Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01212

 

 

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/01212

 

 

 

 

З.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Ичинхорлоогийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гантулга, А.Гантуяа нарт холбогдох

 

Газар, амины сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт нэр шилжүүлэх бичиг баримт бүрдүүлэхийг хариуцагч нарт даалгах үндсэн нэхэмжлэлтэй,

А.Гантуяа болон Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ичинхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ариунзул, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

 Нэхэмжлэгч З.Ичинхорлоогийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ...Миний ээж болох Б.Замбалгарав нь 2015 оны 12 сарын 08-ны өдөр нас барсан. 2005 оны 04 сард Б.Замбалгарав, А.Гантуяа нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 10 дугаар гудамж, 20 тоот хашаа байшингийн үнэд 3 400 000 төгрөг төлсөн. Т.Гантулга, А.Гантуяа нар нь тухайн үед хашаа байшингаа барьцаанд тавьсан байсан ба банкнаас бичиг баримтаа аваад ирье гээд урьдчилгаа мөнгөө авсан. Ингээд үлдэгдэл 400 000 төгрөгийг хэд хоногийн дараа ирж авсан бөгөөд ингэхдээ дэвтрийн цаасан дээр гэрээ байгуулсан. А.Гантуяа Т.Гантулга нар нь байшингийн болон газрын ногоон, ягаан гэрчилгээнүүдийг барьцаанд байсныг сулласан гээд бичиг баримтуудаа эх хувиар нь ээжид өгөөд, ээж цахилгааны төлбөрийн үлдэгдэл 100 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Ингээд 2005 оны 04 сарын 20-ны үед манайх байшиндаа засвар хийгээд орсон. 2009 онд шүүхэд эрэн сурвалжлуулахаар хандсан боловч Иргэний бүртгэлийн байгууллагаас хаягийн лавлагаа нь ирсэн. Ингээд шүүхээс авсан хаягаар нь хөөцөлдөхөд А.Гантуяа удахгүй шилжүүлээд өгнө гээд сураггүй болсон. 2013 онд цагдаад өргөдөл гаргахад нэр дээр шилжүүлж өгнө гэхээр нь ээж өргөдлөө татаж авсан. Түүнээс хойш дахиад сураггүй алга болсон. Би Б.Замбалгаравын төрсөн охин буюу өв залгамжлагчийн хувьд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний ээж Б.Замбалгарав болон хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, хариуцагч нарт холбогдох бичиг баримтыг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 18 мөр бүхий гараар бичигдсэн бичвэр юм. Тухайн үед А.Гантуяа нөхрөө хөдөө байхад тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан. Ингээд мөнгө олохын тулд нөхөртөө хэлэлгүйгээр Т.Гантулгыг байхгүй байхад талийгаач Б.Замбалгаравтай хашаа байшингаа зарахаар тохиролцсон. Т.Гантулга хөдөөнөөс ирээд болсон үйл явдлыг сонсоод мөнгө нэмж авна, нэг бол өгсөн мөнгийг нь буцааж өгөөд бичиг баримтаа авъя гэж хэлсэн байдаг. Т.Гантулга Б.Замбалгаравтай очиж уулзаад наймаагаа буцъя гэж хэлсэн байдаг. Б.Замбалгаравын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн баримтад эхнэр А.Гантуяа гэсэн байдаг бөгөөд тэрээр Б.Замбалгаравын ингэж бич гэсний дагуу бичсэн. Хариуцагч нар хамт байсан бол хоёулангийнх нь гарын үсэг байх ёстой. Худалдагч талын гарын үсэг заавал байх ёстой. Хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах бол гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авах ёстой. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар хариуцагч нарын дундаас төрсөн хүүхдүүд болох Г.Амаржаргал, Г.Азжаргал нарын нэр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бичигдсэн. Хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг авах ёстой. Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: А.Гантуяа нь зам тээврийн осол гаргасны улмаас бусдад төлбөр төлөх шаардлагын үүднээс мөнгө олохын тулд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох газар, гэр бүлийн 4 гишүүний нэр дээр байдаг байшин зэргийг нөхөр Т.Гантулгыг хөдөө явсан хойгуур түүнд мэдэгдэж, зөвшөөрлийг нь авалгүйгээр мөнгөний хэрэгцээнд хавчигдаж, зарах талаар Б.Замбалгаравтай ярилцаж түүнээс 3 800 000 төгрөгийг авсан байна. Үүнээс хойш 7 хоногийн дараа нөхөр Т.Гантулга хөдөөнөөс ирж авсан мөнгөө буцааж өгөөд энэ тохиролцоог цуцлах, эсхүл мөнгө нэмж өгөхийг шаардахад Б.Замбалгарав зөвшөөрөөгүй байдаг. Өмчлөгчид мэдэгдэж, үнэ өртгөө өмчлөгчтэй нь харилцаж тохиролцоогүй, зөвшөөрлийг аваагүй шалтгаанаар иргэн А.Гантуяа, Т.Гантулга нар нь албан ёсоор худалдах худалдан авах гэрээ хийхээс татгалзаж, харин иргэн Б.Замбалгарав нь мөнгөө буцаан авахаас татгалзсанаар өнөөдрийг хүртэл А.Гантуяа, Т.Гантулга нар нь өөрсдийн өмчлөлийн хашаа байшинг ашиглаж чадахгүй өмчлөх эрхээ хууль бусаар хязгаарлуулсаар ирсэн. Иргэн А.Гантуяа болон Б.Замбалгарав нарын хооронд хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцсон асуудал нь өмчлөгчийн зөвшөөрлийг бичгээр аваагүй буюу өмчлөгчтэй тохиролцоогүй, гэрээг хуулийн дагуу бичгээр байгуулан нотариатаар батлуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй тул хашаа байшин худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Иргэн А.Гантуяа болон Б.Гантулга нар нь талийгаач иргэн Б.Замбалгаравын охин З.Ичинхорлоод авсан 3 800 000 төгрөгөө буцааж өгөхөд бэлэн байна. Иймд иргэн А.Гантуяа болон иргэн Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдсан гэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч З.Ичинхорлоогийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохоор байна. Учир нь хэлцэл хийгдсэн болоод хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргаж байна. Хуульд ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, гэрээ хэлцэлтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Өнөөдрийг хүртэл шаардлага гаргаагүй нь хэлцэл хийгдсэнийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Замбалгарав, Т.Гантулга, А.Гантуяа нарын хооронд Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201014390 дугаарт бүртгэлтэй 60 м.кв талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоож, Т.Гантулга, А.Гантуяа нарт газар, амины орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.Ичинхорлоод шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримтлан З.Ичинхорлоод холбогдох А.Гантуяа болон Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Т.Гантулга, А.Гантуяа нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар З.Ичинхорлоогоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145 950 төгрөгийг, Т.Гантулга, А.Гантуяа нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 145 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ичинхорлоод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:   Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хамтран өмчлөгч нөхөр Т.Гантулга гарын үсэг зураагүй, насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгч нөхөр Т.Гантулгын зөвшөөрлийг бичгээр аваагүй, зөвхөн нэг л өмчлөгч буюу А.Гантуяа дэвтрийн 1 хуудас цаасан дээр бичсэн үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар ч бичигдээгүй, тухайн үед нотариатаар баталгаажуулаагүй байснаа сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хэзээ, хэн гэдэг нотариат баталсан нь бичигдээгүй баримтыг шүүх нотлох баримтад тооцож Б.Замбалгаравт шаардах эрх үүссэн гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иргэн А.Гантуяагийн бичсэн баримт бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар хэрэгт хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн бичгийн зөвшөөрөл авсан ямар ч баримт байхгүй. Хашаа, байшин нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө бөгөөд 4 хүний нэр дээр бүртгэлтэй ба нөхөр, 2 хүүхэд анхнаасаа зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй, өмчлөгчөөр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байхад тэднийг зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Иргэн А.Гантуяа болон Б.Замбалгарав нарын хооронд хийсэн хэлцэл гэх дэвтрийн цаасан дээр бичсэн бичвэр бол нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бөгөөд хийгдсэн цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул Б.Замбалгаравт анхнаасаа шаардах эрх үүсэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110.1, 128.2, 128.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4.1, 4.2, 24.2 дахь заалт зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56.1.1 /хууль зөрчсөн/, 56.1.8 /хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохлолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл/ дахь хэсэгт зааснаар уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч иргэн З.Ичинхорлоогийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Т.Гантулга, А.Гантуяа нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч маргааны үйл баримтад холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Нэхэмжлэгч З.Ичинхорлоо нь хариуцагч А.Гантуяа, Т.Гантулга нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах 362.2 м.кв талбай бүхий газар, 60 м.кв талбайтай амины орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийсэн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч, А.Гантуяа болон Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

 

Хариуцагч А.Гантуяа, иргэн Б.Замбалгарав нар Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа байшин, газрыг 3 800 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, бичгийн баримт үйлдсэн байх ба талууд уг хэлцлийг 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үйлдсэн эсэхэд маргаагүй. /хх 3/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь үнийг төлөх үүргийг харилцан хүлээх бөгөөд Б.Замбалгарав нь хашаа байшин, газрын үнэ 3 800 000 төгрөг төлсөн, А.Гантуяа нь гэрээний зүйлийг Б.Замбалгаравын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хэргийн 17 дугаар талд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өв хүлээн авагч З.Ичинхорлоо нь нас барагч Б.Замбалгаравын худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд хашаа байшин, газрын өмчлөх эрх шаардах эрхийг хүлээн авсан тул тэрээр хариуцагч нарт холбогдуулан гэрээний үүргийн талаар шаардлага гаргах эрхтэй.

 

Нас барагч Б.Замбалгарав амьд байхдаа нэхэмжлэгч З.Ичинхорлоогийн хамт худалдах, худалдан авах гэрээний зүйлийн өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Т.Гантулга, А.Гантуяа нараас удаа дараа шаардаж, хууль хяналтын байгууллагад хандаж байсан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 сарын 19-ний өдрийн 342 дугаар шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2013 оны 01 сарын 31-ний өдрийн 324 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна. /хх 14, 20/

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар заасан байх тул нэхэмжлэгчийг 2005 онд Б.Замбалгарав, А.Гантуяа нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Хэргийн 3 дугаар талд авагдсан 18 мөр бүхий гар бичвэрийн ...хүлээлгэн өгсөн Төрхүү овогтой Гантулга... гэх бичиглэл нь хариуцагч Т.Гантулгын гарын үсгийн чөлөөт, туршилтын болон бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 6030 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 902 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд Б.Замбалгарав, А.Гантуяа нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч Т.Гантулга оролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй, ямар нэгэн үйлдэл хийх үүрэг нэхэмжлэгчийн өмнө үүсээгүй байх тул хариуцагч Т.Гантулгад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа байшин, газрын өмчлөх эрхийг өөрт шилжүүлэхийг хариуцагч А.Гантуяагаас шаардэх эрхтэй.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг баримталсан нь буруу.

Хариуцагч тал А.Гантуяа нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлийг аваагүй, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус болно гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Б.Замбалгарав, А.Гантуяа нарын хооронд 2005 оны 05 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг Т.Гантулга нь нэн даруй мэдсэн болох нь хариуцагч талын Т.Гантулга нь гэрээ хийсэн болохыг 7 хоногийн дараа мэдсэн, гэрээг цуцлах талаар ярилцаж байсан гэх тайлбараар тогтоогдсон. Тэрээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар ерөнхий хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагаа гаргах ёстой.

 

Хариуцагч нь 2005 оны 05 дугаар сард Б.Замбалгарав, А.Гантуяа нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж үр дагаврын талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 05 дугаар сараас өмнө гаргах ёстой байтал хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Тодруулбал, З.Ичинхорлоо З.Бямбасамба, З.Ичинноров, З.Азжаргал нарын Т.Гантулга, А.Гантуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш гаргаж байсан үйл баримт тогтоогдсон.

 

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/00672 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 12 дугаар гудамж, 20 тоотод байрлах хашаа байшин, газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.Ичинхорлоод шилжүүлэн өгөхийг хариуцагч А.Гантуяад даалгаж, хариуцагч Т.Гантулгад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Гантуяа, Б.Замбалгарав нарын хооронд байгуулагдсан хашаа байшин, газар худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтад Т.Гантулга гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Гантулга, А.Гантуяа нарын төлсөн 216 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.МӨНХЗУЛ