Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01143

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2018/01143

 

 

 

Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00551 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Тэрбишд холбогдох

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Насантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01233 дугаартай захирамжаар хариуцагч Г.Тэрбишээс 46 875 604 төгрөг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн явагдаж, хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг албадан худалдахаар дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагч болох манай компанид санал болгосныг хүлээн авсан юм. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар тус байрны өмчлөх эрхийг шилжүүлж, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн. Хариуцагч Г.Тэрбиш нь өнөөдрийг хүртэл уг орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа тул орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Тэрбишийн тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц нь хуулийн дагуу Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн, Г.Тэрбиш нь уг орон сууцыг эзэмших эрхгүй гэдэгт маргах зүйлгүй. Гагцхүү уг орон сууцанд Г.Тэрбишийн эхнэр Ц.Мягмаржав хамт амьдарч байгаа тул орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006684 дугаарт бүртгэгдсэн, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлөхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Тэрбишээс 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч компанийн албан бичгийн хэвлэмэл хуудсанд бичигдсэн нэхэмжлэл, мөн М.Насантогтоход олгосон итгэмжлэл зэрэгт гүйцэтгэх захирал гэж гарын үсэг зурсан Пёнь Жи Юнийг нэхэмжлэгч компанийн захирлаар томилсныг бүртгэсэн баримт хэрэгт авагдсан байна. Pyung Ji Yong мөн гэдэг н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу тодорхойлогдсон өгүүлбэр, үг, үсэг бүхий нотлох баримт хэрэгт байхгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Пёнь Жи Юн гэсэн гарын үсэгтэй нэхэмжлэл, итгэмжлэлээр нэхэмжлэлийн хүлээн авч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тогтоогдоогүй гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК нь хариуцагч Г.Тэрбишд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1233 дугаар захирамжаар хариуцагч Г.Тэрбишээс 46 875 604 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Г.Тэрбиш нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг төлбөрт тооцон авахыг төлбөр авагч Их ирээдүй капитал ББСБ ХХК-д санал болгосноор уг орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжиж, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа уг орон сууцанд эхнэр Ц.Мягмаржавын хамт амьдардаг тул чөлөөлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийг бүртгэсэн бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тэрээр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шударгаар олж авсан этгээд болно.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэргийн баримтаар хариуцагч Г.Тэрбишийг Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшилдээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байхын зэрэгцээ Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Пёнь Жи Юн-ийн Солонгос хэл дээр үйлдсэн итгэмжлэлийг орчуулгын товчоогоор монгол хэл дээр орчуулуулсан байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2018/00551 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Их ирээдүй капитал ББСБ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 34б байрны 56 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Г.Тэрбишийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ