвэрлэсэн үр дагавар үүсгэж шийдвэрлэсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Э-г өшиглөсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага оногдуулж шийтгэх тогтоол гаргасан. Монгол Улсад хууль тогтоомж ямар ч шатанд, аль ч нутаг дэвсгэрт нэгэн адил ойлгогдож, мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. Хохирогчид өөр гэмтэл учруулсан бол хамаагүй, өшиглөсөн үйлдлээс өөр үйлдэл яригдаагүй. Хохирогчийг өшиглөсөн энэ үйлдэлд 100.000 төгрөгөөр торгосон атлаа шүүх дахин эрүүгийн хариуцлага оногдуулж, нэг хүнд 2 удаа шийтгэл оногдуулсан. Нэг нь зөрчлийн хэм хэмжээний хүрээнд шийтгэл оногдуулж, нөгөө нь эрүүгийн ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд дахин гомдол гаргах боломжгүй шүүхийн эцсийн шийдвэр болох магадлал гарсан. Хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өөрийн үйлчлүүлэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа хэдий ч өмгөөлөгчийн зүгээс дээрх агуулгаар гомдол гаргаж байна. Прокуророос анхнаас нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бол ийм давхцал үүсэхгүй байсан. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор үүнд хяналт тавьж, шүүх эцсийн шийдвэрийг гаргаж байгаа...” гэв.
Прокурор С.Энхзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн бичгээр гаргасан гомдолтой танилцсан. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. Шүүгдэгч сая “прокурор хууль бус зүйл хийсэн” гэж хэллээ. 2025 оны 06 дугаар сард шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаан болсон. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсны дараа шүүгдэгч Б.Т- миний хувийн дугаар руу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр заналхийлсэн зурвас явуулсан. Үүнтэй холбоотой шалгалтын ажиллагаа явж байгаа. Хуульд заасны дагуу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө прокурорын нэр хүндэд халдаж байгааг хэлэх нь зүйтэй байна. Шүүгдэгчийн бичгээр гаргасан гомдолд тайлбар гаргая. Шүүгдэгч “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 4 асуудал хэлэлцүүлэх байсан боловч прокурор тасалж, хэлэлцүүлээгүй” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч өөрийн гэм буруутай холбоотой тайлбар гаргасан тул хуульд заасны дагуу хэлэлцээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурор болон шүүгчээс шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зүйл байхгүй. Мөн “шүүгчээс татгалзсан боловч шийдвэрлээгүй” гэж байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцож байгаа прокурор, нарийн бичгээс татгалзах эрхтэй болохыг тайлбарлаж, татгалзал байгаа эсэхийг асуусан. Тухайн үед шүүгдэгч хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч н.Мөнхтуяа, прокурор, нарийн бичгээс татгалзах хүсэлт гаргаагүй. Шүүгдэгчийн “шүүгчээс татгалзсан боловч шийдвэрлээгүй” гэж тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэлээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгчийн гомдолдоо “н.И-д гар хүрсэн асуудалд шийтгэх тогтоол гарсан” гэж бичсэн байна. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1708 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн н.И-д гар хүрсэнтэй холбоотой нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тиймээс шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол няцаан үгүйсгэгдэж, үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Шүүх хуралдаан тэмдэглэл зөрүүтэй, өөрчлөлтэй байсан гэж байна. Хуульд заасны дагуу шүүгдэгч, хэргийн оролцогчид шүүх хуралдааны тэмдэглэлтэй 7 хоногийн дараа танилцаж, 3 хоногийн дотор засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй. Гэтэл шүүгдэгч хуульд заасан эрхээ эдэлж, шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй. Иймээс тэмдэглэл зөрүүтэй, буруу байна гэж байгаа нь үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн “шүүх хуралдаанд баримт, материал өгөхөд аваагүй” гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгч дэг сахиулж, нотлох баримт гаргаж өгөх талаар тайлбарлаж, тодруулсан. Шүүгдэгч Б.Т- нь гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэж хэлсэн. Шүүх хэргийг хэлэлцүүлж, нотлох баримт шинжлэн судалсны дараа шинээр баримт гаргаж өгөх асуудал яригдсан тул татгалзсан. Хуульд заасны дагуу шүүх эрхээ хэрэгжүүлсэн болохоос шүүгдэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Шүүгдэгчид 2 удаа шийтгэл оногдуулсан гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүх анх удаагаа Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж 2 удаа шийтгэл оногдуулаагүй. Мөн шүүгдэгч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо “орчуулагч Орос хэл мэдэхгүй байсан” гэж дурдсан байна. Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаанд орчуулагчтай оролцох хүсэлт гаргасны дагуу шүүхээс орчуулагч томилсон. Хэргийн бусад оролцогчоос орчуулагч оролцуулах шаардлагатай гэж үзээгүй. Энэ ажиллагааг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хүсэлт гаргасны дагуу хийсэн. Шүүхээс баримтыг хүлээн авч, тусгай мэдлэг бүхий н.Удаанжаргал гэдэг хүнийг шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулсан. Прокурор яриа тасалсан гэж байна. Улсын яллагчийн зүгээс гэм буруугийн талаарх дүгнэлтээ хэлж байхад шүүгдэгч тайлбар хэлсэн учраас шүүхээс тайлбарыг тасалсан. 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1708 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гэм бурууг үгүйсгэсэн тайлбарт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дурдаж, няцаалт хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч Б.Т- болон өмгөөлөгч П.Наранхүү нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.Т- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Монгол Улсын **-ын Б1 давхарт сургуулилт хийх өрөө ашиглах асуудлаас болж хохирогч Б.Э-тай маргалдан түүний зүүн хөл рүү нь өшиглөж улмаар эрүүл мэндэд нь зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2409017591028 дугаартай тогтоол /хх 01-02/,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240901759 дүгээр “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай тогтоол /хх 03-04/,
хохирогч Б.Э-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 06-07/,
зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримт /хх 05, 08-18/,
хохирогч Б.Э-гийн: "...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11 цаг 35 минутын үед охин маань над руу залгаад “хөгжмийн хичээлээ 4 номерын өрөөнд давтах гэсэн чинь дээд ангийн Т- гэх ах хөөж гаргахдаа гараас бариад түлхэж, хөгжмийг нь шидэж дээрэлхээд байна” гэж хэлсэн. Би энэ үед яг сургууль руу орж байсан учир шууд Б1 давхарт 4 номерын өрөө лүү очсон. Энэ үед Т- 4 номерын өрөөнд хөгжмөө давтаад сууж байсан. Тэгээд би Т-т сургуулийн дотоод журмыг тайлбарлаж түлхүүрээ авч орж ирсэн хүн энэ өрөөнд хөгжмөө давтах эрхтэй байдаг гэж хэлсэн. Үүнийг манай сургуулийн сурагчид бүгд мэднэ гэхэд надтай маргаж 2 гараас бариад угзраад өрөөнөөс хөөсөн. Намайг түлхэхдээ өшиглөсөн. Эхлээд нэг удаа өшиглөхдөө оноогүй. Дахиад өшиглөхдөө зүүн хөлийн шилбэ рүү өшиглөсөн...” /хх 21-22/,
гэрч М.М-ы “...Э- багш оюутан Т- хоёр маргалдаад зогсож байсан. Э- багш намайг өшиглөчихлөө гээд хөлөө харуулахад хөл нь хөхрөөд хавдчихсан байсан...” /хх 26/,
гэрч Г.С-ийн “...би юу болоод байгаа юм бол гээд өрөөнөөс гараад хартал яг Э- багшийг түлхээд өшиглөж байсан. Тэгээд би “яаж байгаа юм бэ, яагаад эмэгтэй хүнийг өшиглөж байгаа юм” гэхэд “яадаг юм” гээд хэрэлдсэн...” /хх 28/,
гэрч Л.А-гийн: “... Т- нь чанга дуугаар орилж, хашхираад Э-тай маргалдаж байсан. Би тэгээд цагдаагийн 102 дугаар луу 2-3 удаа залгахад утсаа авахгүй байсан ба Т-ын ээж нь болон бусад багш нар маргааныг зогсоогоод тараасан. Тэгээд маргаан дууссаны дараа тэр газраа Э- багш надад хөлөө үзүүлсэн. Би тэр үед цагдаа руу залгасан байсан. ...Э- багшийн хөлийн зургийг авсан. ... Би өөрийнхөө өрөөнд байж байх үед Т- орж ирээд “та зураг авсан биз дээ, тэр зургийг надад өгөөч” гээд миний утаснаас өөрийнхөө утас руу шилжүүлж авсан. Энэ миний дарсан зураг. Тухайн Б1 давхарт дарсан. Самсунг А34 гэх гар утас байсан ба би гар утсаа сольчихсон...” /хх 245-246/,
гэрч З.С-гийн "... Би цэвэрлэгээ хийж байгаад дуусаж өрөөндөө орж ирээд байж байх үед 11а ангийн сурагч И- орж ирээд “Б-03 номерын өрөөнд хүн байхгүй байна. Би орж хичээл давтах гэсэн юм” гээд надад цагаа бичүүлээд орсон. Тэгээд би өрөөндөө түлхүүр тараагаад байж байх үед И- өрөө лүү орж ирээд “Т- бичүүлээгүй давтаж байна, би бичүүлээд орох гэхэд намайг өрөөнд оруулахгүй түлхэж хөөгөөд байна, ...ээж рүүгээ залгана" гэж хэлээд өрөөнөөс гараад явсан. Тэгээд удалгүй Э- багш миний өрөөний урдуур Б1 номерын өрөө лүү гүйгээд явсан. Хүмүүс шуугилдаад эхлэхээр нь хойноос нь очиход Э- багш “намайг зодлоо” гээд орилж хашхирсан байдалтай байсан ба Т- гараад ирчихсэн, хажууд нь 1-2 хүүхэд байсан ба нэг эрэгтэй бас хэрэлдсэн байдалтай, хөгжим хөөлөгч С- нар байж байсан. Тэгээд тухайн маргаан 10-20 минут үргэлжилсэн. Э- багш болон бусад хүмүүс цагдаа дуудна, камер шүүлгэнэ гээд дээшээ шатаар гараад явсан. Т- нь буцаад давтлагын өрөөнд ороод хөгжмөө давтаж байх үед нь би ороод “бичүүлээд орчихгүй, тэгээд хоорондоо маргалдаад байх юм, би чамайг давтаж байгааг мэдэхгүй, И-аг бичээд оруулсан байна” гэж хэлээд гарсан. Хүүхдүүд 2 цагийн хугацаанд давтаж бичүүлэх журамтай...” /хх 250/,
насанд хүрээгүй гэрч Г.И-гийн “... Миний бие 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийл хөгжим давтах гээд өөрийн сургууль болох Монгол Улсын **-ын сургуулийн Б1 давхарт өрөө хайж байхад 4 номерын өрөөнөөс манай дээд ангийн Чингүүн ах гарсан гэдгийг мэдээд жижүүр эгчид очиж 4 номерын өрөөнд орох цагаа бичүүлээд 4 номер луу ороход манай сургуулийн Т- гэх эрэгтэй сууж байсан. Тэгээд тухайн өрөө лүү ороод сандал дээр хийл хөгжмөө тавиад Т- ахад хандаж “ах аа, би энэ өрөөнд хөгжмөө давтах гэж байна, цагаа бичүүлчихсэн, та гарна уу” гэж хэлсэн. Т- нь уурлаж босож ирээд “Би яахаараа гардаг юм” гээд миний хөгжмийг бариад надаас зулгааж тухайн өрөөнөөс хөөж гаргасан. Тухайн үед өрөөний гадаа манай 2 найз болох Н-, Хануй нар байсан бөгөөд Т- нь Н- рүү миний хөгжмийг шидэх шиг болсон. ...би бас гомдолтой байсан учраас ээж Э- руу утсаар залгаж “ээж өрөөнөөс хөөгдчихлөө, Т- нь миний гараас чанга зулгаасан” гэж хэлэхэд ээж “за, одоо очлоо” гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа 29 номерын өрөөнд бид гурав байж байх үед гадна чанга хүмүүсийн муудалцаж байгаа чимээ гараад байхаар нь гарахад 4 номерын өрөөний гадна ээж, Т- хоёр маргалдаад байж байсан. ...Т- хөлөөрөө ээж рүү тийрч шилбийг нь өшиглөхөд ээж доошоо зүүн талын шилбэ бариад ёолсон...” /хх 203/,
гэрч Б- Т- /B- t-/-гийн “...гадагшаа усанд яваад буцаж тухайн өрөө лүү ирэхэд коридорт манай хүү гурван охинтой маргалдсан байдалтай зогсож байсан. Тэгээд би юу болоод байгаа эсэхийг асуухад тухайн охид “бид нар маргааш тэмцээнтэй, тийм учраас бэлтгэл хийх гэж байна, жижүүрт бүртгүүлсэн” гэж хэлээд манай хүүг өрөөнөөс хөөгөөд байсан. ...би харж сууж байгаад шалгалтын хуваарь харах гээд тухайн өрөөнөөс гарсан. Намайг буцаж ирэхэд тухайн коридорт чанга орилсон чимээ гарсан бөгөөд очоод харахад манай хүү тухайн өрөөний хаалганы гол хэсэг, өрөөний дотор талд нэг эмэгтэй өрөөний гадна талд нь зогссон байдалтай байсан. Тухайн эмэгтэй нь манай хүү рүү гараа сарвайгаад цохиод байсан. Манай хүү гартаа хийл хөгжмөө барьсан байдалтай байсан ба би хөгжмийн зэмсэг нь гэмтчих вий гэж бодоод гүйж очоод дундуур нь орж салгасан. Тэгээд би тухайн эмэгтэйд хандаж “та хэн бэ, юу болсон бэ” гэж асуухад тухайн эмэгтэй бид нарт хандаж “танай хүү яагаад манай охиныг хөөж гаргадаг юм, энэ мэдрэл муутай хүн яагаад манай сургуульд сурдаг юм, энэ хүн манай сургуулийг төгсөх ёсгүй, би улсын комисст хэлнэ, чи шалгалтдаа тэнцэхгүй, сургууль төгсөхгүй” гэх мэтээр муухай үгнүүдээр доромжилсон. ...Тэр үед тухайн эмэгтэй зүүн талын өмдөө дээшээ сөхөж хөлөө харуулахад жижигхэн маажсан, арьс нь үрэгдсэн юм шиг улайсан байсан. Ямар ч цус гараагүй байсан. 6 сантметрээс ихгүй хэмжээтэй байсан...” /хх 214-215/,
гэрч Э.Н-ийн "...Т- 2023 оны өдийд группэд орсон. ...Б.Т- унаж татдаг өвчний оноштой. Тэгээд зан төлөвийн хувьд түрэмгий, хүний хэлснийг ойлгохдоо муу, хүлээх чадваргүй, мартамхай болчихдог. Учир нь унаж татах болгонд мэдрэлийн эсүүд үхэждэг. Үүнээсээ болоод унаж татдаг хүмүүс удах тусам зан төрхийн хувьд түрэмгий болж өөрийгөө удирдах чадваргүй болдог. Зарим нь унасныхаа дараа ямар үйлдэл хийснээ мэддэггүй...” /хх 207/ гэх мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7381 дүгээр ...Б.Э-гийн биед зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 79-80/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 32 дугаартай ...Б.Т- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Харин мэдрэлийн талаас энгийн хэсэгчилсэн эпилепси эмгэгээр хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт байна. Б.Т- нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, харин мэдрэлийн талаас энгийн хэсэгчилсэн эпилепси эмгэгтэй байна. Б.Т- нь хэрэг учрал болох үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т-ын өөртөө болон бусдад гэм хор учруулах нийгмийн хор аюулын шинж чанарыг урьдчилан тогтоох боломжгүй байна. Б.Т- нь хэрэг учрал болсон хугацаанд өөрийнхөө хийж байгаа үйлдэл, өөрийгөө хянах чадвартай байсан байна. Б.Т- нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т- нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна...” /хх 237/ гэх дүгнэлтүүд,
шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн "...Зовиур нь зүүн шилбэнд янгинан өвдөнө. Зүүн шилбэний урд дунд хэсэгт 17x11 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Орчны эд хавдсан Эмзэглэлтэй, цус хуралтын дунд хэсэгт 1x1 см хэмжээтэй зулгаралт гэмтэлтэй байсан. Гэмтэл авсан даруйд зулгаралт гэмтэл нь үүсэх бөгөөд цус хуралт гэмтэл нь авсан даруйд жижиг хэмжээтэй бүдэг байж болох бөгөөд аажмаар томорч өнгө нь тодорч болно. Цус хуралт үүсэх механизм нь арьсан доорх жижиг хялгасан судас гэмтсэнээс үүсдэг ба гэмтэл авснаас хойш хугацаа өнгөрөх тусам цус хуралтын хэмжээ нэмэгдэж өнгө нь тодорно..." гэх мэдүүлэг /хх 45/,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 732 дугаар Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлт /2 хх 06-07/,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаар магадлал /2 хх 48-51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдожээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх Б.Т-т холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо зөрчилдөж эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” бол гэж гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.
Хохирогч Б.Э-гийн зүгээс “яагаад манай охиныг хөөж гаргадаг юм, энэ мэдрэл муутай хүн яагаад манай сургуульд сурдаг юм, энэ хүн манай сургуулийг төгсөх ёсгүй, би улсын комисст хэлнэ, чи шалгалтдаа тэнцэхгүй, сургууль төгсөхгүй” зэргээр хэлсэн үг үйлдэлийг тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж зааснаар шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзаагүйг залруулан хөнгөн төрлийн ял болох торгох ялыг бага хэмжээгээр шүүгдэгчид оногдуулах нь хуульд нийцэн, шүүгдэгчийн гэм бурууд тохирно гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл хэмжээ, ял эдлүүлэх нөхцөл, үр дагаварын талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулав.
Шүүгдэгч Б.Т-аас гаргасан давж заалдах гомдолд дараах байдлаар дүгнэлт хийв.
1. “…сэтгэцийн эмч бус мэдрэлийн эмч эпилепсийг оношилдог тухай, шүүх шинжилгээний газрын тодорхойлолтыг гаргаж өгсөнийг шүүх хуралдаан дээр аваагүй, шүүгчээс миний тайлбарыг таслаад ярих боломж олгоогүй…, ээжээс юм асуухад тасалдуулаад өөрөө яриад байсан..., шүүгчээс Э-г миний яриаг тасалхад сануулга өгөөгүй. Надад сануулга өгч байсан.., сүүлийн үг хэлэхдээ прокурорын алдаануудыг хэлээд байхад таслуулж загнасан, прокурорын алдааг хэлэх боломж олгоогүй” гэх агуулга бүхий гомдолын тухайд:
Гэрч Э.Н- нь шүүгдэгч Б.Т-ын ямар өвчний улмаас эмчийн хяналтад байдаг, уг өвчин нь ямар шинж тэмдэгээр илэрхийлэгддэг талаар мэдүүлсэн /хх-207/ байх бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025.01.08-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт нь /хх-237/-р талд авагдсан байх учир шүүх хуралдаанд гаргаж өгсөнийг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, … шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч … шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээг хуульчилсныг зөрчсөн болох нь; мөн хуулийн Гучин тавдугаар бүлэгт заасан “шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г зөрчиж шүүх хуралдаан явагдсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад оролцогчийн тайлбар зэргээс тус тус тогтоогдохгүй байна.
2. “Яллах дүгнэлтийг орчуулах боломжгүй хурдан уншсан учир ойлгоогүй, миний эрх зөрчигдсөн, Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдолыг хэрэгт оруулаагүй” гэх агуулга бүхий гомдлын тухайд;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Б.Т-т яллах дүгнэлтийн хувийг гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан прокурорын тэмдэглэлээр баталгаажсан байна. Мөн шүүгдэгч нь Монгол хэл бичиг мэддэг болох нь түүний биеийн байцаалтаар тогтоогдсон ба өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Харин “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдолыг шүүхэд шилжүүлнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг “Өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө энэ хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан яллагдагчийг шүүхэд шилжүүлэхтэй холбоотой санал, хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргаж болно.” гэж өөрчлөн найруулжээ. Шүүгдэгчийн гомдолд заасан үндэслэлээр дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
3. “сэтгэцийн дүгнэлт худлаа бичигдсэн..., гэрч нарыг оролцуулах хүсэлтийг хангаагүй..., шүүх хуралдааны үед тог тасарсан, аудио бичлэг тасалсан байсан..., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаа зүйлд “тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан” асуудлыг тотоохоор шинжилгээ хийлгэхээр заасан. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 32 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нар шүүгдэгчийн сэтгэцийн байдалыг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоосон уг дүгнэлтийг худал гэж үгүйсгэх өөр нотлох баримтгүй бөгөөд хууль зүйн хувьд үнэлэхгүй байх боломжгүй болно.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар гаргасан хүсэлт дэх “намайг хянадаг мэдрэлийн эмч” нь гэрч Э.Н- байх бөгөөд түүний мэдүүлэг хэрэгт авагдсан, С- жижүүр гэх хүн нь хэрэгт өөрийн мэдэх зүйлийг мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэгийн эх сурвалж нь гэрч н.И-гийн мэдүүлэгээр тогтоогдож байх тул түүний хэрэгт авагдсан мэдүүлгийг шинжлэн судлаж үнэлсэнийг буруутгах үндэслэлгүй. Харин бусад гэрчээр оролцуулахаар санал болгосон мэдрэлийн эмч Баярмаа, гэмтлийн эмч Эрдэнэбат, мэдрэлийн эмч Болор-Эрдэнэ нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн хэрэгт гэрчээр тогтоогдоогүй учир шүүгдэгчийн уг хүсэлт хууль зүйн хувьд үндэслэлгүй болно. Шүүх хуралдааны үед тог тасарсан эсэх нь шүүх бүрэлдэхүүн хийгээд оролцогч нараас үл хамаардаг асуудал бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тухайн агуулгаар шүүх хуралдаан саатсан гэх баримтгүй байна. Харин шүүгдэгч нь өөрийн гар утсаар шүүх хуралдааны явцыг бичиж байсанг дэг сахиулагч таслан зогсоож бичлэгийг устгасан талаар тэрээр өөрөө гомдолдоо дурджээ. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан мөрдөгдөж буй шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах талаарх журамыг зөрчих юм.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..., торгуулийн хуудсыг хүчингүй болгоогүй..., ...нэг хийсэн үйлдэлд 2 удаа шийтгэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн...,
Хохирогчийг өшиглөсөн энэ үйлдэлд 100.000 төгрөгөөр торгосон атлаа шүүх дахин эрүүгийн хариуцлага оногдуулж, нэг хүнд 2 удаа шийтгэл оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “тухайн хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд дахин гомдол гаргах боломжгүй шүүхийн эцсийн шийдвэр болох магадлал гарсан. Хууль хэрэглээний хувьд ноцтой алдаа гаргасан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Т-ыг яллагдагчаар татсан болох нь 2409017591028 дугаартай прокурорын тогтоол, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 240901759 дүгээр “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.
Давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 11669 дугаартай зөрчлийн хэргийн материалыг татан авч, уг хэрэгтэй хамаатуулж хянав.
Тус хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Ц-1/5259 дугаартай албан бичигт “...хохирогч Б.Т-, Б.Э-, шинжээч Ж.Энхцолмон нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7399 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Б.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Монгол Улсын **-ын Б1 давхарт Б.Т-тай маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж биед нь халдсан үйл баримт тогтоогджээ. Иймд Б.Э-гийн тус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн хуульд заасан зөрчлийн шинжтэй байж болзошгүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахаар хүргүүлэв...” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Баяржаргал нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Монгол Улсын **-ын Б1 давхарт Б.Т-, Б.Э- нарын бие биедээ халдсан үйлдэлд зөрчлийн 2409001358 дугаартай хэрэг нээж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шийтгэлийн 0639775 дугаартай хуудсаар Б.Т-т 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан байна.
Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичиж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 2025/ЗШ/899 дүгээр шүүгчийн захирамжаар прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсэнийг Б.Т-ын гомдлоор давж заалдах шатны шүүх хэлэлцээд “...прокурор хуульд заасан хугацаанд дүгнэлт бичээгүй..., дүгнэлт дэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй...” гэх агуулгаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Тухайн зөрчлийн хэргийн материалд Б.Т-ыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргийг хавсаргаж оруулаагүй байсан ба давж заалдах шатны шүүх мэдэх боломжгүй байсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараахь нөхцөл байдал тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж, урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгаж болно...” гэж заасан ба шийтгэлийн 0639775 дугаартай хуудсаар Б.Т-т 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үйлдлийг “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх үндэслэлд хамаарах учир шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж Хууль ёсны зарчимыг, 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж Шудрага ёсны зарчимыг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж Гэм буруугийн зарчимыг тус тус хуульчилсан.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг зөвхөн Эрүүгийн хуульд зааснаар тодорхойлох зарчимтай бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хороо, Монгол Улсын **-ын Б1 давхарт хохирогч Б.Э-гийн биед халдаж гэмтэл учруулсан Б.Т-ын үйлдэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 удаа хариуцлага хүлээлгэсэн болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 удаа хариуцлага хүлээлгэсэн нь Шудрага ёсны зарчимыг зөрчсөн үйлдэл болохгүй.
Өөрөөр тайлбарлавал, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага оногдуулсаныг гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд гэмт хэрэгт тооцогдохгүй тохиолдол нь шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч зөвтгөн засагдах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээрхээс дүгнэхэд, шүүгдэгч Б.Т-ын болон түүний өмгөөлөгч П.Наранхүү нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1708 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1708 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т- болон түүний өмгөөлөгч П.Наранхүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ