Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/1205

 

2025          10            15                                                                              2025/ДШМ/1205

                                                                 

М.Б-т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-,

шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1983 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2411 01399 1252 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х- овгийн М-н Б-, ..........., /РД:............../;

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 590 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.

Шүүгдэгч М.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-” баарны гадна хохирогч Ж.Ц-гийн цээжин тус газарт цохиж унаган эрүүл мэндэд нь “дагз ясанд шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, зулай, дух, хэсгийн тархины няцрал, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, 4 дүгээр ховдлын цус харвалт, зулайн ар, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-аас нийт 8.618.870 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-д 5.971.960 төгрөгийг олгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд 2.464.910 төгрөгийг тус тус төлүүлэхийг дурдаж, шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдолдоо: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ж.Ц-гийн удаа дараагийн шалгаасан, бухимдуулсан байдлын улмаас сэтгэл зүйн гэнэтийн бухимдал бий болж одоогийн нөхцөл байдалд хүргэсэн талаар мэдүүлсэн. Гэвч энэ бүхнийг анхан шатны шүүхийн тогтоол болон шат шатны мэдүүлгүүдэд тусгаж өгөөгүй нь үл ялих нэг удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн мэт харагдуулж байна. Хохирогчийг эхний удаа “Тамхи өгөөч” гэж хэлэхэд нь өгсөн боловч түүнээс хойш удаа дараа нэхэж, сүүлдээ доромжилж, дарамтлах хэв маяг орж эхэлсэн тул “Одоо цаашаа бай” гээд холдуулсан юм. Үр дагавар нь ингэтэл хүнд байдалд хүрсэнд миний зүгээс маш их харамсаж байна. Мөн тухайн гэмт хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд ямар нэг байдлаар саад учруулж байгаагүй бөгөөд хохирлоо нөхөн барагдуулах талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр илэрхийлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэх 2024 оны 05 дугаар сарын 19-ний орой миний үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан талаар шүүхийн шинжилгээний дүгнэлт байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан гэх атал нийт нэхэмжилж буй хэмжээ нь Эрүүл мэндийн даатгалын санд эргүүлж төлөх хэмжээнээс зөрүүтэй байгаа тул хохирлын хэмжээг үнэн зөв, бодитоор тогтоож өгнө үү. Иймд дээрх бүхнийг нь дахин хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. М.Б-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөртэй холбогдуулан анхан шатны шүүхээс 8.636.870 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 2.464.910 төгрөгийг төлж барагдуулна. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Хохирогчид нийт 5.971.960 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс зарим нотлох баримтууд хуулийн шаардлага хангахгүй байна. Нийт 5.971.960 төгрөгөөс 1.119.000 төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа. Хавтас хэргийн 132 дугаар талд шилжүүлгийн 1.190.000 төгрөгийн баримт байгаа. Уг баримт нь тодорхойгүй баримт байгаа тул үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хэргийн 114, 115, 116 дугаар талууд дахь баримтууд бүгд давхардсан. Цахиурын эм тарианы мөнгө 180.000, 100.000, 240.000 төгрөг гэх 3 удаагийн гаргаж өгсөн баримтууд давхардсан. Мөн хэргийн 117-127 дугаар талд авагдсан банкны шилжүүлгийн баримтууд нь ямар утга агуулгатай, хэнээс яах гэж шилжүүлсэн нь тодорхойгүй баримтуудыг хохирол төлбөрт хамруулан шийдвэрлэсэн. Хэргийн 128 дугаар талд авагдсан асрагч 120.000, 240.000, 120.000, 30.000, мөн хэргийн 136-138 дугаар талд и-баримтаар авагдсан 295.000 төгрөгийн баримт, 114 дүгээр талд авагдсан нийт 528.000 төгрөгийн баримт, хэргийн 115 дугаар талд авагдсан 2024 оны 5 дугаар сарын 29-ний 100.000 төгрөгийн эм тариа авсан баримт байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Нийт 1.019.000 төгрөг болж байгаа. Үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дурдаагүйгээс, хэргийн 133-135 дугаар талд авагдсан баримт нь мөн давхардсан баримтууд байгаа. Нийт шаардлага хангаж байгаа баримтууд нь 1.019.000 төгрөгийн баримт байсан.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй. Шүүгдэгч талаас баримтууд давхардсан тухай гомдол гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, тус тусад нь буюу зээл авсан тухай баримтаа, банкны гүйлгээний хуулгын хамт гаргаж өгсөн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд хэрэглэж байсан эмийг бүгдийн гаднаас авсан. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Ямар ч нөхөн төлбөр өгөөгүй. Манай аавыг амьд байх хугацаанд нь чин сэтгэлээсээ ирээд, ганц удаа ч уучлалт гуйж үзээгүй. Огт холбоо бариагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгч нь хэлж байж уучлалт гуйсан.” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв үнэлж, дүгнэсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэг, гэм бурууд тохирсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн зүгээс хохирол, төлбөр ямар нэгэн байдлаар төлөөгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр тухайн үед маргаж оролцдог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэх саналтай байна. Хохиролтой холбоотой асуудлын тухайд 4.000.000 төгрөг дээр 1.090.000 төгрөгийг нэмэхээр 5.000.000 төгрөгийн тооцоо гардаг. Зөрүүтэй зүйл байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтаар үнэлэх, үнэлэхгүй асуудлыг яриад байдаг. Түүнээс хохирогчийн эмчилгээ үйлчилгээ авсан нь баримтаар тогтоогддог.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Б- нь 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д-” баарны гадна хохирогч Ж.Ц-гийн цээжин тус газарт цохиж унаган эрүүл мэндэд нь “дагз ясанд шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, зулай, дух хэсгийн тархины няцрал, их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, 4 дүгээр ховдлын цус харвалт, зулайн ар, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Ц-гийн “...“Д-” бааранд өмнө хамт ажиллаж байсан хүнтэй уулзах гэж очоод ирээгүй болохоор баарны эзэнд хэлэхэд би нэрийг нь хэлээд танихгүй царайг нь харвал танина гэж захирал нь хэлсэн.Тэгээд нэг залуу ширээ авахгүй бол гараад хүлээж бай гээд түлхээд байсан, юу болсон талаар санахгүй байна, нэг сэрэхэд толгой өвдөөд цус гарсан байсан...” /хх 13/, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-гийн “...манай аав ...Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд гавал тархины хүнд гэмтэл, тархины няцралын хүнд зэрэг, зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсны доорх тархи дарсан хурц цусан хоёр духны дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцралт, аалзан бүрхэвчийн доорх тархины эдэд хаван гэсэн оношоор оношлогдож, цус хуралтыг авах тархины хагалгаанд орж 9 хоног хэвтэж эмчлүүлж байгаад ...гарсан. Үүнээс хойш Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж гарсан. Дараа нь Яармагийн “Гумудай” хотхонд “Жаргал” асаргаа сувилгааны газарт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...2024 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс мөрдөгч яриад манай аавыг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 2 дугаар буудлаас нас барсан байдалтай олдсон гэж хэлсэн. Би мөрдөгчтэй очиж уулзахад манай аавыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нас барсан байдалтай олдсон, ар гэрийнхнийг нь тогтоох гэж удлаа гэж хэлсэн...” /хх 177-178/,

гэрч Т.Т-ын “...би “Д-” бааранд 2024 оны 04 дүгээр сарын сүүлээс эхлэн хамгаалагчаар ажиллаж байна. 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө хэдэн цагийг санахгүй байна, баарны үүдэнд гараад архи уучихсан, биеэ авч явж чадахааргүй хүмүүсийг холдуулж, хөөгөөд явуулж байтал 180 см өндөр нуруутай залуу манай баарны гадна архи уугаад явж байдаг нэрийг нь мэдэхгүй зүс таних хөгшин ах хажууд зогсож байтал нөгөө өндөр залуу үгийн зөрөөгүй тэр ахыг зайлаа гээд цээж рүү нь цохисон чинь тэр ах ар дагзаараа хойшоо цемент дээр савж унаад босч ирэхгүй, ухаангүй хэвтээд байсан...” /хх 18-19/,

гэрч Г.Э-ы “...2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байсан. Хувиараа таксинд явж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 17-ийн “Д-” баарны үүдэнд хамт таксинд явдаг ах нартайгаа ярилцаад зогсож байтал “Д-” баарнаас 180 см орчим өндөртэй нэг ахыг хамгаалагч нь хөөгөөд үүдээр гаргаж байсан. Тэр хавиар шатны үүдэнд архи ууж байсан 60 орчим насны нэг ах тухайн хөөгдөж байсан ахаас тамхи асуусан чинь “чи зайлаа” гээд нүүр лүү нь мангасдсан чинь тэр ах ар дагзаараа цементэн талбай дээр саваад унасан. Тэгээд босч ирэхгүй, хөдөлгөөнгүй ухаангүй хэвтээд байхаар нь би 103, 102-т дуудлага өгсөн. Удаагүй 103-н эмч ирээд анхан шатны тусламж өгөх гэтэл ухаан орохгүй байхаар нь машиндаа суулгаад аваад явсан, араас нь цагдаа ирэхээр нь түлхэж унагасан ахыг цагдаад хүлээлгэж өгсөн...” /хх 21-22/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 7219 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 25-26/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 39-41/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.Б- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч М.Б-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Ц-гийн цээжин тус газарт цохиж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл ангид зааснаар 3 жил 8 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч М.Б-ын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхээс хохирлын тооцоог бодитой тооцолгүй, хохирогч талаас нэхэмжилсэн үнийн дүнгээр бүхэлд нь буюу 5.971.960 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зарим давхардсан баримтуудыг хасаж, хохирлын хэмжээг тооцож үзэхэд Ж.Ч-гийн данснаас гарсан зарлагын тооцоо болон хэргийн 113-138 дугаар талд авагдсан хохирогчийн авсан эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой төлбөр төлсөн дансны хуулгыг гүйлгээний утга болон гүйлгээ хийгдсэн он, сар, өдөртэй тулган шүүгдэгчээс 2.896.445 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-д олгож, шүүгдэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч М.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 21-нээс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1983 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б-аас нийт 5.361.355 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-д 2.896.445 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд 2.464.910 төгрөгийг тус тус төлүүлэхийг дурдсугай. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын 2025 оны 08 дугаар сарын 21-нээс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 55 /тавин тав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                                             Н.БАЯРМАА

 

                   ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ