| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2510 01963 0603 |
| Дугаар | 2025/ДШМ/1203 |
| Огноо | 2025-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1203
2025 10 15 2025/ДШМ/1203
Э.C-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, Н.Баярмаа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй ийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Э.C-, түүний өмгөөлөгч К.Жархынбек, Б.Мөнхзул,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1980 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.C-ийн гаргасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2510 01963 0603 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц- овгийн Э-ын C-, ..........., /РД:........../,
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 603 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан.
Шүүгдэгч Э.C- нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 27 дугаар хороо, Туулын гудамж, Говь кашмерийн зүүн замд, “Тоёота приус” загварын **** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг /2,81%/ согтуугаар жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Г.Ш-ын жолоодож явсан **** УАН улсын дугаартай “Ауди” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд 2.688.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.C-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.C-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.C-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.C-ээс 188.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Солонгод олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.C- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн гэмт үйлдлээ хожуу ухаарч, хийсний дараа бус хийхээсээ өмнө ухаарах ёстойг ойлгосон. Миний нуруугаар байнга өвддөг, хагалгаанд орохгүй бол суумгай болох аюултай тул энэ байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хорих ангид очоод хөдөлмөр эрхлэх боломжгүй, 4 килограммаас хүнд юм өргөж болохгүй байгаа. Миний эрүүл мэндийн талаарх товч түүх, зураг, диск, эмчийн тодорхойлолтыг тус шүүхэд хүргүүлсэн.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.C-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргасан. Өнөөдрийн байдлаар Э.C-ийн хувьд нурууны хэд, хэдэн үений хагалгаанд орох шаардлагатай байгаа. Цаашид суугаа болох эрсдэлтэй гэх эмчийн дүгнэлт гарсан. Мэс засалд орох шаардлагатай байгаатай холбогдуулан эмчийн тодорхойлолт, бусад шинжилгээний хариуг нотлох баримтаар гаргаж өгсөн. Цаашид хорих ял эдлэхэд эрүүл мэндийн хувьд сөрөг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон. Хоёрдугаарт, шүүгдэгч Э.C-ийн хувьд гэм буруу дээр маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирол, төлбөрийг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн үүргийг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хувийн байдал болон эрүүл мэндийн байдлын тухай мэдүүлж, оролцсон. Шүүгдэгч одоогийн байдлаар 2 сар хоригдож байна. Эрүүл мэндэд нь эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Мөн тэрээр өсвөр насны ганц охинтой. Ээж нь хүүхдийн сэтгэл зүй тогтворгүй байгаа талаар ярьдаг. Иймд Э.C-ийн насны байдал, эрүүл мэндийн байдал, ганц охинтой нөхцөл байдлуудыг нь харгалзан Монгол Улсын Үндсэн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн L4, L5, S1 гэх онош нь шууд хагалгаанд орох заалттай онош юм. Үүнтэй холбоотойгоор 1 дүгээр эмнэлгийн мэдрэлийн эмчийн тодорхойлолтыг шаардлага хангасан байдлаар өгсөн. Тухайн нурууны өвчин нь маш их өвдөлттэй байгаа. Энэ талаар хорих ангийн эмчдээ хэлэхээр өвчин намдаах эм л өгдөг. Өвчин намдаах эм нь түр зуур өвчнийг намдааж байгаа болохоос ходоод, бөөр, бусад эд эрхтэнд сөрөг нөлөөтэй. Ийм байдлаар удаан хугацаагаар явах юм бол бөгсөн биеэс доош мэдээгүй болно гэсэн.” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэхэд прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.C-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.C- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/5847 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 27 дугаар хороо, Туулын гудамж, Говь кашмерийн зүүн замд, “Тоёота приус” загварын **** УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг /2,81%/ согтуугаар жолоодож, замын хөдөлгөөнд оролцох үедээ Г.Ш-ын жолоодож явсан **** УАН улсын дугаартай “Ауди” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэлд 2.688.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 16/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн ЗЦХэлтсийн /цагдаа/ зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Батсайханы 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, илтгэх хуудас /хх 13/,
жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2.81% /хх 14/,
эрх бүхий албан тушаалтын тэмдэглэл /хх 17/,
Э.C-ийн жолоодох эрхийн лавлагаа /хх 19/,
“Онцгой үнэлгээ” ХХК-ийн “...**** УАН тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2.500.000 төгрөг, үнэлгээний төлбөрт 188.000 төгрөг...” гэх авто машин техникийн үнэлгээний тайлан /хх 30-32/,
2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 000754 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх 51/,
асап сангийн лавлагаа /хх 61-91/,
иргэний нэхэмжлэгч Э.И-ийн **** УБИ улсын дугаартай авто машинд эвдрэл гэмтэл учирсан бол нэхэмжлэх зүйл байхгүй гэх тэмдэглэл /хх 96/,
иргэний нэхэмжлэгч Г.Ш-ын C-ээр машинаа засуулж авсан, гомдол саналгүй гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх 95/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ЗШ/5847 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх” шийтгэврийн хуулбар /хх 38-39/,
иргэний нэхэмжлэгч А.С-ын “....тэр өдөр нөхөр Ш-ын хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ***** тоот гэр рүүгээ харих гээд манай нөхөр миний эзэмшлийн машиныг жолоодон говийн зүүн талын замаар явж байхад урдаас урсгал сөрөөд нэг машин ирээд манай машиныг хүчтэй мөргөсөн, буугаад нөгөө машин дээр очиход мөргөсөн машины жолооч 50 гаран насны эрэгтэй хүн машинаасаа буугаад шууд зугтаасан. Тухайн үед манай нөхөр араас нь хөөгөөд барьж авсан. ...машинд үнэлгээ хийлгэсэн...” /хх 48/,
шүүгдэгч Э.C-ийн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /хх 58/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.C- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.C-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.C- “...эрүүл мэндийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.C-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд үйлдсэн зөрчлүүдийн үр дагаврыг ойлгож ухамсарлаагүй байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.
Тодруулбал, шүүхээс оногдуулж буй ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд Э.C-ийн ар гэрийн нөхцөл байдал, боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн ялын төрөл, хэмжээг сонгон оногдуулдаггүйг дурдвал зохино.
Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдалтай холбогдуулан гаргаж өгсөн 4 хуудас баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс тусгайлан дүгнэлт хийгээгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.C-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.C-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-наас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 58 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1980 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.C-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.C-ийн 2025 оны 08 дугаар сарын 18-наас 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 58 /тавин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ