Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2020/0046/З |
Дугаар | 272 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Тендер, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 272
“А ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Монгол Улсын Сангийн яам, “З т н” ОНӨААТҮГ-т
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “З т н” ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн 1/1675 тоот албан бичигт дурдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 61/8289 тоот албан бичигт дурдсан “А ч” ХХК-д холбогдох болон дүгнэлт хэсгийг хүчингүй болгож “З т н” ОНӨААТҮГ-аас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн 5/1764 тоот албан бичигт дурдсан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “З т н” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт “А ч” ХХК нь “хамгийн сайн” үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “З т н” ОНӨААТҮГ-т “А ч” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2020/0213 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, өмгөөлөгч Г.Г, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, “З т н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Д нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2020/0213 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1, 26 дугаар зүйлийн 26.9, 46 дугаар зүйлийн 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ”З т н” ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” №1/1675 тоот, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” №5/1764 тоот албан бичгүүдийг болон Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” №6-1/8289 тоот албан бичгийн ”А ч” ХХК-д холбогдох хэсгийг болон дүгнэлт хэсэг /иймд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дугаар заалтад заасныг үндэслэн үүгээр мэдэгдье/-ийг тус тус хүчингүй болгож, үлдэх ”З т н” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт “А ч” ХХК нь “хамгийн сайн” үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “З т н” ОНӨААТҮГ-д “А ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 213 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан “З т н” ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/1675, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 5/1764, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/8289 дүгээр албан бичгийн “А ч” ХХК-д холбогдох хэсэг, “З т н” ОНӨААТҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09 цагт зарласан “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт “А ч” ХХК хамгийн сайн үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “З т н” ОНӨААТҮГ-т “А ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэсэн өөрчлөлтүүдийг оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч “З т н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.Д, хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хангасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь, магадлалын Хянавал хэсэгт “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг бүгдийг хангасан тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэхээр байхад нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг хангаагүй буюу үнийн саналыг маягтын дагуу захиалагчид хүргүүлээгүй зөрчил гаргажээ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна” гэх заалтыг хасч ерөнхий байдлаар бөглөсөн нь тендерээс татгалзах үндэслэл гэж үзжээ.
5. “А ч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19/632 дугаар, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19/637 дугаар, мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19/637 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Энэ нь агуулгын хувьд ялангуяа 19/632 дугаар албан тоотоор бусад байгууллагаас тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй гэсэн нь өөрийн компанийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрч байгаа хэлбэр юм. Мөн тендерт оролцохдоо www.tеndег.gov.mn цахим хаягаар материалаа илгээдэг бөгөөд уг цахим хаягт тендерийн материалаа явуулснаар манай компанийн мэдээлэл тендерт оролцогчдод ил болж байгаа юм.
6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын журмын 5 дугаар зүйлийн 5.1, 6.3 дахь хэсэгт зааснаар нарийвчлан зохицуулсан байтал маягтаар тусгайлан бичээгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан нь үндэслэлгүй. Сангийн сайдын 2012 оны 194 дүгээр тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын журмын 6.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...Мөн гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан” гэж тодорхой заасаар байтал давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан гэж үзээд татгалзсан шийдвэрийг зөв гэж үзсэн нь үндэслэлгүй.
7. Уг журамд заасны дагуу үнийн саналын маягт нь гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд хамаарахгүй. Түүнчлэн өөрийн байгууллагын зарим мэдээллийг нийтэд ил болгохгүй байхыг хүсвэл энэ талаар бичгээр ямар мэдээллийг нийтэд ил болгохоос татгалзаж байгаа талаар албан тоотыг тендерийн материалтай хамт хүргүүлэхээр холбогдох журамд тодорхой заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “...Тендерийн агуулга үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж, мөн Сангийн сайдын 194 дүгээр тушаалын 5.2 дахь хэсэгт тодорхой заасан байдаг. Гэтэл энэ талаар захиалагч байгууллагаас ямар нэгэн тодруулгыг тендерт оролцогчоос аваагүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...уг заалтын дагуу хариуцагч нь шүүхийн архивын тодорхойлолт буруу газар хаяглагдсан, үнийн санал маягтын дагуу бөглөж ирүүлээгүй зэрэг асуудлаар “А ч” ХХК-иас тодруулах боломжтой байсан байна” гэж зөв үнэлэлт дүгнэлт өгсөн байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй ба анхан шатны шүүхийн энэхүү үндэслэлд ямар нэгэн байдлаар дүгнэлт хийгээгүй байна.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан тодорхойлолт бөгөөд хүчинтэй хугацаа 30 хоног гэж тодорхой бичигдсэн, тендер нээх үед уг тодорхойлолт хүчинтэй байсан байхад энэхүү үндэслэлээр тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн төрөлжсөн архивын тодорхойлолтын тухайд буруу хаяглагдсан нь техникийн шинжтэй алдаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу тодруулга авах бүрэн боломжтой байсан.
9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу тендерт оролцогчийн санхүүгийн болон, техникийн чадавх, туршлага байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. ... “Автобусны жолоочийн ажлын цамц, хантааз хийлгэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах НЗТНОНӨААТҮГ/201908012 дугаартай тендерт “А ч” ХХК нь “хамгийн сайн” үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, хариуцагч “З т н” ОНӨААТҮГ-т “А ч” ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн энэ асуудалд дүгнэлт хийж нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт дурдсан шаардлагыг хангаагүй тул “хамгийн сайн” үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг даалган шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй.
10. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж “хамгийн сайн” үнэлгээ авсан тендер болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “...Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянана...” гэж заасныг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
12. Нэхэмжлэгч “А ч” ХХК-иас хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас анхан шатны шүүх “З т н” ОНӨААТҮГ-ын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргэх тухай” 1/1675 тоот, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Мэдэгдэх хүргэх тухай” 5/1764 тоот албан бичгүүд болон Монгол Улсын Сангийн яамны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 61/8289 тоот албан бичгийн “А ч” ХХК-д холбогдох хэсгийг болон дүгнэлт хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
13. Учир нь, тус шүүхийн дүгнэсэнчлэн, хариуцагч нар дээрх маргаан бүхий актуудаар нэхэмжлэгчийн тендерээс үндэслэлгүйгээр буюу хэлбэрийн шинжтэй, ялимгүй шалтгаанаар татгалзсан нь хууль бус байна.
14. Тодруулбал, хариуцагч буюу захиалагч “З т н” ОНӨААТҮГ-ын маргаан бүхий албан тоотуудаар /”А ч” ХХК нь/ “...Үнийн саналыг баталгаажуулан ирүүлэхдээ Тендерийн баримт бичгийн 12 дугаар хуудсанд хүргүүлсэн маягтын дагуу ирүүлээгүй, барааны үнийн хуваарийг маягтын дагуу бүрэн бөглөөгүй буюу зохих татвар бусад зардлыг дутуу нөхөж санал ирүүлсэн нь ТОӨЗ-ийн 7.1 “Тендерт оролцогч үнийн саналдаа холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар, хураамжийг оруулж үнийн хуваарийн дагуу ирүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн”, энэ нь Сангийн сайдын баталсан Тендерийн үнэлгээний зааврын 6.5.5. ТББ-д гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэгдсэн...” гэсэн нь үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгчээс тендерийн баримт бичигт ирүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №19/631, 19/637 тоот зэрэг албан бичгүүдэд тендерийн нийт үнэ, үнийн саналд холбогдох бүх даатгал, тээврийн зардал, татвар хураамж зэрэг Тендерийн баримт бичгийн 12 дугаар хуудас дахь үнийн маягтад заасан бүхий л үзүүлэлтүүдийг тодорхой бичиж, тайлбарласан байх тул “маягтын дагуу ирүүлээгүй, энэ нь тендерийн баримт бичигт гүйцэтгэгчийн үүрэг, хариуцлага болгохоор заасан чухал ач холбогдол бүхий нөхцөлийг хүлээн авахаас татгалзсан” гэх үндэслэл болохгүй юм.
15. Мөн удаах татгалзсан үндэслэл болох “Нийслэлийн төрөлжсөн архивын тодорхойлолт ИНЕГ-т хаягласан” гэсэн нь уг тодорхойлолт дахь мэдээллийг үгүйсгэх үндэслэл болохгүй, түүнчлэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт 2019 оны 10 сарын 29-ний өдрөөр ирүүлсэн нь тухайн тендер зарласан цаг хугацаанд хамааралгүй...” гэсэн нь үндэслэлгүй буюу тухайн тодорхойлолтын 30 хоногийн хүчинтэй хугацаа нь тендерийг нээх үед үргэлжилж байсан зэргээр үгүйсгэгдэж байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
16. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг Тендерийн баримт бичгийн ТОӨЗ 3.1-д “Үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, баталгаажуулан ирүүлнэ”, 5.“Тухайн хуулийн этгээдийн байнгын үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн шүүхийн тодорхойлолтыг ирүүлэх”, 6.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт ирүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй, иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /цаашид Тендерийн хууль гэх/ 27 дугаар зүйлийн 27.1.3. “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-ыг зөрчсөн гэж үзэхгүй тул мөн зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн “шаардлагад нийцээгүй” гэж татгалзсан захиалагч “З т н” ОНӨААТҮГ-ын мэдэгдлүүд, мөн уг татгалзлыг үндэслэлтэй гэж үзсэн Сангийн яамны 2019 оны 61/8289 тоот албан бичиг нь хууль бус юм.
17. Мөн “...“Бид тендерийг холбогдох журмын дагуу бусад тендерт оролцогчдод ил болгохыг үүгээр зөвшөөрч байна” гэх заалтыг хассан...” гэх үндэслэлийн тухайд, “... “А ч” ХХК-ийн... албан бичгийг хүргүүлсэн. Ялангуяа 19/632 дугаар албан тоотоор бусад байгууллагаас тодорхойлолт авахад татгалзах зүйлгүй гэсэн нь өөрийн компанийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрч байгаа хэлбэр юм. Мөн тендерт оролцохдоо www.tеndег.gov.mn цахим хаягаар материалаа илгээдэг бөгөөд уг цахим хаягт тендерийн материалаа явуулснаар манай компанийн мэдээлэл тендерт оролцогчдод ил болж байгаа юм... үүнийг давж заалдах шатны шүүх “гэрээний чухал ач холбогдол бүхий нөхцөлд өөрчлөлт оруулсан” гэж үзээд татгалзсан шийдвэрийг зөв гэж үзсэн нь үндэслэлгүй... Түүнчлэн Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “...Тендерийн агуулга үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж тодорхой заасан байдаг...” /Тодорхойлох хэсгийн 5-7/ гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй.
18. Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “... 27.1-д заасан шаардлага /үүний дотор 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага/ хангасан эсэх”-ийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно: “27.2.1. бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө; 27.2.2. захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх; 27.2.3. энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх” гэж заасан, гэтэл хариуцагч нараас нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг /дээрх “зөрчил”-үүд/ нь эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн алинд нь хамаарч байгаа, өөрөөр хэлбэл аль үзүүлэлтээр нь шаардлага хангахгүй байгаа талаар тодорхой тайлбаргүй байна.
19. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх хуулийн зүйл, заалтыг хэрэглэлгүйгээр, зөвхөн тендерийн баримт бичгийн хэлбэрт ач холбогдол өгч, “...нэхэмжлэгчийн тендерийн баримт бичиг хуульд зааснаар нэгэн зэрэг хангаагүй, ТОӨЗ-ийн 3.1-д “...үнийн саналыг маягтын дагуу бэлтгэж, баталгаажуулж ирүүлнэ” гэж зааснаар үнийн маягтын дагуу саналаа ирүүлээгүй тул тендерийн баримт бичиг шаардлага хангаагүй гэж татгалзсан маргаан бүхий актууд нь хууль тогтоомжид /Тендерийн хуулийн 27.3-т/ нийцсэн...” гэж дүгнэсэн нь буруу юм. Иймд, “...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-8-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
20. Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй /хэвээр үлдээхийг хүсэж байгаа/ тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-10-д заасан “Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж дүгнэлт өгсөн...” гэх утгатай хяналтын гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
21. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 320 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2020/0213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ