Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0416

 

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0416

       Улаанбаатар хот

 

 

“Н с” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0291 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Н сар” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0291 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2.4-т заасныг тус тус баримтлан “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/240018 тоот мэдэгдэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо: “...Манай компани нь 2014-2017 оны хугацаанд хэд хэдэн байгууллага болон хувь хүнтэй гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд уг ажлын гүйцэтгэл буюу ажлын хөлсөндөө бэлэн мөнгө авахаасаа илүүтэй өнөөгийн зах зээлийн хямралтай холбоотойгоор хүмүүстэй ихэвчлэн бартераар тохиролцож ажлын төлбөрөө төлөхөөр тохирдог байсан. Ажлын гүйцэтгэлд мөнгө бус бартер оролцуулахаар тохирч, зарим хөлсөө бартераар авч, заримыг нь авч чадаагүй байгаа болно.

Ажлын хөлсөө авахад нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж өг гэхээр нь падаан өгдөг байсан, бартерын ажлын хувьд буцаан авалтаар хасагдан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нөгөө талаас бичиж өгөх ёстой ч бичиж өгөхгүй байсаар манай компани бичилтээр буюу зохиомлоор ийм өрөнд ороод байна. Мөн бартераар ажлын хөлс авсан зарим үнийн дүнгээс буцаан авалтаар хасагдах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн хасагдах ёстой юм. Зарим компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй тохиолдол манайд нэмэгдсэн өртгийн албан татварын өр тооцогдохгүй юм.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Татварын алба нь манай компанид 251.4 сая төгрөгийн татварын өрийг тавьж 35/240018 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Уг мэдэгдэх хуудас нь татварын байцаагчийн акт, шийдвэрээр баталгаажуулаагүй, хууль бус мэдэгдэл юм. Хяналт шалгалтаар орж шалгагдаагүй байхад өөрсдийн үзэмжээр хууль бус мэдэгдэх хуудсаар татвар төл гэсэн нь хууль зөрчиж гэж үзэж байна.

“Н с” ХХК-ийн 2014-2017 оны татварын тайлан нь санхүүгийн анхан шатны баримтад үндэслэсэн эсэх, баримт тайлан нь нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангаж байгаа эсэх, үнэн бодитой тайлагнасан эсэх, татварын улсын байцаагчийн гаргасан 35/240018 тоот мэдэгдэх хуудсаар тогтоогдсон 257.7 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөр нь үндэслэлтэй эсэх өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа болно.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногддуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага ногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг, эхийн нэр гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж тус тус заасан байдаг.

Мөн Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д “энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд мэдэгдэл бичих бөгөөд түүнд татварын албаны даргын, эсхүл татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр гарын үсэг, шаардлага биелүүлэх хугацаа, уг мэдэгдлийг үйлдсэн болон гардуулсан он, сар өдрийг тусгана” гэж заасан байна.

Гэтэл Татварын улсын байцаагч С.Ц нь ногдох татварыг тодорхойлохдоо Татварын ерөнхий хуулийн 33.2.2-т заасны дагуу актаар тогтоох ёстой байсан. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д заасан татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд хүргүүлдэг мэдэгдэх хуудсаар ногдох татварыг төл гэж шаардах эрхгүй бөгөөд энэ нь хууль бус гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс 35/240018 тоот мэдэгдэх хуудсаар төлөхийг шаардсан татварыг компани өөрөө гаргаж, цахимаар тайлагнасан тухай маргахгүй байна” гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Бид татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэгч талын хууль зүйн хүсэл зоригийг маргахгүй гэж дүгнэх боломжгүй.

Манай компани тайлангаа зарим компаниудад ажил гүйцэтгүүлэх баримтаа гаргаж өгөхгүй байгаагаас болж удаа дараа алдаатай тайлагнаж байсан. Манай тайлан ч, татварын байцаагчийн мэдэгдэл ч анхан шатны баримтад огт үндэслэлгүй юм. Энэ маргаантай асуудлыг зөвхөн мэдэгдлээр шийдвэрлэх боломжгүй юм.

Татварын байцаагчийн мэдэгдэл нь санхүүгийн анхан шатны баримтад үндэслэсэн эсэх, баримт тайлан нь нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангаж байгаа эсэх, үнэн бодитой тайлагнасан эсэх нь тодорхойгүй мэдэгдлийг үндэслэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0291 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Н с” ХХК-ийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “Н с” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц-ын 2017 оны 35/240018 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Ц нь 2017 оны 35/240018 дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч “Н с” ХХК-ийн 260.699.297.3 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлөхийг мэдэгдсэн байна.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ”, 33 дугаар зүйлийн 33.2.4-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй болон шууд бус аргаар ногдуулсан татварын ногдлыг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнийг татвар төлөгчид гардуулах бол энэ хуулийн 54 дүгээр зүйл, татвар төлөгчийн харилцагч банканд өгөх бол энэ хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу уг хуудсыг үйлдэнэ”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татвар болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан журмаар татварын албанаас тодорхойлон тогтоосон татварыг төлүүлэхээр мэдэгдэх хуудсыг татвар төлөгчид гардуулна” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд хариуцагч татварын улсын байцаагчийн 35/240018 тоот “мэдэгдэх хуудас” нь татвар төлөгчийг дуудан ирүүлэх тухай агуулаагүй, харин татварын албанаас 260,699,297.30 төгрөгийн татварын өр үүссэн талаарх татварын өр төлүүлэх тухай мэдэгдэл байх тул нэхэмжлэгчийн “...татвар төлөгч болон бусад этгээдийг дуудан ирүүлэхэд хүргүүлдэг мэдэгдэх хуудсаар татварыг төл гэж шаардах эрхгүй, уг мэдэгдэх хуудас нь илт хууль бус захиргааны акт юм” гэх гомдол үндэслэлгүй.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ”, 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.2-т “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх бөгөөд түүнд татварын албаны даргын болон татварын улсын байцаагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн болон гардуулсан он, сар, өдрийг тусгана” гэж тус тус заажээ.

Дээрх заалтаас үзэхэд нэхэмжлэгч “Н с” ХХК татвар төлөгчийн тодорхойлсон татвар нь үнэн зөв тайланд үндэслэгдсэн эсэхийг татварын байцаагч тухай бүр шалгаж тогтоох үүрэг хүлээхгүй, харин татвар төлөгч нь хууль тогтоомжийн дагуу татвараа тодорхойлсон эсэхэд хяналт тавих явцдаа хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзвэл акт үйлдэхээр байх бөгөөд хариуцагч хуульд заасны дагуу акт үйлдэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Энэ талаарх анхан шатны шүүхийн “татвар төлөгч үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үр дагаварт татварын улсын байцаагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02291 дүгээр шийдвэрээр “дээрх өр нь татварын улсын байцаагчийн актаар тогтоосон өр биш, татвар төлөгч “Н с” ХХК-ийн тайлангаар тогтоосон өр болох нь нотлох баримтаар тогтоогдож байна” гэж дүгнэн “Н с” ХХК-аас дээрх татварын өрийг гаргуулж Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэвээр үлдээсэн байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0291 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ