Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/1133

 

2025             09             24                                                                     2025/ДШМ/1133

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнх-Оргил,

хохирогч Л.Б-гийн өмгөөлөгч П.Сумъяа, Ц.Галтаа,

цагаатгагдсан этгээд Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун, К.Манлай, 

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1361 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Ц.Галтаагийн давж заалдах гомдлоор Б.Б-т холбогдох 2306 00306 3191 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овогт Б-ийн Б-, ............, /РД:................/.

Цагаатгагдсан этгээд Б.Б- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Л.Б-гийн эзэмшлийн 68.159.000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоот хаягт байрлах байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Б.Б-ийн өмчлөлийн Ү-******* дугаартай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 14 тоот хаягт бүртгэлтэй орон сууцын битүүмжлэлийг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц цуцалж, шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Мөнх-Оргил бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Б-гийн /хх 49-52, 2 хх 241/, гэрч П.Б-гийн /хх 67-68/, М.Б-ийн /2 хх 22-26/, Б.Т-н /2 хх 53/, Н.Б-ийн /2 хх 54/, Н.Л- /3 хх 235/ нарын мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, /2 хх 28-31/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 8-22/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /3 хх 28/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 235/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго сэдэлтээр илэрдэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дээр дурдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Б- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Л.Б-гийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоотод байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Б- нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, шүүгдэгч нь урдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б-гийн эзэмшлийн 68.159.000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоотод байрлах байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан бөгөөд түүнийг няцаан үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт байхгүй байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан байна гэж дүгнэж байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Б-, хохирогч Л.Б- нар нь 2021 оны 04 дүгээр сараас, 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд дотно харилцаатай байсан бөгөөд уг хугацаанд шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 09 дүгээр сард хохирогч Л.Б-д хандаж, “...Америкийн нэгдсэн улсын визэнд ормоор байна, Би Монголд өөрийн гэсэн гэр оронгүй, харагдаж байна, чи надаа байраа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд миний нэр дээр түр шилжүүлчих...” гэж хэлж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоот байрлах байрыг хохирогч Л.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 25.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16.000.000 төгрөг. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 30.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 74.000.000 төгрөгөөр худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлсэн болохоо үндэслэлтэй тайлбарласан бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Дээрх хэрэгт цугларсан яллах талын нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс хэрхэн үнэлсэн, уг нотлох баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн нотлох баримтыг тогтоолд дурдаагүй, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийг тусгаагүй байна.

Шүүхээс зөвхөн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь М.Б-, Б.Т- нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу, Б.Т-, Л.Б- нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу, Л.Б-, Б.Б- нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 3 удаа нэр шилжсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Б-, Л.Б- нарын хооронд сүүлд байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн залилах гэмт хэргийн шинжгүй буюу “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой маргаан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэтгэж, нотолсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж байна.

Түүнчлэн Анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь ...36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.10 дахь заалтад “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэж заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1361 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Галтаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Анхан шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоогоогүй байдаг.

Учир нь хохирогч Л.Б- нь удаа дараа хохирогчоор өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаан дээр гаргасан: "...Б.Б- байр авах гэсэн юм гээд надаас 25.000.000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд удалгүй зуслангийн байр авах санаатай байраа зарах гэж байгаа. Сайтад байр зарах зар оруулсан талаараа хэлсэн. Тухайн зарах гэж байсан байрыг нь авах хүн олдохгүй байсан учраас би тэр байрыг авахаар болж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 16.000.000 төгрөгийг өгсөн. …Улмаар 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэмж 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Орон сууц өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж авсны дараа “Богд банк”-нд 40.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавиад 30.000.000 төгрөгийг нь Б.Б-ийн хэлснээр түүний Б- гэх хүнээс авсан байсан зээлийн өр төлбөрт нь шилжүүлснээр нийт 74.000.000 төгрөгийг байрны төлбөрт төлсөн. …Тухайн байранд Б.Б-тэй цуг хамтран амьдарч байсан зүйлгүй. Хоорондоо харилцаатай байсан нь үнэн. …Харилцаатай байхдаа миний данс руу удаа дараа их хэмжээний мөнгө шилжүүлдэг байсныг нь би Б-ийн заавраар бусад руу шилжүүлэх, бэлэн ам.доллар болгон туунд солиулж өгөх зэргээр захиран зарцуулдаг байсан” тайлбараа тогтвортой мэдүүлдэг.

Мөн хэрэгт авагдсан дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл “... Б.Б-ийн эзэмшлийн данснуудаас Б.Э-ын Хаан банкны **** тоот данс руу нийт 75.000.000 төгрөг шилжиж орсон байна” /4 хх 24/, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 14 тоот хаягт байрлах Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тус орон сууцны өмчлөгчөөр иргэн Б.О-, Б.Э- нар нь анх 2000 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бүртгэгдсэн, улмаар Б.О-, Б.Э- нар нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр М.Б-т шилжүүлсэн, М.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Т-д шилжүүлсэн, Б Т- нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу Л.Б-д шилжүүлсэн, Л.Б- нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Б-т шилжүүлсэн /хх 80/, гэрч М.Б-ийн “…үл таних хүнээс 50.000.000 төгрөгөөр худалдан авсан. Тус байрыг худалдан авахад миний охин Б- тэр байранд амьдарна гээд худалдан авч байсан. Тэгсэн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр миний охин Б- над дээр ирээд миний найзад яаралтай мөнгө хэрэг болоод байна. Та байраа түр миний найзын нэр дээр шилжүүлээд өгөөч, манай найз 2022 оны 9 дүгээр сар хүртэл байрыг банкны барьцаанд тавьж, зээл аваад буцааж авсан зээлээ төлөөд миний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлэхээр нь би охиноо гуйсан болохоор зөвшөөрсөн. Тэгээд Т- гэх хүн надтай хамт нотариат орж надаас худалдан авч байгаа гэж хэлээд гэрээ байгуулсан. Надад ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй” /2 хх 22-26/, гэрч Н.Б-ийн “...2021 оны 3-4 дүгээр сарын хооронд яг өдрийг нь тодорхой санахгүй байна. Надтай хамт ажилладаг Б.Б- надаас 10.000 ам.доллар зээлсэн. ...Үлдэгдэл мөнгийг нь Б.Б- надад хэлэхдээ Л.Б-гаас авлагатай гээд Л.Б- гэх залуугаас 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 30.000.000 төгрөг миний дансанд орсон” /2 хх 54/, гэрч Б.Т-н “...2022 оны 3 дугаар сарын 09,10-ны үед байх ажил дээрээ байх үед Л.Б- надад “Та Б-ийн аавтай уулзаад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, **** байрны 14 тоот байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд авчихаач гэж хэлэхээр нь би “Тэр байр чинь ямар учиртай юм бэ, мөнгө төгрөгийг нь өгсөн юм уу, чи өөрөө шилжүүлээд авахаар яадаг юм бэ” гэж асуухад Л.Б- нь “Би Б-ээс уг байрыг худалдан авч байгаа юм, би байрны мөнгийг нь төлсөн, ямар нэг асуудалгүй, би өөрийн нэр дээрээ шилжүүлээд авах гэхээр Б.Б- намайг аавтайгаа уулзуулмааргүй байна, өөр хүн явуулчих” гэж хэлсэн гэхээр нь зөвшөөрч Б.Б-ийн аав Б- гэдэг ахтай ...нотариатын газар ороод уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. ...Энэ байрны мөнгийг нь Л.Б- нь Б.Б-т дансаар шилжүүлэн өгсөн гэж хэлж байсан болохоор Л.Б-гийн байр гэж бодож байна. Харин суулд 2022 оны 9 дүгээр сарын үед Л.Б- намайг үйлдвэр дээр байхад “Та ажлаа хариуцаад байж бай, би нөгөө байраа Б.Б-т шилжүүлэх ажилтай болчихлоо” …“Б.Б- Америкийн нэгдсэн улсын визэнд орох гэсэн чинь өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байх шаардлагатай гэж байна, энэ байрыг түр өөрийн нэр дээр шилжүүлэн визэндээ ороод буцаагаад надад шилжүүлээд өгөх юм” гэж хэлсэн” /2 хх 22-26/ гэх мэдүүлгүүд зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Л.Б- нь шүүгдэгч Б.Б-т 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байр авахад мөнгө дутаад байна гэхэд нь 25.000.000 төгрөгийг зээлсэн. Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 14 тоот орон сууц өмчлөх эрхийн төлбөрт 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 40.000.000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 35.000.000 төгрөг буюу нийт 75.000.000 төгрөгийг тухайн орон сууцны өмнөх өмчлөгч болох Б.Э-ын Хаан банкны **** тоот данс руу шилжүүлсэн. Ингээд тухайн орон сууцны өмчлөх эрх иргэн Б.Э-, Б.О- нарын өмчлөлөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Б.Б-ийн төрсөн эцэг М.Б-ийн өмчлөлд шилжсэн. Удалгүй Б.Б- нь дээрх орон сууцаа бусдад худалдах хүсэл сонирхолтой байгаа талаар Л.Б-д хэлсэн байдаг, Л.Б-гийн хувьд өмнө нь 25.000.000 төгрөгийг Б.Б-т зээлсэн, мөн оффис, студийн зориулалтаар ашиглах талбай хайж байсан тул тухайн үедээ бусдаас худалдаж авсан үнээр нь буюу 75.000.000 төгрөгөөр Л.Б-ээс худалдаж авахаар тохирч, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрт байсан боломжтой мөнгөн дүн болох 16.000.000 төгрөгийг “Bayaraas bair” гэх гүйлгээний утгатайгаар, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Л.Б- нь нэмж 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэснээр Б-т байрны төлбөрт нийт 44.000.000 төгрөгийг шилжүүлээд байсан ба Б.Б- нь үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардахад яг одоогоор төлөх боломжгүй талаар хэлж, тухайн үл хөдлөх хөрөнгийг банкны зээлийн барьцаанд байршуулан зээл авч, үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой талаар хэлсэн. Ингээд тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй Б.Б-ийн эцэг М.Б-ийн нэр дээрээс өөрийн нэр дээр шилжүүлэх болоход Б.Б- нь чи манай аавтай уулзаад яах гэсэн юм гэснээр тухайн орон сууцны өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-ээс иргэн Б.Т-д шилжсэн байдаг /хх 12-13/. Эдгээр иргэд гэрчээр мэдүүлэхдээ аль алинд нь дээрх гэрээ хэлцлийг байгуулах хүсэлт сонирхол байгаагүй, хоорондоо бодитойгоор гэрээний төлбөрийг шилжүүлсэн зүйл байхгүй талаар тайлбарладаг. Улмаар орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Т-н нэр дээр гарсан даруй буюу 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Т-н өмчлөлөөс худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Л.Б-д шилжсэн. Ингээд Л.Б- нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Богд Банк” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, тус орон сууц өмчлөх эрхийг барьцаанд байршуулан 40.000.000 төгрөгийн зээлийг авсан ба уг мөнгөнөөс 30.000.000 төгрөгийг Б.Б-ийн хүсэлтээр Б.Б-ээс 10.000 ам.долларын авлагатай гэх Н.Б- гэх хүнд шилжүүлсэн байдаг. Гэрчээр асуугдсан Н.Б- ч гэсэн мэдүүлэгтээ Б.Б-ээс авах ёстой байсан 10.000 ам.долларын өр төлбөрийг Л.Б- миний дансанд шилжүүлсэн, Л.Б-гаас авах өр төлбөр бол бидний хооронд байгаагүй талаар мэдүүлсэн байдаг. Дээрх байдлаар хохирогч Л.Б-гийн хувьд Б.Б-тэй харилцан тохиролцсоны дагуу түүнд орон сууцны төлбөрт 74.000.000 төгрөгийг төлснөөр маргаан бүхий орон сууц өмчлөх эрхийг хууль ёсоор олж авч, хууль ёсны өмчлөгч болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогддог. Гэтэл Б.Б- нь тухайн үед Л.Б-тай дотно харилцаатай байсныг далимдуулан Америкийн Нэгдсэн Улсын визэнд ороход өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй байх шаардлагатай байна, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр визэнд орох хүртэл надаас худалдаж авсан орон сууц өмчлөх эрхийг түр хугацаагаар миний нэр дээр шилжүүлээд өг гэж гуйсан байдаг. Хохирогч Л.Б- нь тухайн үедээ Б.Б-тэй дотно харилцаатай хэвээр, тухайн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхолтой байсан тул Б.Б- визэнд орсны дараа орон сууц өмчлөх эрхийг өөрт нь буцаагаад өгнө хэмээн итгэж, ямар ч хариу төлбөр авалгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдаж байгаа, төлбөр бүрэн төлөгдсөн гэх агуулгатай худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхээ түүнд шилжүүлсэн болно. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, ул хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн унийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү унийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж тус тус хуульчилсан. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн баримтуудаар шүүгдэгч Б.Б- нь Л.Б-тай 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцны үнийг төлсөн гэх үйл баримт няцаагддаг. Өөрөөр хэлбэл, Б.Б- нь Л.Б-гийн өмчлөлийн орон сууцыг ямар ч хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд шилжүүлж авсан үйл баримт тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхийн тодорхойлох хэсгийн “үйл баримтын талаарх дүгнэлт” хэсэгт “Шүүгдэгч Б.Б- нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 14 тоот хаягт байршилтай орон сууцыг өөрийн аав, ээжид авч өгөх зорилгоор хохирогч Л.Б-гаас 25.000.000 төгрөгийг зээлж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дээрх орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Б.Б-ийн өмчлөлд шилжсэн байна. …Улмаар шүүгдэгч Б.Б- нь зуслангийн байшин худалдахаар харилцан тохиролцож худалдах худалдан авах гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Б.Т-н өмчлөлд шилжүүлснийг Л.Б- 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр өөрийн өмчлөлд шилжүүлж авчээ. ...Үүний дараагаар 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Л.Б- нь тухайн орон сууцыг шүүгдэгч Л.Б-т 65.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсны үндсэн дээр Б.Б- эцсийн өмчлөгч болсон байна. Мөн шүүгдэгч Б.Б-, хохирогч П.Б- нар нь дээрх хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл дотно харилцаатай байсан болох нь тогтоогдсон бөгөөд талууд маргадаггүй болно...” гэж /шийдвэрийн 15 дугаар тал/, “эрх зүйн дүгнэлт” хэсэгт “...хяналтын прокуророос Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шилжүүлсэн байна. …Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, мэтгэлцээнийг дүгнэн үзээд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэв” гэх байдлаар бодит байдалд нийцэхгүй, учир дутагдалтай дүгнэлтийг үйлдсэн байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “…“Дамно” XXК хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Б-ийн “СМГ” ХХК-ийг залилсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн няцаагдаж байна” гэх байдлаар уг хэрэгт огт хамааралгүй шүүгдэгч Д.Б, хохирогч “****” ХХК зэрэг этгээдүүдийн үйлдлийн талаар дүгнэлт үйлджээ /шийдвэрийн 17 дугаар тал/. Цаашлаад “…Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Б- нь Б.Б-тэй өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 хороолол, **** байрны, 2 давхрын 14 тоот хаягт байрлах орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, улмаар орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдож байна. …Өөрөөр хэлбэл, Л.Б- нь Б.Б-тэй өөрийн өмчлөлийн орон сууцыг 65.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн харилцаа байх бөгөөд худалдагч тал буюу Л.Б- нь худалдан авагч тал буюу Б.Б-ийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул өөрийн эзэмшлийн орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, уг гэрээ дуусгавар болсон байна” /шийдвэрийн 17-18 дугаар тал/ зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтууд зөрүүтэй байхад няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх” гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Сумъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Нэгдүгээрт, анхан шатны шүүх “иргэн Б.Б- болон Л.Б- нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээ нь мөнгө шилжүүлснээр шилжигдсэн байна” гэж “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр дүгнээд байгаа юм. Гэтэл шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.10, 3.1.11-д заасан шаардлагыг хангаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний компани нь тусгай зөвшөөрөлтэй эсэх нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад байхгүй. Санхүүгийн шинжээч н.Түвшинжаргалын хөрөнгийн үнэлгээчин мөн гэсэн гэрчилгээг буюу тухайн хөрөнгийн үнэлгээг хийх эрхтэй гэх баримт хэрэгт авагдаагүй. Мөн мөрдөгч “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчнийг шинжээчээр томилохдоо 3 асуулт асуусан буюу нэгдүгээрт, Б.Б-ийн 3 банкны харилцах данснаас Л.Б-гийн данс руу тухайн цаг хугацаанд хэдэн төгрөг шилжүүлсэн эсэх, хоёрдугаарт, Л.Б-гийн данснаас Б.Б-ийн харилцах данснуудад тухайн цаг хугацаанд мөн хэдэн төгрөгийг шилжүүлсэн эсэх талаар, гуравдугаарт, “****” ХХК-иас Б.Б-т хэдэн төгрөг шилжүүлсэн, Б.Б- хэдэн төгрөг шилжүүлсэн эсэх гэсэн 3 асуулт байгаа. Гэтэл “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зөвхөн 1-10 хүртэлх хүснэгт хавсралтаар ирүүлсэн бөгөөд энэ хүснэгтэд зөвхөн Б.Б-ийн данс дээр ажилласан буюу Б.Б-ийн данснаас Л.Б-гийн данс руу ийм төгрөгийг шилжүүлсэн, Б.Б-ийн данснаас “****” ХХК руу хэдэн төгрөг шилжүүлсэн байна” гэсэн дүгнэлт байдаг. Л.Б-гийн данснаас Б.Б-ийн данс руу хэдэн төгрөг шилжүүлсэн бэ гэдэг талаар хүснэгт гаргасан баримт хавтаст хэрэгт байхгүй. Түүнчлэн хавтас хэрэгт “****” ХХК-ийн харилцах дансны хуулга авагдаагүй. Тэгэхээр хуулийн шаардлага хангасан шинжээчийн дүгнэлт гараагүй гэж үзэж байна. Тиймээс хуулийн шаардлага хангаагүй шинжээчийн дүгнэлтээр мөнгийг нь бүрэн төлсөн байна гэж үзсэн шүүхийн цагаатгах тогтоол хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Гэтэл Б.Б- худалдаж авсан гэх орон сууцынхаа үнийг хэрхэн яаж төлсөн талаарх эх сурвалж байдаггүй. Эх сурвалж гэж түүний гаргаж өгсөн хөдөлмөрийн гэрээнүүд байдаг юм. Эдгээр компаниудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр төлөгдсөн гэх цалин, харилцах данснууд нь байдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн ганцхан баримт байгаа. Энэ нь “*******” ХХК-д ажиллаж байгаад Монгол францын найрамдлын нийгэмлэг гэх байгууллагад ажилласан буюу энэ 2 байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт байгаа. Өөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хөрөнгийн эх үүсвэртэй байсан гэдгийг нотлох хадгаламжийн ч юм уу, ямар дансны хуулганы баримт хавтас хэрэгт авагдаагүй. Тэгэхээр үүнийг тогтоогоогүй, Б.Б- өөрөө ч нотлоогүй. Харин хохирогч Л.Б- Б.Б-ээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Б.Б-ийн даалгавраар бусад руу нь шилжүүлсэн гэдэг талаараа мэдүүлэгтээ удаа дараа дурддаг. Гэтэл энэ мэдүүлгийг авч хэлэлцээгүй. Хоёрдугаарт, Л.Б- өөрөө “Б.Б-ийн даалгавраар тэр, тэр этгээдэд ийм, ийм хэмжээний доллар болон мөнгийг шилжүүлсэн, мөнгийг шилжүүлээд доллар болгон аваад Б.Б-т өгч байсан” гэж мэдүүлээд нэр бүхий иргэдээс гэрчийн мэдүүлэг авч өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч мөрдөгч болон прокурорын байгууллага хүсэлтийг хангаж ажиллагаа хийгээгүй. Ийм ажиллагааг дутуу хийгээд өөрөөр хэлбэл, бодит байдлыг тогтоогоогүй. Анх тухайн байрыг Б.Б-ийн эцэг н.Б- “манай охин авсан”, Б.Б- “манай аав худалдаж авсан” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Тэгэхээр мэдүүлгүүд зөрүүтэй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. 2 дугаар хавтас хэргийн 73 дугаар тал, 1 дүгээр хавтас хэргийн 36-37 дугаар талд Б.Б- энэ байрыг АНУ-ын визэнд орохоор авсан гэдгээ нотолдог. Мөн “би ерөөсөө энэ байрыг чинь өгөхгүй, оронд нь би чамд 50.000.000 төгрөг өгье, тэгээд хоорондоо тохиролцоод салъя” гэсэн гар бичмэл байгаа. Үүнийг шүүх дүгнээгүй байгаа учраас цагаатгах тогтоол хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд Б.Б-ийг урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж Л.Б-гийн үл хөдлөх хөрөнгийг залилан авсан гэж дурдсан нь үндэслэлгүй. Л.Б- болон Б.Б- нар хайр сэтгэлийн холбоотой хамтран амьдарч байсан. Хэрэв энэ харилцааг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж үзвэл маш бүдүүлэг тайлбар болно. Гэр бүл салсан, гэрлэлт цуцалж байгаа эд хөрөнгийн маргааныг ингэж дүгнэх боломжгүй юм. Прокурорын зүгээс цагаатгах нотлох баримт байхгүй байхад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг цагаатгасан гэж дурдсан. Онолын хүрээнд яллах талын нотлох баримтыг үгүйсгэж байгаа нотлох баримтыг цагаатгах нотлох баримт, гэм буруутай этгээдийн гэм бурууг үгүйсгэж байгаа нотлох баримтыг цагаатгах нотлох баримт гэж үздэг. Энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан. 3 дугаар хавтас хэргийн 29-30 дугаар хуудсанд дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан буюу Л.Б-гийн данснаас Б.Б-ийн данс руу 74.000.000 төгрөг орсон гээд Б.Б-ийг яллагдагчаар татсан. Гэтэл Б.Б- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “над руу мөнгө шилжүүлсэн нь үнэн, мөнгө зээлж байсан нь үнэн, би буцаагаад байрных нь үнийг төлсөн” гээд дансны хуулга болон мэдүүлгээрээ үүнийг нотолсоор байтал энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. Зөвхөн Л.Б-гийн Хаан болон Хас банкны дансанд үзлэг хийсэн байдаг. 3 дугаар хавтас хэргийн 250 дугаар хуудаснаас 4 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар хуудас хүртэл “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт авагдсан. Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс Л.Б-гийн дансанд үзлэг хийгээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь, “Дамно” ХХК-ийн шинжээчийн “шинжилгээний объект нь Л.Б-, Б.Б- нарын дансны орлого, зарлагад санхүүгийн шинжилгээ хийлээ гээд дүгнэлт хэсэгт Л.Б-гийн нэр бүхий 4 банкны 6 данс, Б.Б-ийн данснуудад үзлэг хийхэд Л.Б-гаас Б.Б-т орлогодсон дүн 120.939.000 төгрөг, Б.Б-ээс Л.Б-д зарлагадсан дүн 111.001.800 төгрөг, “****” ХХК-д зарлагадсан дүн 12.500.000 төгрөг, Б.Б- 2.562.800 төгрөгийг Л.Б-д илүү шилжүүлсэн” гэсэн дүгнэлт гарсан. Хохирогчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа өмгөөлөгчтэй оролцсон. Уг дүгнэлттэй талууд танилцсан бөгөөд бидний зүгээс хүлээн зөвшөөрч бодит байдалтай нийцэж байгаа гэдэг утгаараа гомдол гаргаагүй. Мөн хохирогч талаас ч гэсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол гаргаагүй. Тэгэхээр үүнийг би хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа юм. Хохирогч талаас 10.000 ам.доллар, 7.000 ам.доллар Б.Б-ээс аваад буцааж шилжүүлж байсан гэдэг нотлох баримтаар нотлогдохгүй зүйлүүд дурддаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б- “Б.Б- надад 10 ам.доллар өгөөд би солиулсан” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Б.Б- нь АНУ-ын визэнд орохын тулд хөрөнгөтэй мэтээр харагдах зорилгоор Л.Б-гийн орон сууцыг түр өөр дээрээ шилжүүлсэн гэдэг зүйлийг дурддаг. Хэрэгт Б.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримтууд болон түүний хувийн байдалтай холбоотой баримтууд авагдсан. Б.Б- АНУ-ын визэнд орсон нь үнэн, цаг хугацаа давхацсан үнэн. Гэхдээ Б.Б- визэнд ороход хувийн хөрөнгөө нотлох ямар ч шаардлага байхгүй. Учир нь, Б.Б- албан хэргийн журмаар АНУ-ын визэнд орсон. Мөн түүний гадаад паспортын хуулга хэрэгт авагдсан бөгөөд Б.Б- нь 10 гаруй орны визтэй. Тухайн үед Монгол Францын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Азийн хөгжлийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд албан хэргийн зорилгоор явахад хувийн хөрөнгөө нотлох шаардлагагүй байдаг талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө болон надаар дамжуулан тайлбарласан. Хохирогчийн өмгөөлөгч нараас Б.Б-ийг орлого нотлоогүй гэсэн зүйлийг дурдсан. Энэ хэрэгт хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудал яригдаагүй. Б.Б-ийн дансанд мөнгө байсан, энэ мөнгөө Л.Б-гийн данс руу шилжүүлсэн. Б.Б- нь 60.000.000 гаруй төгрөгийг төлөхөөр хэмжээний ажил хөдөлмөр эрхэлдэг гэдгийг нотолсон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хэрэгт авагдсан. Мөн Б.Б- болон түүний эцэг н.Б- нарын мэдүүлэг зөрүүтэй гэсэн зүйл дурдаж байна. Энэ нь хэрэгт ач холбогдолтой зүйл биш. Үүнд залилах гэмт хэрэгтэй холбоотой сөрөг зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… Прокурорын яллах дүгнэлтээр Б.Б-ийг Л.Б-гийн эзэмшлийн орон сууцыг залилсан гэж буруутгасан хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Хохирогч талаас 2 жилийн хамтран амьдарсан хугацаанд санхүү эдийн засгийн олон харилцаа байсныг хамт шийдвэрлэнэ гэж дурдаад байгаа. Энэ нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Хоёрдугаарт, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр 1 талаас мөнгө төлдөг, нөгөө талаас орон сууц буюу авсан эд хөрөнгөө хүлээж авах үүрэгтэй. Л.Б-гийн хувьд энэ эд хөрөнгийг хүлээж аваагүй. Тухайн үед өөрийн эцгийг билүү, эхийг амьдруулах зорилгоор худалдаж авч байна гээд харилцан тохиролцсон. Гэхдээ түүний тухайн орон сууцыг “би авахаа болилоо” гээд Б.Б-т буцааж өгсөн үйл баримт тогтоогддог. Тодруулбал, Б.Б-ийг эцэг н.Б-ээс Л.Б-гийн үеэл н.Т- рүү 27.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагддаг. н.Т-гөөс Л.Б- руу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Хамгийн сүүлийн байдлаар Л.Б-гаас Б.Б- рүү нотариатч н.Б-гийн баталсан 65.000.000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгаа. Тэгэхээр өмнөх харилцаанууд татвараас зугтах буюу үл хөдлөх эд хөрөнгийн худалдан борлуулсан 2 хувийн татварыг төлөхдөө бага мөнгө төлсөн атлаа Л.Б-гаас Б.Б- рүү шилжүүлэхдээ үндсэн төлбөр болох 65.000.000 төгрөгөөр шилжсэн. Үүнээс харахад худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Л.Б- тухайн эд хөрөнгийг зүй ёсоор Б.Б-т шилжүүлэн өгсөн байна гэсэн дүгнэлтийг хийдэг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан. Мөн Б.Б-ийн таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор гэм буруугийн шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгч нарын зүгээс хүсэлт гаргаад яаралтай ажлын шугамаар гадаад улс руу зорчих хүсэлтэй байгаа учраас Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээг цуцлуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаан гарсан. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос Б.Б-ийг зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа хохирогч Л.Б-гийн эзэмшлийн 68.159.000 төгрөгийн үнэ бүхий Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоот хаягт байрлах байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой иргэний эрх зүйн маргаан гэж дүгнэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож буй хохирогч Л.Б-гийн “... түүнээс хойш 2022 оны 09 дүгээр сард Б- надад хандаж “Би Америкийн визанд ормоор байна, визанд орохоор би Монголд өөрийн гэсэн орон байргүй харагдах гээд байна, чи байраа 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түр хугацаагаар миний нэр дээр шилжүүлээд өгөөч” гэж хэлэхээр нь миний зүгээс Б-ийн нэр дээр байраа түр хугацаагаар шилжүүлэн өгөхийг зөвшөөрч өөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын **** байрны 14 тоотод байрлах 18м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... нотариатын газар Б-ийн хамт очиж түүнээс нэг ч мөнгө, төгрөг авалгүйгээр түүнд 65.000.000 төгрөгөөр худалдаж байгаа мэтээр түүнтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулан, нотариатын үйлчилгээний хөлс болох 50.000 төгрөгийг би гаргасан. Тэр цагаас хойш бид хоёрын харилцаа урьдынхаасаа өөрчлөгдөж, хөндийрсөн. Тэгээд Б-ийн миний байрыг буцаан миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр болоход Б- надад хандаж “миний Америкийн визанд орох хугацаа хойшлоод 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр визанд орохоор болчихлоо, би визанд орчихоод 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байрыг чинь буцаагаар чиний нэр дээр шилжүүлээд өгье” гэж хэлэхээр нь би түүнд татгалзаж чадалгүй зөвшөөрсөн боловч 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Б- миний байрыг буцаан миний нэр дээр шилжүүлэн өгөхгүй байсан. Мөн Б- надад хандаж “би чамаас авсан мөнгө, буцаан өгсөн мөнгө хоёр тэнцэж байна лээ, тийм учраас би чамд өргүй, би байраа чиний нэр дээр шилжүүлэх албагүй. Эсхүл чи надаас 50.000.000 төгрөгөө аваад салж үз, би 50.000.000 төгрөгийг ... 14 тоотод байрлах орон сууцаа зарж байгаад өгнө” гэж хэлсэн. ...” /1хх 49-52/,

гэрч Б.Т-гийн “... харин сүүлд 2022 оны 09 дүгээр сарын үед Л.Б- намайг үйлдвэр дээр байхад “та ажлаа хариуцаад байж бай, би нөгөө байраа Б-т шилжүүлэх ажилтай болчихлоо, Б- Америкийн Нэгдсэн Улсын визанд орох гэсэн чинь өөрийн нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө байх шаардлагатай гэж байна, энэ байрыг түр өөрийн нэр дээр шилжүүлэн визанд ороод буцаагаар надад шилжүүлээд өгөх юм” гэж хэлсэн. ...” /2хх 22-26/,

гэрч Н.Л-гийн “... Л.Б- надад хэлэхдээ Б.Б- нь Америкийн Нэгдсэн Улсын визанд орох гээд тухайн байрыг миний нэр дээр шилжүүлчих гэж хэлэхээр нь зөвшөөрөөд би нэрээ шилжүүлээд өгсөн чинь одоо буцааж өгөхгүй, миний байр гэж надтай булаацалдаад байна, яах вэ” гэж асууж байсан. ...” /3хх 237/ мэдүүлгүүд болон бүртгэлийн 0821 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ” /3хх 73/ зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, Б.Б-ийн Л.Б-гаас байрны өмчлөлийг шилжүүлж авахдаа ямар санаа зорилгоор авсан, ямар үндэслэлээр 50.000.000 төгрөгийг Б.Б- нь Л.Б-д өгөх талаар харилцсан зурвас авагдсан зэрэг байдлууд нь тодорхойгүй буюу нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдал, Б.Б-ийн үйлдэл, санаа зорилготой нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг зөрчжээ.

 

Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд өмчлөгч, эзэмшигчийг үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн шинжтэй байх бөгөөд хохирогч тухайн үйл явдлыг бодитой хэмээн итгэж найдан төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Мөн гэмт санаа зорилго нь ихэвчлэн урьдаас төлөвлөсөн байх боловч хохирогчийн эд хөрөнгийг эд хөрөнгийн гэрээ, хэлцлийн үндсэн дээр түр шилжүүлж авсны дараа буцаан өгөхгүй гэсэн санаа, зорилго хожим төрсөн байж болно.

Түүнчлэн, хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр болно.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Б.Б-ийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч Л.Б-д “визанд ороход үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл шаардлагатай байна” гэх байдлаар түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, **** байрны 2 давхрын 14 тоот хаягт байрлах байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авчихаад эргүүлэн өгөхгүй байгаа үйлдлийг нотолж буй хохирогч Л.Б-гийн болон түүний өгсөн мэдүүлгийг дамжмал байдлаар нотолж буй дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, Л.Б-, Б.Б- нарын хооронд бичсэн зурвас зэрэг бусад нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр /няцааж үгүйсгээгүй/ дан ганц “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-нд үндэслэж, тэдгээрийн хооронд үүссэн маргааныг иргэний эрх зүйн харилцаа хэмээн дүгнэж Б.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, мөн хохирсон гэх хүний хариу үйлдлийн илрэл зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар хуульд заасан журам зөрчигдсөн гэж үзсэн эсхүл оролцогчийн эрхийг зөрчсөн, хуууль бусаар хязгаарласан гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасныг хэрэглэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхээс Б.Б-т холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул дээрх үндэслэлийн хүрээнд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Галтаагийн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч,  шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1361 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Ц.Галтаагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                                                       Б.Б-