Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01211

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01211

 

 

 

Б.Шатарцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01190 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Шатарцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Балцэцэгт холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг Б.Балцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн,

2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоотод байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Шатарцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баясгалан, хариуцагч Б.Балцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Шатарцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот байрны өмчлөгч болох нь эд хөрөнгийн өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу орон сууц өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлээр дээрх орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлд хийсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Б.Балцэцэгийн өмчлөх эрх дуусгавар болсон байна. Иргэн Б.Оюунтай байгуулсан 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээнд худалдан авагч Б.Шатарцэцэг, байлцсан Б.Балцэцэг гэсэн гарын үсэг байна. Энэ нь орон сууц худалдан авагч нь Б.Шатарцэцэг гэдгийг, тухайн үед тэрээр Монголд байхгүй байсан тул эгч Б.Балцэцэг нь түүний өмнөөс хэлцэлд оролцсоныг нотолж байна. Харин үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт хамтран өмчлөгч Б.Балцэцэг гэсэн бүртгэл хийсэн шалтгаан нь худалдан авагч өөрийн биеэр байгаагүй, улсын бүртгэлд өмчлөгч биечлэн байх шаардлага тавьдагтай холбоотой юм. Үүнд Иргэний хуулийн 7 дугаар бүлэгт заасан төлөөллийн харилцаа үүссэн байх бөгөөд уг төлөөллөөр хийсэн хэлцлээс төлөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөөгүй тул 2001, 2004 оны хэлцлийг хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу Б.Шатарцэцэг нь төрсөн эгч Б.Балцэцэгийг өнөөдрийг хүртэл өөрийн байранд үнэ төлбөргүй суулган, түүний эзэмшилд шилжүүлсэн. Өмчлөгч нь өөрийн өмчлөлийн орон сууцаа хэдийд ч чөлөөлөх шаардлагыг гаргах эрхтэй бөгөөд уг байрыг чөлөөлөх шаардлагыг 2017 оноос удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна. Иймд Б.Шатарцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот байрыг Б.Балцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Балцэцэгийн тайлбарт: Б.Шатарцэцэг бол Б.Балцэцэг миний төрсөн дүү билээ. Миний бие энэ байрыг 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Оюунтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед уг орон сууцыг худалдан авахад Б.Шатарцэцэгийн нөхрөөс мөнгө зээлж авч байсан учраас манай дүү Б.Шатарцэцэг нь өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулчих гэсэн. Тиймээс гэрээнд өөрийн дүү Б.Шатарцэцэгийн нэрийг оруулсан. Уг гэрээг байгуулж байх үед манай дүү Б.Шатарцэцэг Монголд байгаагүй. Нөхөр Н.Жаргалсайхан нь Чех улсад элчин сайдаар ажиллаж байсан учраас Чех улсад байсан. Миний бие 2001 оноос өмнө хорооллын эцэст гэмтлийн эмнэлгийн арын гэр хороололд хашаа байшинд амьдарч байсан бөгөөд хашаа байшингаа зарж мөнгийг нь өөрийн дүү Б.Шатарцэцэгт өгсөн. Мөн миний хүү н.Төгсбат 2001 онд Польш улсаас Форд Транзит машин оруулж ирсэн бөгөөд миний дүү Б.Шатарцэцэг нь машиныг нь зарж жижиг машин болгоод өөрөөр чинь бариулж өөртөө ажиллуулана гэж байгаад мөн л хуурч машиныг нь авсан. 2004 онд миний том хүүгийн бие өвдөж мөнгөний хэрэг гарсан тул дүү Б.Шатарцэцэгээс 900 000 төгрөг зээлүүлээч гэхэд та орон сууцны өмчлөгчийн нэрнээс өөрийнхөө нэрийг хасуулчих гэсэн тул миний бие өөрийн дүүдээ итгэн нэрээ хасуулсан. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 66 дугаар байр 20 тоот орон сууц бол миний өмчлөлийн байр. Миний бие дүүдээ итгэн өнөөдрийг хүрсэн байтал зөвхөн гэрчилгээний нэр дээр өөрийн нэр нь байгаа гэснийг далимдуулан төрсөн эгчийнхээ орон гэрийг булаан авч гудамжинд гаргах гэж улайрч байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Балцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Балцэцэг миний бие Б.Оюунтай 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байр, 20 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдарсаар байна. Б.Шатарцэцэгийн нөхөр Н.Жаргалсайхан надад орон сууцтай бол та олон хүүхэдтэй гэр хороололд байгаад яах юм гээд 11 000 ам.долларыг бэлэглэсэн. Ингээд миний бие уг байрыг худалдан авсан. Б.Шатарцэцэг нь миний байрыг авах зорилгоор хуурч хэлцэл хийсэн байна. Намайг орон сууц худалдан авах үед Б.Шатарцэцэг нь танай нөхөр Солонгос улсаас ирээд байрыг чинь булаацалдаад байж магадгүй учир миний нэрийг бүртгүүлээд гэрчилгээ гаргуулчих гэж зөвлөсний дагуу 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд түүний нэрийг би өөрөө бичиж гэрээ байгуулсан болно. Б.Шатарцэцэг нь надад хууль ёсны дагуу төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад би түүний өмнөөс нэрийг нь бичиж гэрээ байгуулсан нь Б.Шатарцэцэгийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байр, 20 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд, 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66-20 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Балцэцэгийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Шатарцэцэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: Талууд энэхүү хэлцлийг 13 жилийн өмнө байгуулан улсын бүртгэлд өмчлөх эрхийн өөрчлөлтийг бүртгүүлсэн байх бөгөөд уг өөрчлөлтийг бүртгүүлснээр, мөн 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байранд түр суулгах гэрээ байгуулах үеэс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар Б.Балцэцэгт шаардах эрх үүссэн, эрх зөрчигдсөн тухайгаа мэдэх ёстой байсан. Өмчлөгчөөс хассан хэлцэл, орон сууцанд түр суулгах хэлцэл нь эрх зөрчигдсөнийг мэдэх боломжтой хангалттай баримт бөгөөд энэ талаар тухайн үед ямар ч гомдол гаргаж байгаагүй нь түүнд орон сууцны өмчлөлийн талаар аливаа шаардах эрх байхгүй, эрх зөрчигдөөгүйг нотолж байна. Б.Шатарцэцэг нь Чех улсаас Монгол руу ирэх хугацаа болж байсан тул энэхүү байраа худалдан авах зорилгоор өөрийн төрсөн эгчид мөнгө өгч явуулсан байдаг. Тэрээр гэр бүлийн орлогоосоо Б.Балцэцэгт байрны мөнгө бэлэглээгүй, зээлээгүй. Монголд ирээд нөхрийн талын өгсөн байранд амьдрах болсон, мөн ээж нь төрсөн эгч чинь олон хүүхэдтэй, тусалж дэмжээрэй гэсний дагуу байнга мөнгө төгрөг өгч тусалдаг төдийгүй байрандаа удаан хугацаанд амьдруулах болсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн улсын бүртгэл бүхий өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт хариуцагчид огт байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй, эрх нь зөрчигдөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Шатарцэцэгийн хариуцагч Б.Балцэцэгт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Балцэцэгийн хууль бус эзэмшлээс буюу уг орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 4дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот, 43 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Балцэцэгийг тогтоож, хариуцагч Б.Балцэцэгийн сөрөг нэхэмжлэлээс хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Балцэцэг нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус шүүхийн шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 222 950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Шатарцэцэгээс гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Б.Шатарцэцэг нь Чех улсад амьдарч байх үедээ буюу 2001 онд гэр бүлийн орлогоосоо орон сууц худалдан авахаар өөрийн төрсөн эгч Б.Балцэцэгийг Монгол руу буцах үед 11 000 ам.доллар өгч, орон сууц худалдан авсан. Б.Оюунтай 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд "худалдан авагч Шатарцэцэг, байлцсан Балцэцэг" гэж гарын үсэг зурсан нь уг байрыг Б.Шатарцэцэг өөрөө худалдан авах хүсэл зоригтой байсан бөгөөд ББалцэцэг өөрөө үйлдлээрээ үүнийг зөвшөөрч байсныг, 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнд Б.Шатарцэцэг өмчлөгчөөр бүртгэлтэй зэргээр уг орон сууцны өмчлөгч нь Б.Шатарцэцэг гэдэг нь бичгийн баримтаар нотлогдож, хариуцагч, гэрчийн тайлбарууд нь няцаагддаг.

2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг хийн Б.Балцэцэг нь "Шатарцэцэг өмчлөгч болохыг зөвшөөрсөн" үйлдэл хийсэн юм. Энэ нь 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байранд түр суулгах гэрээ байгуулсан байгаагаар давхар нотлогдоно.

Б.Балцэцэг нь орон сууц худалдан авагч биш, Б.Шатарцэцэгийг төлөөлж орон сууц худалдан авах хэлцлийг хийсэн бөгөөд "төлөөлөгч эрх, үүргээ шударгаар, зөвхөн төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх" зарчмын дагуу 2001 онд байгуулсан гэрээнд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Харин уг гэрээг хүчингүй болгосноор гэрээний нэг тал худалдагч Б.Оюуны эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байхад шүүгч буруу дүгнэлт хийсэн.

Хариуцагчийн тайлбарласанчлан хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийсэн бол зээлсэн мөнгөө буцаан төлсөн эсэх, төлсөн тохиолдолд ямар үр дагаварт хүрэх тохиролцоо талуудын хооронд хийгдсэн байх ёстой. Шүүгч 2001 оны хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн үндэслэлээр 2004 оны орон сууцны хамтран өмчлөгөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон.

Хэдийгээр хариуцагч сөрөг нэхэмжлэлээс "хамтран өмчлөгчөөр тогтоолгох" хэсгээс шүүгчийн заавраар татгалзсан боловч 2004 оны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор Иргэний хуулийн 56 дугаар зуйлийн 56.5-д зааснаар хэлцлээс өмнөх байдал буюу "Шатарцэцэг, Балцэцэг нар нь хамтран өмчлөгч хэвээр үлдэнэ" гэсэн үг.

Мөн 2001 оны хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор худалдагч Б.Оюун байраа буцаан авах, Б.Шатарцэцэг төлсөн мөнгөө буцаан авах үр дагавар үүснэ. Байр худалдан авах үед эгч нь олон хүүхэдтэй, нөхөр нь Солонгос улс руу яваад ор сураггүй алга болсон тул ээжийнхээ захиасаар эгчдээ байнга тусалж дэмжиж ирсэн юм. Б.Балцэцэг нь дүү Б.Шатарцэцэгийн гуйлтаар түүний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулсан бол 2001 оны орон сууц худалдах, худалдан авах гэрээнд "худалдан авагч Шатарцэцэг" гэж гарын үсэг зурж, нотариатаар батлуулахгүй байсан, мөн 2004 онд өөрийгөө хамтран өмчлөгчөөс хасах хэлцэл хийхгүй байсан юм.

2004 оны хэлцэл нь 2001 оны хэлцлийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл биш бөгөөд анхнаасаа өмчлөгч биш байсан Балцэцэгийг хамтран өмчлөгчөөс хассанаараа 2001 оны хэлцлийн хууль зүйн үр дагаврыг залруулсан юм. Эдгээр хэлцлийн хэлбэр нь хэлцлийг хүчингүйд тооцуулах үр дагаврыг үүсгэхгүй.

Б.Балцэцэг нь уг орон сууцыг "дангаар өмчлөх ёстой, эрх нь зөрчигдсөн" байсан бол хэлцэл хийсэн даруй залруулах, Б.Шатарцэцэгийг өмчлөгчөөс хасуулах зэргээр арга хэмжээ авсан байх ёстой. Гэтэл энэ тухай шаардлагыг огт гаргаж байгаагүй юм. Хэрэв түүний эрх зөрчигдсөн байсан бол 2001 оны орон сууц худалдах, худалдан авах гэрээнд "худалдан авагч Б.Шатарцэцэг" байгаа зэргээр эрх зөрчигдсөнийг мэдэх ёстой байсан тул шаардах эрх гэрээ байгуулсан үеэс үүссэн байна.

2004 оны 03 дутаар сарын 25-ны өдөр Б.Балцэцэг нь хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийснээр, Б.Шатарцэцэгтэй байранд түр суулгах гэрээ байгуулах үедээ эрх зөрчигдсөнөө мэдэх боломжтой байжээ. Өмчлөл улсын бүртгэлээр нотлогддог гэдгийг Б.Балцэцэг мэдэх ёстой бөгөөд мэдэж байсан учраас л энэхүү хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хийсэн хэлцлийнхээ үр дагаврыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан /нотариатаар гэрчлэгддэг/ гэх нотлох баримт огт байхгүй байна. Иймд Б.Балцэцэг нь Б.Шатарцэцэгийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас эхлэн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэдэг нь баримтаар нотлогдохгүй төдийгүй бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна.

Шинжээчийн дүгнэлтээр "гарын үсгийн хэв тохирохгүй байна" гэсэн дүгнэлт хийдэг болохоос "Балцэцэгийн гарын үсэг биш байна" гэсэн дүгнэлтийг хийдэггүй юм. Ялангуяа, энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгийг үнэлэхгүй байх нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал байх ёстой. Учир нь 2001, 2004 оны үйл баримтыг тогтоох тухай асуудал энэ хэрэгт яригдаж байгаа бөгөөд хэргийг үнэн зөвөөр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой хугацаа аль хэдийн өнгөрсөн.

Нэхэмжлэгч Б.Шатарцэцэг нь эд хөрөнгийн өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000097873 дугаар гэрчилгээгээр дээрх орон оууцны өмчлөгч гэдэг нь нотлогддог. Шүүгч нэхэмжлэгчийн шаардлагыг ойлгоогүй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Шатарцэцэг нь өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай шаардлагыг Б.Балцэцэгт холбогдуулан гаргасан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Шатарцэцэг нь төрсөн эгч Б.Балцэцэгийг өнөөдрийг хүртэл өөрийн байранд үнэ төлбөргүй суулган, түүний эзэмшилд шилжүүлжээ. Өмчлөгч нь Балцэцэгтэй тодорхой хугацаа тохирсон, үнэ хөлс бүхий гэрээ байгуулаагүй бөгөөд эгч дүүгийн харилцааны хүрээнд тусалж дэмжин, өөрийн өмчлөлийн орон сууцандаа суулгаж байсан тул орон сууцаа чөлөөлөх шаардлагыг хэдийд ч гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь санхүүгийн хүндрэлийн улмаас өөрийн өмчлөлийн байрыг худалдах болсон тул хариуцагчид уг байрыг чөлөөлөх тухай шаардлагыг 2017 оноос эхлэн удаа дараа тавьсан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл шаардлагыг биелүүлээгүй байна.

Б.Балцэцэг нь өнөөдрийг хүртэл орон сууцанд амьдарч байгаа нь түүний хийсэн хэлцлийг хүчингүйд тооцох, хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй байх, эрхээ зөрчигдсөнийг мэдээгүй, мэдэх боломжгүй байх нотлох баримт биш бөгөөд хэлцлүүд хийгдсэн үйл явц, түүний илэрхийлсэн хүсэл зориг, бичгийн бүхий л баримтуудаар тэрээр өмчлөгч биш гэдэг нь нотлогддог. Байранд түр суулгах гэрээг нэхэмжлэгч үндэслэлээ болгох эрхтэй бөгөөд энэ баримтыг бусад бичгийн баримтууд нотолно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Шатарцэцэг нь хариуцагч Б.Балцэцэгт холбогдуулан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг Б.Балцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Балцэцэгийг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаар Б.Балцэцэг, Б.Шатарцэцэг нар нь 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот, 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу уг орон сууцны өмчлөгчөөс Б.Балцэцэг хасагдсан үйл баримт тогтоогдсон.

 

Шүүх 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Б.Балцэцэгийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй.

 

Б.Балцэцэг, Б.Шатарцэцэг нарын иргэн Б.Оюунтай байгуулсан 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түүний үр дагаврыг арилгуулах шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тодруулбал, хариуцагч нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2011 оны 05 дугаар сарын 30-ны дотор гаргаагүй байх тул энэ талаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Зохигчид 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл байгуулсан, уг хэлцлийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байна.

Хариуцагч нь орон сууцны өмчлөгчөөс хасагдах хүсэл зориг байгаагүй, уг хэлцэл нь 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлага гаргасан хэдий ч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу тэрээр уг шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хуулиар тогтоосон хугацаа хэтрүүлэн гаргасан тул хариуцагч Б.Балцэцэгийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй.

Нэхэмжлэгч Б.Шатарцэцэг нь 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн үндсэн дээр маргааны зүйл болох орон сууцыг дангаар өмчилж, хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. /хх 90/

Хариуцагч Б.Балцэцэг тус орон сууцанд худалдан авсан үеэс нь амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгч Б.Шатарцэцэгийн зөвшөөрөлгүйгээр уг орон сууцыг хууль бусаар эзэмшиж байна гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр түүний өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байх тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны эзэмшигч болно.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг хариуцагчид үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд орон сууцнаас хариуцагчийг гаргах гэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээг цуцлах хуульд заасан журмыг баримтлах ёстой.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Балцэцэгт холбогдох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг Б.Балцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Шатарцэцэгийн нэхэмжлэл, хариуцагч Б.Балцэцэгийн нэхэмжлэгч Б.Шатарцэцэгт холбогдуулан гаргасан 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ