Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

Т.*******өд холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Өлзийбаатар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч

*******ын өмгөөлөгч                              М.Энхтуяа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                  *******

Өмгөөлөгч                                                                Х.Эрдэнэтуяа

                                                                                  Э.Намжилцэрэн

Яллагдагч                                                                 Т.*******

Яллагдагчийн өмгөөлөгч                                      Ө.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга        Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/498 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Өлзийбаатарын бичсэн эсэргүүцлээр яллагдагч Т.*******өд холбогдох эрүүгийн 2421000000526 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******н *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гедро геологич мэргэжилтэй, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтэст дэд менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. /РД: *******/

2. Яллагдагч Т.******* нь Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг Газрын тосны 19-р талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 48 дугаартай ажилчдын байранд 2024 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн талын цээжин хэсэгт 1 удаа хутгаар хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Т.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:... Мөрдөгч, прокурор нь хуульд заасан үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурорын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн эцэг *******ыг томилсон атлаа түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож ирүүлээгүй байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хяналтын прокурор  М.Өлзийбаатар  хянаад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж түүний хүсэлтийг хангахаас татгалзсан нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

… Яллагдагч Т.*******өд холбогдох хэрэгт амь хохирогч *******ын төрсөн эцэг ******* болон эхнэр ******* нарыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсныг буруутгах үндэслэл байхгүй байна.

… Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах дээрх нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой байдаг.

Иймд яллагдагч Т.*******өд холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.” гэж дүгнэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурор буцааж шийдвэрлэжээ.     

5. Прокурор М.Өлзийбаатар бичсэн эсэргүүцэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамж нь тодорхой, ойлгомжтой, хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч нь иргэн *******тай 2016 оноос хойш хамтран амьдарсан болох нь тогтоогдож байх бөгөөд хуулийн зохицуулалтаас үзэхэд гэр бүлийн нэг гишүүнд нөхөн төлбөр олгох, хэрэв гэр бүлийн бусад гишүүдийн хооронд маргаан гарвал хуваан авах эсэхийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжтой байхад гэр бүлийн бусад гишүүдэд дахин сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоолгохоор прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл амь хохирогчийн ар гэрийн хувьд тухайн хүнд хамааралтай буюу түүний эх, эцэг, ах, дүү найз нөхөд гэх мэт хэн нь ч сэтгэл санааны хохирол учрах боломжтой хэдий ч энэ тохиолдлын хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр гаргуулах эрхийн тухай асуудал хөндөгдөж буй тул дээр дурдсан амь хохирогчтой хамаарал бүхий хүн бүр дээр сэтгэцийн хор уршгийг тогтоолгож арилгуулах хууль зүйн хувьд боломжгүй юм.

... Шүүх хуралдааны явцад анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тогтоохыг хүлээн зөвшөөрөх эсэхийг тодруулаагүй, зөвшөөрсөн бол уг аргачлалыг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэрэв эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан шинжээч томилж, сэтгэцийн хор уршгийн талаар дүгнэлт гаргуулах, эсхүл хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгч захирамжийн тодорхойлох хэсэгт “...Яллагдагч *******ийн ...мөн яллагдагч *******ийн ...” гэж хэрэгт байхгүй яллагдагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн, нотлох баримтыг хэлэлцүүлсэн байна.

... Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын хувьд харааны бэрхшээлтэй, өндөр настан иргэн байгаа. Хүүхдийнхээ асрамжинд 2004 оноос 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаагаар Дорнод аймгийн Хөдөлмөр нийгмийн халамжийн газраас Асран хамгаалагчийн зардлыг авдаг байсан юм байна лээ.

... Нэгэнт хохирогчийн төлөөлөгчөөр томилогдсон л бол сэтгэл санааны хохирлыг гаргуулах ёстой болно. Иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэж  байгааг эсэргүүцэж байна. Практик байгаа гэж хэлж байгаа боловч хүснэгтээр тогтоодог байсныг болиод дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж шийдвэрлэж байгаа. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэргээр учирсан хохирлын асуудлыг эрүүгийн хэрэгтэй хамтран шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Эдгээр нөхцөл байдлыг харж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Тиймээс прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Захирамж дээр хохирогчийг “яллагдагч” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байгаа. Үүнийг засаж залруулах бүрэн боломжтой.” гэв. 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэмээр байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Намжилцэрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна. ... Нэг хүний амь нас эрсэдчихээд байхад нэг л хохирогчтой байх ёстой. Хоёр ч хохирогч яригдаад, хоёр сэтгэл санааны хохирол төлөгдөх боломжгүй. Тиймээс ******* гуайн хувьд иргэний нэхэмжлэгчээр оролцох боломжтой гэсэн байр суурьтай байна. Хэргийг хурдан шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

9. Яллагдагч Т.*******ийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ерөнхийдөө нэг амь хохирогч байхад нэг л хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоогдох ёстой гэж хэлж байгааг миний хувьд анхнаасаа дэмжиж байсан. Энэ талаар саналаа илэрхийлж байсан. Гэтэл *******ын хувьд сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоолгох саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох ёстой талаар хуульд нарийвчлан заасан. Тиймээс хэргийг прокурорт буцааж хохирлын хэмжээг тогтоох шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлтэй байна. Харин аль хохирогч нь хэдэн төгрөг авах ёстойг шүүх өөрөө шийдвэрлэх байх гэж бодож байна. Мөн эсэргүүцэлд дурдагдсан зүйл нь тийм ч сүртэй алдаа биш. Техникийн шинжтэй алдаа гэж үзэж байгаа. Тиймээс эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Т.*******өд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч Т.*******ийг Дорнод аймгийн Матад сумын 4 дүгээр багийн нутаг Газрын тосны 19-р талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 48 дугаартай ажилчдын байранд 2024 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч *******тай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн талын цээжин хэсэгт 1 удаа хутгаар хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх яллагдагчид холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгч, прокурорын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн төрсөн эцэг *******ыг томилсон атлаа түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож ирүүлээгүй байхаас гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хяналтын прокурор  М.Өлзийбаатар  хянаад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж түүний хүсэлтийг хангахаас татгалзсан нь хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн … яллагдагч Т.*******өд холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагаар тогтоолгох ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй.” гэж дүгнэн хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4. Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.5-д заасан нотлогдвол зохих үйл баримт буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээний талаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосны эцэст хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх нь тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлохоос гадна тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөөтэй.

5. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх бөгөөд энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт юм.

Тиймээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-ээс 2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад  Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөн журмын 2.2, 2.10-т зааснаар шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор заажээ.

Яллагдагч Н.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас нас барсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эцэг *******ыг томилсон нь хууль зөрчөөгүй байх ба түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон ирүүлэх нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/ ...-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэсэнтэй нийцнэ.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжлэх эсэх нь тухайн хохирогчийн эрх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хэд хэдэн этгээдийг томилсон бол тэдгээрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг хийлгэж, дүгнэлт гаргуулах нь мөрдөн шалгах  ажиллагаа болон прокурорын шатанд заавал хийгдэх ажиллагаа юм.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон ******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгох хүсэлтийг гаргасан байхад прокуророос уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн хуульд заасан эрхийг зөрчсөн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх ба хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дээрх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын бичсэн “... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэх  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Анхан шатны шүүх захирамжийн тодорхойлох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг “яллагдагч” гэж буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар техникийн шинжтэй алдааг залруулах талаар хэргийн оролцогчийн гаргасан санал, хүсэлтээр, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно. Тиймээс дээрх техникийн шинжтэй алдаа нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй боловч анхан шатны шүүх цаашид дээрх алдааг гаргахгүй байхад анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор М.Өлзийбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЗ/498 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ГАНЧИМЭГ                                             ШҮҮГЧИД                                                        Ц.ЭРДЭНЭЗУУ

                                                                                                Г.УРТНАСАН