Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 327

 

Ц.Б, Д.Б, Н.Б,

Б.Н, Д.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дүгээр магадлалтай, Ц.Б, Д.Б, Н.Б, Б.Н, Д.А нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1963 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Г овогт Ц-ийн Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах”, “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Ш овогт Д-ын Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Я овогт Д-ийн А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Д овогт Б-ийн Н,

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, М овогт Н-ны Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч Ц.Б-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авч, гурван удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлан өөрчилж, хуурамчаар үйлдэж, нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Б-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардан авч, хоёр удаагийн үйлдлээр хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.А-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоо бусдад албаны чиг үүрэг,бүрэн эрх, албан      тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Н.Б-ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын   байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7.300 /долоон мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 7.300 /долоон мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.300.000 /долоон сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан торгох ялаас 90.000 /ерэн мянга/ төгрөгийг хасаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт оруулж” шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх  “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Д.Б миний бие Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор намайг дээрх гэмт хэргийг /Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан/ үйлдсэн гэм буруутайд тооцож надад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албанд томилогдох, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400 000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Би дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдан гомдол гаргахад давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцэж 44 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг эс зөвшөөрч Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимд гомдол гаргасан боловч шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар захирамжаар “гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-р зүйлийн 6 дахь хэсгийн 6.7-д тавигдсан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 5.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэлгүйгээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхийн шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн:

Учир нь намайг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан” гэжээ. Гэтэл би “Нийтийн албан тушаалтан” бус тул энэ хэргийн субьект бус. Миний гүйцэтгэдэг "тогоочийн" ажил нь хахууль өгөгчийн ашиг сонирхолд хамаарах ажил үйлчилгээг үзүүлэх цар хүрээтэй ажил биш.

Миний ажилладаг “Ахмадын асрамж, үйлчилгээний төв”-ийн дарга Ц.Б-ы хэрэгт холбогдсон буюу хахууль өгсөн Н.Б, Б.Н, Д.А нарыг ажилд авсан, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гаргуулахад тусалсан гэх зэрэг үйлдлүүд нь дээрх нэр бүхий хүмүүсээс надаар мөнгө авахуулахаас аль өмнө болж өнгөрсөн үйл явдал байсан бөгөөд дээрх үйлдлийнхээ хариу болгож хахууль шаардан авч байгааг Д.А, Б.Н нараас надаар дамжуулан мөнгө авах үед нь би мэдээгүй байсан ба мэдэх боломжгүй байсан.

Би дээрх хүмүүсийг ажилд оруулж өгнө, эсхүл эмнэлгийн магадлал гаргуулж өгнө гэж амлан мөнгө авч дамжуулж зуучлаагүй, дарга Ц.Б өөрийнхөө үйлдлийн үнэн бодит утга учрыг надад хэлээгүй, бусад байдлаар мэдэгдээгүй ба би Ц.Б даргын шаардлагаар, түүний зөвлөснөөр, түүний өмнөөс, түүний үйл ажиллагааны хариу болгож тэднээс мөнгө шаардаагүй. Нэр бүхий хүмүүсээс авсан мөнгөнөөс би өөртөө нэг ч төгрөг, нэг ч мөнгө ашиглаагүй.

Намайг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн" гэж /хамжигчаар тооцож/ буруутган ял шийтгэсэн. Миний хувьд ажилд орсон Б.Н-г “ажилд оруулж өгнө” гэж, Д.А-ийг" группт оруулж өгнө” гэж урьдчилан амлаагүй, Ц.Б даргад “бусдаас мөнгө авч өгнө” гэж урьдчилан амлаагүй. Ингэж үнэлэхээр, эсхүл ингэж ойлгогдохуйц нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймээс намайг гэм буруутайд тооцохдоо удирдлага болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-р зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг нь надад холбогдолгүй зүйл хэсгүүд гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн:

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ” гээд 1.6-д "Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36,6, 36.7, 36.8, 36.9-р зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэжээ. Энэ хэргийн тухайд анхан шатны шүүхийн    266 дугаартай шийтгэх тогтоол нь дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ”,  2 дахь хэсэгт “Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана" гээд 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дээрх зүйлийг заавал тусгахаар зохицуулсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар огт тусгагдаагүй байгаа.

Иймд дээрх үндэслэл, нотолгоог бүх талаас нь бүрэн дүүрэн хянаж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “гэм буруугүйд тооцох” зарчимд үндэслэн шийтгэх тогтоол, магадлалд Д.Бд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, цагаатгасан өөрчлөлтийг оруулж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б, Д.Б, Н.Б, Б.Н, Д.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.А-ээс хөдөлмөр алдалтын 50 хувийн тэтгэмж тогтоолгож өгсөн гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд тус төвд тогооч ажилтай Д.Б-гаар дамжуулан 500.000 төгрөг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг,

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-гээс “ажилд авсан” гэх албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 500.000 төгрөгийг тус төвд тогооч ажилтай Д.Бгаар дамжуулж, мөн өрөө өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг,

2017 оны 07 дугаар сард Н.Б-ыг “үйлчлэгчийн ажилд орох” гэсэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 1.800.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг,

Шүүгдэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн дарга Ц.Б нь 2017 оны 05 дугаар сарын 11- ний өдөр тус төвд үйлчлэгч ажилтай Д.А-ээс 500.000 төгрөг,

2017 оны 10 дугаар сард тус төвд уламжлалын эмч ажилтай Б.Н-гээс 500.000 төгрөгийг өгөхийг шаардан авч, хахууль авах гэмт хэргийг үйлдэхэд нь дамжуулах байдлаар дэмжлэг үзүүлж, гэмт хэрэгт хамтран оролцсон,

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Б-д 500.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 10 дугаар сард “эмчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Бд 500.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг,

Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 07 дугаар сард “үйлчлэгчийн ажилд орох” буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ц.Б-д 1.800.000 төгрөгийг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан өгч, хахууль өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.   

Тодруулбал, шүүгдэгч нар нь хээл хахууль өгөх, авах гэмт хэрэг үйлдсэн нь Д.А-ийн “... хурал тарсны дараа тогооч Д.Б намайг дуудаж уулзаад дарга таныг группд орсон гэж яриад байна шүү дээ, та группд орсон юм бол даргад юмыг /авилга/ нь өгөөч гэсэн ... Маргааш өдөр нь би жижүүртэй байсан ба Д.Б бас жижүүрт гарах нь таарч намайг дуудаад Ц.Б дарга над руу утсаар яриад байна, Д.А-ээс мөнгө төгрөг аваад хурдан шилжүүл гээд байна гэсэн ... Тэгээд 400.000 төгрөг өгөөд өөр мөнгө байхгүй гэж хэлээд өнгөрчихье гэж бодсон боловч Д.Б гүйцээгээд өгчих Д.А эгчээ гээд надаас нэхээд байсан учраас би өөрийн зүүж байсан цагаан шигтгээтэй монетон ээмгээ Д.Бд өгөөд 100.000 төгрөгт ломбарданд тавьчих, дараа нь би хүүтэй нь хамт төлөөд өөрөө авчихья гэсэн ... Д.Б ажлаасаа буугаад нөхөр Б.Л-тэй Мөрөн худалдааны төвийн урд талын зах дээр уулзаад 400.000 төгрөгийг бэлнээр аваад явсан”, гэрч Б.Н гийн “... Ц.Б дарга ажилчдаас авилга авахдаа тогооч Д.Б-аар дамжуулан зуучлуулан авдаг талаар Д.А эгчээс өөрөөс нь сонссон, Д.Б миний 95***** дугаарын утас руу өөрийнхөө 99***** дугаарын утаснаас ярьснаа мөнгө байгаа юу дарга таныг ажилд орсон юм чинь мөнгө өг гэсэн гэхэд нь тийм үү хэдэн төгрөг байдаг юм бэ гэж асуухад ядаж 500.000 төгрөг өгчих ... би Ц.Б даргад өгөх 500.000 төгрөг байгаагүй, гэтэл тогооч Д.Бгаар дамжуулан удаа дараа хэлүүлсэн ...”, гэрч Б.Л-гийн “... Хаан банкны АТМ дээр очиход Д.Б байсан, би түүнд 400.000 төгрөгийг өгөхөд миний хажууд тоолж үзээд аваад явсан ...” гэрч Д.Д-ийн “... манай байгууллагын дарга Ц.Б ыг тогооч Д.Б тай уулзаж, учирдаг дотно харьцаатай гэж манай ажлынхан яриад байдаг ... Сүүлийн үед тогооч Д.Б-г даргын өрөөгөөр байн байн ороод байгаа, мөн өрөөнөөс инээчихсэн гарч ирдэг болсон талаар бас яригдах болсон гэх мэдүүлгүүд болон “Очир сан” барьцаат зээлийн үйлчилгээний баримт, шүүгдэгч Ц.Б, Д.Б нарын “Хаан банк”-ны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь “Ц.Б ыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Д.А ээс 500.000 төгрөгийн хахууль авсан, мөн 2017 оны 10 дугаар сард Б.Н гээс 500.000 төгрөгийн хахууль авсан хоёр удаагийн үйлдэлд дэмжлэг үзүүлж, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцогч нь заавал нийтийн албан тушаалтан байхыг шаардахгүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарын гэм бурууг тогтоохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Д.А, Б.Н, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл, нотлох баримт хангалтгүй гэж үзлээ.

Учир нь, Ахмадын асрамж, үйлчилгээний төв”-ийн албан хаагчдын хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай хурлын тэмдэглэл дэх “засвар, өөрчлөлт” нь хээл хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хэргийг хянан шийдвэрлэхэд буюу тэдний гэм бурууг нотлоход хамаарах “ач холбогдол бүхий нотлох баримтын эх сурвалж”-д хамаарахгүй байхаас гадна мөрдөгч 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах хойшлуулшгүй ажиллагаагаар Хөвсгөл аймгийн ахмадын асрамж үйлчилгээний төвийн архивч бичиг хэргийн ажилтан Ц.С-ийн албаны “ACER” маркын компьютерт үзлэг хийж 2018 оны 07 дугаар сарын 16ны өдрийн 17 дугаартай хурлын тэмдэглэлийг хураан авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   23.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “үзлэгийн үед ... хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна” гэснийг зөрчсөн байх тул нотлох баримтын хууль ёсны эх сурвалжид тооцогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж үзнэ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд Ц.Б-ы “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд засварлан өөрчилж, хуурамчаар үйлдсэн” үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Б-гийн “... шийтгэх тогтоол, магадлалын  Д.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтны шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.   

Давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэсэгт шүүгдэгч нарын биеийн байцаалтыг дэлгэрэнгүй бичиж байх нь зүйтэйг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь :

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 44 дүгээр магадлалд “Шүүгдэгч Ц.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай”,

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “ял нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                               ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН