| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/10449/И |
| Дугаар | 191/ШШ2026/00344 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/00344
| 2026 01 05 | 191/ШШ2026/00344 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******од оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,,д оршин байрлах “ ” ХК /рд:/-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч М. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогт *******ын ******* нь 2014 оноос хойш Тавантолгой ХК-ийн Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно.
Ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаж ирсэн.
Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан талаар
Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 сарын 03-ны өдрийн Б/716 дугаар О.*******-ийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус тушаалын үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 8.4, 8.4.12, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодит хориглох, шалгах журмын 7 дугаар зүйлийн 7.1, 8.1, О.*******тай байгуулсан дугаартай хөдөлмөрийн гэрээний 3.1.16, 4.5, 4.5.12 дах заалтыг тус тус үндэслэн “Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн О.******* нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай.” гэжээ.
Миний бие дээрх тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байх бөгөөд миний бие дээрх зөрчлийг гаргаагүй болно. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд "хөдөлмөрийн сахилгын хариуцлага", "сахилгын зөрчил" гэсэн эрх зүйн ойлголтууд чухал байр эзэлнэ. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь “ ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Сахилгын зөрчил нь эрх зүйн бусад зөрчлөөс ялгаатай. Тиймээс тушаалын тушаах хэсэгт заасан дээрх зөрчлүүдийн хувьд гомдол гаргагч миний бие гаргаагүй, мөн сахилгын зөрчил биш болно.
Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах (Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2)
2. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах (Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1)
3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх (Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7)
1.1. Урьд эрхэлж байсан ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинд 91,999,360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгана.
Нэхэмжлэгч нь 2011 оноос хойш хариуцагч байгууллагад гаалийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. 11 жил ажиллахдаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энд хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гаргасан, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, согтуурах ундааны зүйл хэрэглэх журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэсэн. Амрах байранд согтууруулах ундаа хэрэглээд ажлын байранд ирсэн гэж тушаал гарсан. Уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тайлбар авах ёстой. Гэтэл тайлбар аваагүй. Зөрчлийг үнэн зөв тогтоогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 83-т зааснаар ямар үндэслэлээр гэрээг цуцалж байгаа талаар танилцуулаагүй. Хөдөлмөрийн хариуцлага болон зөрчил гэж байдаг. Гэтэл зөрчил гаргасныг тогтоогдоогүй байхад хариуцлага тооцсон. Тушаалд заасан тогтоогдсон гэх зүйл тогтоогдоогүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа юм.
Хариуцагч нь нийт ажилтнаас 6 сарын 22-нд нийт ажилтнаас согтууруулах сорил авахад илэрсэн гэдэг. Гэтэл энэ үед дан ганц нэхэмжлэгчээс авсан бөгөөд согтууруулах зүйл илрээгүй. Мөн цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчил гараагүй гээд шалгагдаагүй. Гэтэл 6 сарын 22-нд нэхэмжлэгч нь энэ талаар зөвшөөрсөн болон бусад ажилтнуудын тайлбар ирүүгүй. Хэрэгт байгаа сорилын хуудсанд тэмдэглэл байхгүй.
1.2. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх журмын дагуу маргаан таслах комисст хандсан. Уг комисс нь бодит байдлаас зөрүүтэй байж болох талаар санал гаргасан. Улмаар ажил олгогч баримт гаргаагүй боловч эвлэрэхгүй гэсэн юм. Ингээд гурван талт хороонд маргаан шийдэгдсэн. Ажил олгогч ирээгүй. Зөвхөн эвлэрэхгүй гэсэн тайлбар гаргаж маргаан дууссан. Ингээд шүүхэд хандсан. Хариуцагч тайлбар татгалзлаа нотлох баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой баримт гаргасан. Бид зөрчлийг шалгасан баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч гаргаагүй. Эдгээр баримт нь ажил олгогчид цугларах бөгөөд энэ талаар баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч татгалзлаа нотлоогүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Цагдаагийн албаны хуулийн 32-д шалгах үндэслэлийг заасан байдаг. Үүнтэй холбоотой зөрчил шалгасан баримтыг ирүүлээгүй, байхгүй юм гэв.
2. Хариуцагчийн төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан тайлбартаа: О.*******гийн “ Тавантолгой” ХК-д холбогдуулан гаргасан “Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Хариу тайлбарын үндэслэл:
О.******* нь “ Тавантолгой” ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтэст Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд ажилладаг байсан ба Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилд гарч байсан нийт ажилчдаас согтууруулах ундааны сорил авч үүргийн чиглэлийн дагуу алкохал тандагчаар үзлэг хийхэд анхны сорилоор согтуурлын эерэг дохио дуугарсан. Дараа нь Цагдаагийн байгууллагын драгераар согтуурлын зэргийг тодорхойлоход согтуурлын зэрэг илэрсэн байсан.
“ Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-т "Ажилтан хууль тогтоомж, компанийн дотоод дүрэм, журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, эрүүл ахуйн заавар горим болон бусад холбогдох баримт бичгийг сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй." гэж, 8.4-т “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна.” гэж, 8.4.12-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт, мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн ашигласан.” гэж тус тус заасан.
Мөн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын 7.1-д “Компанийн нийт ажилтнууд болон зочид, төлөөлөгчид, гэрээт, туслан гүйцэтгэгч компанийн ажилтан ажлын байр, амрах хотхонд байрлах, тээврийн хэрэгслээр зорчих үедээ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхийг хатуу хориглоно” гэж заасан.
Түүнчлэн, О.*******тай байгуулсан дугаартай Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5-т “Дор дурдсан нөхцөлийг ноцтой зөрчилд тооцон, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болно”, 4.5.12-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, архидалт, мансууралд бусдыг уруу татсан, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг биедээ авч явах, ажлын байранд нэвтрүүлсэн, хадгалсан, хэрэглэсэн, ашигласан” гэж тус тус заасан.
О.******* нь компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь өөрийнх нь болон холбогдох бусад ажилтнуудын гаргасан тайлбар, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, эрх бүхий төрийн байгууллага буюу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн багажаар согтуурлын зэрэг илэрсэн нь тогтоогдсон.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар О.*******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: “ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаал /хх4/, хөдөлмөрийн эрхийн маргаан туслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх5/, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр /хх6-9/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх10/, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТГ-05/2357 дугаар албан тоот /хх82-83/
3б. Хариуцагчаас: “ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалын хуулбар /хх41/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын хуулбар /хх42-45/, шалгах процессын зураглал /хх46/, согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэлийн хуулбар /хх47/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх48-53/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар /хх54-56/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх57-60/, хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн хуулбар 2 ширхэг /хх61,62/, “ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаал, хавсралтын хуулбар /хх63/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх64-81//
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч О.******* нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “ ” ХК нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж, энэхүү байдал нь хөдөлмөрийн гэрээ болон холбогдох журамд зааснаар шалгаж тогтоогдсон гэж маргасан.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс гаалийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хх48-53, 61, 62, 57-60/
Улмаар хариуцагч “ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /хх4/
Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй.
5. Хариуцагч “ ” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч нь мөн оны 07 дугаар сарын 28-ны өдөр маргаан таслах комисст өргөдөл гаргажээ. Энэхүү тэмдэглэлийн 4-т зааснаар маргаж буй асуудлыг дахин нягтлан шалгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх5/
Үүнээс үзэхэд уг гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т заасантай нийцнэ.
Цаашлаад Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн хуралдааны шийдвэрийн IV-т зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гурван талт хороонд гомдол гаргасан. Тус хороо нь 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хуралдаж 29-ны өдөр шийдвэр албажиж гарсныг нэхэмжлэгч мөн оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авсан байна. /хх6-9/
Үүнээс үзэхэд гурван талт хороонд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр сарын 154.6-д заасан ажлын 10 хоногийг хэтрүүлээгүй.
Улмаар шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаа зөрчигдөөгүй.
Тодруулбал, дээрх гурван талт хорооны хуралдааны шийдвэрийг бүхэлд үзэхэд хуралдаанд ажил олгогч тал оролцоогүй бөгөөд ажилтны тал буюу гомдол гаргагчийн төлөөлөгч оролцсон гэж ойлгогдож байна. Иймд хуралдаанаар маргаан шийдвэрлэгдээгүйг энэ хэргийн нэхэмжлэгч тал мэдсэн.
Гурван талт хорооны хуралдаан болсон 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс ажлын 10 хоногийг тоолбол мөн оны 10 дугаар сарын 8-ны өдөр болох боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т зааснаар тэмдэглэл, шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул дээрх хууль зөрчигдөөгүй.
6. Зохигчийн маргаж буй “ ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг, дотоод болон согтуурах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хориглох, шалгах журмын холбогдох заалтыг үндэслэж, улмаар нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг заасан байх тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалд тавигдах хэлбэрийн шаардлага хангаж байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэжээ.
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5 болон хөдөлмөрийн дотоод журмын 8.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар заасан. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээний 4.5.12, хөдөлмөрийн дотоод журмын 8.4.12-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ирэх гэж заажээ.
6.2. Гэвч тушаалд заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн гэх зөрчил гаргасан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Хариуцагчаас ирүүлсэн сахилгын зөрчлийн хуудас нь тэмдэглэгээ хийгдээгүй, журмын хавсралт гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зохигчийн маргаж буй зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд энэ талаар мэдэгдэж, тайлбар авсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Иймд тушаалыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал эгүүлэн тогтоох нь зүйтэй юм.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан нийт хугацаанд өмнө авч байсан дундаж цалинтай тэнцэх хэмжээ олговрыг ажил олгогч олгоно.
Зохигчийн маргаж буй тушаалаас үзэхэд 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн тул мөн оны 4, 5, 6 дугаар сарын цалингийн дунджаар олговрыг тооцно гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд нийцэж байна. Иймд нэхэмжлэгчид олгох олговрыг тооцвол:
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос үзэхэд тэрээр 2025 оны 04 дүгээр сард 14,683,176.71 төгрөгийн, 05 дугаар сард 17,220,417.72 төгрөгийн, 06 дугаар сард 13,371,310.88 төгрөгийн цалин авсан байх тул дундаж цалин нь 15,091,301.77 төгрөг юм.
Ажлаас чөлөөлсөн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл 5 сар, ажлын 18 хоног болсон. Үүнээс тооцвол 5 сард 75,456,508.85 төгрөг, 1 хоногт 670,724.52 /15,091,301.77/22.5/ төгрөг, 18 хоногт 12,073,041.36 төгрөг, нийт 87,529.550.21 төгрөгийн олговор тооцогдож байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна. Иймд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалтай холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор хянан хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлнө. Иймд ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлтэй холбогдох шаардлага нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шаардлагын үр дагавар тул хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч О.*******г хариуцагч “ ” ХК-ийн гаалийн бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 87,529.550.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД